| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/02417/И |
| Дугаар | 192/ШШ2025/05345 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05345
2025 06 19 192/ШШ2025/05345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Ө овогт Хүын Т /рд:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****3 давхар, 2304 тоот хаягт байрлах, Ф ГХОХХК /рд:****/-д холбогдох
2022 оны 04 сарын 18-ны өдрийн компанийн хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Х.Т нь Т ХХК-ийг 2020 оны 02 сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Ингээд 2022 оны 04 сарын 18-ны өдөр Ф ГХОХХК-тай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь Т ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомт орчмын гаалийн хяналтын талбайн зориулалттай 199,999 метр квадрат талбайтай газрын дуудлага худалдаанд оролцож, 5,790,000,000 төгрөгөөр авахаар ялсан байдаг. Энэ 5,790,000,000 төгрөгийг хариуцагч буюу Ф ГХОХХК-иас зээлж авсан. Тус зээлийг амаар харилцан тохиролцож зээлсэн бөгөөд зээлийн баталгаа болгож, Ф ГХОХХК нь Т ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг нь Худалдах, худалдан авах болон Эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. Мөн Ф ГХОХХК нь дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 1,000,000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч Х.Т одоог хүртэл гүйцэтгэх захирлаар хэвээр байгааг үүнээс харж болно. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Ф ГХОХХК болон Т ХХК нарын хооронд зээлийн баталгаа болгож байгуулсан гэрээг өөр гэрээ буюу 5,790,000,000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзсэн тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үр дагаврыг нь арилгуулах зорилгоор Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцаагаад нэхэмжлэгч Х.Тд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай зүгээс хэргийн үйл баримттай маргахгүй. Ф ГХОХХК нь 2022 оны 04 сарын 18-ны Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Х.Ттай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Эрх шилжүүлэх гэрээгээр Т гэх компанийг манайд шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгсөн шалтгаан нь Х.Т нь Ханги боомтод зах зээлийн чөлөөт бүс байгуулна гээд чөлөөт бүсийн нэлээн том газрын эзэмших эрхийг дуудлага худалдаагаар авахаар ялагч болж газрыг авна гэдэг байдлаар мөнгө зээлсэн. Мөнгө зээлэхдээ Т ХХК тухайн Ханги боомт дахь газар дээр үйл ажиллагаа явуулна гэсэн учраас тэр компанийн хувьцааг шилжүүлэх байдлаар зээлийн барьцаа болгож авсан. Ингээд зээлийн барьцаа болгоод авч явж байсан боловч гадаадын хөрөнгө оруулалттай компанийн асуудал үүсэж, Дорноговь аймгийн Засаг даргаас та нар нэгэнт газар эзэмших гэж байгаа бол янз бүрийн байдлаар хандив, тусламж өг гэж их ярьдаг. Ф ГХОХХК-ийн зүгээс буцаагаад хувьцааг нь өгөх гэхээр газар эзэмших эрхийг Т ХХК авсан бөгөөд буцааж авахаар бол газрыг газартай шилжүүлэхгүй, 5,000,000,000 төгрөгийн татварын асуудал үүснэ. Бид татвар үүсэхгүй, түр зээлийн барьцаанд барьцаалж авсан гэж хэлэхээр зээлсэн мөнгөөр компани дүрмийн сангаа нэмсэн. Үүнээс хуулиараа хоёр удаагийн татвар авна. Ингээд та нар компанийн нэр шилжүүлсэн ч гэсэн газар эзэмших эрхээ аваад, дүрмийн сангаа өсгөсөн учраас татвар авна гэдэг асуудал үүссэн. Энэ асуудлын гарц гаргалгаа нь олдохгүй явж байтал нэхэмжлэгч Х.Т нь бидэнд татварын өндөр асуудал гарах гээд байна. Мөн Дорноговь аймгийн Засаг даргаас ч бас манайд бичиг ирээд байна гэсний үндсэнд бид нар гарц гаргалгаа олохгүй байсан учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаад, бидний хувьд ч мөн адил төлөх графикийг гаргуулж, зээлээ тогтмол төлөөд явна гэдэг байдлаар бидэнд маргаад байх зүйл байхгүй бөгөөд манайд зөвхөн зээл л олгосон асуудал байгаа болохоос биш хамтран ажиллах, тухайн компанийг бүхэлд нь авч яваад, үйл ажиллагааг нь эрхлэх шаардлага байхгүй тул заавал компанийг нь барьцаалах шаардлагагүй юм байна. Зээлийн хэлцэл нь зээлийн эргэн төлөлтөд маргаан байхгүй учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг яг ийм агуулгаар нь зөвшөөрч байгаа. Түүнчлэн бидэнд мөнгө зээлсэн баримтууд байгаа боловч нэхэмжлэгч талаас тэдгээр баримтуудыг гаргаад өгчихсөн тул давхардуулж гаргаж өгөөгүй. Одоогоор нэхэмжлэгч 200,000,000 орчим төгрөгийн төлөлт манайх руу хийсэн байгаа. Хамгийн гол зүйл нь үйл ажиллагаа нь жигдрэнгүүт төлнө гэж байсан боловч Ф ГХОХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас Т ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болчихоор Т ХХК-ийг буцаагаад Х.Т руу шилжүүлэх гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компани шилжүүлэх гэж байгаа юм шиг маш олон өндөр татварын асуудал гарч ирсэн. Мөн эсрэгээрээ бас орон нутгууд тусламж, тэтгэлэг авах гэх мэт асуудлуудыг засаг дарга нар гадаад эзэнтэй гэдгээр нь байнга бичиг өгч, дарамтлаад асуудал үүсгээд байгаа. Барьцаалсан болон хувьцаатай холбоотой өөр маргаан байгүй. Бид хувьцаа эзэмшигч боловч Х.