| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0074/З |
| Дугаар | 110/ШШ2026/0016 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 110/ШШ2026/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.С
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.А нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд “Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргасан ба тус хорооны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тэмдэглэлээр түүний гомдлыг хангахгүй, шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
3.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар захирамжаар Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон 27 гаруй жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажилласан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаж хариуцлага хүлээж байгаагүй. Гэтэл орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчид сумын Засаг дарга нараас сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид олонхи болсон тул “Соёлын төвийн эрхлэгч Х.С чамтай хамтран ажиллаж чадахгүй, ажлаа сайн дураар өөрийн хүсэлтээр хүлээлгээд өгчих” гэх мэтээр удаа дараа элдэв янзын дарамт шахалт үзүүлдэг болсон. Надад гаргасан алдаа дутагдал зөрчил байхгүй тул миний бие ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 6 дугаар сард ээлжит чуулган зарласан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Н нь “Соёлын төвийн эрхлэгчээр томилогдсон цагт хуралд очно, сууна, тэрнээс нааш хуралд суухгүй, очихгүй ирц бүрдүүлье гэж байгаа бол хурдхан шиг намайг Соёлын төвийн эрхлэгчээр томилсон тухай шийдвэрээ гаргаж өгөөрэй” хэмээн чуулганд очоогүй.
3.2. Үүнээс болж сумын Засаг дарга дахиад надад дарамт шахалт үзүүлж, ялимгүй зүйлийг шалтаглаж ажлаас хална гэх болсон. Улмаар, маргаан бүхий актаар намайг Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас минь үндэслэлгүйгээр бууруулж, мөн төвийн менежер гэх байгууллагын бүтцэд байхгүй орон тоонд томилсон байна. Миний бие маргаан бүхий актад дурдагдсан зөрчлүүдийн аль алиныг ч гэсэн гаргаагүй тул актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу сумын Соёлын төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зохион байгуулж, улмаар уг зөвлөлөөс нэр дэвшүүлснээр томилогддог билээ.
3.3. Би аймгийн Соёл урлагийн газар болон Алтай сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу, албан тушаалын зэрэглэл, чиг үүргийн хүрээнд бүх шатанд хамтран ажиллаж ирсэн. Тодруулбал, Алтай сумын Засаг дарга А.А нь 2024 оны сүүлийн нэг сард ажилд орсноос хойш жирэмсний амралтад 2 сарын хугацаатай явж, улмаар 2025 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртэл миний бие түүнтэй хамтран ажилласан. Энэ хугацаанд миний зүгээс ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил огт гаргаагүй болно.
Үүний тодорхой нотолгоо нь 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Алтай сумын Засаг даргын захирамжаар миний ажлын гүйцэтгэл, уран бүтээлийн үр дүнг үнэлж, ур чадварын нэмэгдлийн 25 хувийг олгох шийдвэр гарган, үр дүнгийн урамшууллаар шагнасан явдал юм. Энэ нь миний ажлын чанар, үр дүнг тухайн байгууллага өөрөө сайшаан үнэлснийг илтгэж байна.
Иймд дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудыг харгалзан үзэж, намайг ажлаас чөлөөлсөн Б/7 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож, өмнөх албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
3.4. Үүнээс гадна, миний бие 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, амралтын өдрүүдийг үл харгалзан, Алтай сумын 5 наснаас 50 нас хүртэлх бүх ардын авьяастнуудыг хамруулан Баян-Өлгий аймагт тайлан тоглолт зохион байгуулсан. Би 27 жил ажиллах хугацаанд аймгийн хэмжээнд нийт 5 удаа, нэг өдөр 1200 гаруй үзэгчдэд зориулсан өөрийн бие даасан тайлан тоглолтыг Алтай сумын бүх ардын авьяастнуудтай хамтран амжилттай зохион байгуулж ирсэн. Эдгээр тайлан тоглолтыг зохион байгуулахдаа улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй, бүх зардлыг өөрийн хувийн санхүүгийн эх үүсвэрээс гарган, ардын авьяастнуудыг бүрэн хамруулж, аймгийн хэмжээнд соёл, урлагийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь бодит үнэн болно. Миний соёл, урлагийн салбарт оруулсан хөдөлмөр, бүтээлч үйл ажиллагааг үнэлж, Алтай сумын Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын зүгээс намайг удаа дараа шагнал, урамшууллаар шагнаж ирсэн. Түүнчлэн, миний урлагийн авьяас, бүтээлч зүтгэл, ажлын гүйцэтгэлийг өндрөөр үнэлж, Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар ур чадварын нэмэгдлийн 25 хувийг олгох шийдвэр гаргасан нь миний ажлын чанар, үр дүнг байгууллагаас албан ёсоор үнэлснийг нотолж байна.
3.5. Мөн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын захирамжаар хагас жилд хийсэн ажлыг үнэлүүлж, 15 минут /power point/ тайлан тавьсан. Тэр өдөр манай сумын Засаг даргын зөвлөлийн гишүүдийг бүрэн хамруулж, миний ажлыг ямар нэгэн алдаа дутагдлыг гаргаагүй гэдгийг Засаг дарга өөрөө тайлагнаж, надаас ганцхан зүйл асуусан. Засаг дарга надаас “эрхлэгч танд илүү орон тоо байвал хэдэн хүн ажилд авах вэ” гэж ганцхан өгүүлбэр хэлсэн. Өөр юм хэлээгүй.
Тэр үед би “Засаг дарга батлагдсан төсөвт багтаагаад үйл ажиллагаагаа явуулна, илүү орон тоо байхгүй, батлагдсан орон тоонд багтаагаад үйл ажиллагаа явуулна” гэж хариу өгсөн. Засаг дарга өөрөө энд сууж байгаа учраас үүнийг бас зөвөөр ойлгох байх.
Засаг дарга бид 2 хамтран ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, хамтран ажилласан нь үнэн. Сар шинийн баяр, эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн эрхээ хамгаалах өдрүүдэд бүх ажлыг биеэрээ өөрөө хариуцаж зохион байгуулсан, тухайн өдрүүдэд нэг ч удаа ажил таслаагүй.
