| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0142/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/150 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/150
2018 05 30 2018/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Д.З-д холбогдох 1821002030150 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ........... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халх овогт Д.З
Шүүгдэгч Д.З нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг .................. тоотод оршин суух иргэн ........н гэрт нэвтэрч өнгөт принтер, кевикогийн интернэт төхөөрөмж, 2 ширхэг срочкон цамц, 2 ширхэг жинсэн өмд, 3 ширхэг плаж зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Б.С-д нийт 544.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр Б.С-той гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд .......... зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг .............. байрлах орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгож байгаа 900.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна... гэв.
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Д.З бид хоёр 2017 оны 11 сарын 27-ны өдөр албан ёсоор гэр бүлээ шүүхээр цуцлуулсан. 2018 оны 01 сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад эзгүй үед манай галыг түлдэг хамаатны ах Мөнхөө гэрт орсон чинь салсан нөхөр Д.З ганцаараа гэрт орчихсон миний нөтбүүкээр интернэт орчихсон байсан учраас манай ах над руу залгаад “Та хоёр эвлэрсэн юм уу, нөхөр чинь танай гэрт орчихсон байна” гэж хэлэхээр нь Д.Зыг гэрээс гаргачих гэж хэлүүлсэн боловч гэрээс гарахгүй үлдсэн гэсэн. Гэрт орохдоо манай гэрийн өлгөдөг цоожийг эвдсэн байсан. Үүнээс хойш 2018 оны 03 сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд ажил дээрээ өөрийнхөө гар утсаар фэйсбүүк рүү ороод байж байхад манай ангийн хүүхдүүд болон таньдаг хүмүүс рүү чат бичигдээд байсан. Энэ үед манай ангийн эмэгтэй Оюун-Эрдэнэ над руу залгаад “Фэйсбүүкдээ байгаа юм уу, чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь Д.Зыг гэртээ байгааг мэдээд гэр рүү орсон чинь Д.З ганцаараа манай гэрт орчихсон сууж байсан. Энэ үед манай гэрийн эд зүйлийг эвдээгүй бөгөөд гэрийн цоожийг эвдсэн байсан. 2017 оны 09 сарын 02-ны өдөр ажлаасаа тараад гэр рүү орсон чинь гэрийн гадаах хаалганы цоож болон цүүг эвдчихсэн гэр доторх эд зүйл болох L360 маркийн өнгөт принтерийн будагны бүх гуурсыг хайчилж, USB оролтыг эвдэж будагнуудыг нь миний хувцаснууд дээр асгаад өмсөх боломжгүй болсон байсан. Мөн кевикогийн станцыг хутгаар цоолж эвдсэн байсан. Шинээр ажилдаа авахаар өмссөн срочкон 2 ширхэг цамц, 2 ширхэг жинсэн өмд, ажлын 3 ширхэг плаж зэрэгт будаг асгасан байсан. Надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 27-28, 68 тал/
- Яллагдагч Д.З-ын мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
- Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29-30 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Халх овогт Д.З нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ...................... тоотод оршин суух хохирогч ................ гэрт нэвтэрч өнгөт принтер, кевикогийн интернэт төхөөрөмж, 2 ширхэг срочкон цамц, 2 ширхэг жинсэн өмд, 3 ширхэг плаж зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Б.С-д нийт 544.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр Б.С-той гэрлэлтээ цуцлуулснаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд ............. зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг ................. тоотод байрлах орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хохирогч ....... мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.З-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.З-ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.З-ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Д.З нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч Б.С нь шүүгдэгч Д.З-оос хохирол, төлбөр нэхэмжлээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.З-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт Д.З-ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Зын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