| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2331001680168 |
| Дугаар | 2024/ДШМ/32 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/32
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч Ш.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ш.Хосбаярт холбогдох эрүүгийн 2331001680168 дугаартай, **************** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон *** гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаяр, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, **** настай, яс үндэс ****, **** боловсролтой, ***, *********************** мэргэжилтэй, Сүхбаатар ************** ажилтай, ам бүл ******, ************ хамт Сэлэнгэ аймгийн ******** сумын ****** дугаар баг ********дүгээр хэсэг ***** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай /РД: ****************/, урьд
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээг хэрэглэсэн.
Шүүгдэгч Ш.Хосбаяр нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “********” хүнсний дэлгүүрийн хажуу талд Д.Батболдтой уулзаж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү хэсгийг гараараа боож улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн няцралт бүхий хүний эрүүл мэндэд эдийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ш.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Боржигон **** гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 Боржигон эх гэрийнхэн овогт Шинэбаярын Хосбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Хосбаярын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Хосбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ш.Хосбаярын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй., шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ш.Хосбаярыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Замбала” хүнсний дэлгүүрийн хажуу талд Д.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 500 нэгжээр торгож шийтгэснийг шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
Болсон үйл баримтын хувьд тухайн цаг хугацаанд хохирогчоор тогтоогдсон Д.Батболд нь миний үйлчлүүлэгч рүү тоосго барьж дайрч довтолсон болох нь гэрч Ц.Цэндсүрэнгийн мэдүүлгээр тогтоогддог, мөн Ш.Хосбаяр нь түүнээс холдож зугтаасан, энэ гэрчийн хувьд болсон үйл явдлыг биеэр дүрслэн үзүүлсэн, түүнчлэн эрүүгийн хэрэгт хавсаргагдсан дүрс бичлэгт дээрх үйл баримт тодорхой бэхжүүлэгдсэн байсаар атал анхан шатны шүүх Ш.Хосбаярыг гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан, хохирогч Д.Батболдын зүгээс хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгооныг хийсэн, энэ үед Ш.Хосбаяр нь аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авах боломжтой байсан эсэхээс үл хамааран биеэ хамгаалах зорилгоор Д.Батболдын цамцнаас нь зуурч авах үйлдэл хийсэн нь хууль зөрчөөгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Хосбаярыг цагаатган, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Шударга шүүгээсэй, би гомдолтой байна гэж хэлсэн. Хүнд мөнгө зээлдүүлснийхээ төлөө өөрөө цохиулж хохирчихоод, өөрөө гомдол өгсөн хэрнээ яагаад би буруутан болох ёстой юм бэ? Бид нар утсаа хаах эрхгүй байдаг. Унтрааж болдоггүй. Намайг ерөөсөө унтуулаагүй. Энийг цагдаа нь ч олоогүй, өөрийнх нь мэдүүлэгт над руу залгасан, намайг Зүүнхараад ажилтай байхад унтуулаагүй, ажлыг минь хийлгүүлээгүй, тайван бус байлгасан гэдэг. Яг нотлох баримтаар би залгаагүй гэдгээ нотлохын тулд Скайтал төв рүү очиж лавлагаа авсан. Над руу байнга залгаастай. 30 минут 40 минутын дараа залгадаг. Сүүлдээ би аваад л тавьчихдаг. Над руу би чамайг очиж байгаад ална гэж хэлсэн. Тэгээд өглөө залгаад над руу ирсэн. Шууд машинаасаа буугаад харааж байгаад цохисон. Хоёр хар бээлий гартаа углачихсан байсан. Ингэж байхад анхан шатны шүүхээс шийдвэр гарахад гомдолтой байсан. Чулуугаар цохиулаад гэмтчихсэн, эсхүл тархины саажилттай болоод үхчихсэн байж ч болохоор байсан. Замбаалай дэлгүүрийн ах чи яасан муухай үг хэлдэг хүн бэ, би сонссон шүү гэж хэлсэн. Би сандарчихсан хүн зугтааж явж байгаа хүн. Чамайг алчихаад суугаад гараад ирэх нас байна гэж хэлсэн. Ах нь тэрийг сонсоод их муухай санагдсан