2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05933

 

 

 

 

 

 

 

 

2025  07  23

192/ШШ2025/05933

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ****** тоотод оршин суух, Т ургийн овогтой Тын С /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах, Т ХХК /РД:5333261/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн баталгаажуулалт хийлгэж, дутуу олгосон цалин 1,231,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан жилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн баталгаажуулалт хийлгэж, дутуу олгосон цалин 1,231,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллагын Гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн ба тус компанийн ажилчдын ихэнхийг нь үндэслэлгүйгээр ажлаас халж эхэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг өглөө ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад Гүйцэтгэх захирал Х.Мл ирээд намайг ажлын байран дээр дарамтлан ...чамшиг дураараа ажилладаг хүн манай компанид байхгүй чамайг ажиллуулахгүй, ажиллуулахгүй гэж бодож ч байсан" гэх мэтээр хэл амаар доромжлон миний ажлын хэрэгсэл болох нөүтбүүкийг шүүрэн авч, чамайг ажиллуулахгүй гэж орилж хашгичин надруү дайрсан. 2023 оны 12 дугаар сарын 17-ны ням гаригийн орой тус компанийн хувьцаа эзэмшигч, өмнө нь захирлаар ажиллаж байсан Ли Шо Мин захирал 88187716 дугаараас надруу залгаад \..оффисын хаалганы цоож сольсон маргааш ажилд ирэх хэрэггүй, Х.Мл угаасаа хуучин ажилчдаас хэнийг ч үлдээхгүй гээд байгаа гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй, ажлаас халсан тушаал шийдвэрийг гаргаагүй, надад танилцуулаагүй болно. Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд ажил хүлээлцээгүй тул ажлаас халагдах тушаалыг гаргаагүй гэж тайлбарласан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно. гэж заасан, Монгол улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 3.2 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтны ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг гэжээ. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох (Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2), Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах (Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1), нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн баталгаажуулалт хийлгэх (Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.7) нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний бие 2021 оны 11 дүгээр 18-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан боловч гэрээсээ ажиллах хүсэлтийг ажил олгогч гаргаж, гэрээсээ ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын байр дээрээс ажил үүргээ гүйцэтгэ гэж хэлсний дагуу оффис дээр очиж ажиллах болсон. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын цалин 2,000,000 төгрөг үүн дээр өдрийн хоолны мөнгө 10,000 төгрөгийн цалинтайгаар өглөө 10 цагаас орой 17 цагийн хооронд богиносгосон цагаар ажиллахаар тохиролцож ажилдаа орсон юм. Надад 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн цалингаас 323,095 төгрөгийг дутуу олгосон. 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цалин болох 908,182 төгрөгийн цалинг олгоогүй болно. Энэ хугацаанд миний бие ажил үүргээ гүйцэтгэсэн ба гүйцэтгэсэн ажлынхаа цалинг аваагүй болно. Т ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, комиссыг одоо хүртэл байгуулаагүй болно. Иймд Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 01 сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 сарын 2-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул ажилгааг дуусгавар болгосон байна. Тус Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл/шийдвэрийг 2024 оны 01 сарын 30-ны өдөр гардаж авсан болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуудийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах. Нийгмийн болон эруүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх, 2023 оны 12 дугаар сарын 0115 хүртэлх ажилсан 9 хоногийн цалин буюу 818,181.81 төгрөг, үүн дээр хоолны мөнгө 90,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын дутуу олгосон цалингийн үлдэгдэл 323,095 төгрөг нийт 1,231,276.81 цалин хөлсийг дутуу олгосон хөлсийг олгуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би тус компанийн захирлаар 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс ажиллаж байна. Т ХХК-ийн захирал нь БНХАУ иргэн учир Монгол хэл мэдэхгүй. Надад ажил үүрэг хариуцуулж, гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн бичиг баримттай танилцахад их зөрчилтэй байсан. н.Амаржаргал гэх хүнийг хүний нөөцийн менежерээр ажилд авсан. Нэхэмжлэгч Т.Сэс хөдөлмөрийн гэрээ байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай гээд гэрээ байгуулах шаардлага тавьж хэлсэн. Манайд нягтлан гэж байгаагүй. Зайнаас цахимаар хүн ажилдаг байсан. Т.С нь Хятад захирал Монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан өөрийгөө хүүхдээ асрах чөлөөтэй гэж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байсан нь илэрсэн. Санхүүгийн байдал, хулгайн асуудал гарч ирсэн. Манай байгууллагад ажиллахгүй бол байгууллагын эд хөрөнгийг буцааж өг гэж хэлсэн ч өгөөгүй. ...Хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд дуудлагаар ирж ажиллаж байсан. Ажилдаа эргэж орох хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хэрэгт нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 6/, №2 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 7-9/, №7 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 10, 11/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-ийн 12-16/, мемориалын баримт /хх-ийн 130-136/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 137-142/, Т ХХК 2023 оны 01-15-ны цалин /хх-ийн 143/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 144/, Т ХХК 2023 оны 03 сарын 15-30-ны цалин /хх-ийн 145/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 146,147/, Т ХХК 2023 оны 03 сар 01-15-ны цалин /хх-ийн 148/, Т ХХК 2023 оны 02 сар 15-28-ны цалин /хх-ийн 149/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 150,151/, Т ХХК 2023 оны 02 сар 01-15-ны цалин /хх-ийн 152/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 153/, Т ХХК 2023 оны 01 сар 01-15-ны цалин /хх-ийн 154/, флаш, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 23/, компанийн дүрэм /хх-ийн 24/, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 64/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 92/, дансны хуулга /хх-ийн 169,170/, 61 гарамын бүтээн байгуулалтын дэлгэрэнгүй /хх-ийн 171/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 69-73/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-119/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие Т.С нь Т ХХК-д 2012 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, менежерээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 11 сарын 18-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан боловч гэрээсээ ажиллах хүсэлтийг ажил олгогч гаргаж, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс нэг сарын цалин 1,500,000 төгрөг байсныг 2,000,000 төгрөг болж нэмсэн. Хоолны мөнгө сард 200,000 төгрөг авдаг байсан. Гэтэл 2023 оны 12 сарын 15-ны өдөр ажлын байранд иртэл цооны гол сольж, дахиж ирээд хэрэггүй ажиллуулахгүй гэж хэлсэн. 2023 оны 11-12 сард цалингаас 1,231,276.81 төгрөгийг дутуу олгосон. Надад ажлаас халсан ямар нэг тушаал шийдвэр гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогд хандсан боловч эвлэрээгүй гэжээ.

