2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо,*******ид байрлах******* /РД:9929844/-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо,*******,******* тоот хаягт оршин суух******* /РД:ХБ78042215/д холбогдох

 Өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгаж, анхны байдалд нь оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч М.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Рояль гарден СӨХ нь М.Энхсайханд холбогдуулан өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгаж, анхны байдалд нь оруулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус хотхоны тоот хаягт оршин суугч М.Энхсайхан нь 2024 оны 04 сарын 08-ны өдөр нийтийн эзэмшлийн авто зогсоолыг дур мэдэн эвдэн сүйтгэж, өөрийн байшиндаа өргөтгөлийн ажлыг эхлүүлж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тул сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс уг бусармаг үйлдлээ даруй зогсоохыг шаардсан боловч хүлээн авалгүй ажлаа үргэлжлүүлсээр дуусгасан. Энэ хугацаанд НГЗБ албаны шаардлага, СӨХ-ийн мэдэгдэл зэргийг хүргүүлсэн боловч мөн л хүлээн авахаас татгалзсан. Иргэн М.Энхсайханы энэхүү өөрийн амин хувийн эрх ашгийн төлөө нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэн өргөтгөл хийсэн барилгын ажлыг буулгах, анхны байдалд нь оруулах шийдвэрийг хуулийн хүрээнд гаргуулах шаардлагатай байна гэжээ.

 

2. Хариуцагч М.Энхсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн *******-р хорооны нутаг дэвсгэр дэх******* нь амины орон сууцнууд, 1ш нийтийн орон сууц ба 1ш нийтийн үйлчилгээний байшингаас бүрддэг билээ. Анх 2013 онд худалдан авснаас хойш тус хотхоны газар ньСӨХ дээр бүртгэлтэй нийтийн эзэмшлийн бус газар юм. /Хавсралт-1 egazar.gov.mn/map/ Амины орон сууцууд нь тусдаа хашаатай. Хотхоны нийтийн орон сууцны оршин суугчид нь Рояль гарден СӨХ-ийг үүсгэсэн ба зарим амины орон сууцнууд нь тухайн СӨХ-д хамаардаггүй болно. 2011 онд батлагдсан хотхоны Ерөнхий төлөвлөгөө болон Борлуулалтын танилцуулга дээр манай гэрийн орчны газарт буюу хойд талд зогсоолын төлөвлөлт байхгүй. Нэхэмжлэгчийн өгсөн Ерөнхий төлөвлөгөө зураг /Хавсралт-1 Ерөнхий төлөвлөгөө/ дээр 2 машины зураг байгаа хэдий ч зам талбайн хучилт тэмдэг байхгүй байгаа нь Борлуулалтын танилцуулга /Хавсралт-1 Хотхон/ зурагтай таарч байна. 2013 онд манайх амины орон сууцыг худалдан авахад манай үүдний хэсгийн явган хүний зам талбай ба хашаа нь барилгын компани дутуу хийсэн байсан. /Хавсралт-2 Явган хүний дутуу зам/ Мөн өнгөрсөн 10 жил амьдрах хугацаанд гадны хүмүүс манай гэрийн өмнөх явган хүний зам дээр машинаа гаргаж тавих /Хавсралт-2 Машин/, өдөр шөнөгүй үүдний шат дээр сууж тамхи татах, пиво уух, хог хаях, үүд нүдэж заналхийлэх, үүдний эд зүйлс хулгайлах /Хавсралт-2 Тамхи/ зэргээр манай эхнэр, бага насны 2 хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлж байсан тул энэ жилийн 4-р сард өөрийн хөрөнгөөр 110 сая орчим төгрөгөөр/ явган хүний дутуу замын заримыг өмнө байсан 3н машины зогсоолтой хэвээр тохижуулсан болно. /Хавсралт-3 3н зогсоол ба явган хүний зам/ Мөн зогсоолын хажуу манай хөрш 2 амины сууцнууд нь /Хавсралт-4 баруун тал ба хойд айлуудын хашаа/ аюулгүй байдлаа хангах зорилгоор хашаагаа барьсан загвараар зөвхөн үүдний орох хэсгийнхээ хэмжээг баримтлан хашаа хийсэн. Энэхүү хийгдсэн хашааны хамрах хүрээ нь хотхоны оршин суугчдын замд ямар нэг байдлаар садаа болоогүй ба зөвхөн манай гэрийн үүд, манай зогсоол, манай ногоон байгууламж хоорондох зөвхөн манай амины орон сууцанд хамаарах орчны газарт хийгдсэн болно. /Хавсралт-4 Манай хашаа/ Нэмж хэлэхэд миний орчны газар гээд тухайн СӨХ огт энэ хэсэгт цэвэрлэгээ хийдэггүй. Би өөрөө цас, хогоо цэвэрлэдэг. Харуул ба Хөршүүд гэрчилнэ. Хотхоны нийт оршин суугчдын саналаар ба хотхоны Ерөнхий төлөвлөгөөний дагуу манай хойд талын 3н машины зогсоолыг хааж /Хавсралт-5 Зогсоолын хаалт/ дутуу явган хүний замыг тохижуулах байсныг 2022 онд******* дарга Соёлоо нь ганцаар дур мэдэн авч зогсоол болгосон билээ. Үүний дараа тэрбээр хотхон доторхи автомашины зогсоолын чип-ыг хувийн дансаар борлуулж байсан /Хавсралт-5 Чат ба гүйлгээний баримт/ ба манай гадаах зогсоолыг хотхоны бус хүмүүст төлбөртэй болгох төлөвлөгөө гаргасан юм. Миний бие хотхоны Ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн хөрөнгөөр явган хүний зам тохижуулж, өөрийн гэр бүл, хөршүүдийнхээ аюулгүй байдлаа хангаснаар түүний бусдын байрны орчны газарт төлбөртэй зогсоол байгуулах, хувь данс ашиглах зэрэг хууль бус үйлдлүүдэд удаа дараа саад болсонд хонзогнон хувийн сэдлээр хууль бус байгуулагдсан СӨХ-с үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэмж одоо байгаа Зн зогсоолыг хотхоны Ерөнхий төлөвлөлт дагуу явган хүний зам болгож тохижуулахыг шийдвэрлэж өгнө үү. Үүний урд талын 1 зогсоол нь барилгын компаниас манай байшинд дагалдуулсан зогсоол юм. Жич: Рояль гарден СӨХ нь хотхоны газар болон манай байшинд ямар ч хамааралгүй болно. Нийтийн орон сууцны СӨХ гэрчилгээ дээр манай амины орон сууцны дугаарыг миний зөвшөөрөлгүй оруулсан нь хууль бус болохыг мэдэгдэхийн ялдамд шалгуулахыг хүсч байна. Энэ тухай 1111 төвд гомдол гаргасан болно. Тухайн СӨХ нэхэмжлэл нь бүх гишүүдийн саналгүй, зөвхөн удирдах зөвлөлийн гарын үсэгтэй байна гэжээ.

