| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/04173/И |
| Дугаар | 192/ШШ2025/05526 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/05526
2025 06 26 192/ШШ2025/05526
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, З овогт Сийн ***** /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *****тоот хаягт оршин суух, Хэ овогт Иийн А /рд:*****/-д холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч И.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн С.*****ээс 2025 оны 04 сарын 28-ны өдөр иргэн И.Ад холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. С.***** нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот хаяг дахь 40,3 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцыг миний охин болон хүргэн нар амьдарч байгаад гадаад улс руу явсан. Охин, хүргэн хоёр гадаад улсад очоод хоорондоо нийлэхгүй, салж тус тусдаа амьдрах болсон. Би өөрөө мөн гадаад улсад амьдарч байгаад ирсэн. Миний орон сууцанд манай охин, хүргэн нар амьдарч байгаад гадаад улс руу явахдаа хүргэн өөрийн ээж И.Ад түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн байдаг. Ингээд би Монгол улсдаа ирээд байраа чөлөөлүүлж авъя гэхэд чөлөөлж өгөөгүйн улмаас маргаан гарсан. И.А нь манай орон сууцыг бусдад түрээслүүлээд ашиг олдог юм байна. Би өөрийн орон сууц дээрээ очоод би энэ байрны өмчлөгч нь байна, байрнаас гар аа, эгч нь нялх нойтон хүүхдүүдтэй гадаад улсаас ирчихсэн учраас байрандаа оръё гэдэг байдлаар түрээслэн сууж байгаа хүмүүст хэлэхэд ...И.А гэх хүн бид нарыг түрээсийн гэрээ байгуулаад оруулсан. Бид түрээсийн төлбөрөө И.Ад төлсөн учраас бид гэрээний хугацаа дуустал энэ байрнаас гарахгүй гэж хэлсэн тул арга буюу шүүхэд хандсан.
Нялх нойтон хүүхэдтэй гадаад улсаас ирсэн гэх учир нь нэхэмжлэгч С.*****ийн охин Б.М болон И.Агийн хүү н.Зр нар Швед улсад хамт амьдарч байх хугацаандаа том охиноо авч явсан ба бага охин нь тэдний араас очсон. Мөн тэнд амьдарч байх хугацаанд н.Зр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр Швед улсад үр хүүхдүүдээс нь тусдаа тусгаарласан байдлаар цагдаагийн болон хүүхэд хамгааллын ажиллагаанд одоог хүртэл гэр бүл тусдаа, хяналтад амьдардаг. Энэ асуудлыг шүүх дээр хөндөж ярихгүй байхыг зорьсон боловч хариуцагч уг тайлбарыг хэлээд байгаа учраас бодит нөхцөл байдлыг ярихаас өөр аргагүйд хүрч байна. С.***** Монгол улсад ирэхдээ Б.М, н.Зр нарын том охин н.Хыг авч ирсэн бөгөөд охин нь өөрөө нялх хүүхэдтэйгээ ирсэн. Ингээд С.***** өөрийн Улаанбаатар хотод байрлах орон сууцанд зээ охин түүний нөхөр хүүхдийн хамт амьдрахад багталцахгүй байгаа учраас маргаан бүхий өөрийн орон сууцанд зээ охин н.Хыг амьдруулахыг зөвшөөрч, явуулсан. Гэтэл эмээ болох И.А нь бусдад түрээслүүлж, ашиглуулаад нялх хүүхэдтэй ач охин нь орох оронгүй, нэхэмжлэгч С.