Бид нарт яам, агентлаг болон аймгийн Соёл урлагийн газраас байгууллага өөрөө орлого олох талаар төлөвлөгөө өгдөг байсан. Тийм учраас өөрийн байгууллагын орлогыг би концерт тоглож, бусад хүмүүсээр тасалбар борлуулж, бусад сумуудад бүх соёлын төвийн хүмүүсээр концерт тоглуулж, өөрийн орлогыг оруулж байсан. Үүнтэй холбоотой манай санхүүгийн баримт дээр бүгд байгаа. Би 27 дахь жил ажиллахдаа нэг ч удаа санхүүгийн талаас алдаа дутагдал гаргаж, ямар нэгэн сахилгын шийтгэл аваагүй гэдгийг хэлмээр байна.
3.6. Би ажил таслаагүй, Засаг даргаас чөлөө өгсөн нь үнэн, харин би 2 удаа өвчтэй байсан. Би аймгийн Соёл урлагийн газарт ирээд, маргааш 10 цагт эмнэлэгт үзүүлэх гэж цаг авсан байхад Засаг даргын орлогч А дарга удаа дараа над руу утсаар залгаж “өнөөдөр 5 цаг хүртэл та хурдан ирээрэй” гэж дуудсан. Тэгээд би “бүх такси явчихсан дарга, би маргааш эмнэлэгт үзүүлэх цаг авсан, очиж чадахгүй байх” гэхэд “тийм тайлбарыг сонсохгүй, та хурдан ирээрэй” гэсэн. Тэгээд би бензинийг өөрийн хувиасаа хийгээд очсон. Тухайн өдөр Засаг дарга болон орлогч А нар ажлын бус цагаар 9 цаг хүртэл намайг Засаг даргын тамгын газарт дуудан ирүүлж “чи заавал энэ хүнийг ажилд ав” гэж дарамталсан, үүнийг Засаг дарга өөрөө хүлээн зөвшөөрөх байх. Ш дансаар 130,000 төгрөгийг би аваагүй, ямар нэгэн төсөвт байгууллагаас би хувийн дансаар мөнгө аваагүй, тэр ямар мөнгө гэдгийг мэдэхгүй. Надад баяр наадамд 150,000 төгрөг зарцуулсан гэж танилцуулсан. Гэвч тэр өдөр би удаа дараа Засаг даргын тамгын газрын нярав, Засаг даргын захирамжийн дагуу нарийн бичгийн дарга хийсэн Шаймарданаас энэ талаар асуухад “надад бэлэн мөнгө байхгүй, ямар ч байсан хүнээс зээл авах юм уу, энэ мөнгийг аргалаад өөрийн хувиасаа гаргачих, тэгээд би чамд өгнө” гэсэн.
3.7. Манай сумын үндсэн баяр наадмыг сумын төвөөс 11-13 км алс газарт зохион байгуулагддаг. Наадмын өдрүүд Соёлын төвийн дефузер, өсгөгч бусад сандал, ширээг 2 машинаар зөөж, тэрний бензин шатахууны мөнгийг би бас хувиасаа гаргаж, хүргүүлсэн. Тухайн үйл ажиллагаанд микрофоны зай, урт залгуур зэрэг шаардлагатай юмыг би бас хувиасаа гаргаж авсан. Наадам баяр дууссаны дараа би Шаймардан ахаас мөнгийг асуухад “миний төрөл садан Казакстан Улсад нас барсан байна. “Чи ямар ч байсан надад хувийн данс, зарцуулсан мөнгийг явуулчих” гэхээр нь би “150,000 төгрөг” гэж бичээд данс явуулсан. Тэгээд миний данс дээр өөрийнхөө хувийн данснаас 120,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн 30,000 төгрөг хэнд, хэзээ ямар аргаар шилжүүлснийг мэдэхгүй. Гэхдээ би улсын данснаас нэг ч төгрөг аваагүй, зүй бусаар зарцуулаагүй.
Засаг дарга надад “танд дахиад нэг гуйлт байна” гэж 2025 оны 6 дугаар сарын сүүлээр намайг дуудсан. Тэгээд өрөөнд нь очиход Засаг дарга “... та нэг хүнийг ажилд аваач” гэхэд нь би “ямар ч орон тоо байхгүй” гэсэн. Манай нэг цэвэрлэгч тэтгэвэрт гарах дөхөж байсан. Түүний оронд нэг хүн аваач гэхээр нь “тэр хүн бараг жилийн сүүлээр явах байх, тэрний оронд авахгүй байх” гэхэд “тэгвэл та өөрийнхөө ажлыг өгөх байх” гэж инээгээд контороос гарсан. Тэгээд намайг удаа дараа дуудаж, “... ажлаа сайн дураар өгөөрэй” гэж дандаа дуудаад дарамталдаг байсан.
Иймд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь, маргаан бүхий акт дараах байдлаар хууль зөрчсөн, хуульд нийцээгүй гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, ажил олгогч маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, Сумын Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.8, 4.3.14 гэсэн заалтуудыг баримталсан байна. Энэ үндэслэлээр маргаан бүхий акт гаргасан бөгөөд нийт 4 зөрчил гаргасан гэж хариуцагч өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Үүнд, миний үйлчлүүлэгч хөдөлмөр эрхлэлтийн явцад чөлөөний хуудсыг зохих журмын дагуу аваагүй буюу ажил тасалсан гэж буруутгаж байна.2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, мөн сарын 28-ны өдөр, 5 дугаар сарын үед, 6 дугаар сарын 04-нд шуурхай хурлыг тасалсан гэж байгаа боловч энэхүү хуралдаан нэг цагаас хоёр цагийн хооронд үргэлжилдэг болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Тэгэхээр миний үйлчлүүлэгч бүтэн өдрийн ажил таслаагүй үзэх үндэслэлтэй.
4.2. Хоёрдугаарт, хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд авагдсан. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 26-ны өдөр, 4 дүгээр сард, дараа нь 5,6 дугаар сард ажил тасалсан гэж үзэхэд бас эргэлзэж байна. Яагаад гэхээр миний үйлчлүүлэгч цалинг бүтэн авсан, нэг ч хоногийн цалинг дутуу авсан тохиолдол байхгүй.