 

3.Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Би тус компанийн захирлаар 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс ажиллаж байна. Т ХХК-ийн захирал нь БНХАУ иргэн учир Монгол хэл мэдэхгүй. Надад ажил үүрэг хариуцуулж, гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн бичиг баримттай танилцахад их зөрчилтэй байсан. н.Амаржаргал гэх хүнийг хүний нөөцийн менежерээр ажилд авсан. Нэхэмжлэгч Т.Сэс хөдөлмөрийн гэрээ байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай гээд гэрээ байгуулах шаардлага тавьж хэлсэн. Манайд нягтлан гэж байгаагүй. Зайнаас цахимаар хүн ажилдаг байсан. Т.С нь Хятад захирал Монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан өөрийгөө хүүхдээ асрах чөлөөтэй гэж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байсан нь илэрсэн. Санхүүгийн байдал, хулгайн асуудал гарч ирсэн. Манай байгууллагад ажиллахгүй бол байгууллагын эд хөрөнгийг буцааж өг гэж хэлсэн ч өгөөгүй. ...Хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд дуудлагаар ирж ажиллаж байсан. Ажилдаа эргэж орох хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.7-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

4.2.Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах, дутуу олгосон цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байна.

 

4.3.Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 2 дугаартай /тэмдэглэл/ шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй... гэсэн үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгожээ.

4.4.Нэхэмжлэгч дээрх хариуг авч 2024.02.22-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн байна.

