Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2022/00008

 

 *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ2021/00816 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 4 216 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн ачааны машинаар ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Мөн ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг Н.Номинчулуун-Эрдэнийн Жонш тээвэрлэх ачаа байна гэсний дагуу Хүрэлбаатар, Номинчулуун-Эрдэнэ нарын хамт тус тусын машинаар явж 2019 оны 3 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Улз Баяндун андууд нөхөрлөлийн жонш олборлож буй уурхайгаас 61.920 кг жоншийг ачиж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод хүргэхээр тохиролцон 1 тн ачааг 100 000 төгрөгөөр тээвэрлэлт хийж өгсөн. Тээврийн үнэ 6 192 000 төгрөг болсноос тээвэрлүүлэгч талаас замын зардал болох 1 976 000 төгрөгөнд түлш хийж өгсөн. Түлшийг Одхүүгийн дүү Зоригтхүү нь шатахуун түгээх станц дээр очиж хийж мөн 2019 оны 3 сарын 20-нд Бичигтийн боомт дээр хамт очиж ачааг пүүлж, бүртгэн буулгасан. Үлдэгдэл тээврийн зардал 4 216 000 төгрөгийг боомтонд буулгахад миний дансанд шилжүүлэх ёстой байсан боловч одоо хүртэл өгөөгүй. Иймд Одхүүгээс 4 216 000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батжаргал нь тээврийн хөлс 4 216 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна. Одхүүгийн хувьд Хятадаасаа мөнгөө авч байж өгөх юм шиг тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Батжаргал нь Одхүүгийн жонш тээвэрлэх ажлыг гүйцэтгэж өгсөн. Тиймээс тээвэр хийсэн хөлс 4 216 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баяндун сумын Түргэн багт манай Улз Баяндун андууд нөхөрлөл жонш олдворлох уурхай үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 3 сард манай нөхөрлөл урагшаа жонш гаргахаар болж тээвэрлэх машин хэрэгтэй болсон учир би Номинчулуун-Эрдэнэтэй ярьсан нь үнэн. Номинчулуун-Эрдэнэтэй тохиролцож гурван машин хэрэгтэй байгааг хэлж тээвэр хийхээр болсон. Жонш олдворлож тээвэрлэсэн нь үнэн. Миний хувьд Батжаргалын хараагүй, түүнтэй гэрээ хэлцэл хийгээгүй. Манай нөхөрлөл экспорт хийх эрхгүй, пүү байхгүй байсан учир Хятад иргэний гаргасан саналын дагуу тээвэрлэлт хийж Бичигт боомтод хүргүүлж пүүлүүлсэн. Хятадын хил гаргаад тооцоо хийхээр тохиролцсон боловч тооцоогоо хийгээгүй, би одоог хүртэл Хятадтай энэ талаараа утсаар ярьж байгаа. Ковидын улмаас Хятадтай хийсэн жоншныхоо төлбөрийн авч чадахгүй байна. Би Номинчулуун-Эрдэнэтэй ярьсан хил хаалттай байгаа болохоор тооцоог өгч чадахгүй байна. Би ч гэсэн өөрийнхөө тооцоог авч чадаагүй байгаа. Энэ тээврийн хөлсийг өгөхгүй биш өгнө гэдгээ хэлж байгаа. Гэхдээ Хятадаас жоншныхоо төлбөр тооцоогоо хийсний дараа өгнө гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ2021/00816 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Өлзийхутагийн Одхүүгээс тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 4 216 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жаргалсайханы Батжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч *******гээс 82 406 төгрөг гаргуулан улсын орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн тээврийн түрээсийн төлбөр болох 4 216 000 төгрөгийг ******* надаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд ******* миний бие иргэн *******тай тээвэр хийлгүүлэх талаар амаар болон бичгээр аль ч хэлбэрээр ярьж тохироогүй.******* миний бие *******тай утсаар ярих болон нүүр тулж уулзаж байгаагүй таньж мэдэхгүй болно.

Жонш тээвэрлэсэн асуудал нь манай нөхөрлөлөөс жонш худалдаж авсан хятад иргэний ачаа байсан бөгөөд тухайн хятад иргэн тээврийн машин олж өгөөч гэж гуйсны дагуу би Номинчулуун-Эрдэнэтэй ярьж тээвэрлэх машин олж өгсөн.

Манай нөхөрлөлийн олборлосон жоншийг тээвэрлэсэн нь үнэн боловч *******л бидний хооронд амаар болон бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, ярьж тохирсон хэлцэлгүй байхад бидний хооронд гэрээ хэлцэл байгаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат: Одхүүгийн хувьд гомдол гаргахдаа Батжаргалтай холбогдож байгаагүй, уулзаж байгаагүй, танихгүй гэж хэлсэн байна. Номинчулуун-Эрдэнэ бол Батжаргалтай байнга хамт тээвэрт явдаг хүн. Номинчулуун-Эрдэнээр зуучлуулж тохиролцоо хийсэн. Жоншийг зөвхөн тухайн нөхөрлөлийн газраас Одхүүгийн зөвшөөрлөөр л авч явдаг. Тээвэрлэлтийн гэрээний үүрэг Хятадад жоншийг өгснөөр дуусгавар болсон. Тээвэр хийсний дараа дансанд мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл тээврийн хөлсийг барагдуулаагүй байна. Тиймээс гэрээ хийгдсэн гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс тээврийн хөлс 4,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Тээврийн үнэ 6 192 000 төгрөг болсноос тээвэрлүүлэгч талаас замын зардал болох 1 976 000 төгрөгөнд түлш хийж өгсөн. Үлдэгдэл тээврийн зардал 4 216 000 төгрөгийг боомтонд буулгахад миний дансанд шилжүүлэх ёстой байсан боловч одоо хүртэл өгөөгүй. Иймд Одхүүгээс 4 216 000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Улз Баяндун андууд нөхөрлөлийн жонш олборлох уурхайгаас өөрийн тээврийн хэрэгслээр жонш тээвэрлэж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод 61.920 кг жонш буулгасан нь түүний гаргаж өгсөн хил дээр жоншийг пүүлсэн пүүний бичиг, Н.Номинчулуун-Эрдэний гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр нотлогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй байна. /хх 5, 27-28/

 2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Номинчулуун-Эрдэнэтэй тохиролцож гурван машин хэрэгтэй байгааг хэлж тээвэр хийхээр болсон. Миний хувьд Батжаргалыг хараагүй, түүнтэй гэрээ хэлцэл хийгээгүй. Хятадын хил гаргаад тооцоо хийхээр тохиролцсон боловч тооцоогоо хийгээгүй, би одоог хүртэл Хятадтай энэ талаараа утсаар ярьж байгаа.  гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ... Ковидын улмаас Хятадтай хийсэн жоншныхоо төлбөрийн авч чадахгүй байна. Энэ тээврийн хөлсийг өгөхгүй биш өгнө гэдгээ хэлж байгаа. Гэхдээ Хятадаас жоншныхоо төлбөр тооцоогоо хийсний дараа өгнө гэж маргажээ.

Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар бичиж өгснөөс өөр нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.

3.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх ...******* нь хариуцагч *******гийн олборлосон жоншийг хүргүүлэх газарт нь тээвэрлэн хүргэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан байна. Хариуцагч ******* нь өөрийн хүсэлтээр жоншоо тээвэрлүүлсэн байх бөгөөд тээвэрлэлтийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзнэ гэж дүгнээд 4 216 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо ...Манай нөхөрлөлийн олборлосон жоншийг тээвэрлэсэн нь үнэн боловч ******* бидний хооронд амаар болон бичгээр хийгдсэн гэрээ байхгүй, ярьж тохирсон хэлцэлгүй байхад бидний хооронд гэрээ хэлцэл байгаа мэтээр дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн гомдол гаргажээ.

Хариуцагч ******* нь өөрийн хариуцан ажиллуулдаг нөхөрлөлийн олборлосон жоншийг тээвэрлүүлсэн гэдгээ зөвшөөрдөг бөгөөд, талуудын хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь ачаа тээвэрлэсэн машинд 1 976 000 төгрөгийн түлш хийж, үлдэх мөнгийг хилийн боомтод ачаа буулгасны дараа төлөхөөр тохиролцсон, талуудын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээний шинжийг агуулсан бөгөөд энэ талаар анхан шатны хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэдийгээр гэрээний талууд энэ талаар бичгээр тохиролцоо хийгээгүй байх боловч Улз Баяндун андууд нөхөрлөлийн захирал *******гийн захиалгын дагуу жонш тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь тээвэрлэсэн жоншийг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод хүргэж үүргээ биелүүлсэн тул зардлын үлдэгдэл 4,216,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж заасны дагуу Улз Баяндун андууд нөхөрлөлийн захирал *******г хариуцагчаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь иргэн Н.Номинчулуун-Эрдэнээр зуучлуулж Улз Баяндун андууд нөхөрлөлийн жоншийг тээвэрлэсэн байх тул анхан шатны шүүх *******гээс 4,216,000 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй байх тул түүний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ/2022/00816 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Ж.ДОЛГОРМАА