4.3. Гуравдугаарт, тухайн өдрүүдэд ажил тасалсан гэж байвал хариуцагч үүнийг өөрөө нотлох үүрэгтэй, маргаан бүхий актыг гаргаж байгаа бол үндэслэлийг өөрөө тогтоож, ажил тасалсан гэж байвал үүнийг ирцийн бүртгэлийн баримтаар нотлох ёстой. Аливаа байгууллагад ажилчдын ирцийн бүртгэл гэж байдаг, цахимаар бүртгэдэг, зарим нь бичгийн хэлбэрээр байдаг. Нэг сард дунджаар 21-22 ажлын өдөр байдаг. Нэг сард 21-22 ажлын өдөрт ажиллах ёстой байсан буюу өдөрт 8 цаг ажиллах ёстой байсан боловч ийм өдрүүдэд тэдэн цаг тасалсан, нийлбэр дүнгээрээ хэдэн цаг болж байгаа гэдгийг нотлох ёстой байсан боловч хариуцагч талаас эдгээр нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Миний үйлчлүүлэгч ажил таслаагүй гэдгийг нотлох үүднээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон депозит дансны хуулгыг гаргаж өгсөн.
Ажил олгогч өөрөө захиргааны чөлөө олгочхоод энэ хугацаанд ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны журмаар чөлөө олгогдсон бол ажил тасалсан гэж үзэхгүй. Хавтаст хэрэгт 2025 оны 7,8 дугаар сарын соёлын төвийн ажилчдад цалин олгосон тухай цалингийн цэс, цалингийн хүснэгт авагдсан байна. Үүнээс үзэхэд, сард 168 цаг буюу 22 хоног ажиллах ёстойгоос миний үйлчлүүлэгч бүтэн 168 цаг буюу 22 хоног ажилласан гэж байгаа.Тэгэхээр энэ цалин олголтын баримтаас үзвэл, ажил тасалсан гэж цалин хасагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь цалингийн цэс нь ажил тасалсан гэдгийг үгүйсгэж байна. 2025 оны 7, 8 дугаар сард ажил тасалсан гэдгийг цалин олголтын хүснэгт буюу цалингийн цэс зэрэг баримтуудаар үгүйсгэгдэнэ.
4.4. Дараа нь 2025 оны наадам зохион байгуулалтын ажлын комисст Соёлын төвийн дарга ажлын хэсгийн гишүүнээр орсон боловч ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, захирамжийг зөрчсөн, Засаг даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэгт хамаатуулж тайлбар гаргасан. Миний үйлчлүүлэгч энэ хугацаанд энэ захирамжийг зөрчөөгүй гэж үгүйсгэж байна. Хариуцагч хэдийгээр Засаг даргын захирамжийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан гэж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, ажлын хэсгээс ямар хөтөлбөр баталсан, тэр хөтөлбөрт нь Соёлын төвийн дарга юу хийх ёстой байсан, дуу дуулах эсхүл бүжиглэх ёстой байсан юм уу, урлагийн ямар номер үзүүлэх ёстой байсан бэ. Соёлын төв нь ямар чиг үүрэгтэйгээр тэр наадмын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох ёстой юм бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. 2025 оны 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдээр наадмын арга хэмжээ болсон, арай гэж Х.Сээр дуу дуулуулсан гэж тайлбарлаж байна.
Тэгэхээр хөтөлбөр батлагдсан гэдэг нь бас эргэлзээтэй. Хариуцагч хөтөлбөр батлагдсан эсэхийг би ч гэсэн сайн мэдэхгүй байгаа, тийм хөтөлбөрийг хараагүй гэж эргэлзээтэй тайлбарлаж байна. Тийм хөтөлбөрийг хараагүй байсан бол Х.Сийн хөтөлбөрийн дагуу ийм чиг үүрэгтэй байсан гэдгийг яаж мэдэж байгаа вэ. Хөтөлбөртэй огт танилцаагүй бол соёлын төвийн ажилтан 7 дугаар сарын 7,8-ны өдрийн наадмын баярт холбогдуулан яг юу хийх ёстой байсныг өөрсдөө нотлох ёстой байсан. Үүнийг хариуцагч тал нотолж чадаагүй. Тэгэхээр нэхэмжлэгч наадам зохион байгуулах тухай гаргасан захирамжийг буюу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж байна.
4.5. Дараагийн 3 дугаар зөрчил нь ажил олгогч энэ зөрчлүүдийг илрүүлээд, маргаан бүхий актыг гаргахаасаа өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдээд, тайлбарыг нь авна гэсэн заалтыг зөрчсөн. 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гаргачхаад, шийдвэрийг танилцуулсан. Хэрвээ 8 дугаар сарын 04-ний өдөр сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаад миний үйлчлүүлэгчээс тайлбар мэдүүлгийг нь авсан бол ажил таслаагүй гэдгийг тухайн үедээ нотлох боломжтой байсан.
4.6. Дөрөвдүгээрт, ажил олгогч сахилгын шийтгэлийг илрүүлсний дараа 1 сарын дотор хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг. Тэгэхээр 1 дүгээр сар, 6 дугаар сард ажил тасалсан гэж байгаа бол 1 сарын дотор арга хэмжээ авах боломжтой. Энэ зөрчлийг илрүүлчхээд 1 сарын дотор хариуцлага оногдуулж чадаагүй, 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцлага оногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заасныг зөрчсөн байна. Маргаан бүхий захирамжийн захирамжлах хэсгийн нэг дэх заалтаар Соёлын төвийн дарга Х.Сийг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулсугай гэж байгаа. Энэ бас хууль бус, албан тушаал бууруулж байгаа бол бууруулж байгаа албан тушаалтанд энэ дээр шууд бичих ёстой, менежер байсан бол даргын албан тушаалтнаас нь бууруулж менежерээр томилсугай гэж шууд тусгах ёстой.
4.7. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 253 дугаартай тогтоолоор шүүх дараах дүгнэлтийг хийжсэн байна. Үүнд, ажилтныг албан тушаал бууруулаад ямар албан тушаалд томилж байгааг тушаалд заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4, 123.3-д нийцээгүй. Ажил олгогчийн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэдэг Улсын Дээд шүүхийн шийдвэр байна.Ажил олгогч миний үйлчлүүлэгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа.
Үүнд, нэг зүйлийг тодруулж хэлэхэд 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий шийдвэр гаргах үедээ менежерийн орон тоо байгаагүй. Энэ шийдвэр гарсны дараа буюу 9 дүгээр сарын 08-ны өдөр бүтэц батлаад, орон тоог бий болгоод ажил олгогч биш, өөр Соёлын төвийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч гэх Нурбекийн тушаал гарсан. Нэхэмжлэгчийг 4 хоногийн дараа менежерээр томилж байна. Маргаан бүхий акт 9 дүгээр сарын 04-ний өдөр гарах үедээ байхгүй орон тоон дээр албан тушаал бууруулсан, менежер гэж орон тоо байгаагүй, хууль зөрчсөн.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт миний тооцооллоор 16,806,530 төгрөг болж байгаа гэв.
5. Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Би ямар нэгэн үндэслэлгүйгээр хүнийг ажлаас халж, сахилгын шийтгэл ногдуулахгүй. Нэхэмжлэгчтэй хамтарч ажиллая гэх үүднээс бид нар нэлээн хэдэн ажлыг нь хамтарч хийсэн. Гэхдээ намайг үл тоогоод, зарим үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байсан. Би хариу тайлбартаа бүх зүйлийг дэлгэрэнгүй бичиж өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбарын дагуу хэдэн зүйлийг товчхон тайлбарлая.
5.2. Нэхэмжлэгч Х.С нь намайг дахин дахин орон тоо байгаа эсэхийг тодруулсан гэнэ. Би зөвхөн Соёлын төвийн даргаас биш, Алтай сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төсөвт байгууллагын дарга нар нараас байгууллагад бүр болон түр гарсан орон тоо байгаа эсэхийг тодруулж байсан. Яагаад гэвэл, би сумын Засаг даргын ажилд томилогдсоноос хойш манай суманд тулгамдаж байгаа асуудлын нэг нь ажилгүйдлийн асуудал юм. Надад 500 гаруй ажилгүй хүмүүсийн өргөдөл ирсэн. Тийм учраас ямар нэгэн орон тоо гарвал эмзэг бүлгийн хүмүүсийг авах тухай чиглэл өгөх үүднээс тодруулдаг байсан.
5.3. Мөн миний бие Х.С даргад “... та ажлаа өг” гэж энэ зөрчил гарахаас өмнө нэг ч удаа хэлж байгаагүй. Хэрвээ би тэгж хэлж байсан бол нэхэмжлэгч нотлох баримтаар нотлох ёстой, би тийм юм хэлж байгаагүй. Бид ажилд анх томилогдсоноос хойш бүх байгууллагын дарга нартай хөдөлмөрийн гэрээ, гуравласан гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд сумаас өөр орон нутагт ажиллах үед тамгын газрын даргаас чөлөөний хуудас авч, Засаг даргаар батлуулна гэж тусгасан ба Х.С дарга өөр тийш ажлаар их явна, нэг ч удаа чөлөөний хуудас авч байгаагүй, Казахстан Улс руу 2 удаа явсан. Казахстан Улс руу явахад чөлөөний хуудас авсан, бусад үед надад мэдэгдэхгүйгээр явчихдаг. Жишээлбэл, 5 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд сумуудаар явж тоглолт хийхэд надад мэдэгдээгүй, чөлөөний хуудас аваагүй. Бид хоёрын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй гэж үзэж байна.
5.4. 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Х.С нь сумд харагдаагүй. Би 7 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний их баяр наадам зохион явуулах үүднээс 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулж, захирамж гаргасан. Баяр наадмын үед соёлын арга хэмжээ явагдах ёстой. 7 дугаар сарын 04-ний өдөр буюу 5 дахь өдөр миний бие ажлын комиссын бүх хүмүүсийг өрөөндөө дуудсан. Тухайн үед Х.С байхгүй байсан, оронд нь хөгжмийн багш Ергали ирж оролцсон ба “... манай дарга аймагт байгаа, оронд нь намайг явуулсан, жил болгон наадмын зардалд сумын Соёлын төвд 150,000 төгрөгийн зардал өгдөг байсан. Тэр нь хүрэлцэхгүй, энэ жил 200,000 төгрөг хуваарилж өгөөрэй гэх хүсэлтийг танд дамжуулж хэлсэн” гэсэн. Мөн “... бид нар бүх дефузер, багаж тоног төхөөрөмжүүдийг тэнд байршуулна, хүүхдүүдийг бүжиглүүлнэ, соёлын арга хэмжээ явуулна, тэр үед хүүхдүүдийг шагнах мөнгө хэрэгтэй” гэж санал гаргасан. Тэрнээс өөр соёлын арга хэмжээний хөтөлбөрт ач холбогдол өгөөгүй. Дараа нь 7 дугаар сарын 8,9-ний өдөр баярын үйл ажиллагаа эхлэх үед Соёлын төвийн дарга байхгүй, оролцоогүй, жирийн биеийн тамирын хувцастай машинд сууж байсан.
5.5. Иймээс бид нарын зүгээс ямар нэгэн мэндчилгээ дэвшүүлэх, баярын нээлт хийх боломж бүрдээгүй. Би сандарсандаа комиссын даргыг дуудаж ирээд, “ядаж та нэг тайлбарлаадхаач, бид нар мэндчилгээ дэвшүүлье” гээд тэр хүнийг гуйж байгаад мэндчилгээ дэвшүүлсэн . Эхний өдөр соёлын арга хэмжээ явагдаагүй. Жил болгон хэдэн хүүхэд бүжиглээд, дуу дуулаад соёлын арга хэмжээ нээлтийн үед явагддаг байсан боловч энэ жил явагдаагүй. 2 дахь өдөр мөн адил Соёлын төвийн дарга байгаагүй. Бөхийн арга хэмжээ явагдаж байх үед би хууль эрх зүйн мэргэжилтэнд “... Соёлын төвийн даргыг дууд, завсраар нь ганц 2 дуу дуулж өгдөггүй юм уу” гэхэд, тэр хүн нь утсаар миний дэргэд байгаад дууг нь гаргаад Х.С руу залгахад “... юу яриад байгаа вэ, та нарын соёлын хөтөлбөр дээр би дуу дуулна гэсэн юм байсан уу” гэж уурлаад, ганц дуу дуулж яваад өгсөн.