 

4.5.Т ХХК, Т.С нарын хооронд 2010 оны 06 сарын 01-ний өдөр байгуулагдсан №1 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 01 сарын 01-ний өдөр байгуулагдсан №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, шинжээч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 280 дугаар дүгнэлтэд 1.Шинжилгээнд ирүүлсэн баримт материалууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.01 гэсэн огноотой №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2010.06.01 гэсэн огноотой №7 дугаартай Хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтууд дээрх шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ли Шо Мин-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн 2017.11.01 гэсэн огноотой №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2010.06.01 гэсэн огноотой №7 дугаартай Хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтууд дээрх шинжилж буй тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн Т ХХК-ийн тэмдгийн дардастай тохирч байна гэх дүгнэлт, 2021 оны 01 сараас 2023 оны 12 дугаар сард Т.С ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Т.С нь Т ХХК-д менежерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Т.С 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд ажлын байрны цоожны гол сольж, дахин ажиллах хэрэггүй гээд ажиллуулаагүй гэснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

6.Талуудын хооронд 2017 оны 01 сарын 01-ний өдөр №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь шинжээч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 280 дугаар дүгнэлтээр тогтоогдсон.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байсан, ажилдаа эргэж орох хүсэлт гаргаагүй гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч 2023 оны 03 сараас гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн болох нь цалин олгосон баримт, цалингийн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

 

8.2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орж ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн байх бөгөөд ажилтныг ажил олгогч ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, ажлын байрны цоожны гол сольж, цаашид ажиллуулах боломжгүй талаар амаар мэдэгдэж, цалин хөлс олгохоос татгалзсан үйлдлийг ажил олгогч нэг талын санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална, 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, 139 дүгээр зүйлийн 139.2-т Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна гэж тус тус заасан.

 

10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдож байна.

 

11.Иймд нэхэмжлэгч Т.С ийг менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

12.Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардсан бөгөөд нэг сарын цалин хөлс 2,000,000 гэж тайлбарласан. Талуудын хооронд 2017 оны 01 сарын 01-ний өдөр байгуулагдсан №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 1.4-т цалин хөлс 1,000,000 төгрөг гэж тохиролцсон байна. Т ХХК-ийн 2023 оны 02 сараас 2023 оны 04 сарын цалингийн хүснэгтийн 4 дэх дугаарт Т.С үндсэн цалин 1,500,000 гэж бичигдсэн, энэ дүнгээр тооцож цалин олгож байсан нь тогтоогдож байна. Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар нэг сарын цалин 2,000,000 төгрөг болгож өөрчилсөн нь тогтоогдохгүй байна.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

14.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

15.Т.С хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орсон байх тул нэг сард авах цалин хөлс, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоны дагуу 1,500,000 төгрөг, 3 сарын дундаж цалин хөлс 4,500,000 төгрөг, ажилгүй байсан хугацаа 399 хоног, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 28,500,171 төгрөг болно.

 

16.Иймээс нэхэмжлэгч Т.Сд 2023 оны 12 сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 28,500,171 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

17.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.

 

18.Хуульд заасны дагуу 2023.12.17-ны өдрөөс 2024 оны 07 сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.С ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Т ХХК-д даалгах нь зүйтэй.

 

19.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 11-12 сард олгосон цалингаас 1,231,276.81 төгрөгийг дутуу олгосон цалинг гаргуулахаар шаардсан. Т ХХК-ийн цалингийн цэсний баримтаар хоол унааны мөнгө олгож байсан байна.

 

20.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй 43.2.1-т гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх гэж заасан.

 

21.Хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 11-12 сард 1,231,276.81 төгрөгийн цалин, хоол унааны мөнгө олгоогүй талаар маргаагүй бөгөөд цалинг зохих хэмжээгээр бүрэн олгосон нь нолох баримтаар тогтоогдохгүй байна.

 

22.Иймд дутуу олгосон цалин, хоолны мөнгө нийт 1,231,276 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулах нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

23.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С ийг Т ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,500,171 төгрөг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас дутуу олгосон цалин, хөлс 1,231,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сд олгосугай.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-аас 306,607 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР