Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00021

 

 ******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01162/и 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******,

******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Экскаваторын түрээс 70,500,000 төгрөг гаргуулах тухай,  

Иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзол цахимаар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага :

*******, ******* нарт түрээсэлсэн экскаваторын түрээс болох 47,000,000 төгрөг, алданги 0,2 хувиар тооцох алданги 737 хоног, 69,278,000 төгрөг, нийт 116,278,000 төгрөг. Үүнээс үндсэн мөнгө 47,000,000 төгрөг, түүний 50% болох 23,500,000 төгрөг, нийт 70,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Бид 2017 онд Н.Жанцансамбуу гэх хүнээс HYUNDA маркийн экскаваторыг 1 сарын 30,000,000 төгрөг буюу 1 хоногийн 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2018 оны 07 сараас 2018 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл түрээсэлсэн, 07, 08, 09 саруудын түрээсийн төлбөрийг төлж барагдуулсан.

Харин 2018 оны 10 сард алтны гарц эрс багассан учир 10 дугаар сараас 11 сарын 17-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр болох 47,000,000 төгрөгийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Н.Жанцансамбууд 11 сард экскаваторыг нь хүлээлгэн өгөхдөө 2019 оны 07 сараас бичил уурхайн үйл ажиллагаа эхлэхээр тус 47,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

2019 оны 02 сард Н.Жанцансамбуу нь бид нартай тус экскаваторын түрээсийн төлбөр болох 47,000,000 төгрөгийг 2019 оны 07 сард багтаан төлж барагдуулна гэж нотариатаар батлуулан гэрээ байгуулсан.

Бидний хувьд түрээсийн төлбөр болох 47,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч Бичил уурхайн үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд тодорхой үе шаттайгаар төлж барагдуулна. Харин биднээс хамаарахгүй нөхцөл байдлын улмаас алдангид тооцогдсон 23,500,000 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ./хх-20/.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга :

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 47,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Жанцансамбууд олгож, алданги 23,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 510,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 392,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жанцансамбууд олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон гомдлын үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа:

Давж заалдах шатны шүүхэд бигээр гаргаж өгсөн гомдол дээр бичвэрийн алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн байна, түүнийг тайлбараараа залруулж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж буй тайлбар зэргээс талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй болох нь тодорхой тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж гэрээний алданги хэмээн нэхэмжилсэн 23,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй шийдвэрлэсэн атлаа

... нэхэмжлэгч Н.Жанцансамбуу, хариуцагч *******, ******* нарын хооронд 2017, 2018 онд ******* тусгай зориулалтын автомашиныг бичил уурхай эрхлэхэд зориулж эзэмшил ашиглалтад нь шилжүүлж байсан нь тогтоогдсон тул талуудын хооронд энэ хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ хэмээн хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 47,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.б. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх тухайд:

Ямар баримтаар хэрхэн 2017, 2018 онуудад гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байгаа нь тодорхойгүй, гэрээ байгуулагдсан гэж үзэхэд гэрээний төлбөр 47,000,000 төгрөг байсан болох нь мөн тодорхойгүй зөвхөн хариуцагч нарын бичгээр гаргасан хариу тайлбарт үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлын хариу тайлбарт: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ : 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэдийгээр талуудын хэн аль нь тайлбараа нотолсон бичгийн баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч хэргийн оролцогч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээдэг, мөн талуудын тайлбар нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохын хувьд хэргийн нотлох баримтад хамаардаг.

Хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзвэл: нэхэмжлэгчийн 2018 оны төлбөрийн үлдэгдлийг авахын тулд 2019 оны 02 сард түрээсийн гэрээ г байгуулсан, хугацааг нь хассаар 47 хоног болгосон, мөн 2017, 2018 оны гэрээний хугацаа дууссан, 2018 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 10-н хүртэл хугацаанд ашигласан байдлыг 2019 онд дүгнээд тооцоо нийлээд гэрээ байгуулсан, одоо шаардаж байгаа нь өмнөх гэрээний үлдэгдлийг дүгнээд шаардаж байгаа гэсэн тайлбарыг хариуцагч нар үгүйсгэж, маргаагүй.

Энэ нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан 2018 оны 10 сараас 11 дүгээр сарын 17-н хүртэл хугацаанд эксковаторыг ашигласан, уг хугацааны төлбөр 47,000,000 төгрөгийг төлж чадахгүй байдалд хүрсэн, 11 сард эксковаторыг хүлээлгэн өгөхдөө 2019 оны 07 сараас бичил уурхайн үйл ажиллагаа эхлэхээр 47,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон, түрээсийн төлбөр 47,000,000 төгрөгийг бичил уурхайн үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд тодорхой үе шаттайгаар төлж барагдуулна ... гэсэн /хх-20/ тайлбараар тогтоогдож байх тул энэ нь талуудын өөрсдийнх нь гаргасан хүсэл, зориг гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч нар нь 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-н хүртэл хугацаанд эксковаторыг ашиглаж байсан гэдгээ үгүйсгээгүй, энэ хугацаанд эд хөрөнгийг ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эд хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлөх,

хуулийн 292.4-д зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй байх журамтай.

Иймд хариуцагч нар нь эксковаторыг өөрсдийн буруугүйгээр эд хөрөнгийг ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул эд хөрөнгийг ашигласны хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Анхан шатны шүүх нь талуудын тайлбарыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж хэргийг зүйлчилж, улмаар Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.69 заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа хэн алинаас ямар хэмжээгээр гаргуулах талаар тодорхойлоогүй байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-н хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу шүүх, нэр бүхий хариуцагч нараас 47,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан шийдвэр үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар зэргээс тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 392,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.АМАРСАНАА

                                                                  ШҮҮГЧ                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                  ШҮҮГЧ                     Х.БАЙГАЛМАА