5.6. Наадмын үйл ажиллагаанд зөвхөн Соёлын төвийн дарга биш бас хэд хэдэн хүн хариуцлагагүй байсан учраас хурал хийсэн. Дүгнэлтийг нь танилцуулаад, ажлын комисст байгаа 17 хүнийг дуудаж ирээд, та нар энэ жил хайнга хандлаа, Соёлын төвийн дарга мөн Эрүүл мэндийн төвийн дарга бас оролцоогүй, ач холбогдол өгөөгүй, би бүхэл бүтэн захирамж гаргаж байхад та нар чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа хийгээгүй гэхэд шууд Х.С дарга босож ирээд “та эхлээд хувцсандаа анхаар, хэлэх үгэндээ анхаар” гэж олон хүний өмнө нь үл хүндэтгэж доромжилсон. Араас нь Эрүүл мэндийн дарга бас тийм ёс зүйгүй асуудал гаргасан. Тэгээд 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл баяр наадмын амралт байсан. 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Х.С нь мөн адил ажилд ирээгүй. Х.С нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймагт хурим найр зэрэг урлагийн үйл ажиллагаанд оролцож байсан, өдөр болгон фейсбүүкийн стори дээр зургаа тавьдаг байсан. Би тэр үед муу санасан бол зургийг нь хадгалж авах байсан. Надад 7 дугаар сарын 24-ний өдрийн нэг үйл ажиллагаанд оролцсон нотлох баримт байна. Бусдыг нь би тухайн үед аваагүй. Тэгээд гадуур янз бүрээр хов жив яриад байхаар нь намайг хүндэтгэхгүй байгаа юм чинь би сахилгын шийтгэл оногдуулъя, намайг хүн гэж үзэхгүй, захирагдах ёсыг мөрдөж ажиллахгүй байгаа гэж зөвлөлийг хуралдуулж ийм зөрчил гаргаж байгаа, энэ хүнийг албан тушаал бууруулах арга хэмжээ авч байгаа гэж танилцуулж хэлсэн. Би 7 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдөр хүртэл буюу 7 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын байранд байгаагүй шалтгааныг бичгээр тайлбар өгөөрэй гэж тайлбар авахад дотор нь худал тайлбар өгсөн. Тэгээд 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр албан тушаал бууруулахаар мэдэгдэх хуудас өгсөн байсан.
5.7. Мөн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуудаж, та надтай хамтарч ажиллахгүй байгаа, удаа дараа зөрчил гаргаж, намайг хүндэтгэхгүй үл тоомсорлож байгаа, цаашдаа би тантай хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би “ 5 дахь өдөр тамгын газрын даргад Соёлын төвийн дарга байхгүй байна. Та утасдаад дуудчих нэг дэх өдөр гэхэд манай өрөөнд ирээд уулзаарай” гэж хэлээрэй гэхэд тамгын газрын дарга залгаад “... таныг нэг дэх өдөр 14:00 цагт Засаг даргын өрөөнд дуудаж байна” гэхэд “би амралттай байгаа, амралттай байгаа хүнийг яах гэж та нар дуудаж байгаа юм бэ” гэж хариу өгсөн байна. Тэгээд тамгын дарга орж ирээд “та амралт өгсөн юм уу” гээд надаас асууж байсан. Дараа нь 8 дугаар сарын 04-ний өдөр 14:00 цагт өрөөнд ирээд, эхнээс нь тайлбарлаж явахад надад “дарга би амралттай байгаа” гэж ажил тасалснаа хүлээн зөвшөөрч байсан. Тэгэхээр нь би гайхаад танд амралтыг уг нь би өгөх ёстой, хэнээс амралт авсан юм бэ” гэж тодруулахад “тэгвэл та одоо захирамж гаргаад өгчих” гэсэн. Би албан тушаалыг бууруулах арга хэмжээ авъя гэж бодоод байсан ба аймгийн Засаг даргын тамгын газраас манай бүх байгууллагын дарга эрхлэгч нарт шилэн данс ил тод байдлыг мэдээлэх санд мэдээ байршуулаагүй, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хариуцлага тооцож, хариу ирүүл гэсэн албан бичиг ирсний дагуу өмнө нь ийм зөрчилтэй байсан Соёлын төвийн даргыг албан тушаалаас бууруулж, бусад холбогдох байгууллагад арга хэмжээ авсан захирамж гаргасан. Дээрх зөрчлүүдийг нь үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээ авсан байгаа.
Х.С нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа, ажил тасалсан зөрчилд нь эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл оногдуулж, арга хэмжээ авах эрхтэй гэж бодож байна гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэх байр сууринаас хандаж байна.
6.2. Нэхэмжлэгч Х.С нь удаан жил буюу 27 жил тухайн Соёлын төвийн даргын албан тушаалд ажилласан байна. Гэтэл сумын Засаг даргын захирамжаар албан тушаалын байдлыг бууруулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Ажил олгогчийн шийдвэр дараах байдлаар хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт буюу 123 дугаар зүйлийн холбогдох заалтад зааснаар сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон сахилгын шийтгэл гарсан эсэх асуудал сахилгын шийтгэл нотлогдсон эсэх асуудал дээр маргаан үүсэж байна. Хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон үйл баримтуудыг шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нэг бүрчлэн дурдсан байх бөгөөд үүнийг нотлох баримтын хүрээнд дараах байдлаар нотлогдсон гэж үзэж байгаа.
6.3. Нэгдүгээрт, ажил тасалсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтууд буюу 3.4-ийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөр сахилгын шийтгэл оногдуулсан гэж байна. Цагийн бүртгэлээр нотлогдохгүй байгаа хэдий боловч энэ үйл явц бол удирдах албан тушаалтны шуурхай ажлын зөвлөгөөний тэмдэглэл, тэнд оролцсон байдал мөн хэд хэдэн удаагийн хуралдааны тэмдэглэлүүд байна. Тухайн үед Х.С байхгүй байсан, зөвшөөрөлгүйгээр явчихсан гэдэг асуудлыг хэлэлцэж байсан хурлын тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
6.4. Наадмын үйл ажиллагааг зохион байгуулагч комиссын бүрэлдэхүүнд орсон мөртлөө үүрэгт ажлаа гүйцэтгээгүй буюу ажил олгогчийн шийдвэрт захирагддаггүй байдлын талаар сахилгын шийтгэл оногдуулах нэг үндэслэл болгосон. Энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй, Соёлын төвийн эрхлэгч нь ямар үүрэг гүйцэтгэх, наадмын комисст ямар байдлаар оролцох талаар нотолгоо байхгүй гэсэн байр сууринаас хандаж байгаа боловч Алтай сумын Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай захирамж байна. Энэ захирамжийн комиссын гишүүнээр бол Х.Сийг томилсон. Тийм учраас энэ бүхэлдээ зөвхөн соёл урлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар биш тухайн наадмын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнээр орсон учраас энэ тухайн наадмын үйл ажиллагаанд бүхэлдээ Х.С оролцож явах чиг үүрэг бүхий байна. Гэтэл энэ чиг үүргээ биелүүлээгүй болох нь наадмыг зохион байгуулах комиссын ажлын үр дүнг, наадмын дараа дүгнэж хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Нэгэнт тухайн комиссын гишүүнээр томилогдсон учраас тухайн наадмын бүх үйл ажиллагаанд комиссын гишүүн оролцох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүх насны морьдын уралдаан болон бөхийн барилдаан, бусад арга хэмжээнүүдийг бүгдэд оролцож үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Төрийн наадам гэдэг нь бүх нийтийн баяр учраас тухайн орон нутгийн төрийн албан хаагчдын нэгдсэн, томилогдсон энэ бүрэлдэхүүнээр гүйцэтгэх ажил юм гэдгийг дурдах зүйтэй байх.
6.5.Сахилгын арга хэмжээ авах болсон өөр нэг үндэслэл нь аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1287 тоот албан бичгээр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг ил тод нээлттэй байлгах үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэл тогтоогдсон учраас хариуцлага тооцоорой гэж дээд байгууллагаас үүрэг чиглэл өгсний дагуу хариуцлага тооцсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс арга хэмжээ авах хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зөрчил гарсан өдрөөс хойш эсхүл үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлчийн өдрөөс хойш гэсэн хугацаануудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор зөрчилд шийтгэл ногдуулах ёстой байтал энэ хугацаагаа алдсан гэсэн байр сууринаас нь хандаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нэг үндэслэл болгож байгаа. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон үйл баримтаас харахад, ажил олгогчийн шийтгэл ногдуулсан захирамж болон зөрчлийн хоорондох цаг хугацаа, үйл явц бол үргэлжилсэн үйлдлийн байдалтай үргэлжилсэн хэлбэрээр явж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн зөрчил болох аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1287 тоот зөрчилд тооцуулах тухай энэ албан бичиг нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн. Ийм учраас 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцлага тооцсон хугацаанд сарын хугацаа өнгөрөөгүй байна.
6.6. Мөн өмнөх зөрчлүүдийн хоорондын хугацаа адилхан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд гаргасан сүүлчийн өдрөөс хойш 6 сар өнгөрөөгүй байвал зөрчил тооцохоор хуульчилсан хуулийн зохих заалтад нийцэж гэж үзэж байна. Дараагийн асуудал нь ажил олгогчийн зүгээс байгууллагын батлагдсан бүтэц, орон тоонд тусгагдаагүй, албан ёсоор баталгаажаагүй менежерийн албан тушаалд томилох шийдвэр огт гаргалгүйгээр, зөвхөн албан тушаал бууруулж, сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь хөдөлмөрийн хууль тогтоомжийн үндсэн зарчимд нийцэхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдлаа.
6.7. Гэтэл тухайн сахилгын шийтгэл ногдуулах ажил олгогчийн эрх хэмжээний асуудал болон тухайн орон тоонд томилох эрх хэмжээний хүрээний асуудал дээр зааг ялгаа байна. Өөрөөр хэлбэл, Алтай сумын Засаг даргын зүгээс төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Х.Сд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ байгаа хэдий боловч энэ хүнийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох эрх хэмжээ энэ хүнд байхгүй. Тийм учраас Х.Сийг сахилгын шийтгэл ногдуулах журмаар албан тушаалыг нь бууруулах шийдвэрийг ажил олгогч сумын Засаг дарга гаргасан.
Дараа нь сумын Засаг даргын энэ шийдвэрийг хэн биелүүлэх ёстой гэхээр тухайн Соёлын төвийн дарга бусад эрх бүхий албан тушаалтныг томилох жишгээр Алтай сумын Соёлын төвийн даргын 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Х.Сийг Соёлын төвийн менежерийн ажилд томилсон явдал нь ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалыг бууруулсан шийдвэрийг биелүүлж байгаа хэлбэр юм. Энэ нь Соёлын төвийн даргын эрх хэмжээний асуудал юм. Өөрөөр хэлбэл, Соёлын төвийн даргаас бусад албан тушаалтныг Соёлын төвийн дарга томилж, чөлөөлнө гэж Төсвийн тухай хууль болон холбогдох журмын дагуу зохицуулалтаар томилсон байна. Тухайн үедээ менежерийн албан тушаалын орон тоо байхгүй байхад нь сахилгын шийтгэл ногдуулсан гэж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс зөвхөн сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалыг бууруулах гэсэн шийдвэр гаргасан. Дараа нь менежер дээр томилох асуудал нь дараагийн Соёлын төвийн даргын эрх хэмжээний асуудал байсан учраас Соёлын төвийн дарга томилсон.
6.8. Мөн бүтэц орон тоо бий болгох асуудлыг стандартад заасан журмаар тухайн сумын хүн амын тоог үндэслэж менежер байх ёстой гэдгээр бий болгосон. Үүнийг буруутгах боломж байхгүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар төсвийн шууд захирагчийн эрх хэмжээний асуудал байх бөгөөд Алтай сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд тухайн Төсвийн тухай хуульд зааснаар бүтэц хооронд бий болгох эрх хэмжээнд байгаа гэдгийг дурдаж байна.
6.9. Ажлын цаг тасалсан гэдэг асуудал нотлогдохгүй байсан гэх байр сууриас хандаж байна. Тухайн байгууллагад бас цагийн бүртгэл байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Энэ байгууллага цагийн бүртгэл гаргахгүй, цагийн бүртгэлгүй явж байгаа гэдэг асуудал мөн адилхан нэхэмжлэгчийн тухайн үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй байгаагийн нэг шинж юм. Яагаад цагийн бүртгэл байдаггүй юм. Засаг дарга тэр байгууллагын цагийн бүртгэлийг нотлох баримтаар гаргаж өгөх боломж байхгүй, өөр байгууллага учраас боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй.
6.10. Цалин болон олговрын тухай асуудал өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломж байхгүй. Өнөөдөр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар цалин хөлсний талаар нэхэмжлэгч нотлох баримт бүрдүүлж өгөөгүй. Мөн хариуцагч тал энэ талаар тайлбар гаргаагүй. Хариуцагч энэ талаарх нотлох баримт бүрдүүлээгүй, ажилгүй байсан хугацааны үед урьдчилгаа цалин авч байсан үйл баримтууд тогтоогдсон. Мөн 2,500,000 төгрөгийн урьдчилгаа авчаад өнөөдөр хүртэл төлөгдөөгүй явж байгаа санхүүгийн баримтууд гарч ирсэн. Ийм учраас цалин хөлстэй асуудлыг жич шийдвэрлүүлэхээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. Захиргааны хэргийн шүүх 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/7 тоот захирамж хууль ёсны эсэхийг тогтоохын тулд өнөөдөр нотлох баримтын хүрээнд энэ асуудлыг шийдэх гэж байгаа.
7.2. Хариуцагчийн зүгээс тайлбараа тодорхой бичсэн байсан. Хариуцагчийн тайлбар болон гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд буюу Х.Зулхаш өмгөөлөгчийн тайлбар болон бусад нотлох баримтуудын хүрээнд Б/7 тоот захирамж нь хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэх үндэслэл бүхий нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байна. Түүнээс гадна шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Нэхэмжлэгч Х.С нь Соёлын төвд 28 жил буюу 30 гаруй жил даргаар нь ажилласан ба энэ хугацаанд замбараагүй байдалтай байсан, энэ асуудлыг нэг мөр болгоё гэж шинэ албан тушаалд томилогдсоны дараа ийм шаардлага тавьсан гэж хариуцагч тайлбарлаж байна. Өмнө нь Монгол Ардын нам ажиллаж байгаад дараа нь Ардчилсан нам гарч ирсний дараагаар энэ ялгаварласан гэсэн асуудал биш. Төрийн ажил тасралтгүй явагдах ёстой. Төрийн ажилд албан үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд нь үүргээ чанартай, хуульд заасан журмаар нь хийх үүрэгтэй гэдэг талаас нь шаардлага тавьж байсан.
7.3. Удирдах албан тушаалтны хувьд наадмын баяраас эхлэн шаардлага тавьсан. Наадмын баяр зохион байгуулах ажлын комисст бөхийн, морины соёлын, хэв журмын комиссууд ажилладаг. Гол үүрэг гүйцэтгэх үүрэг бүхий этгээд Соёлын төвийн эрхлэгч нь байх ёстой. Наадмын үеийн комиссын үйл ажиллагаанд оролцоогүй, хуралд нь оролцоогүй тул наадмын 3 хоногт нь ажил тасалсан гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслээд өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд албан тушаалын бууруулах арга хэмжээ авсан. Наадмын комисс 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд дуудахад ирээгүй, тэр өдөр Ергали Соёлын манай төвийн дарга аймагт явж байгаа гэж хэлсэн гэж байна. Засаг даргаас ямар нэгэн чөлөө зөвшөөрөл авахгүйгээр явчихсан, тэр өдөр нь бас ажил тасалсан.Мөн 2025 оны 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүд буюу соёлын үйл ажиллагаа явагддаг хугацаанд нь ажил тасалсан. Мөн 7 дугаар сарын 24-ний өдөр хувийн ажлаар буюу бусдын цайллагад байсан гэсэн. Наад зах нь 4-өөс 5 хоног ажил тасалсан байдал нь тодорхой байна. Түүнээс гадна тэр байгууллагын ажилтнуудын 7 хоногт бүртгэл явагдаж, Засаг даргын дэргэдэх хуралдааны үйл ажиллагаанд оролцоод тайланг тавьж, дараагийн 7 хоногийн ажиллагааг төлөвлөх зэрэг ажиллагаанд ирээгүй. Тэгэхлээр 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хоорондоо Казакстанд Улс руу чөлөө аваад явсан байна. Тэр хугацааг нь тооцохгүйгээр бусад хугацааг нь тасалснаар тооцоход их хугацаагаар ажил тасалсан асуудал яригдаж байна.
7.4. Түүнээс гадна Засаг дарга “чи яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэхэд “би амралттай байсан гэж хэлсэн” гэсэн. Амралтыг нь Засаг даргад өгөх ёстой, амралтын хуудас нь байхгүй. Амралттай байсан хугацааг нотолж чадаагүй. Тэгэхээр нь ажил тасалсан нь үнэн, түүнээс гадна өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан тодорхой заалтуудыг биелүүлээгүй бөгөөд аймгаас хариуцлагагүй хандсаны улмаас арга хэмжээг тооцож хариу мэдэгдээрэй гэсний дагуу тухайн 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/7 тоот захирамжийн дагуу албан тушаал бууруулсан арга хэмжээ авсан. Хууль зөрчөөгүй, хууль ёсны гарсан захирамж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгэнт энэ асуудал шүүхийн хэмжээнд хүрээд нэхэмжлэл гаргаад чирэгдэл болсны хувьд асуудал их хүндэрнэ. 28 хуудастай Х.Сд холбогдох хэргийн материалууд цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт байна.
7.5. Засаг дарга бол соёлын төвийн цагийн бүртгэлийг хийдэггүй, соёлын төвийн цагийн бүртгэлийг өөрсдөө хийдэг, өөрсдөө хийдэг үндэслэлээр цагаа бүрэн тоолж цалинг бүтэн авч байсан. Үүнийг ч гэсэн шүүгчээс анхаарч үзэх байх гэж бодож байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Сээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
2. Тогтоогдсон үйл баримтуудын тухай:
2.1. Нэхэмжлэгчийг Алтай сумын Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар захирамжаар[1] 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилж, 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар[2] албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.
2.2. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5, 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, сумын Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1 тоот хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.8, 4.3.14 дүгээр заалтууд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан тоот даалгаврын 2.3-т “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох” заалтыг тус тус үндэслэжээ.
2.3. Улмаар хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар[3] сумын Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ну томилсон байх ба Соёлын төвийн даргын түр орлон гүйцэтгэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар[4] нэхэмжлэгчийг сумын Соёлын төвийн менежерээр 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томилжээ.
2.4. Нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үед үйлчилж байсан “Алтай сумын Соёлын төвийн бүтэц орон тоо”-г баталсан аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/100 дугаар захирамжийн хавсралтад[5] Соёлын төвийн менежерийн орон тоо батлагдаагүй байсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсны дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/158 дугаар захирамжаар[6] сумын Соёлын төвийн бүтэц орон тоог баталж, уг бүтэц, орон тоонд менежерийн орон тоог шинээр бий болгожээ.
2.5. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгчид албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үед түүнийг ажиллуулах ажлын байр байхгүй байсан ба уг ажлын байрыг дараа нь шинээр бий болгосон гэж үзэхээр байна.
2.6. Мөн шинээр бий болгосон сумын Соёлын төвийн менежерийн орон тооны цалингийн сан, төсөв нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэн батлагдаагүй болох нь гэрч Соёлын төвийн нягтлан бодогч ажилтай Х.А, Соёлын төвийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Нурбек нарын мэдүүлгээр[7], хариуцагчийн шүүх хуралдаанд энэ талаар гаргасан тайлбараар тус тус батлагдсан.