гэж хэлсэн. Тэрийг нь мэдүүлгээр хэлээд өгөөч гэхэд ах нь шүүх хуралд орохгүй гэсэн. Гэрч эгч бол хэлээд өгье гэж хэлсэн. Намайг ална гээд дайрсан хүн өнөөдөр хохирогч болчихсон байна. Надаас ахад нь хэрэгтэй байна. Ахдаа хүүтэй зээлээч ээ гэж гуйсаар байгаад 2 жилийн өмнө 15,000,000 төгрөг зээлсэн. Сүүлдээ өвөөгөөсөө зээлээд босгож өгч тусалсан хүн. Тэгэхэд мөнгөө өгөхгүй байсаар, нэхүүлсээр байгаад жил болсон. Би мөнгөө ч авч чадаагүй. Тэрнийхээ төлөө тархи толгой хөдлөөд Зүүнхараагийн амрах байрнаас буцаад Сэлэнгэ рүү явж чадахгүй байна гээд суудлаар буцаж байсан. Унахдаа миний гар хавдчихсан байсан. Би гарныхаа зургийг дарсан. Толгойгоо бариулсан зургийг ч авсан. Яагаад мөнгөө нэхсэний төлөө хүнд болох ёстой юм бэ. Яагаад би ялтан болчихсон шүүгдэгч болсныг гайхаж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
...Шүүгдэгч болон хохирогч нарын хувьд харилцан зодолдсон үйл баримт тогтоогддог. Тодруулж хэлбэл шүүгдэгчийн хацар, шүдэнд шарх үүссэн байдаг. Мөн хохирогчийн хоолой буюу хүзүү хэсэгт зулгаралт, тохой хэсэгт шалбаралт, зулгаралт үүссэн үйл баримт нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Энэ бол харилцан зодолдсон үйл баримтыг гэрчилж байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тодорхой байдаг. Хувийн таарамжгүй харилцааны улмаас бие биедээ уурласан уураа гаргаж, харилцан зодолдсон үйл баримт байдаг. ...Хэн нэгнийг гэмгүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр авчраад байгаа нэг ч үйлдэл, үйл баримт нь байхгүй байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь юу байсан, гэмт хэргийн улмаас ямар хохирол хор уршиг учирсан гэсэн үйл баримтыг хэлэлцсэн асуудал байгаа. Тэрнээс биш хэн нэгэн үг хэлээр доромжлуулсных нь төлөө энд авчирч шүүгээд байгаа асуудал байхгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлгийн шатанд гэрч оролцуулах саналыг гаргасан. Гэрчээр Цэндсүрэн гэдэг гэрч оролцсон. Цэндсүрэн гэх гэрч нь тухайн Ш.Хосбаяр, Ю.Батболд нарыг хоорондоо зодолдож, маргалдаж байсан үйл явцыг уулзсан үеэс нь эхлээд дуусах хүртэл нь зогсоо зайгүй харсан гэрч биш. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Хосбаяр нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Замбала” хүнсний дэлгүүрийн хажуу талд Д.Батболдтой уулзаж хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүү хэсгийг гараараа боож улаан хүрэн цус хуралт, зулгаралтын зөөлөн няцралт бүхий хүний эрүүл мэндэд эдийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Шүүгдэгч Ш.Хосбаярын үйлдлийн улмаас хохирогч Д.Батболдын биед хүзүү баруун талдаа арьс 10 см орчим улайж зулгарсан гэмтэл тогтоогдсон, тухайн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12 ны өдрийн №225 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч хохирогч Д.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн ...Хосбаяр над руу дөхөөд ирэхээр нь би өөрөөсөө холдуулах зорилгоор цааш түлхсэн чинь дахин миний өөдөөс 2-3 удаа дайрч байгаад намайг багалзуурдаад боогоод ухаан алдуулаад газарт унагасан. Унахдаа би зүүн гарынхаа тохой хэсгийг язалчихсан. Тэгээд би газарт унаад хажууд байсан тоосгыг гартаа бариад Хосбаярыг холдуулахын тулд “... тоосгоор цохино шүү...” гэж хэлж байгаад тоосгоо барьсан чигтээ машиндаа суугаад тухайн газраас явсан...” /хх-ийн 14-р ху/ гэж мэдүүлдэг боловч энэхүү мэдүүлэг нь гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэрийн хашааны талд нэг машин ирж зогсоод машиныхаа хаалгыг хүчтэй хааж буугаад “Замбаалай” дэлгүүрийн ард зогсож байсан өндөр шар Хосоо гээд зүс мэдэх хүүг очоод нэг удаа цохиод унагасан. Тэгээд Хосоо босоод зугтаасан бөгөөд би тэр хоёрыг харахаа болиод гэртээ юм хумаа хийж байгаад харсан чинь Хосоо гээд залуугийн хацар хэсэг нь цус болсон байсан. Миний харж үзсэн юм гэвэл энэ л байна...Намайг харж байхад Хосбаяр цохиж зодоогүй. Харин хараагүй байхад цохисон эсэх талаар би мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110-р ху/,