  3. Нэхэмжлэгчээс 2024.05.15-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Рояль гарден Сөх-ийн 21/28 дугаартай үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 04 дугаартай Рояль гарден Сөх-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын тогтоол, 2024.04.23-ны өдрийн 05 дугаартай Рояль гарден Сөх-ийн ТУЗ-ийн гишүүдийн шаардлага, фото зураг, Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны ЕГ шифр 008-2010 NC дугаартай ажлын зураг, Рояль гарден орон сууцны хотхоны зам талбайн хучилтын талбайн зураг, Рояль гарден Сөх-ийн ТУЗ-ын хурлын тэмдэглэл, ТУЗ-ийн шийдвэр, Time констракшин ХХК-ийн 2024.11.19-ний өдрийн 24/11/19-48 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот, фото зураг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /Хх 2-11, 42-49 тал/

4. Хариуцагчаас Роял гарден Сөх-ийн гадна талын фото зураг, гэрийн үүдэнд аюулгүй байдлууд зөрчигдсөн жишээ зургууд, хувийн сууц худалдах худалдан авах гэрээний зүйл болох хувийн сууцыг хүлээлцсэн акт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 20-24, 69-71 тал/

  5. Шүүхээс хариуцагч М.Энхсайханы хүсэлтээр Рояль гарден Сөх-ийн 21/28 дугаартай үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025.05.19-ний 01-05/2778 тоот нотлох баримт хүргүүлэх тухай албан тоотоор нэгж талбарын 1780600475 дугаар бүхий Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 662 метр квадрат газрын кадастрын зураг, Нийслэлийн засаг даргын захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /Хх 39, 55-63 тал/

  Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 2.Нэхэмжлэгч Роял гарден СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн газраас хариуцагч М.Энхсайханы өмчлөлийн орон сууцны өргөтгөлийн хэсгийг хашааны хамт албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тус СӨХ-ны оршин суугч М.Энхсайхан нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй бөгөөд түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээгээрээ газрыг эзэмших бөгөөд бусад хэсэг нь нийтийн эзэмшлийн талбайд тооцогддог. Гэтэл нийтийн эзэмшлийн талбайд орон сууцны өргөтгөлөө хийж, автомашины зогсоолын хэмжээг багасгасан. Тухайн талбай нь нийтийн эзэмшлийн талбай учраас өргөтгөлийг буулгаж, анхны байдалд оруулахыг даалгахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч М.Энхсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, тоот хаягт байрлах амины орон сууцыг 2013 онд худалдаж авсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө зургаараа урдаа 3 хагас машины зайтай, эзэмшлийн газартай байсан боловч зурагт зааснаас өөр байдлаар хүлээлгэн өгсөн. Энэ талаар захиалагч компаний удирдлагуудад энэ талаар хэлэхэд танайх эзэмшлийн газартай, 3 машины зогсоолын хамгийн наад талын зогсоол бол танай зогсоолын газар, бүх оршин суугчид орж дууссаны дараа амины орон сууц өмчлөгч нарт газрыг шилжүүлнэ гэж тохиролцсон. Борлуулалтын зургийн дагуу барилга хот байгуулалтын барилга нь авто замаас 5 метрийн зайтай байх, хөнгөн тэрэгний зогсоол нь байшингаас 10 метрийн зайтай байна гэх стандартын дагуу хашаагаа хийж, бусад айлын хашааны хэмжээг авч байшингийн сууриас 3 метрийн зайтай байх стандартын дагуу өргөтгөлөө хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн СӨХ хуулийн дагуу байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл 45 өрхтэй байхад 17 сууц өмчлөгчийн ирцтэйгээр СӨХ байгуулсан нь хуульд нийцээгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Хан-Уул дүүргийн Засаг дарга Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны 28/2-28/10 дугаар байруудыг хамарсан Рояль гарден СӨХ-д 2023.06.13-ны өдөр, 2024.08.06-ны өдөр тус тус 21/28 дугаар гэрчилгээ олгосон, /хх 6, 39 тал/

4.2 2024.04.22-ны өдөр СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс Нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн эвдэж өргөтгөл хийж буй тоотын оршин суугч М.Энхсайханд хууль бус үйл ажиллагааг зогсоох шаарддлага, шүүхэд нэхэмжлэл гаргах мэдэгдэл хүргүүлсэн, /хх 7-8 тал/

4.3 Ньюкон ХХК-ний гүйцэтгэсэн ******* айлын амины орон сууцны ажлын зурагт 10 дугаартай 2 айлын амины орон сууцны урд талд 2 машины зогсоол байхаар, зайн хэмжээний зурагт тухайн орон сууны урд талд 3 автомашины зогсоол байхаар зурагдсан, /хх 9-11 тал/

4.4 Тайм констракшн ХХК нь Royal garden хотхоны нийтийн эзэмшлийн газар, зам талбай, эд хөрөнгийг эзэмшил ашиглалт нь СӨХ-д шилжсэн талаарх тодорхойлолт гаргасан, /хх 45 тал/

4.5 Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04.30 -ны өдрийн А/379 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн ******* дугаар хороонд байрлах нэгж талбарын 1780600475 дугаартай 13 662 мкв талбай бүхий газрыгХХК-д 14 жилийн хугацаатай ашиглуулахаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 55-63 тал/

5. Зохигч, хариуцагч М.Энхсайханы амины орон сууцны өргөтгөл барьсан талбай нийтийн эзэмшлийнх эсхүл М.Энхсайханы өмчлөлийн газарт хамаарах эсэх, улмаар маргаан бүхий өргөтгөлийг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Рояль гарден СӨХ шаардах эрхтэй эсэхэд маргаантай бөгөөд харуицагч М.Энхсайхан нь тоот амины орон сууцны өмчлөгч мөн эсэх, нэхэмжлэгчийн нэрлэн заасан газарт орон сууцны өртгөтгөл хийсэн эсэхэд маргаангүй.

6.Иргэний хуулийн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 142 дугаар зүйлийн 142.2-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д ррон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарахаар тус тус заажээ.

Хэрэгт авагдсан ******* айлын амины орон сууцны ажлын зургаар 10 дугаартай 2 айлын амины орон сууцны урд талд 2 машины зогсоол байхаар, зайн хэмжээний зурагт тухайн орон сууны урд талд 3 автомашины зогсоол байхаар зурагдсан болох нь, Тайм констракшн ХХК-ний тодорхойлолтоор Royal garden хотхоны нийтийн эзэмшлийн газар, зам талбай, эд хөрөнгийг эзэмшил ашиглалт нь СӨХ-д шилжсэн болох нь тус тус нотлогдсон.

Дээрхээс үзэхэд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Рояль гарден хотхоны тоот хаягт байрлах амины орон сууцны урд талд байрлах 3 автомашины зогсоол нь нийтийн эзэмшлийн талбайд хамаарах ба тухайн газрын эзэмшил нь СӨХ-д хамаарна.

Хариуцагч өөрийн өмчлөлийн амины орон сууцны өргөтгөлийг барьж, хашаалсан талбай нь амины орон сууцны эзэмшил газарт хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах боловч хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.

Иймд хариуцагч М.Энхсайханы эзэмшлийг хууль бус гэж дүгнэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийг талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Рояль гарден хотхоны тоот хаягт байрлах амины орон сууцны өргөтгөл болон хашааг буулгаж, анхны байдалд нь оруулахыг хариуцагч М.Энхсайханд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

7. СӨх хуулийн дагуу байгуулагдаагүй гэх хариуцагчийн тайлбарын хувьд хэрэгт авагдсан СӨХ-ны гэрчилгээгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч Рояль гарден СӨХ-ны эзэмшлийн нийтийн эзэмшлийн талбайгаас Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Рояль гарден хотхоны тоот хаягт байрлах амины орон сууцны өргөтгөл болон хашааг чөлөөлж, нийтийн эзэмшлийн талбайг анхны байдалд нь оруулахыг хариуцагч М.Энхсайханд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Рояль гарден СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхсайханаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                              ШҮҮГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