Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

                                        *******од холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, **************** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн ***** суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ам бүл ***,****** боловсролтой, ***** мэргэжилтэй, тэтгэвэрт, ****** аймаг, ****сум, **** дугаар баг  ********  гудамж, *****тоотод оршин суух хаягтай, /РД: ****/,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд *******ийг хаалгаа тайлсангүй гэдгээр шалтаглаж гэрийнх нь үүдний амбаарын ертөнцийн зүгээр баруун урд талаас гал тавьж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч      ******* овогт *******гийн *******ыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч      *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 02 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 29,531.000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгож,

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж,

Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:   

*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа би Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024.01.17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Гэм буруугийн талаар:

*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* **** баг, ****************** задгайд орших суух *******ийг хаалгаа тайлсангүй гэдгээр шалтаглаж гэрийнх нь үүдний амбаарын баруун урд талаас гал тавьж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгасны улмаас иргэн *******т 29,053,000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан дараах баримтууд нь *******ыг гал тавьсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна:

1.Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч шинжээч Д.Жамбалдоржийн ...Тухайн гэр шатсан шалтгаан нь ил гал болон хялбар авалцан асах шатамхай шингэнээр үүдний амбаарын урд талаас гал асаасан байх боломжтой... Амбаарын хаалганы гадна болон дотор талын зургийг харахад шатсан хэсгийн өнгө өөр байна. Үүдний амбаарын ертөнцийн зүгээр баруун урд талаас гал тавьсан байх магадлалтай хэргийн газрын үзлэгээр авсан фото зургаас харахад амбаарын хаалганы дотор тал нь гадна талаасаа илүү шатсан байна гэсэн нь амбаарын гадна талд байсан шүүгдэгчийг буруутгахад эргэлзээ төрүүлж байна.

2.Гэрч *******ын өгсөн мэдүүлэгт.. гадаа харанхуй болсон байсан. ...айлын хог шатаж байгаа юм шиг эхлээд багахан хэмжээний гал гарч байсан...баяр ёслол болж байхад яагаад хог шатааж байгаа юм бол гэж бодоод хажуугаар нь зайтай өнгөрсөн. Хэсгийн байран дээр очоод 1-2 минут болсон уу үгүй юу гал улам их ассан. Уг айлын хашаанд гүйж очиход айлын үүдний амбаар хаалга талаасаа дүрэлзээд асаж байсан тэгтэл гэр дотроос нэг эгч гарч ирээд эхлээд орилоод биднийг гэр шатаалаа гэж уурласан, тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гал унтраахаар ирлээ гэсэн чинь аан тэгвэл манай гэрийг шатаасан гэж хэлээд би тогоон дээр боорцог тавьсан байгаа гээд буцаж орох гээд байсан. Тэгээд эгчийг ийм их гал гарч байхад яаж буцаж ордог юм бэ гэж хэлсэн. Орой харанхуй болсон байсан. Гал гарч байсан цаг хугацаа 19:40 болж байсан гэсэн мэдүүлгээс үзэхэд хохирогч 19:40 минутад гэрээс гарч ирээд гэр нь шатаж байгааг бүрэн мэдсэн гэж үзэхээр байна. Хэрэгт 18:34 цагт нөгөө хулгайч энд явж байна гэсэн мессежийг гэрч Анхмаа руу явуулж байсан байх гал сүүлд 19:40-д гарсан нь ******* буруутай гэхэд цаг хугацааны хувьд эргэлзээ төрж байна.

3.Гэрч гийн өгсөн мэдүүлэгт  ...гэрийн эзэн гал гарсан талаар ярихдаа гэж согтуу хүн хаалга нүдээд байсан, ойролцоогоор 60 орчим настай бакалан хар эсгий гуталтай урт куртиктай явж байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлгээс хохирогч гал гарахын өмнө *******ыг харсан байхаар түүний өмссөн хувцсыг тодорхойлж гэрчид хэлсэн нь эргэлзээ төрүүлнэ.