гэрч Б.Баасанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 09 ний өдөр дэлгүүрээ нээчихээд байж байтал гадна хүний чанга дуугарах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би дэлгүүрийнхээ үүдэнд гараад харсан чинь манайхаар үйлчлүүлдэг Хосбаяр гэх залуу нэг төмөр замын хувцастай залуугийн хамт байсан ба яг харж байхад Хосбаяртай хамт байсан залуу нь гартаа нэг юм барьж байгаад Хосбаярыг цохих гээд далайсан чинь Хосбаяр хойш үсрээд зугтаасан.Тэгээд л би буцаад дэлгүүр лүүгээ орсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107-р ху/,
гэрч Ц.Цэндсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өглөө 09 цаг өнгөрч байсан шиг санаж байна....Манай гэрийн гадаа нэг машинтайгаа их хурдтай ирээд зогссон. Төд удалгүй “3амбаалай” гэх дэлгүүрийн гадаа нэг залуу зогсож байсан. Тэр үед би энэ Хосбаярыг сайн таньдаггүй байсан. Тэгээд машинтай ирсэн залуу “Чи муу пизда байж бай гэсэн чинь яасан бэ “ гээд гүйж очоод тас хийтэл цохитол цохиулсан залуу буюу Хосбаяр унаж харагдсан...”Тэгээд энэ Шинэбаярын хүүхэд байна даа, аавд нь утасдаж хэлье” гээд утсаа аваад гэрээсээ гартал Хосбаяр босоод зугтаад буцаад гүйсэн. Би дэлгүүр лүү ортол дэлгүүрийн залуу надад “энэ хоёр залуу хөөцөлдөөд, зодоон л хийгээд байх шиг байна” гэж байсан. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд Хосбаяр траншейны нүхний хажууд жавьжнаас нь цус гоожсон зогсож байсан...Тас гэж дуугараад Хосбаяр ойчиж унасан. Унасных нь дараа танихгүй залуу Хосбаярыг дараад, бүр өрөөсөн хөлөө өргөсөн дараад сууж байсан. Хосбаяр босоод зугтаад гүйсэн ..” /хх-ийн 215-216-р ху/ гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
3. Тухайн гэрчүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, гэрчийг байцаахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хуульд заасан журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрхи нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үзнэ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэл болгосон боловч харилцан зөрүүтэй нотлох баримт болох гэрч Ц.Цэндсүрэн, Б.Баасанхүү нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Тухайлбал хохирогч Д.Батболд нь Ш.Хосбаяртай УБТЗ-ын зүтгүүрийн депод машинч ажилтай ба шүүгдэгч Ш.Хосбаяр нь мөн албанд туслах машинчаар ажилладаг нь хэрэг шалгах явцад тогтоогдсон, шүүгдэгч Ш.Хосбаяр нь хохирогч Д.Батболдод 15,000,000 төгрөгийг зохих хэмжээний хүүтэй зээлдүүлсэн боловч зээлийн хүү, үндсэн мөнгөө буцаан авч чадалгүй тодорхой хугацаа өнгөрсний улмаас хоорондын таарамжгүй харилцаа үүссэн, тухайн үйл баримт болохын урд өдөр мөнгөө нэхэж, байгууллагын ажилчдын хооронд хэрэглэгддэг фэйсбүүкийн чаат буюу харилцан мэдээлэл солилцох цахим мэдээллийн самбарт элдэв зүйл бичлээ гэх шалтгаанаар хохирогч Д.Батболд нь шүүгдэгчид хандаж зүй бус үгээр дайрч доромжлон улмаар утсаар удаа дараа залгаж, түүний хаана байгааг нь асууж өөрийн тээврийн хэрэгслээр зорчиж ирсэн байдал бүрэн тогтоогдсон энэ талаар талууд маргаангүй байна.
Улмаар хохирогч Д.Батболд шүүгдэгчийн байгаа газарт ирж хохирогч руу довтолсон байдал гэрч Б.Баасанхүү, Ц.Цэндсүрэн нарын мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн си-ди бичлэгээр шүүгдэгч Ш.Хосбаяр хохирогчоос зугтаасан байдал тогтоогдож байгаа, тэд хоорондоо тэмцэлдэж ноцолдсон, шүүгдэгч Ш.Хосбаяр хохирогчийн доор нь орж дарагдсан байдал хохирогч, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон ба тухайн үйл явцын нөхцөлд Ш.Хосбаяр доор нь орсон нөхцөлөөс гарахын тулд Д.Батболдыг боосон байх магадлалтай бөгөөд түүнийг Д.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэхэд учир дутагдалтай, эргэлзээ бүхий үйл баримт тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу гэрч, хохирогч нарын дээрхи мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч Ш.Хосбаярын нийгэмд аюултай, санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “....Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу Ш.Хосбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Хосбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Хосбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлал хүчин төгөлдөр болтол Ш.Хосбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Ш.Хосбаярын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