| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0127/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/131 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 1838000000164 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Л.
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сотууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сотууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны орой 20 цаг болж байсан байх. Э гэдэг залуутай жаахан юм уугаад сумын караокены хажуугаар явж байсан чинь Л тэр караокены үүдэн дээр Д, Ч, Т нартай зогсож байсан. Тэд нарын хажуугаар гарах санаатай мотоциклиор явж байсан чинь Л хөөе гээд дуудсан. Тэгэхээр нь Э бид хоёр тэд нар дээр очоод урд нь зогссон чинь Л надад хандаж чи аавыг минь олон жилийн өмнө зодсон байсан. Би чамд аавыгаа зодуулахгүй би чамаас аавынхаа өшөөг авна гээд шууд миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохьсон. Миний нүд харж болохгүй байсан чинь шууд толгой руу цохиод би газарт унаад хэсэг ухаан алдсан байсан. Намайг дээрээс цохиод байсан. Би хэсэг байж байгаад сэргэж босч ирээд чи одоо ийм юм яриад байхдаа яадаг юм бэ, эрүүл үед чинь би чамтай зөндөө таарч байсан шүү дээ гэсэн чинь намайг дахиад гараа атгаж байгаад баруун талын нүд рүү цохьсон. Намайг ганцхан Л зодож цохьсон. ...би гомдолтой байна. Сая эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Нэг сая төгрөгийн эмчилгээ хийлгүүлсэн. Тиймээс эмчилгээ зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны оройн 20 цагийн үед караокены хажууд зогсож байхад М гэх залуу халамцуу мотоцикль жолоодон Э гэх залууг сундалдан явж байгаад бид хэд дээр хүрч ирэхээр нь Л нь М гэх залуугаас чи яагаад манай хөгшин настай аавыг зодсон юм бэ гэж асуухад дуугарахгүй байхаар нь уурлаад хоёр удаа цохиод авахаар нь бид нар салгаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 217 дугаартай
1.2. Б.М-н биед 1 ширхэг шүдний сэлтрэлт, тухайн үед зүүн чамархайн хуйханд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.
4. Б.М-н биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувь бага хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Л нь хохирогч Б.М-тэй 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гомдлын талаар харилцан тохиролцож, уучлалт гуйсны үндсэн дээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.Л хохирогч Б.М-д эмчилгээний зардал 679.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн 1838000000164 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1838000000164 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН