Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

                                      *******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Яллагдагч *******

Яллагдагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/37 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ****************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******************* ажилтай, ам бүл ***, ******** хамт ******* сумын **** баг ***** хэсэг ****** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ************** Жуух бичгээр шагнагдсан. /РД:*************/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт *******той гэртээ хүмүүс цуглуулж архидлаа гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас толгойн битүү гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Яллагдагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие ******* овогтой ******* нь Сэлэнгэ аймгийн ******* суманд ажиллаж амьдардаг. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар  2024/ШЗ/37-тай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би ахыгаа санаатай алъя гэж бодоогүй. Би  ахыг маань хүн зэвсэг бариад хүн алах гэж, зодох гэж байсан бол өөрийн биеэр хамгаалаад орох байсан. Тухайн үед болсон үйл явдалд маш их харамсаж гэмшиж байна. Ахыгаа байхгүй болсны буруутан нь би гээд зогсож байгаад маш их харамсаж байна. Тухайн өдөр болсон үйл явдлыг эргээд санахад зүүд зэрэглээ мэт санагдаж байна. Ахыгаа  алах ямар ч санаа бодол байгаагүй гэдгийг минь ойлгооч. Ахтайгаа маргаж ийм зүйл хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Алдаагаа ухаарч ойлгосон. Миний хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийдэж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гааргасан тайлбартаа: 

Яллагдагч *******гийн хүсэлтээр өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байна. Прокуророос *******д холбогдуулсан мөрдөн шалгах ажиллагааны зүйлчлэлийг хөнгөрүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаар шүүхэд шилжүүлсэн.

Энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүгдэгч *******д холбогдох хэргийг Г.Алгирмаа шүүгч захирамж гаргаж хэргийг прокурорт буцаасан.  Яллагдагч *******гийн хувьд талийгаачид гэмтэл учруулсан, хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлд ямар нэгэн маргаан байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэсэн шаардлагуудтай нийцэж байгаа учраас, өөрийнх нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь эрх зүйн байдал нь хөнгөрсөн байгаа.

Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй яллагдагчийг хөнгөрсөн зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Харин шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэвэл буцаад ердийн журмаар тухайн зүйл заалтаар оруулах боломжтой гэж үзэж байна. Харин шүүгчийн захирамжийн 3 дугаар талд шүүгчийн дурдаад байгаа хохирогчид хүч хэрэглэж халдсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний биед учирсан гэмтэл нь үхэлд хүргээгүй эсхүл эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар үүсгэсэн.

Түүнчлэн гэмтлийн бус шалтгаан буюу өөр өвчин эмгэгийн хүндрэлээр хохирогч нас барсан гэх нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоож хууль зүйн дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэсэн байна. Гэтэл шүүгдэгч маань гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл болон бусад үр дагаварт хүргэсэн нь миний буруугаас болсон гэдэгт маргаагүй байгаа учраас төдийлөн ач холбогдолгүй юм гэсэн байдлаар улсын яллагчийн яллах дүгнэлтийг зөвшөөрч, хэргийг хөнгөрүүлсэн зүйлчлэлээр, үйлчлүүлэгчийн маань хөнгөрсөн хэлбэрээр явуулах нь зүйтэй байна гэсэн саналаар оролцож байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 

Яллагдагч *******д холбогдох хэрэгт нийт 3 шинжээчийн дүгнэлт гардаг. Дүгнэлтэд талийгаачийн гавал тархинд үүссэн 200 гр цусан хураа нь найдваргүй шүүрсний улмаас амь нас нь хохирсон дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтүүдээр дээрхи гэмтлийг буюу тухайн цусан хурааг тархиндаа авсан хүн орон зайн баримжаагаа алдаад, хэвийн байдлаар амьдрах боломжгүй гэж тайлбарласан байдаг.

Хэргийг маршрутаар нь бүх ажиллагааг шалгасан. *******тай маргалдсанаас хойш маргааш нь нөгөөдөр нь найзуудтайгаа айлд очиж,  архи ууж явсан нөхцөл байдал тогтоогддог. 200 гр цусан хураа нь яллагдагчийн үйлдлийн улмаас үүссэн гэдэг нь эргэлзээтэй учир яллагдагчид ашигтай байдлыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн. Улсын яллагч миний зүгээс гэр бүлийн хүчирхийлэл гэж яллагдагчаар татах тогтоолд бичсэн нь миний алдаа байсан, Гэхдээ хохирогчийг зодож байсан гэх нотлох баримт байдаггүй. *******гийн үйлдлийн улмаас хохирогч нас баржээ гэдэг дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учраас яллагдагчид ашигтай байдлаар хөнгөрүүлж өөрчилсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар *******г Яллагдагч өөрөө хүлээн зөвшөөрснөөр хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Тиймээс давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдэж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн материалыг судлахад, *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал  нотлогдоогүй, тухайн этгээд нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай  эсэхийг  мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй, зөвхөн яллагдагч гэм буруугаа хүлээсэн гэсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос *******г 2023 оны 03 сарын 16-ны өдөр  Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах  *******той  “гэртээ хүн цуглуулж архи ууж согтуурч ээжийгээ зовоолоо” гэсэн шалтгаанаар  маргалдаж улмаар зодож биед нь хүнд гэмтэл учруулсан энэ гэмт хэргийн улмаас  хохирогч нас барсан  гэсэн үндэслэлээр  түүнд эрүүгийн хэрэг үүсгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх хэрэгт яллагдагчаар татжээ.

Улмаар прокуророос “... гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн ахыг зодсон үйлдлийг “Гэр бүлийн хүчирхийлэл”  гэж  үзэхгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь  ахуйн шинжтэй  хоорондын түүр зуурын маргааны улмаас хохирогчийн нүүр тус газар нь хэд хэдэн удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан..”  гэсэн үндэслэлээр  2024 оны 01 сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор яллагдагч *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн  яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг ...нотолно” гэж заасан.

Хэрэгт авагдсан шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр амь хохирогч *******ын нас барсан шалтгааныг  “...талийгаач нь гавал  тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цус харвалтын бүлэн томорч тархи дарагдсны улмаас  төвийн гаралтай  амьсгал, зүрх  судасны дутагдлаар нас баржээ.” гэж тодорхойлсон.

Гэтэл прокуророос яллагдагчийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг үл харгалзан яллагдагчийг хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх  үндэслэл болно. 

4. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч *******ын  амь насыг аврах боломжтой байсан эсэх, хохирогчид эмнэлгийн үйлчилгээг үзүүлсэн нь зохих журмын дагуу явагдсан эсэх, хүний амь насанд шууд ба шууд бус санаатай хохирол учруулсан  үйлдэл, гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахгүйгээр яллагдагч гэм буруугаа хүлээсэн гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэх боломжгүй.

5. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцлийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал  нотлогдоогүй, тухайн этгээдийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/37 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН