2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05344

 

 

 

 

 

 

 

2025 06 19

192/ШШ2025/05344

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ***** тоот хаягт оршин суух, Д овогт Чын М /рд:*****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** тоот хаягт байрлах Н ХХК /рд:*****/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Чын М нь 2016 оны 08 сарын 03-ны өдөр Н ХХК-ийн захиалга борлуулалтын албаны Бын Ттай Сонгинохайрхан дүүргийн, 19 хороонд баригдаж байсан Шинэ ирээдүй орон сууцны 90 дүгээр байрны С орцны 16 давхрын 173 тоотын 2 өрөө 46,36 м.кв байрыг 1 м.кв-ын үнийг 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр тооцон 50,996,000 төгрөгөөр үнэлэн 100% төлбөрөө төлж орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Н ХХК-ийн захиалга борлуулалтын албаны Б.Тт 100% төлбөрийг төлсөн боловч байр хугацаандаа ашиглалтад ороогүй 2020 оны 08 сарын 24-ний өдөр гэрээг дахин шинэчлэн байгуулж 90 байрны С орцны 16 давхрын 2 өрөө 46,36 м.кв байрыг 1 м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр тооцож өмнөх төлбөрийг м.кв тутмыг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж 67,222,000 төгрөгөөр үнэлэн үлдэгдэл 16,226,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан бүхий байран дээр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг давхардуулан байгуулахгүй байхыг даалгах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00593 дугаар шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Байрандаа 2020 оны 09 сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бид 2020 онд байранд орж амьдарснаас хойш Нын өмгөөлөгч гэх н.Буянжаргал гэж эмэгтэй манай бүх гэрээ материалыг аваад танайх угаасаа шүүхийн шийдвэртэй учраас улсын комисс байрыг хүлээж авангуут улсын бүртгүүлээрэй гэсэн. Бид итгээд хүлээгээд байсан боловч бидэнтэй холбогдоогүй. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00593 дугаар шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр Ч.Мыг өмчлөгч гэж шийдвэрлэсэн шийдвэр биш байна гээд бүртгэж өгдөггүй. Буцаад Н ХХК-д хандахаар танайд өгөх бичиг баримт манайд байхгүй, эрүүгийн журмаар шалгаад бүх бичиг баримтуудыг цагдаагаас хураагаад авсан гэдэг. н.Буянжаргал өмгөөлөгчтэй нь ярихаар өмгөөлөгчийн Н ХХК-тай байгуулсан гэрээ нь дуусгавар болсон учраас одоо би мэдэхгүй гэдэг. Тэгээд манай гэрээг манайд буцааж өгсөн. Иймд иргэн Ч.Мыг Сонгинохайрхан дүүргийн, 16 дугаар хорооны 90 байрны С орцны 16 давхрын 173 тоотын 2 өрөө 46,36 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат миний бие нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь манай компанид ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн, *****тоотын 2 өрөө 46,36 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 5/2785 дугаар албан бичиг, 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 0078 дугаар итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2020/05099 дугаар, 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00593 дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/09666 дугаар захирамж, СӨХ-90-ны 2025 оны 05 сарын 21-ний өдрийн тодорхойлолт, харилцах дансны харилцагчийн хуулга,

 

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбатад олгосон итгэмжлэл, хариу тайлбар,

 

Шүүхийн журмаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 1094 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримт, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 10-4/362 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгө захиалагчийн нэрсийн жагсаалт зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн, ***** тоот хаягт байрлах, 46,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

3.Ч.М нь 2016 оны 08 сарын 03-ны өдөр Н ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн, ***** давхрын 2 өрөө, 46,36 м.кв талбайтай, нэгж талбайн үнэ 1,100,000 төгрөг буюу бүгд үнэ 50,996,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2020 оны 08 сарын 24-ний өдөр гэрээг дахин шинэчлэн байгуулж байрны м.кв тутмыг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 67,222,000 төгрөгөөр үнэлэн, үлдэгдэл төлбөр болох 16,226,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хэмээн тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд гүйцэтгэгч Н ХХК нь орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Ч.М нь гэрээгээр тохирсон үнийг төлөх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 10-4/362 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт-ын 74 дүгээрт 173 тоот, 46,36 м.кв, 2 өрөө орон сууцны захиалагчаар *****4 регистрийн дугаартай Э.Э, 67,222,000 төгрөгийн төлбөрийг 100 хувь төлсөн талаар тэмдэглэгджээ.

 

Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч, контор, цахилгаан зэрэг ашиглалтын зардлыг төлж байгаа талаар Төрийн банкны төлбөрийн баримтыг ирүүлсэн байна.

 

5.Ийнхүү нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж, хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах, энэ агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Худалдан авагч Ч.М нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул худалдагч болох Н ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн, ***** тоот хаягт байрлах, 46,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Мыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Н ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 494,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн, ***** тоот хаягт байрлах, 2 өрөө, 46,36 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ***** тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Н ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 494,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