Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

  *******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Энхбаяр /цахим/

Хохирогч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/

Түүний өмгөөлөгч Л.Жавзмаа /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, **************** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ***** оны ****дугаар сарын ****-ний өдөр төрсөн, **** настай, ******, *****, ***** мэргэжилтэй, ам бүл ***, ****, ****** хамт амьдрах, Улаанбаатар хот ***** дүүрэг, **** дугаар хороо, **** хэсэг **** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ************* ХХК-д ************ ажилтан байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:************/ урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

-2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар

-2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 2020/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд *******ийн эзэмшлийн Тоёота приус-10 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Хадагтай мод гэх газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн гийн амь нас хохирсон, иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоон,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д заасныг баримтлан 2006 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин , 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү , 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин С.Хулан, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү нарыг 18 насанд хүртэл сар бүр тус тус 27500 төгрөгийг *******гээс гаргуулж олгон,

Иргэний  хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан *******гээс гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 82500000 /наян хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* дүүргийн ****** дугаар хороо, ************** тоотод оршин-суух, овогт /РД:************/ олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******гийн 28572200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 13840000 төгрөгийн шаардлага хангагдсан, 10332200 төгрөгийн, 4400000 төгрөгийн /14732200 төгрөгийн/ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр хэлэлцэхгүйгээр орхисон болохыг дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******гийн №*********** дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж,

Энэ хэргийн улмаас *******ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-10 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хураагдан ирсэн № ********* дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг *******-д буцаан олгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2024\ШЦТ\04 дүгээр “Шийтгэх тогтоол”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн 2024\ШЦТ\04 дүгээр “Шийтгэх тогтоол”-оор *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тогтоон шийдвэрлэсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497, 499, 505, 508, 509 дүгээр зүйл заалтуудын буруу хэрэглэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч *******гийн гаргасан бичгийн баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг зөвхөн оршуулгатай холбогдох зардлаар хязгаарлан дутуу гаргасан ба бусад гэм хорын хохирол нэмэгдэл зардлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хууль хэрэглээний алдаа төдийгүй 5 өнчин хүүхдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч ******* нь талийгчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалсан төлөөлөгч түүний өнчин үлдсэн 5 хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож тэдний өмнөөс Өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хөлс төлсөн баримт хэрэгт авагдсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн Шийтгэх Тогтоолд: “...өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх...” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан гэрээ, хөлс төлсөн баримтыг хэрхэн яагаад үгүйсгэж шийдвэрлэхгүй орхисон талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч ******* нь талийгчийн бүтэн өнчин 5 хүүхдийг өөрийн 3 хүүхдүүдийн адилаар асран хамгаалж тэдний хоол хүнс хувцас хичээл сургуульд өгөх авах, унааны зардал хичээлийн хэрэгсэл хүнс нүүрс түлээ зэрэг ахуйн бүх хэрэгцээг ханган зав чөлөөгүй зүтгэж, өөрийн бүх амьдралаа зориулан ажил хөдөлмөр хийх эрхгүй амьдарч байгаа тул 1 сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээ 550,000 төгрөгөөр тооцон 4,400,000 төгрөг нэхэмжилснийг шүүх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас гэм хор учирсан нь тогтоогдсон байхад шүүх “нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас түүнийг шүүхийн тогтоолоор цагаатгасан тохиолдолд “нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих асуудалд” хамаарна гэж ойлгож байна.

Иргэний хариуцагч *******ийн жолоо шилжүүлсэн асуудал нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ удаа “иргэний хариуцагч *******ээр төлүүлэх шаардлагагүй...” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай хууль бус дүгнэлт хийж түүнийг хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг уг хэргийн хамт хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 2024\ШЦТ\04 дүгээр “Шийтгэх тогтоол”-ын 9 дэх заалтанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирлыг бүрэн барагдуулахаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор *******д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ тогтоон шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байгаа.

Хохирол хор уршгийн талаар:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 13.840.000 төгрөгнөөс 4.040.000 төгрөгийг шүүгдэгч ******* 2023.10.11-ний өдөр бэлнээр төлсөн.  9.800.000     төгрөгийг шүүх хуралдааны ажлын 5 өдрөөр засварлуулан 2023.12.18-ны өдөр *******гийн дансанд шилжүүлэн төлсөн байгаа.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтанд томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг ойлгохоор заасан ба томилогдсон өмгөөлөгч нь оролцогчийн хүсэлтээр түүнтэй байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр бус гагцхүү эрхүү бүхий байгууллагын томилолтоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох санхүүжүүлэх журмыг засгийн газар батална гэж заасан эрх хэмжээний хүрээнд засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох санхүүжүүлэх журмын 2.6.6-д насанд хүрээгүй төлбөрийн чадваргүй хохирогч гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор зохицуулсан байдаг. Гэтэл энэ хэргийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ажил хөдөлмөр эрхлээгүй амьдарч байгаа тул 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 550.000 төгрөгөөр тооцон 4.400.000 төгрөгийг *******гээс нэхэмжилсэн нь холбогдох нотлох баримтгүй учраас шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй нотлох баримтгүй буюу нотлох баримтны шаардлага хангаагүй хохирлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс иргэний хариуцагч *******ийн жолоо шилжүүлсэн асуудал нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас учирсан хохиролыг иргэний хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх иргэний хариуцагч *******ээр хохиролыг төлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус дүгнэлт хийж түүнийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг уг хэргийн хамт хянан шийдвэрлүүлэх саналтай байна гэснийг дэмжиж, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023.12.25-ны өдрийн 2024ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ******* миний бие гэм буруугаа болон хэргийн зүйчлэлийг бүрэн хүлээж зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, энэ хэрэгтээ маш их гэмшиж харамсаж явдаг, өөрийн бурууг бүрэн хүлээж зөвшөөрч байгаа. Энэ хэрэгт ******* миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан *******ийг иргэний хариуцагчаар татаж хохирлыг төлүүлэх тухай саналтай санал нэг байна.

Шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82.500.000 төгрөгийг би хариуцан төлөхөд маш их хүндрэлтэй миний бие улиралын чанартай ажил хийдэг, эрхэлсэн ажилгүй эхнэр 5-16 насны 4 хүүхдийн хамт түрээсийн хашаанд гэрээ барьж амьдардаг. Хэрэгт холбогдсоноос хойш ах дүүсийнхээ тусламжаар хохирол төлбөрөө төлсөн. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролыг бодит хохирол гэж үздэг. Гэтэл сэтгэцэд учирсан гэм хорын хохиролыг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад хандсан хүсэлтийг албан бичгээр буцаасан нь тухайн хохиролыг бодиттой учирсан хохирол гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд дээрх хохиролыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох , уг хохиролыг төлөхдөө *******тэй хамтран төлөх саналтай байна гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гээс гаргаад байгаа гомдол нь тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дахь заалтыг бүхэлд нь эс зөвшөөрсөн гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолын үндэслэл бүхий тайлбар дээрээ тухайн хохиролтой холбоотой хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлэлт дүгнэлтээ хийсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн оршуулгын зардал болон бусад зардал буюу нийт 24,172,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч нийт 13,840,000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр бодитоор үнэлж дүгнэж байгаа хохирол нь 13,840,000 төгрөгийн хохирол байна. Энэ нь хохирлоо төлсөн байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дурдаад байгаа бусад хохирлуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