4.******* мэдүүлэхдээ  ...би ийнд цагаан сар учраас орж мэнд мэдэх гээд гэрийнх нь хаалгыг хэсэг нүдэж байгаад яваад өгсөн удаагүй, би тамхи татдаг учраас биедээ асаагуур байнга авч явдаг, шатаана, ална гэж огт яриагүй, би гал тавиагүй гэж мэдүүлдэг.

5.Хохирогч Б.  ...тэр орой ******* ирээд хаалга нүдээд явсан урьд нь манай гэрээс ойр зуурын хөрөө сүх алга болдог байсан хаалгаа тайлбал орж ирээд агсан тавих байх гэж бодоод хаалгаа тайлж өгөөгүй би *******ыг манай гэрийг шатааж байхыг нь нүдээрээ хараагүй ******* л байх гэж бодож байна гэх агуулгаар буруутгана.

6.Харин Мөрдөн шалгах ажиллагаанд гал хэн тавьсан, галыг юугаар тавьсан зэрэг ЭХХШТХ-ын 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй.

7.Галын шинжээч бодит нотлох баримтаар бус гэрч, хохирогчийн мэдүүлгээс гал гадны нөлөөтэй байж болзошгүй гэж дүгнэсэн.

8.Мөн галд өртсөн амбаарын шатсан хэсгийн үлдэцээс галын үүсгэврийг тогтоох дээж авч шинжилгээ хийх ёстой байсныг хийгээгүй байна.

9.Анхан шатны шүүх яг ямар нотлох баримтаар *******ийн гэрийнх нь үүдний амбаарын баруун урд талаас ******* гал тавьсан ямар хангалттай баримтаар ЭХТА-ын 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар олон хүний эрүүл мэнд амь нас эд хөрөнгөд аюул учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзээд гэмт хэрэгт тооцсон нь ойлгомжгүй.

10.Өмнө нь Галын шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн ЭХХШТХ-ийн 27.8 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргаж байсан бөгөөд дүгнэлтэд өөрчлөлт ороогүй хэвээр ирсэн байхад гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна.

11.*******од холбогдох хэргийн хоёр удаа хэлэлцэгдсэн анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөс *******ыг гэм буруугүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан болно.

Иймд шүүгдэгчийг гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 02 сарын 14-ний өдрийн №03 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгч ******* нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэхээр завдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгг шүүгдэгч, хохирогчоос өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд “Шүүгдэгчийг хүнийг алах санаа зорилго агуулаагүй буюу хохирогчийг гэрээс гадагш гаргахгүй байх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна” гэх дүгнэлтийг хийж хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт болох Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж гэмт хэргийн сэдэл, зорилго, үйл баримтад үл нийцсэн дүгнэлт хийж, үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн.

Шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжүүдийг /бүрэлдэхүүнийг/ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн бүрэн гүйцэд шалгаагүй, шүүгдэгч гэрт хүн байгааг илт мэдэж, нийгэмд аюултай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, амьд явах эрхэд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсэн байх нөхцөл байдлыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хүнийг алах гэмт хэргийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт буюу Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамааруулж хуульчилсан бол Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаатгасан. Ийнхүү гэмт хэргийг бүлэг болгон хуваасан шалтгаан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, гэмт хэргийн халдлагын онцлог шинжийг үндэслэсэн буюу гэмт хэргийн объектоор төрөлжүүлэн байршуулсан юм.

