Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0323/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024       7          16                                           2024/ШЦТ/329

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З,  

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн 2425000000364 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

П.Б

Шүүгдэгч П.Б нь;

2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчиж, өөрийн эзэмшлийн ****ОРО улсын дугаартай “corolla fielder-E160” /Королла филдер-Е160/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ус зайлуулах хоолой дээр байрлуулсан гүүрний бетон хашлагыг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Т.Д-н эрүүл мэндэд “баруун дунд чөмөгт ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч П.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Т.Д-н “...2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б-н гэрт очсон, Б ганцаараа байсан. Өмнөх өдөр нь би архи уучихсан байсан болохоор “шараа тайлмаар байна” гэж хэлээд 0.5л архи хувааж уусан. ...Б намайг гэрт хүргэж өгөх гээд өөрийнхөө ****ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад нэг юм мөргөөд зогссон, юу мөргөсөн талаар мэдээгүй, ...осол болсны дараа миний баруун хөл өвдөж байсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд “баруун хөлийн өвдөгний дээд хэсгээр хугарсан” гээд гэмтлийн тасагт хэвтүүлж, гурав хоногийн дараа хагалгаанд орсон. ...Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй, энэ талаар тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

гэрч Н.Б-н “...2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ байж байхад хойд эцэг П.Б залгаж “тосгонд осолд орчихлоо” гэж хэлсэн, би гэрээс гараад Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах жалганы харалдаа хайж байгаад аав Н.Б-г олсон. Тухайн үед цагдаа ирчихсэн, хойд эцэг П.Б архи уучихсан, тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан байсан, аавын машинд сууж явсан Т.Д ах бас архи уучихсан байсан. Би аав П.Б-с юу болсон талаар асуухад “Т.Д-н хамт гэртээ архи уусан, Т.Д-г гэрт нь хүргэж өгөх гээд машин жолоодож байгаад осол гаргачихлаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

П.Б-ийн яллагдагчаар өгсөн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад гаднаас Д орж ирээд “өчигдөр архи уучихсан дотор муу байна” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй” гэхэд “миний картад мөнгө байгаа” гэж хэлсэн. Би Д-гийн виза картыг аваад дэлгүүр орж 0.5л “Хараа” архи аваад түүний хамт гэртээ уусан, Д-г гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн ****ОРО улсын дугаартай “corolla fielder-E160” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, ...Баянцагаан багийн 7-8 дугаар гудамжны харалдаа явж байгаад ус зайлуулах хоолой дээр байрлуулсан гүүрний бетон хашлагыг мөргөж зогссон. Тэр үед арын суудалд сууж явсан Д машинаас буухдаа “баруун хөл өвдөөд, явж чадахгүй байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 494 дугаартай; “...Т.Д-н биед баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун дунд чөмөгт ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын шинжээч Л.Э, Б.М, Б.З нарын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай; “...Уг тээврийн хэрэгсэлд эвдрэлүүд тогтоогдсон, эД-гээр нь осол болох үед үүссэн гэмтлүүд байна. Уг эвдрэл гэмтлийг засварлах боломжтой гэж үзлээ. Тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагааг хэвийн бус болохыг явдал дунд мэдэж засварлах боломжгүй, тусгай багаж тоног төхөөрөмж дээр нарийвчлан хэмжилт хийж илрүүлэн засварлана. Уг тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-49 дэх тал/,

мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай; “...****ОРО улсын дугаартай “corolla fielder-Е160” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13, 14-15 дахь тал/,

эрх бүхий албан тушаалтан нь амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар П.Б-ийн согтолтын зэргийг шалгахад 2.63%-ийн согтолттой байсныг тогтоосон баримт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

П.Б-ийн “В” ангиллын 20863 дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,

хохирогч Т.Д 2024 оны 5 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд Орхон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаар өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 73-102 дахь тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч П.Б-ийн шинээр гаргаж өгсөн, хохирогч Т.Дд 600.000 төгрөг нөхөн төлсөн тухай банкны баримт,

шүүгдэгч П.Б-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/,

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн П.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эД-гээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Д-н “...Б намайг гэрт хүргэж өгөх гээд өөрийнхөө ****ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад нэг юм мөргөөд зогссон, ...осол болсны дараа миний баруун хөл өвдөж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд “баруун хөлийн өвдөгний дээд хэсгээр хугарсан” гээд гэмтлийн тасагт хэвтэж, гурав хоногийн дараа хагалгаанд орсон.” гэх,

гэрч Н.Б-н “...хойд эцэг П.Б залгаж “тосгонд осолд орчихлоо” гэж хэлсэн, ...Би аав П.Б-с юу болсон талаар асуухад “Т.Д-н хамт гэртээ архи уусан, Т.Д-г гэрт нь хүргэж өгөх гээд машин жолоодож байгаад осол гаргачихлаа гэж хэлсэн.” гэх,

П.Б-ийн өөрийнх нь өгсөн “...Би Д-гийн виза картыг аваад дэлгүүр орж 0.5л “Хараа” архи аваад түүний хамт гэртээ уусан, Д-г гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн ****ОРО улсын дугаартай “corolla fielder-E160” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, ...Баянцагаан багийн 7-8 дугаар гудамжны харалдаа явж байгаад ус зайлуулах хоолой дээр байрлуулсан гүүрний бетон хашлагыг мөргөж зогссон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 494 дугаартай, “...Т.Д-н биед баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай, “...****ОРО улсын дугаартай “corolla fielder-Е160” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.” гэсэн магадалгаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрх бүхий албан тушаалтан нь амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар П.Б-ийн согтолтын зэргийг шалгахад 2.63%-ийн согтолттой байсныг тогтоосон баримт, хохирогч Т.Д 2024 оны 5 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд Орхон БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн талаар өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна түүний жолоодож явсан ****ОРО улсын дугаартай “corolla fielder-Е160” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Т.Д-н эрүүл мэндэд “баруун дунд чөмөгт ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой.   

Шүүгдэгч П.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон ч хохирогч Т.Дд хохирол, хор уршиг учруулсан байна.    

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б-д яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Н.Б-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,” гэсэн саналыг гаргаж,

шүүгдэгч П.Б нь “...хэлэх зүйлгүй.” гэв.

          Шүүх шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

2.63 хувийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруутай үйлдлийнхээ улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид 600.000 төгрөг нөхөн төлсөн байдал, мөн 68 настай хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

          Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.   

          Бусад асуудал;

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгч П.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Дд зарцуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг хариуцан төлөх үүрэгтэй тул түүнээс 7.515.915 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч П.Б нь хохирогчид 600.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг шинээр гаргаж өгсөн, мөн хохирогч Т.Д-н “...миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй, энэ талаар тогтоолгохгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан тул  шүүгдэгч нь хохирогч Т.Дд төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгт хураан ирүүлсэн түүний “В” ангиллын 20863 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт ПБ-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь дээрх 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Б-с 7.515.915 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ тоот дансанд олгосугай.

7.Шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгт хураан ирүүлсэн “В” ангиллын 20863 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын  хамт Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах ************,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Дд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э