*****тэй хамт амьдарч байгаа асуудал үүссэн тул шүүхэд хандаад байна. Маргаан бүхий орон сууц нь н.Содномдоо гэх хүн дайнд оролцсон учраас буцалтгүй тусламжаар олгосон нэг өрөө орон сууц. Ингээд н.Содномдоо бурхан болсноос хойш өв залгамжлалаар нэхэмжлэгч С.*****ийн нэр дээр шилжин ирж, өөрийн өмчлөлдөө аваад ашиглаж байтал охин болон хүргэн нар нь гадаад улс руу явах шаардлагатай болж, виз мэдүүлэхэд санхүүгийн асуудлаа нотлох шаардлага бий болсон тул нэхэмжлэгч өөрийн төрсөн охин Б.Мд 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсний дараагаар виз нь гарч, гадаад улс руу явсан. Б.М буцаагаад ээжийнхээ байрыг С.*****т шилжүүлж өгсөн. Маргаан бүхий байрны цор ганц өмчлөгч нь С.*****. Хариуцагч талын тайлбарлаад байгаа шиг н.М гэх хүнээс худалдаж авч, эрх шилжүүлсэн асуудал огт байхгүй. Үнэхээр худалдаж авсан бол Худалдах, худалдан авах гэрээний үндсэнд шилжих ёстой байсан. Өөрийн төрсөн охиндоо виз гарахад нь хөрөнгийн баталгаа болгож бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж өгөөд, тэр авсан үл хөдлөх эд хөрөнгөө виз мэдүүлж, гадаад явахдаа ашиглаад буцаагаад шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч С.*****ийн зүгээс хэрэг маргааныг эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа хариуцагч руу хандсан боловч үр дүн гараагүй, зөв зохистой үйл ажиллагаа нь шүүхэд л хандах юм байна. Хэрэв өөрсдөө очих юм бол зүй бус үйлдэл гарч, аль аль талдаа хохирол учруулах юм байна гээд шүүхэд хандсан. Хариуцагч тайлбартаа түлхүүр нь надад байгаа, оюутан хүүхэд хэрэглээний зардлаа төлөөд сууж байгаа бөгөөд илүү гарсан зардлаа н.Зр луу шилжүүлдэг гэж байна. Хэрэв үнэхээр хэрэглээний зардлаа төлөөд амьдарч байгаа бол ямар юмных нь илүү зардал гарах вэ дээ. Тэгэхээр түрээсийн гэрээгээр нэхэмжлэгчийн байрыг бусдад ашиглуулж, ашиг хүртэж байгаа нь тодорхой байх тул байраа чөлөөлж авах хүсэлтэй байгаа. Мөн байраа чөлөөлүүлж авах гэсэн гол зорилго бол н.Зр болон Б.М нарын дундаас гарсан охин н.Хыг хүүхэдтэй нь хамт амьдруулах зорилготой гэдгийг шүүхэд ойлгуулахыг нэхэмжлэгч хүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...н.М, н.Зр нар нь 2 настай болон 4 дүгээр ангийн хоёр хүүхдээ надад орхиод гадаад улс руу явцгаасан хүмүүс. Миний бие 2 настай бага хүүхдийг 5 нас хүртэл, 4 дүгээр ангийн охиныг 6 дугаар анги хүртэл нь асарч өсгөсөн. Ингээд аав, ээж хоёр нь над руу итгэмжлэл явуулж, би хоёр хүүхдийг нь хоёр удаа Бээжин рүү авч яваад визэнд оруулсны дараа өөрсдөө ирж хүүхдүүдээ аваад явсан. Би маргаан бүхий байранд нь амьдарч байтал нэхэмжлэгч С.