| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0139/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/153 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/153
2018 06 04 2018/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гунгаад овогт А.М-д холбогдох 1821001470099 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ......................-д дулааны шугам, сүлжээний засварчин ажилтай, ам бүл 5, эмээ, эх, эхнэр, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ...................тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гунгаад овогт А.М.
Шүүгдэгч А.М нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ............. тоотын хашаанаас иргэн С.Г-ийн эзэмшлийн 2 настай Монгол банхар үйлдрийн гөлөгөн нохойг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 22-ны шөнө ээлжинд гараад ажлаасаа буугаад явж байгаад хашаан дотор гөлөг байхаар нь урд хаалгаар нь дуудаад аваад явсан...” гэв.
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 1а-1 тоотын хашаанаас 2 сартай монгол банхарын хар зүстэй гөлөг алдсан юм. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө босоход миний алдсан 2 сартай монгол банхар гөлөг манай хашаан дотор буюу Ялалтын 1а-1 тоотод ирчихсэн байсан. Би уг гөлгөө гражид хийгээд гражийн цонхоор хүн аваад явчихлаа гэж тухайн үед бодсон юм. Тэгсэн манай баз С.Мөнгөнтулга гурван гөлгөндөө хоол өгөхөөр орохдоо уг гражний жижиг хаалгыг нээж орхиод буцаагаад хаагаад түгжилгүй орхисон гэж надад өнөөдөр хэлсэн. Уг гөлөг хашаан дотроос алга болсон байх гэж бодож байна. Манай гражийн хаалга цонх эвдэрсэн зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй ...” гэжээ. /хх-ийн 19 тал/
Гэрч С.Мөнгөнтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчим гражид орж гөлгөндөө хоол өгөх гэсэн боловч 1 гөлөг нь байхгүй байхаар нь баз ах С.Гэд хэлсэн ...” гэжээ . /хх-ийн 22 тал/
Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 63 тоот дүгнэлтэд:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/
- Эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-15 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20 тал/
- А.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос гутлыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Гунгаад овогт А.М нь 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн ................ тоотын хашаанаас хохирогч С.Г-ийн эзэмшлийн 2 настай Монгол банхар үйлдрийн гөлгөн нохойг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч С.Г, гэрч С.Мөнгөнтулга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч А.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас хохирогч С.Г-д 300.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан монгол банхарын гөлгөө хохирогчид буцааж өгсөн, мөн хохирогч С.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч А.М нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.М ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.М-д тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.М-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.М-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