Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
Хэргийн индекс | 138/2021/00772/И |
Дугаар | 201/МА2022/00009 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 201/МА2022/00009
*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2022/00013 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 8 сард *******ын хүсэлтийн дагуу 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авч *******тай гэрээ хийж 5 000 000 төгрөг зээлдүүлж түүний данс руу шилжүүлсэн. Миний хувьд хүүтэй мөнгө зээлдэг, хүүгээр нь орлого олдог хүн биш. ******* нь ...Турк улс руу захисан барааны мөнгө нэхэгдээд байна. Эгчдээ тус болооч, удахгүй найдвартай өгнө, хүү нь хэд байсан ч хамаагүй... гэж өдөр, шөнөгүй утасдаж гуйсан учир уг мөнгийг зээлсэн. Ингээд *******тай 2020 оны 8 сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээгээ бичгээр байгуулан, нотариатаар батлуулсан. Түүнээс хойш ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өдийг хүрч байна. Зээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг зээл дуусах үед бөөнөөр нь өгөхөөр тохиролцсон байсан тул хүүнд төлбөл зохих 4 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг төлсөн. Би мөнгөө нэхэж олон удаа ярьж, уулзсан хэдий ч янз бүрийн шалтаг хэлж өдийг хүрсэн. Гэрээний хугацаа 2021 оны 6 сарын 08-ны өдөр дууссан. Түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 114 хоногийн хугацаа хэтрээд байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш *******д эвлэрэх саналыг гаргасан боловч тэрээр хүү алданги төлөхгүй гээд зөвшөөрөөгүй. Сая шүүх хурал дээр хариуцагчийн төлөөлөгчийн зээлийн хүүг 3 хувиар бууруул гэсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Гэрээ байгуулахдаа хүүгээ 8 хувийн хүүтэй байхаар тохирсон. Энэ хүү бол нэг их өндөр хүү биш, нэгэнт гэрээгээр тохирсон тул зээлийн хүүг 3 хувь болгож бууруулах боломжгүй. Энэ талаар бид тохироогүй. Харин алдангийг 0,2 хувиар багасгаж өгөөч гэдэг хүсэлтийг нь хүлээн авч, үндсэн зээл түүний хүү болох 8 000 000 төгрөгийн алдангийг 0,2 хувиар бодож 1 824 000 /16 000*114 хоног/ төгрөг буюу нийт 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан ч хариуцагч зөвшөөрсөнгүй. Иймд *******аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 4 050 000 төгрөг нийт 12 050 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гаас 2020 оны 8 сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Анх гэрээ байгуулсан үеэс хойш би 3 сар зээлийн хүү төлсөн бөгөөд нийт 1 000 000 төгрөгийг төлсөн. Тухайн үед би Хан хэрлэн худалдааны төвд лангуутай арилжаа наймаа хийдэг байсан ба дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшигт өвчнөөс болж худалдаа үйлчилгээний салбар, тэр дундаа барааны худалдаа хөл хорионд олон сар болж хэцүү болсон. Одоо ч гамшигт өвчний улмаас бараагаа оруулж чадахгүй, хоёр жил орчим хаалттай, үндсэндээ зогсоод байна. Гэтэл ийм нөхцөл байдлыг ойлгохгүй хүүг 8 хувийн хүүгээр тооцон, улмаар алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. УИХ-аас батлан гаргасан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зээлийн хүүг сарын 3 хувиас, алданги 0,2 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг хуульчлан заасан байна. Иймээс бидний хооронд хийсэн зээлийн гэрээний үүргийг энэ хуульд нийцүүлэн тооцож төлөх нь зөв гэж үзэж байх тул 15 сарын хүүнд 2 250 000 төгрөг, алданги тооцохгүйгээр нийт 6 750 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх 5 300 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* нь *******тай 2020 оны 8 сард Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнтэй хариуцагчийн хувьд маргахгүй байгаа. Үндсэн зээлийн 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлсөн. Уг 1 000 000 төгрөгийг гүйцэтгэсэн үүргийг үндсэн зээлээс хасаж тооцох хуулийн зохицуулалт бий. Тиймээс үндсэн зээлийн 5 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг хасаж, үлдсэн 4 000 000 төгрөгнөөс 10 сарын хүүг тооцох учиртай. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн хүүг 3 хувиар, алданги 0,2 хувиар бодох хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир үндсэн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөгнөөс хүүг 3 хувиар, алдангийг 0.2 хувиар тооцуулан хүүнд 960 000, алдангид 1 130 880 төгрөг, хүү алданги нийлээд 2 090 880 төгрөг, нийт 6 090 880 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. *******ын хувьд лангуу түрээслэж, бараа зардаг байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар *******ын хүү алдангийг багасгаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүг бууруулахгүйгээр 8 хувиар тооцон 3 000 000 төгрөг, алдангийг 0,2 хувиар бодож 1 824 000 төгрөг, нийт 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2022/00013 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,... шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Ковид-19 цар тахал дэлхий нийтэд болон Монгол Улсын хэмжээнд тархсан, хорио цээрийн дэглэм тогтоож, бизнес эрхлэгч тэр дундаа барааны бизнес эрхэлдэг хүмүүс ажилгүй орлогогүй болсон. ******* ч мөн адил өндөр насны тэтгэврээрээ өдийг хүртэл амьдралаа залгуулж байгаа. Гэтэл ийм нөхцөл байдлыг ойлгохгүй хүүгийн алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэт нэг талыг барьсан гэж дүгнэж байна. Энэ шалтгаан нөхцөл нь нийтэд илэрхий үйл явдал мөн учраас нарийвчлан зохицуулсан хуулийн үзэл санаанд нийцүүлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүхээс цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн анзын хэмжээг багасгаж, үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагтай тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
Хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 050 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч ******* зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 18 дахь тал/
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч *******тай 2020 оны 8 сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар тооцохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн хүүг 3 хувь болгож бууруулах боломжгүй. Хариуцагч алдангийг 0,2 хувиар багасгаж өгөөч гэдэг хүсэлт гаргасныг хүлээн авч, алдангийг 0,2 хувиар бодож алдангид 1 824 000 төгрөг, нийт 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй. Иймд *******аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 4 050 000 төгрөг нийт 12 050 000 төгрөг гаргуулж өгнө үү. гэж,
Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ: Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн хүүг 3 хувиар, алданги 0,2 хувиар бодох хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир үндсэн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөгнөөс хүүг 3 хувиар, алдангийг 0.2 хувиар тооцуулан хүүнд 960 000, алдангид 1 130 880 төгрөг, хүү алданги нийлээд 2 090 880 төгрөг, нийт 6 090 880 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэж тус тус тайлбарлажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай 2020 оны 8 сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан ба зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нь 1 000 000 төгрөгийн хүү төлсөн, одоо үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна./хх-ийн 6-9 дэх тал/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч ******* нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зээлийн хүүг сарын 3 хувиас, алданги 0,2 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчлан заасан. Шүүх энэ хуулийн заалтыг хэрэглээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. гэж гомдол гаргаж байгаа боловч энэхүү хуулийн зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Харин иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээнд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байх тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2022/00013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
З.ЭНХЦЭЦЭГ