Тд тамга тэмдгээ бариулаад, Х.Т компанийн үйл ажиллагааг нь явуулж байгаа. Учир нь Т ХХК-ийн захирлаар хэвээр байгаа. Тэр хүн өөрөө тэндээ гардаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 0074 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, Т ХХК-ийн компанийн дүрэм, Дорноговь аймаг, **** сумын засаг даргын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн А/93 дугаар захирамж, 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 9669/2022 дугаар дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 1159 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 1160 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, цахим гүйлгээний баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/11082 дугаар захирамж, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 17 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ф ГХОХХК-ийн компанийн дүрэм, 2025 оны 04 сарын 15-ны өдрийн хариу тайлбар, зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ф ГХОХХК-д холбогдуулан 2022 оны 04 сарын 18-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ф ГХОХХК-иас 5,790,000,000 төгрөгийг зээлж авсан. Тус зээлийг амаар харилцан тохиролцож зээлсэн бөгөөд зээлийн баталгаа болгож Т ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг Худалдах, худалдан авах болон Эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Х.Т одоог хүртэл гүйцэтгэх захирлаар хэвээр байгаа. Ф ГХОХХК болон Т ХХК нарын хооронд зээлийн баталгаа болгож байгуулсан гэрээ нь өөр гэрээ буюу 5,790,000,000 төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлж хийсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хэмээн тодорхойлов.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй болно.
3.Нэхэмжлэгч Х.Т нь Т ХХК-ийг 2020 оны 02 сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэрээр 2022 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдов. /хх-....х/
Т ХХК нь 2022 оны 04 сарын 15-ны өдрийн №9669/2022 тоот Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн А/93 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн Ханги боомтын ойролцоо Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /чингэлэгт тээврийн терминал/-ын зориулалттай 19.9999 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа нь хэрэг авагдсан бичмэл баримтаар тогтоогдов. /хх-8-11х/
Дуудлага худалдааны үнэ болох 5,790,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн хэмээн тайлбарлаж, 7 хуудас бүхий Голомт банкны цахим гүйлгээний баримтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...бидэнд мөнгө зээлсэн баримтууд байгаа боловч нэхэмжлэгч талаас тэдгээр баримтуудыг гаргаад өгчихсөн тул давхардуулж гаргаж өгөөгүй хэмээн тайлбарлав. /хх15-21х/
4.Х.Т нь Ф ГХОХХК-тай 2022 оны 04 сарын 18-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ. /хх-12-14х/
Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээгээр улсын бүртгэлийн 9011815631, регистрийн 6536417 дугаартай, 1,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Т ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 100 хувийн 100 ширхэг хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдахаар,
Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр дээрх Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээний хувьцаанд ноогдох эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчаас дуудлага худалдааны үнэ 5,790,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаа болгож компанийн хувьцааг шилжүүлсэн ба анхнаасаа худалдах зорилго байгаагүй гэснийг хариуцагч зөвшөөрч, компанийн хувьцаа болон эрхийг барьцаалсан, буцаан өгөхөд татгалзахгүй, зээлийн гэрээг халхавчилж, дүр үзүүлэн гэрээ хийсэн хэмээн тайлбарлав.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус бөгөөд талуудын хооронд амаар тохиролцсон зээлийн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хариуцагч зөвшөөрсөн байна.
Тиймээс талуудын байгуулсан 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар заасан.
Иймд 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хувьцаанд ноогдох эрх, үүргийг нэхэмжлэгч Х.Тд шилжүүлэхийг хариуцагч Ф ГХОХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.Талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор зөвхөн гэрээний талууд болох Х.Т болон Ф ГХОХХК-ийн тухайд маргааныг шийдвэрлэснээс, өөр бусад этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хувьцаанд ноогдох эрх, үүргийг нэхэмжлэгч Х.Тд шилжүүлэхийг хариуцагч Ф ГХОХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф ГХОХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