Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/152

 

 

 

 

 

  2018         06           04                                                                2018/ШЦТ/152

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821001840102 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ................ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.   .

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 3-12 тоотод хохирогч *******-ийг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* над руу “Эрүүлжүүлэх байранд байна, ирээд авчих” гэж залгахаар нь очсон чинь 3 эрэгтэй хүнтэй хамт байсан. Төрсөн өдрөөрөө хамт архи уучихаад “чи ардын багш байж эрүүлжүүлэхэд эрэгтэй хүмүүстэй орохоос ичээч” гэж би *******-ийг хэлж түүнээс болж бид хоёр маргалдаж муудсан нь үнэн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”  гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 20 минутын  орчим  зээ охиноо цэцэрлэгт нь хүргээд явж байтал ******* над руу залгаад Зангиатын 3-12 тоотод хүрээд ир гэхээр нь би очсон. Тэр өдөр *******ын төрсөн өдөр байсан. Би очоод 1 шил архи хувааж уусан. Сургууль дээр 12 цагаас сургалттай байсан болохоор явах гэтэл намайг явуулахгүй, миний нүүр рүү цохиж над руу хутга шидсэн. Өмнө нь намайг эрүүлжүүлэхээс ******* очиж авсан түүнд уурласан байх. Архи уусны дараа ******* нэлээд согтсон байсан болохоор сайн санахгүй байж болох ч би бүгдийг санаж байна. Намайг ажилдаа явлаа гэхэд нүүр рүү 4 удаа гараараа цохиж, хутга шидсэн. Миний хэлж байгаа зүйл үнэн зөв. Зодуулснаас болж үүссэн хөхрөл арилахгүй сар гаруй болсон. Би гомдолтой байна” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 8 цагийн орчимд зээ охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ******* руу залгаад хаана байгаа талаар асуухад Зангиатын 3-12 тоотод байна, хүрээд ир гэсэн. ******* дэлгүүр рүү орж нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авсан ба тэр архийг гурвуулаа уусан. Тэгээд би ажлынхаа нэг багш руу 11 цагийн үед залгахад 12 цагт сургалттай ирээрэй гэсэн тул би 12 цагийн орчимд ажил руугаа явах гэсэн чинь намайг явуулахгүй хүзүүн дээр хутга гаргаад зангилаатай гараараа баруун нүд рүү хүчтэй 3-4 удаа цохисон. Тэгэхэд нь би ухаан алдаад унасан, тэгээд миний баруун талын нүд тагларсан, хацар хавагнаж хөхөрсөн тул ажилдаа явж чадаагүй. Хүн амьтантай хаашаа явах гээд гэнэт хардаад л явуулахгүй гээд байсан. Нийт хохирол, хор уршигт 1235.000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна ...” гэжээ. /хх-ийн 6-13 тал/

 

Гэрч *******юунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Зангиатын 3-12 тоотод Эрдэнэбат гэдэг айлд ******* багштай уулзлаа гээд найз ******* гэгч нь зодчихсон байна гэж 9 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Энхчимэг гэх охин бага ангийн менежер Ө.Ганзулд хэлсэн юм байна...” гэжээ. /хх-ийн 17 тал/

 

Гэрч Ж.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “*******-ийн нүд нь хөхөрчихсөн, нүдээ зүгээр болгоно гээд нүдэн дээрээ жин тавиад манайд 2-3 хоносон ... гэжээ. /хх-ийн 19 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 217 тоот актын дүгнэлтэд

            1. *******-ийн биед баруун нүд, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шилбэний өнгөц зүсэгдсэн шарх, баруун зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 29 тал/

 

- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-43 тал/

- Хохирлын баримт /хх-ийн 50-57 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 3-12 тоотод хохирогч *******-ийг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******юунтуяа, Ж.Эрдэнэбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 217 тоот дүгнэлт  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд 1235.000  төгрөг нэхэмжилж байгаа ба түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-ын үйлдлийн улмаас үүссэн тул шүүгдэгч *******-аас нотлох баримтаар тогтоогдсон 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-т олгох, хохирогч ******* нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын  ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас эмчилгээний болон бусад зардалд 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 44 дүгээр байрны 10 тоотод оршин хохирогч суух хохирогч *******-т олгож, хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