Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0120

 

2018 оны 02 сарын 14 өдөр   

  Дугаар 221/МА2018/0120

Улаанбаатар хот

 

 

“Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                         захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэртэй, “Т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолын “Т к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөн давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болох эрх олгосон байгаагаас биш үүрэг болгоогүй байх тул аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоолоор биш хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд “...хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж заасныг зөрчсөн. Гэтэл хуулиар тодорхой заагаагүй байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг зөрчсөн. 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоосон бөгөөд тухайн талбайд манай компани өргөдөл гаргаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шүүлт хийж үзээд ямар нэгэн байдлаар хориглосон талбайтай давхцалгүй бол Засаг даргаас санал авахаар хүргүүлдэг журмын дагуу манай өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр Төв аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байхад Засаг даргын татгалзсан саналын үндэслэл, хууль ёсны мөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй, шүүх зөвхөн нэг талыг барьсан, хариуцагчийн дуудсан гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчмыг зөрчсөн.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“Т к” ХХК нь Төв аймгийн Баян сумын “Гурван зохио” нэртэй 1103.02 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-т 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийн бүртгэлийн NE-026455 дугаарт бүртгэж, холбогдох шүүлтийг хийн уг талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7905 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу санал ирүүлэх талаар мэдэгдсэн байна.

Уг мэдэгдлийг Төв аймгийн Засаг дарга хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу саналаа ирүүлэхийг Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт мэдэгдсэний дагуу Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7 дугаар хуралдаанаар “...хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 100 хувийн саналаар саналыг хүлээн авах боломжгүй...”, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар албан бичгээр “...Өргөдлийн талбай нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Аравдугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор аймгийн тусгай хамгаалалттай Тахилгат уул, 20 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газар болон худаг уст цэгүүдтэй давхцалтай байгаа учраас олгохоос татгалзаж байгааг уламжилъя” хэмээн тус тус татгалзжээ.

Дээрх татгалзсан саналыг үндэслэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаар хуралдаанаар “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй...” гэж тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан бөгөөд уг шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Төв аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1472 дугаар албан бичгийн хавсралтаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн 55 дугаартай дэмжихгүй саналыг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-т хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоолоор биш хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт  малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолыг зөрчсөн” гэж дурдсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан ч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжихгүй гэж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн “...хариуцагч нар саналаа тогтоол, тэмдэглэлийн алинаар ч өгсөн байсан хэлбэрийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, улмаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Нэгэнт аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Төв аймгийн Буян сумын “Гурван зохио” нэртэй газарт 1103,02 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал уламжилсан байх тул Төв аймгийн Засаг дарга нь “Т к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох маргахгүй хэмээн тайлбарласан тул шүүх уг асуудлаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор Баян сумын газар нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан бөгөөд нэхэмжлэгч “Т к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “уг тогтоол нь манай компани тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үед гараагүй тул уг маргаанд хамааралгүй” хэмээн тайлбарлах боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед дээрх тогтоолоор Төв аймгийн Баян сумын газар нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан байх тул уг тайлбар нь үндэслэлгүй юм.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА