| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 2024/ШЦТ/325 |
| Дугаар | 171/2024/0321/Э |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 171/2024/0321/Э
2024 07 09 2024/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Н.Ш-д холбогдох эрүүгийн 2325004320329 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Н.Ш
Шүүгдэгч Н.Ш нь;
2023 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Мэлмий” төвийн 1 давхарт байрлах “GS-25” сүлжээ дэлгүүрийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, “Misto” лаазтай ундаа, “Zero soda” лаазтай ундаа, “Kagome” 1.5л усан үзэмний ундаа, “Cookieo” зайрмаг гурван ширхэг, “Fruitton” зайрмаг хоёр ширхэг, ажилчдын өвлийн куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 144.890 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Н.Ш “...цонх хагалж орсноо мэднэ, согтуу байсан, нэлээн муудсан байсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А “...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 03.30 цагт салбар хариуцсан менежер Б.У залгаж “танай дэлгүүрт хулгай орсон байна, яаралтай ирээрэй” гэж хэлсэн, ...дэлгүүрийн гадна очиход харуул хамгаалалтын хоёр ажилтан ирчихсэн, дэлгүүр дотор эрэгтэй хүн ундаа уугаад сандал дээр сууж байсан. ...Тухайн хүн манай дэлгүүрийн үүдний шилийг хагалж дотогшоо нэвтэрч ороод лангуун дээр байсан “Misto”, “Zero soda” лаазтай ундаа, 1.5л “Kagome” усан үзэмний ундааг уучихсан, “Cookieo”, “Fruitton” зайрмагаас тус тус нэг ширхэгийг идчихсэн байсан, халааснаас нь “Cookieo” зайрмаг хоёр ширхэг, “Fruitton” зайрмаг нэг ширхэг гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч Б.У “...Тухайн шөнө “Эрдэнэт” харуул хамгаалалтын ажилтан миний гар утас руу залгаж, “...“Мэлмий” төвийн 1 давхарт байрлах “GS-25” сүлжээ дэлгүүрийн дохиолол дуугарсан, түүний дагуу шуурхай бүлгийн ажилчид очиход танай дэлгүүрийн цонхыг хагалж, дотор нь нэг хүн орчихсон байна” гэж хэлсэн. ... дэлгүүрийн гадаа очиход төв хаалганы хажуу талын цонх хагарсан, дотор нь эрэгтэй хүн сандал дээр суучихсан, дэлгүүрийн хаалганы харалдаа харуул хамгаалалтын хоёр хамгаалагч зогсож байсан, дэлгүүрийн цонх хагалж дотогш орсон хүн гэрэл асаагаагүй байсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь дотогшоо хамт ороход архи уучихсан, настай, эрэгтэй хүн дэлгүүрийн худалдагч нарын өмсдөг куртикийг өмсчихсөн, халаасандаа зайрмаг хийчихсэн, ундаа ууж, зайрмаг идсэн байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Н.Ш-гийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө архи уучихсан явж байгаад “Мэлмий” төвийн 1 давхарт байрлах дэлгүүрийн цонхыг хагалан орж дотроос нь зайрмаг, ундаа зэрэг эд зүйлс авч байхад хамгааллын дохиолол дуугарсан. Удалгүй цагдаа нар орж ирээд намайг барьсан, ...архи уух гэж дэлгүүрийн цонх хагалж орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-ОРХ/8384 дугаартай; “...Вакум цонхны шил /1.11 х 0.975см хэмжээтэй/ 141.700 төгрөг, “Misto” лаазтай ундаа 4050 төгрөг, “Zero soda” лаазтай ундаа 3190 төгрөг, “Kagome” 1.5л усан үзэмний ундаа 8910 төгрөг, “Cookieo” зайрмаг гурван ширхэг 9990 төгрөг, “Fruitton” зайрмаг хоёр ширхэг 4800 төгрөг нийт 172.640 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 24/615 дугаартай; “...урдаа цахилгаантай өвлийн куртикний зах зээлийн үнэлгээ 113.950 төгрөг.” үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 45-49 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-12, 13-15 дахь тал/,
шүүгдэгч Н.Ш Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 97-99 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
гэрч нараас, мөн Н.Ш-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Н.Ш дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А “...тухайн хүн манай дэлгүүрийн үүдний шилийг хагалж дотогшоо нэвтэрч ороод лангуун дээр байсан “Misto”, “Zero soda” лаазтай ундаа, 1.5л “Kagome” усан үзэмний ундааг уучихсан, “Cookieo”, “Fruitton” зайрмагаас тус тус нэг ширхэгийг идчихсэн байсан, халааснаас нь “Cookieo” зайрмаг хоёр ширхэг, “Fruitton” зайрмаг нэг ширхэг гарч ирсэн.” гэх,
гэрч Б.У “...дэлгүүрийн цонх хагалж дотогш орсон хүн гэрэл асаагаагүй байсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь дотогшоо хамт ороход архи уучихсан, настай, эрэгтэй хүн дэлгүүрийн худалдагч нарын өмсдөг куртикийг өмсчихсөн, халаасандаа зайрмаг хийчихсэн, ундаа ууж, зайрмаг идсэн байдалтай байсан.” гэх,
Н.Ш-гийн өгсөн “...дэлгүүрийн цонхыг хагалан орж дотроос нь зайрмаг, ундаа зэрэг эд зүйлс авч байхад хамгааллын дохиолол дуугарсан. Удалгүй цагдаа нар орж ирээд намайг барьсан, ...архи уух гэж дэлгүүрийн цонх хагалж орсон.” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-ОРХ/8384 дугаартай, мөн “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 24/615 дугаартай үнэлгээний тайлангууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Ш-гийн үйлдэл “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч Н.Ш-гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Н.Ш-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Н.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагч “...шүүгдэгчид гурван жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн санал гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
шүүгдэгч Н.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил хоёр сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материал танилцахдаа “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Ш-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-гийн 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э