***** 3 сарын хугацаатайгаар Шведэд очсон. Тэнд яг ямар асуудал болсныг би мэдэхгүй, охиндоо л аав нь бага зэрэг ширүүн байсан гэсэн. Швед улс хүүхдэд ээлтэй улс болохоор тийм юм болсон гэж ойлгосон. Тэгээд намайг байранд нь байж байх үед манай хүү ...бид хоёр саллаа, намайг байрыг нь хүлээлгэж өг гэсэн. Би 2023 онд тэр байрнаас нь гараад түлхүүрийг нь авах хүн байна уу гэсэн нэг ч хүн олдоогүй. Би 1 жил гаран байрны ашиглалтын зардлыг нь төлсөн. Байрыг нь түрээслүүлье гэхэд ямар ч түрээслэх боломж байдаггүй юм байна лээ. Заавал нотариатын баталгаа гаргуулж авдаг учраас би түрээсэлж чадаагүй. Иймээс таньдаг оюутан хүүхдийг ашиглалтын зардлыг нь өгөөд байж байгаач гэж гуйсан. СӨХ-ны хүмүүсээс асуусан ч тэр хүмүүс ямар зардлаар энэ байранд хэн сууж байгаа талаар хэлээд өгнө. С.***** н.Х охиныг орох оронгүй байгаа гэж худлаа яриад байгаад нь би жоохон зэвүүрхээд байгаа байхгүй юу. Тэрнээс биш бид давхар худ ураг хүмүүс тангараг тасрахгүйг хичээсэн боловч юм бүрийг худлаа яриад байсан болохоор тэрэнд нь зэвүүрхээд би түлхүүрээ авъя гэхээр нь өгөөгүй юм. Тэр охин чинь өөрөө манайд хүүхдээ аваад ирдэг, надтай уулзаж учраад, эмээ гээд наашаа, цаашаа байдаг охин. Миний ач охин хүнтэй суугаад, өөрийнхөө гэрт байсан хүүхэд. Гэтэл С.***** ач охинд маань ...тэр авгайн өгсөн юмыг битгий ав гэж хэлээд охиныг наашаа ирүүлэхээ болиулчихсан. Тэрнээс биш ач охин маань Монгол улсад айлд бэр болж ирсэн хүүхэд. С.*****ийнд чихэлдээд, багцалдахгүй амьдарч байгаа зүйл огтоос байхгүй. Нэг удаа намайг ахтай нь сууж байхад ач охин болох н.Х ...байраа зармаар байна. Аав, ээж хоёр өр ихтэй байгаа болохоор мөнгийг нь явуулмаар байна гэж хэлэхэд нь авга ах нь ...байраа зараад яах вэ, дүү чинь насанд хүрч байна. Аав, ээж нь нутагтаа ирвэл орох оронгүй болно. Байлгаж байвал хэрэгтэй юм биш үү гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж байраа авъя гэж хэлж ярьж, ирээгүй. Хэрвээ хоёр хүүхэд тэр байранд амьдарна гэвэл байрыг нь янзлаад, шууд оруулна гэж хэлтэл хадам тал нь Швед улс руу буцаах санал өгчихсөн байгаа. Буцаад явна гэх юм бол явуулна. Тэгээд би байрандаа орох юм уу гэж асуутал манай охин хэл амтай байранд орохгүй гэж хэлсэн. Болсон процессын хувьд ийм л зүйл болсон. Тэрнээс биш дахиж С.***** надаас түлхүүрээ авъя гэж хэлээгүй. Би өгье гэж ч яриагүй. Манай хүүгийн хувьд гэр бүлийн баталгаагаа салгуулсны дараагаар тэр байрыг яримаар байна шүү дээ, та яагаад шүүх дээр гүйж очоод байгаа юм бэ, таны өчүүхэн нэр ч тэр байранд хамааралгүй гэж хэлсэн. Намайг Монгол улсын хууль дуудсан учраас би хуулийг хүндэлж энд ирсэн болохоос биш гэм хийсэндээ ирээгүй. С.***** өөрийн охин болох н.Мгийн нэр дээр гэрчилгээ гаргуулаад, хүүхдээ ирэх хооронд нь бэлэглэсэн гээд орхиод явсан. Гэтэл би тэрийг нь үзтэл С.***** дахиж гэрчилгээ гаргуулаад, бэлэглэлийн бичиг баримт бүрдүүлсэн байна лээ.
