Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0261/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      06          07                                          2024/ШЦТ/259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Ц.Л,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Т.М-д холбогдох эрүүгийн 2325004450244 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Т.М

Шүүгдэгч Т.М нь;

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хойд талын автобусны зогсоол дээрээс хохирогч Ц.Б-ын гээгдүүлсэн “Samsung A-53” /Самсунг А-53/ загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш 1.653.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Т.М “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 6 дугаар микрийн зам дээр машинтайгаа явж байхдаа зам дээрээс утасны кэйс авсан, түрийвч байна гэж бодоод авсан чинь кэйс байсан, тэгээд 14.40 цагийн үед шуурхай удирдлагын төвд аваачиж өгсөн.” гэв.

хохирогч Ц.Б “...Тухайн үед Улаанбаатар хот явах ажилтай болоод хамт явах хүмүүстэйгээ өөрийн гар утсаараа ярьж байсныг тэр хүмүүс гэрчилнэ. Машинд ачаагаа ачаад Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хойд талын автобусны зогсоолоос хөдлөөд удаагүй, 10 секунд ч болоогүй байхад энэ охин машинтайгаа ирээд өөрөө буухгүйгээр хаалгаа онгойлгоод гар утсыг авч байгаа нь камерын бичлэгт байгаа. Энэ хүүхдийн шүүх хуралдааны үед ярьж байгаа зүйл бүгд худлаа, мөрдөн байцаалтын үед “яг адилхан утас аваад өгье” гэж хэлж байсан, гар утасны үнэ 1.653.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ц.Б-ын “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хот явахаар болоод өөрийн эзэмшлийн ****ОРХ дугаартай “Toyota Prius-30” машинтайгаа Согоот баг ГОК буудлаас хүн аваад машиныхаа багааж хэсэг рүү эд зүйл хийж байхдаа “Samsung A-54 загварын гар утсаа гээсэн байсан, уг газартаа буцаад очсон чинь миний гар утас байгаагүй, тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд ****УБТ дугаартай “Toyota Prius-20” тээврийн хэрэгсэлтэй хүн ирж зогсоод гар утсыг авсан, харин гар утасны кэйсийг цагдаа дээр аваачиж өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

“...“Мэнд-Амар” худалдааны төвийн урд талд явж байгаад утас байхгүй байхаар нь эргээд очиход гар утас байгаагүй, 14.13 цагаас 14.47 цаг хүртэл дүү О утаснаас өөрийн ******** дугаарын утас руу залгахад авчихаад ярихгүй сонсоод байсан, “гар утас өгчихөөч” гэсэн дуут мессеж хүртэл явуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

“...Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг гар утсаа унагаагаад хөдөлсний дараа ямар ч хүн ирээгүй ба 10 секунд орчмын дараа “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл зогсож жолооч нь машинаасаа буухгүйгээр хаалгаа онгойлгоод  гар утсыг авч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

“...Би гар утсаа А-54 гэж бодож байсан, авсан хүнээсээ асууж тодруулахад А-53 загварын утас гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

гэрч Н.О “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд “Эрдэнэт-Улаанбаатар явна” гэсэн фэйсбүүк зарын дагуу ******** дугаарт холбогдож хот явахаар болсон, 13.55 цагийн орчим “Уурхайчин” хорооллоос нөхөр бид хоёрыг саарал өнгийн “Toyota Prius-30” загварын ****ОРХ дугаартай машин ирж авсан. Хоёр хүн авахаар болж “Мэнд-Амар” худалдааны төвийн эсрэг талын буудлаас тухайн хоёр хүнийг авч, жолооч ачааг нь ачаад хөдлөөд явж байхдаа “миний гар утас байхгүй байна” гээд дугаар луу нь залгасан чинь дуудаад авахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

гэрч Ц.Б “...саарал өнгийн “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд бид хоёрыг авсан, дөнгөж хөдлөөд “Мэнд-Амар” худалдааны төвийн ойролцоо явж байхад жолооч “миний гар утас байхгүй байна” гэж хэлээд шууд буцаад эргэсэн. гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