Тэгвэл Хүний алах гэмт хэргийн объект нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах, халдашгүй байдал бол, Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн объект нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчлөх эрх байна. Гэмт хэргийн объект гэмт хэргийг зүйлчлэх анхдагч баримжаалал буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг зөрчигдсөн болохыг тодорхойлдог. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Хохирогч *******ийн... 19:00 цагийн үед гадна хаалга нэг хүн тогшоод “ хаалгаа тайл пизда минь чамайг гэртээ байгааг чинь мэдэж байна шүү” гээд орилохоор нь хоолойг нь сонсоход ******* буюу мөн байсан....хаалга нүдэж байгаад “Чамайг хаалгаа тайлахгүй бол гаднаас чинь шатаана шүү” гэх орилоод чимээгүй болчихсон гэх мэдүүлэг/ хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн гар утсанд үзлэг хийж хураан тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн халдсан объект нь хохирогчийн амьд явах эрх байсан болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг хаалгаа тайлж өгсөнгүй гэх шалтгаанаар түүний байгаа монгол гэрийг галдан шатааж байгаа үйлдэл нь эд хөрөнгө руу бус хохирогчийн амьд явах эрхэд халдаж байгаа үйлдэл юм. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал: Шүүгдэгч нь хохирогчийг тухайн монгол гэрт байгааг мэдэж байсан, гэрийг шатааснаар хохирогчийн амь насанд хохирол, хор уршиг учирч болохыг ухамсарлан ойлгосон хэр нь түүнийг хүсэж үйлдсэн гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь хүний амьд явах эрх рүү чиглээгүй түүнд хохирол, хор уршиг учруулах зорилгыг урьтал болгоогүй байдаг. Энэхүү хэргийн тухайд шүүгдэгчийн хүрэх гэсэн зорилго нь хохирогчийн амь нас руу шууд чиглэж байсан болох нь Хохирогч *******ийн...шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Пизда чамайг байгааг чинь мэдэж байна, гэрэлтэй байна хүн байгааг чинь мэдэж байна. Пизда минь хаалгаа онгойлго гээд байсан... тэгээд дүү нар эгч рүүгээ залгасан, цагдаа дуудсан гэх мэдүүлэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

...шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үндэслэл нь:

1.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийг  хаалгаа тайлсангүй гэж шалтаглан, түүнийг гэртээ байгааг мэдсээр байж гэрийн гаднаас гал тавьсан нь хүнийг санаатай алахыг завдсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “чамайг хаалгаа тайлахгүй бол гаднаас чинь шатаана шүү” гэж орилсон гэх мэдүүлэг, мөн гэрч , , , , , нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч шинжээч Д.Жамбалдоржийн “...Тухайн гэр шатсан шалтгаан нь ил гал болон хялбар авалцан асах шатамхай шингэнээр үүдний амбаарын урд талаас гал асаасан байх боломжтой” ... гал түймэр унтраасан тухай нотломж зэргийг үндэслэн уг гал түймэр гадны нөлөөтэй байх магадлалтай /1-61 тал/ гэх нотлох баримтууд болон бусад нотлох баримтаар тогтоогдсон ба дээрхи нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. ******* нь хохирогч *******ийг удаа дараа доромжлох, хараах, заналхийлэх үйлдлийг өмнө нь гаргадаг, хөрш хашаанд нь 3 жил амьдарч байсан талаар хохирогч мэдүүлдэг бөгөөд түүний дуу хоолойг шууд таниад бусад руу утсаар залгаж мэдээлэл өгч байгаа нь нотлох баримтын эх сурвалж болно. Иймд улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэжээ.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тэр өдөр ******* гэрийн минь шатаасан. Би айлаар явж байна. Гэр оронгүй болсон. Энэ хүний ялыг бага байна гэж бодож байна. Хүмүүс рүү залгаснаа батлахын тулд Мобиком орж бүх хуулбарыг авч өгсөн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь гэм буруугүй гэж мэтгэлцэж явж байгаа. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь *******ыг анхан шатны шүүх монгол гэрт хүн байгааг мэдэж байсан боловч гадагшаа гаргахгүй байх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гэрийн хаалгыг мод, чулуу зэргээр таглаагүй. *******ийг  гэрээсээ гаргаж чадахгүй байх аюултай байдалд хүргээгүй. Хаалгаа онгойлгохгүй бол гаднаас чинь шатаана гэж мэдэгдэж байсан боловч хүн алах субьектив талын шинж үгүйсгэгдэж байна гэсэн хууль зүйн дүгнэлт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг зөвтгөж шийдвэрлэсэн.  Энийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэдийгээр хөнгөрүүлсэн боловч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан олон хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлээ *******ийн бусад ойр дотны хүмүүс рүү илгээж байсан мессеж болон дуудлагаар Мөн Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын даргын дүгнэлтийн 4 дэх хэсэгт заасан гал гадны нөлөөтэй байх магадлалтай гэснийг үндэслэл болгож гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй. Шууд бус нотлох баримтаар гэм буруутайд тооцсон гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл гэрчгүй, хохирогч өөрөө *******ыг гэмт хэрэг үйлдэж байгааг хараагүй гэх мэтчилэн хэрэгт цугларсан нотлох баримтуудын ач холбогдолтой нотлох баримт нь галын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт цагаатгах болон яллах аль нэг  үндэслэл болохоор ач холбогдолтой нотлох баримт байсан. Уг шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт үүдний амбаарын ертөнцийн зүгээс баруун урд талаас гал тавьсан байх магадлалтай. Хэргийн газрын үзлэгээр авсан фото зургаас харахад амбаарын хаалганы дотор тал нь гадна талаасаа илүү шатсан байдалтай байна гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй. Мөн яллах цагаатгах талын нотлох баримтад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэтэл хэргийн үйл баримтаар цоожтой хаалганы дотор амбаар цоожтой байсан. Амбаарын дотор талд хохирогч өөрөө байсан. Дотор талаасаа галд илүү шатсан байх магадлал нь галын физик шинж чанараар гал илүү  их хүрсэн талаасаа шатсан байх наад захын логик ойлголт байгаад байдаг. Гэтэл энэ дээр ямар нэгэн дүгнэлт өгөхгүй, шинжээчийн дүгнэлтээр гадны нөлөөлтэй байх магадлалыг гэрч нарын шууд бус нотлох баримтаар үндэслэж, иш татаж яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт ач холбогдолтой, шинжээчийн дүгнэлт нь яллах талын үндэслэл болж байгаа бол шинжээчийн дүгнэлт өөрөө агуулгын хувьд зөрүүтэй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дотор талаас илүү шатсан байна гэж үзэж байгаа нь гадны нөлөөтэй бол ямар нотлох баримтаар, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зааснаар магадгүй ******* гал тавина гэж хэлж байсан боловч гал тавьсан байдал нотлогдоогүй байхад, цоожтой хаалганы дотор талыг хэрхэн яаж гал гарах шалтгааныг бүрдүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад үндэслэлгүй байна мэтгэлцэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэдэг дээр санал нийлэхгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед дээрх ******* нь хохирогч *******ийг заналхийлж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Хэргийн газрын үзлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогддог. Тухайн цаг хугацаанд ******* ирсэн талаар хохирогч мэдүүлдэг. Мөн ******* гал гараад цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байхад хохирогчийн гэрийн ойролцоо олдсон байдаг. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба биеэс нь гал гаргах тамхи, чүдэнз зэрэг илэрсэн байдаг. Хэргийн бусад байдлаараа ******* тухайн цаг хугацаанд тэнд байсан, хохирогчийг хаалгаа онгойлгосонгүй гэх шалтгаанаар заналхийлж, шатаах талаар ярьж байсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Тийм учраас прокурорын яллах дүгнэлтэд зааснаар шийтгэх үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай  талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан  дүгнэлтийг хийлгүйгээр, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт санаа зорилго, гэмт үйлдлийг нарийвчлан тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.    

3.Прокуророос  шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд *******ийг хаалгаа тайлсангүй гэдгээр шалтаглаж гэрийнх нь үүдний амбаарын ертөнцийн зүгээр баруун урд талаас гал тавьж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...хохирогчийг гэрээс нь гаргахгүй болгох, өөрөөр хэлбэл хаалга үүдийг модоор тээглүүлж хаасан, саад бий болгоогүй харин эд хөрөнгийг олон хүний амь бие эрүүл мэндэд эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар эд хөрөнгийг устгах, гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, мэдүүлэг болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр  шүүгдэгч *******ыг хүний амьд явах эрхэд халдаагүй, хүнийг санаатай алах санаа зорилго тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь  учир дутагдалтай болжээ.

4.Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дараах  баримтуудыг  няцаан үгүйсгэх  эсхүл баталсан  дүгнэлтийг хийж чадаагүй байна . Үүнд:

-гэрч ын “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ нөхрийн хамт байж байхад өдөр 16 цагийн өнгөрч байхад ******* манай гэрт орж ирээд нөхөртэй золгоод цай уугаад сууж байгаад нөхрийн хийж өгсөн архинаас 2 хундага уугаад тэгээд бууз жигнүүлж идчихээд гараад явсан юм. Тухайн үед манай гэрт байхдаа Намсрай гэх айлд очно гэж ярьж байгаад гараад явсан. Манай нөхөр тухайн үед *******ыг манайхаас гараад явахаар нь ******* рүү залгаад нөгөө ******* чинь архи үнэртүүлчихсэн явж байна шүү чи мэдээтэй байгаарай гэж захиж хэлсэн юм. Тэгээд орой 18 цагийн ойролцоо ******* манай нөхөр лүү залгаад нөгөө гэрийн хаалга нүдээд гадаа орилоод байна яах вэ гээд ярихаар нь манай нөхөр бид хоёр яваад очих уу гээд ээс асуусан чинь та 2 малаа хашчихаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр морио өвстэй хашчихаад эргэж ирээд надад хэлэхдээ гийн гэр шатсан байна сая замд Цагдаагийн машин таараад би гэрийг нь зааж өглөө гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг,

- гэрч ийн “...манай үхэр ойролцоогоор 18:00-18:30 ийн хооронд ирдэг. Тэгээд ******* ах манайд орж ирэхэд үхэр ирж байсан. Тэгээд манай гэрт 10-20 минут болоод мал ирчлээ гээд аав бид 2 гэрээс гарсан, ******* ах хамт гарсан... ” гэх мэдүүлэг,

- гэрч ийн “...г гэртээ байхад нь гэдэг хүн ирээд хаалга нүдээд онгойлгохгүй байхад нь гаднаас чинь шатаана шүү гэж хэлээд чимээгүй болсон ба удаагүй утаа үнэртээд байхаар нь гараад хартал үүдний амбаар шатаж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- гэрч гийн “...би орой 19:00 цагийн орчимд гэртээ байж байтал манай хадам ээж рүү эгч залгаад манай гэрийг шатаачихлаа гэж хэлээд уйлаад утсаа салгасан...” гэх мэдүүлэг,

- гэрч ийн “... 18 цагийн үед манай эгч ******* залгаад согтуу ирчихээд хаалга нүдээд гэр орон цохиод орилоод байна би одоо яанаа та нар хурдан ир эсвэл цагдаа дуудах уу гээд их сэмээрхэн яриад ярих боломжгүй байна, чанга ярихаар сонсох гээд байна гээд утсаа салгаад над руу мессеж бичсэн...” гэх мэдүүлэг,

- гэрч ын ”...эгч над руу залгаад би утсаа автал эгч гадаа ирчихээд хаалга нүдээд орилоод байна. Хаалгаа тайл ална шулна гээд байна хурдан ирээч гэхээр нь би Та цагдаа дуудаж бай би одоо гарлаа гээд гэрээсээ гараад эгчийн гэрт ойролцоогоор 20-30 минутын дараа очиход гэр нь шатсан, эгч хашаандаа байсан, цагдаа нар ирсэн байсан...” гэх  мэдүүлгүүдээр  хохирогч ******* нь шүүгдэгч *******оос маш их айсан, шүүгдэгч ******* түүний хувийн оройн зайд зөвшөөрөлгүй халдахаар довтолсон, улмаар эрх эрх чөлөө, амь насанд нь заналхийлсэн үйл баримт хангалттай тогтоогдсон байхад хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

5. Иймд прокурорын шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн гэсэн эсэргүүцлийг хангаж, дээрх нөхцөл байдлуудаар шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдээгүй, эргэлзээтэй гэж үзэж цагаатгах боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн өмнөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч *******од урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                               Б.ЭРДЭНЭХИШИГ