Надад И.Агаас гээд н.М луу байр худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн баримт байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ би энэ асуудлыг өөртөө хамааруулж, байрыг булаацалдаад байх шаардлага надад байхгүй. Би түлхүүрийг нь өгчихье гэхээр манай Швед улсад байгаа хүү маань ...та миний хөрөнгөнд дур мэдэж оролцлоо. Бид гэр бүлийн баталгаагаа салгуулаагүй байхад та оролцлоо гэж хэлээд байгаа учраас би хууль, шүүхийн хүмүүст нь болсон бодит учир явдлыг нь тайлбарлаж хэлье гээд өнөөдөр энд ирсэн. Би С.*****т чи энэ байрандаа өөрийнхөө төрлийн хүүхдийг оруулмаар юм биш үү гэж хүртэл хэлж байсан гэтэл ...үгүй оруулахгүй гэж хэлээд оруулаагүй. Ингээд бүр байрны түлхүүр авах ч хүн олдохгүй байсан. Надад тэр байрыг ашиглаж, түрээслээд ашиг хонжоо авсан зүйл байхгүй. Хэрэв н.Х охин маань тэр байрандаа би амьдарна гэж ирэх юм бол би түлхүүрийг нь шууд май гэж өгөөд, байрыг нь айл шиг тохижуулаад өгнө. Надад тэр байрыг авах сонирхол байхгүй, авахгүй. Хамгийн гол нь би энэ байрыг хоёр хүүхдийнх нь хөрөнгө юм даа л гэж боддог. Яг үнэнийг хэлэхэд бол энэ байрыг н.М гэх С.*****ийн дүүгээс миний хүү н.Зр, бэр н.М нар худалдаж авсан байр. Анх байраа зарчхаад дараа нь бэлгэлсэн гэж яриад байгаа. н.М гэдэг хүнд н.Зр бэлнээр 8,000,000 гаруй төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Дараагаар нь би банкаар хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Мөн миний хүүгийн хэлснээр бол С.***** Швед улсад Ковид-19 гарсан үеэр 3 сар очиж байхдаа амьдралыг нь самарчхаад явсан гэж хэлдэг. Гэхдээ надад энэ асуудал огт хамааралгүй. Надад өмгөөлөгч авч, шүүх дээр заргалдаад яваад байх сонирхол, шаардлага байхгүй. Үнэхээр тэр байранд С.***** н.Хыг амьдруулна гэх юм бол би шууд зээ охиныхоо гар дээр байрны түлхүүрийг нь тавьж өгнө гэв.
3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 0443 дугаар итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
Хариуцагчаас: 2025 оны 05 сарын 22-ны өдрийн хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч С.***** нь хариуцагч И.Ад холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 хороолол /18082/, ХД 41 байр, 66 тоот хаягт байрлах 40,3 м.кв талбайтай 1 өрөө миний өмчлөлийн орон сууцанд миний охин, хүргэн нар амьдарч байгаад гадаад улс руу явахдаа хадам ээж И.Аг түр хугацаанд амьдруулсан бөгөөд одоо тус байрыг хууль бусаар эзэмшиж байна хэмээн тодорхойлов.
Хариуцагч ...тус байрыг миний хүү н.Зр бэр н.М нар н.Маас худалдаж авахаар болж урьдчилгаа 8,000,000 төгрөг, би банкаар хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Хүүхдүүдийн байр, ач охин н.Х амьдарна гэвэл түлхүүрийг нь өгнө гэж маргав.
3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч С.*****т шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, энэхүү эзэмшил хууль бус байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч С.***** нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-5, 21/
Хариуцагч тухайн орон сууцанд амьдраагүй хэдий боловч түүний зөвшөөрснөөр "...оюутан хүүхэд ашиглалтын зардлыг нь төлөөд амьдарч байгаа, ач охин болох н.Х тус байранд амьдарна гэвэл түлхүүрийг нь өгнө" гэх тайлбараас үзэхэд маргаан бүхий орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ.
Мөн тус орон сууцыг хариуцагчийн хүү н.Зр нь н.Маас худалдан авч, мөнгийг нь төлж байсан хэмээн тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр тус орон сууц анх 2012 онд Ч.Сийн өмчлөлд бүртгэгдэж, 2013 онд өв залгамжлалаар нэхэмжлэгч С.*****т шилжиж, 2015 онд бэлэглэлээр Б.Мд, 2025 онд мөн бэлэглэлээр буцааад С.*****т шилжсэн болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдов. /хх-21х/
Тиймээс нэхэмжлэгч С.***** нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй болно.
4.Хариуцагч нь эрх нь зөрчигдсөн гэж үзвэл буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот хаягт байрлах 40,3 м.кв талбайтай 1 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч И.Агийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*****т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