2.7. Хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2025 оны 7 дугаар сард олон хоногоор ажил тасалсан, Үндэсний их наадмын үед наадмыг зохион байгуулах комиссоор томилсон ба уг ажилд оролцоогүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, наадмын үеэр концерт тоглох хүүхдүүдэд бэлэг авч өгнө гэж 130.000 төгрөгийг нярав С.Ш шаардаж, өөрийн хувийн дансанд мөнгө шилжүүлэн авсан, аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1.01/1287/ дугаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн биелэлтийг зөрчсөн байгууллага, хуулийн этгээд, хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай” албан бичигт сумын Соёлын төв нь хуулийн биелэлтийг зөрчсөн талаар тусгасан” гэж тайлбарласан.
2.8. Аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/1287 дугаар захирамжийн хавсралтын[8] холбогдох хэсэгт Алтай сумын Соёлын төв нь shilen.gov.mn цахим системд холбогдох мэдээллээ хугацаанд тайлагнаж байршуулаагүй талаар тусгажээ.
3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдийн тухайд:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.4-д “албан тушаал бууруулах” гэж тус тус заажээ.
3.2. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд тусгасан хэрэгт авагдсан сумын Засаг дарга болон сумын Соёлын төвийн эрхлэгч Х.С нарын хооронд байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот Хөдөлмөрийн гэрээний[9] Дөрвийн 4.3.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн 1 /нэг/ сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход 3 өдөртэй /24 цаг/тэнцэж байвал”, 4.3.8-д “Тус сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт ажиллуулахаар хүлээлгэсэн үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу татгалзсан”, 4.3.14-д “Тухайн орон нутгаас өөр орон нутагт ажлаар явахад чөлөөний хуудсыг ЗДТГ-ын Тамгын газрын даргаас авч Засаг даргаар заавал батлуулсан байна” гэж тус тус заасан.
3.3. Нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сард ажиллавал зохих 19 өдөрт ажилласан, тухайн сарын цалинг түүнд бүрэн олгосон нь хэрэгт авагдсан Алтай сумын Соёлын төвийн багш, ажилчдын 7 дугаар сарын цагийн бүртгэлээр[10], 2025 оны 07 дугаар сарын цалин олгох хүснэгт[11] зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
3.4. Хариуцагчаас нэхэмжлэгчийг сумын удирдах албан тушаалтнуудын шуурхай хуралдааныг удаа дараа тасалсан гэж тайлбарлан шүүхэд “Удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын шуурхай хуралдааны ирц”-ийн бүртгэлийг[12] нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд “... шуурхай хуралдаан долоо хоногт нэг удаа хуралддаг, 1-2 цаг үргэлжилдэг” гэж тайлбарласнаас үзэхэд, нэхэмжлэгчийн шуурхай хуралдаанд оролцоогүй байдлыг нь тухайн өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн өдөр ажил тасалсан, ажилд огт ирээгүй гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсныг нотлох баримт байхгүйгээс гадна нэхэмжлэгч нь Үндэсний их баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах үед удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгавар биелүүлээгүй нь тодорхой бус, энэ үйл баримтын талаар хариуцагч шүүхэд мөн нотолж чадаагүй болно.
3.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан.
3.6. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч нь нэхэмжлэгчээс тайлбар, санал аваагүй, шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг оролцуулаагүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул эдгээр үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
3.7. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалыг нь бууруулах шийдвэр гаргах үед сумын Соёлын төвийн бүтэц орон тоонд нэхэмжлэгчийг ажиллуулах сул орон тоо байгаагүй, уг шийдвэр нь тухайн үед бодит байдлаар хэрэгжих боломжгүй байсан, нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсны дараа түүнийг ажилтай болгох зорилгоор сумын Соёлын төвийн бүтэц, орон тоог шинээр баталж, менежерийн орон тоог бий болгосон нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын Төрийн албаны реформ хэсэгт заасан “Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэсэнтэй, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын 1.2-т заасан “төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг ...” даалгасан 04 дүгээр албан даалгавартай тус тус нийцээгүй гэж үзлээ.
3.8. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана”, 8.4-д “Мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана”, 8.15-д “Энэ хуулийн 8.4-т заасан мэдээллийг нээлттэй, ил тод байлгахтай холбогдсон нарийвчилсан харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ”, 7.1.3-т “тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан” гэж тус тус заасан.
3.9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нь хуулиар хариуцуулсан албан тушаалтны хувьд байгууллагын төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх хуульд заасан мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон, энэ зөрчлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Алтай сумын Соёлын төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын[13] 4.4-д заасан “Холбогдох мэдээ, тайлан, судалгааг цаг хугацаанд нь боловсруулах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах” үүргээ биелүүлээгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй.
3.10. Гэхдээ нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд нь “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэлийг хариуцагч сонгож ногдуулахдаа сахилгын зөрчлийн шинж байдал, түүний үр дагаврыг харгалзан үзээгүй, түүнийг эрхэлж буй ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулсан нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй, үүний улмаас нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд маргаан бүхий захиргааны акт буюу Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Сийг урьд эрхэлж байсан Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
3.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэсний дагуу нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[14], цалин олгох хүснэгтүүдийг тус тус үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхээс шийдвэр гарах хүртэлх 5 сарын хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох нийт 16, 806, 533 төгрөгийг Алтай сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.7, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.3, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Сийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 16,806, 533 / арван зургаан сая найман зуун зургаан мянга таван зуун гучин гурван/ төгрөгийг Алтай сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 12 дугаар тал
[2] Хэргийн 10 дугаар тал
[3] Хэргийн 59 дүгээр тал
[4] Хэргийн 11 дүгээр тал
[5] Хэргийн 13-14 дүгээр тал
[6] Хэргийн 58 дугаар тал, арын хуудас
[7] Хэргийн 73-74, 94-95 дугаар тал
[8] Хэргийн 62-65 дугаар тал
[9] Хэргийн 53-57 дугаар тал
[10] Хэргийн 48 дугаар тал
[11] Хэргийн 75-76 дугаар тал
[12] Хэргийн 132-154 дүгээр тал
[13] Хэргийн 15-22 дугаар тал
[14] Хэргийн 23 дугаар тал