гэрч И.О “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Т.М машинд ач хүү Ариунболдын хамт сууж гэр хорооллоор горд явах чиглэлд явж байхад Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол дээр М зогсож, газраас нэг зүйл авсан. ...М хүүхэддээ гар утас авч өгсөн эсэхийг мэдэхгүй. гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Т.М яллагдагчаар өгсөн “...дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цайны цагийн дараа ажилдаа явах гээд гэр хорооллоос өөрийн эзэмшлийн ****УБТ дугаартай шаргал өнгийн “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож ээж, дүү нарын хамт явж байгаад Согоот баг 6-15 дугаар байрны арын автобусны буудлын харалдаа зам дээр хар өнгийн зүйл байхаар нь машинаа зогсоож аваад цаашаагаа хөдөлсөн, гар утасны кэйс, түүний ар талд эрэгтэй хүний иргэний үнэмлэх, тэтгэвэр авдаг виза карт байсан. ...Гар утас бол байгаагүй. Миний газраас олсон гэх кэйс хар ногоон өнгөтэй, ар хэсэг нь бичиг баримт хийдэг товчтой байсан, тэр орой намайг ажил дээр байхад шуурхай удирдлагын төвөөс нэг цагдаа залгаж дуудсан, цагдаа дээр очиход “утас олсон байна” гэхээр нь би “гар утас байгаагүй” гэж хэлээд хоосон кэйс, бичиг баримтын хамт өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын эхээр нөхөр Үнэнбат “хүү Дөлгөөнд гар утас авч өгөөрэй” гэж миний хаан банкны ********** дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн, тэр орой билүү маргааш нь нөхрөөс шилжүүлсэн мөнгөнөөс 350.000 төгрөг аваад Согоот баг “Tedy” төвийн 2 давхарт гар утас зардаг эмэгтэйгээс “Samsung A-53” загварын гар утсыг 400.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Гар утас аваад гэртээ хариад үзсэн чинь сүлжээ нь болохгүй байсан тул маргааш нь очиж гар утас авсан эмэгтэйд буцааж өгөхөд “өнөөдөр дөнгөж онгойж байна, орлого ороогүй тул үдээс хойш шилжүүлж өгнө” гэж хэлээд тэр өдрөө миний Хаан банкны ********** дугаарын данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, 

хохирогч Ц.Б-ын “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах ГОК автобусны зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Samsung A-54гар утсаа гээсэн.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

хохирогч Ц.Б-ын гэх ******** дугаарын 2023 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдийн хэрэглээний хуулга, уг хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14, 15-16 дахь тал/,

хохирогч Ц.Б-ын гаргаж өгсөн, ар хэсэг нь ногоон өнгийн, карт хийдэг халаастай гар утасны кэйсэнд “Samsung A-53загварын хар өнгийн гар утсыг хийж үзэхэд таарсан гэх мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-19, 20-22 дахь тал/,

мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн “...2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар “Samsung A-53” загварын гар утас 1.653.000 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

****УБТ дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч Т.М болох талаар Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/,

шүүгдэгч Т.М;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дэх тал/

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/,

банкны дансны хуулгууд /хавтаст хэргийн 98, 118-144 дахь тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн яллагдагч Т.М-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.М-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Т.М нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хойд талын автобусны зогсоол дээрээс хохирогч Ц.Б-ын гээгдүүлсэн “Samsung A-53” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авсан, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн, хохирогч Ц.Б-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хойд талын автобусны зогсоолоос хөдлөөд удаагүй, 10 секунд ч болоогүй байхад энэ охин машинтайгаа ирээд өөрөө буухгүйгээр хаалгаа онгойлгоод гар утсыг авч байгаа нь камерын бичлэгт байгаа.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, хохирогч Ц.Б-ын “...би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хот явахаар болоод өөрийн эзэмшлийн ****ОРХ дугаартай “Toyota Prius-30” машинтайгаа Согоот баг ГОК буудлаас хүн аваад машиныхаа багааж хэсэг рүү эд зүйл хийж байхдаа “Samsung A-54 загварын гар утсаа гээсэн ...хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд намайг гар утсаа унагаагаад хөдөлсний дараа ямар ч хүн ирээгүй ба 10 секунд орчмын дараа “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл зогсож жолооч нь машинаасаа буухгүйгээр хаалгаа онгойлгоод гар утсыг авч байсан.” гэх,