...Адилбиштэй холбоотой асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тухайн гэмт хэрэгт дөрвүүлээ холбогдож, жолоодож явж байгаад Адилбиш нь тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Орхон сумаас барьж хөдөлдөг.  Тэндээс хөдөлж яваад замдаа ядраад байна жоохон амарч байгаад явъя гэхэд ******* нь өглөө ажилтай явмаар байна гэж өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн тээврийн хэрэгслийг бариад хөдөлдөг. Адилбишийн асуудлыг шүүх ярилцаж энэ удаадаа Адилбишээс гаргуулах шаардлага байхгүй гэж дүгнэсэн. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь прокурорын зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, шийдвэрийн үндэслэлийг тодорхой дурдсан байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд *******ийн эзэмшлийн Тоёота приус-10 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Хадагтай мод гэх газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн гийн амь нас хохирсон, иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Талийгаач нөхрөөсөө салаад хэсэг хугацаа өнгөрч байгаа. Түүний хүүхдүүд бүгд манайд байгаа. Би асран хамгаалж байгаа...” гэх /хх-ийн 27-28 тал/, хохирогч *******ын “...Талийгаач машины хойно унтаж байсан. Би бага зэрэг зүүрмэглэж байх үед Дарханы Хонгороос жаахан зайтай байсан байх өө писда писда гээд аймаар чанга дуугаар орилох үед би сэрээд хартал агаар дээр л эргээд байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Тэгээд би цааш юу болсон талаар мэдэхгүй ухаан ороод сэрэхэд эмнэлэгт сэрсэн... ...Надад хавтаст хэрэгт тусгуулах гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Би *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх  /хх-ийн 32-35 тал/,  иргэний нэхэмжлэгч *******ийн “...Би *******гээс мөнгө авч машинаа банк бусаас чөлөөлүүлсэн. Би одоо *******гээс машинд учирсан хохирол болох 3.195.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй...” гэх  /хх-ийн 38 тал/ мэдүүлгүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2040 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-61 тал/, Шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5638 тоот хохирогч *******ын биед үзлэг хийж гаргасан 5638 тоот дүгнэлт /хх-ийн 74-75 тал/, АСБЦД ХХК-ий шинжээчийн авто ослын талаар гаргасан дүгнэлт, холбогдох баримтууд /хх-ийн 86-91 тал/, Аривжих эйстмейт ХХК-ийн эвдэрсэн машинд гаргасан үнэлгээний тайлан, холбогдох баримтууд /хх-ийн 98-101 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 143-145, 184-194, 196-211 тал/,  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...талийгчийн бүтэн өнчин 5 хүүхдийг өөрийн 3 хүүхдүүдийн адилаар асран хамгаалж тэдний хоол хүнс хувцас хичээл сургуульд өгөх авах, унааны зардал хичээлийн хэрэгсэл хүнс нүүрс түлээ зэрэг ахуйн бүх хэрэгцээг ханган зав чөлөөгүй зүтгэж, өөрийн бүх амьдралаа зориулан ажил хөдөлмөр хийх эрхгүй амьдарч байгаа тул 1 сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээ 550,000 төгрөгөөр тооцон 4,400,000 төгрөг нэхэмжилснийг шүүх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Иргэний хариуцагч *******ийн жолоо шилжүүлсэн асуудал нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ удаа “иргэний хариуцагч *******ээр төлүүлэх шаардлагагүй...” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай хууль бус дүгнэлт хийж түүнийг хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг уг хэргийн хамт хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр “Шийтгэх тогтоол”-ын 9 дэх заалтанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирлыг бүрэн барагдуулахаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг гаргуулан *******д олгохоор заасан нь хууль зүйн үндэслэлтэй боловч, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д заасан илүү нарийвчлан тогтоосон хэм хэмжээг хэрэглээгүйг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-д Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж заасны дагуу амь хохирогчийн ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр төрсөн охин , ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн хүү , ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр төрсөн охин *****, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр төрсөн хүү нараас С.Хулан *** настай, *** настай байгаа нь бага насны буюу 14 наснаас доош байгааг харгалзан 82,500,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тогтоож, 165,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс төлбөрийн 70 хувийг буюу 115,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч *******ээс төлбөрийн 30 хувийг буюу 49,500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч *******д олгох нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж,

499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон ******* нь уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч өмчлөгч бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ өөрийн сайн дурын үндсэн дээр *******д шилжүүлэн өгсөн байдал хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх явцад тогтоогдсон байх тул түүнийг гэм хорын хохирол нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл байхгүй байна. Харин түүний гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хохирлын 30 хувийг хариуцуулан шийдвэрлэсэн.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргасан цалин хөлсний болон хохирлын бусад нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр, хохирогчийн зүгээс өмгөөлөгчид төлсөн хөлсийг сайн дурын гэрээний үндсэн дээр төлсөн гэж үзэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/04 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

8 дахь заалтыг:

“8.Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 499.5, 511 дүгээр зүйлийн 511.4-д заасныг баримтлан *******гээс гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн  70 хувь буюу 115,500,000 төгрөгийг, иргэний хариуцагч *******ээс 30 хувийг буюу 49,500,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 14-21 тоотод оршин суух, овогт /РД:ОЭ84102262/ олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