гэрч Н.О “...нөхөр бид хоёрыг саарал өнгийн “Toyota Prius-30” загварын ****ОРХ дугаартай машин ирж авсан. Хоёр хүн авахаар болж “Мэнд-Амар” худалдааны төвийн эсрэг талын буудлаас тухайн хоёр хүнийг авч, жолооч ачааг нь ачаад хөдлөөд явж байхдаа “миний гар утас байхгүй байна” гээд дугаар луу нь залгасан чинь дуудаад авахгүй байсан.” гэх,

гэрч И.О “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Т.М машинд ач хүү Ариунболдын хамт сууж гэр хорооллоор горд явах чиглэлд явж байхад Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол дээр М зогсож, газраас нэг зүйл авсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Ц.Б-ын “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрлах ГОК автобусны зогсоол дээр өөрийн эзэмшлийн “Samsung A-54гар утсаа гээсэн.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ц.Б-ын гэх ******** дугаарын 2023 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдийн хэрэглээний хуулга, уг хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

хохирогч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хойд талын автобусны зогсоолд өөрийн эзэмшлийн ****ОРХ дугаартай “Toyota Prius-30” машиндаа ачаа ачих үедээ “Samsung A-53 загварын гар утсаа гээгдүүлсэн,

үүнээс 10 секунд орчмын дараа шүүгдэгч Т.М ****УБТ улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон тухайн газарт  ирж, өөрөө тээврийн хэрэгслээс буулгүйгээр хаалгаа онгойлгож хохирогч Ц.Б-ын гээгдүүлсэн гар утсыг авсан үйл баримт тогтоогдож байна.

Тухайн цаг хугацаанд ****УБТ дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.М жолоодож явсныг нотлох гэрч И.О “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Т.М машинд ач хүү Ариунболдын хамт сууж гэр хорооллоор горд явах чиглэлд явж байхад Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол дээр М зогсож, газраас нэг зүйл авсан. гэх,

Т.М өөрийнх нь өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цайны цагийн дараа ажилдаа явах гээд гэр хорооллоос өөрийн эзэмшлийн ****УБТ дугаартай шаргал өнгийн “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож ээж, дүү нарын хамт явж байгаад Согоот баг 6-15 дугаар байрны арын автобусны буудлын харалдаа зам дээр хар өнгийн зүйл байхаар нь машинаа зогсоож аваад цаашаагаа хөдөлсөн. гэх мэдүүлгүүд хавтаст хэргийн 48, 86-87 дахь талуудад, мөн тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Т.М эзэмшил, өмчлөлийнх болохыг нотлох Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа” хавтаст хэргийн 92 дахь талд тус тус авагджээ.

Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.

“Гээгдэл хөрөнгө” гэдэг нь эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлийг ойлгох бөгөөд ийм гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан, түүнчлэн уг “гээгдэл эд хөрөнгө”-ийн үнэ нь 300.000 төгрөгөөс дээш үнэтэй бол “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт тооцогдоно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд ... гээгдэл эд хөрөнгө ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа тухайн этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

“Гээгдэл хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш өөрөөр хэлбэл 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан, мөн өөр бусад хэлбэрээр ашигласнаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Т.М олж авсан “Samsung A-53 загварын гар утсыг хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин бага хэмжээнээс дээш буюу 1.653.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон тул гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч Т.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.   

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Иймд шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Т.М-г “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.  

          Шүүх шүүгдэгч Т.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

          шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.М гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч шүүх хуралдааныг завсарлуулж хохирол төлбөр төлөх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Иймд шүүх хавтаст хэргийн 64-68 дахь талд авагдсан мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн “...2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар “Samsung A-53” загварын гар утас 1.653.000 төгрөг болж байна.” гэсэн үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгч Т.М-ээс 1.653.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М-ээс 1.653.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бод олгосугай.

7.Энэ хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э