2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/05535

 

2025 06 27   192/ШШ2025/05535

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, ** мянгат, **5 байр, 0** тоотод оршин суух Э-ын М /РД:ЖЯ******4/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, **-р хороо, **-р хороолол, Жалханцхутагт Дамдинбазар гудамж, **-р байр, ** тоотод оршин суух Д-ийн Ба /РД:ЧЗ********5/-д холбогдох,

 

232,590,753.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э овогтой М нь БНХАУ-ын Эрээн хотын Экспорт импортын М ХХК-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г үндэслэн Монгол Улсын Т ХХК-тай гэрээ байгуулахаар ажиллаж байсан. Тухайн үед Г ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.А нь Би эмнэлэгт хэвтэж байна. Манай компанийн Дэд захирал Д.Б-тай уулзаад асуудлаа шийдвэрлээрэй гэсний дагуу хариуцагч Д овогтой Б-тай анх холбогдсон. Г ХХК-ийн Дэд захирал Д.Б-тай холбогдсон бөгөөд гэрээ байгуулахад урьдчилгаа төлбөр төлөх шаардлагатай гэсэн шаардлага тавьсан бөгөөд Хятад талаас мөнгө орж ирэхгүй байсан бөгөөд цаг хугацааны хувьд давчуу гэрээг яаралтай байгуулах шаардлагатай байсан тул нэхэмжлэгч Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Иргэн Х.И (РД:ХЙ*******4), Б.О (РД:ЕЙ********34) нартай №01 тоот Зээлийн гэрээ байгуулан 444,000,000 төгрөгийг зээлж, Г ХХК-д урьдчилгаа төлсөн.Дээрх 444,000,000 төгрөгөөс Т ХХК-д төлөхдөө 300,000,000.00 (Гурван зуун сая) төгрөг буюу 672,645.74 (Зургаан зуун далан хоёр мянга, зургаан зуун дөчин таван юань далан дөрвөн мо) юанийг Го ХХК-д төлж, 132,000,000.00 (нэг зуун гучин хоёр сая) төгрөгийг хариуцагч Д овогтой Б-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Богд-Ар хороололд байрлалтай ПАНДА нэртэй ресторанд уулзаж, төлсөн байдаг. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын Экспорт импортын Мь ХХК болон Г ХХК нарын хооронд G***6 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, нүүрс худалдан авахаар болсон. Мөн хариуцагч Д.Б нь Манай компанийн ажил үргэлжлэхэд манай компанид 100,000,000 төгрөг дутагдалтай байна. Яаралтай хэрэгтэй байгаа тул шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Э.М нь өөрийн Хаан банкан дахь 53******1 тоот юанийн данснаас иргэн Д овогтой Г-ийн Хаан банкан дахь 50*******92 тоот данс руу тухайн өдрийн банкны арилжааны ханшаар тооцоолон 225,479.14 юанийг Б-аас гэсэн утгатайгаар шилжүүлсэн байдаг. Тус төлбөрийг хүлээн авсан тухай хариуцагч Д.Б болон нэхэмжлэгч Э.М нарын хооронд харилцсан WЕСНАТ-аар харилцсан яриа үлдсэн байдаг. Энэхүү дүн нь тухайн өдрийн Монголбанкны албан ханш болох 446.12 төгрөгөөр тооцон үзвэл 100,590,753.94 төгрөг болж байна. БНХАУ-ын Эрээн хотын Экспорт импортын М ХХК болон Г ХХК нарын хооронд байгуулсан G******6 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлбөрүүд үе шаттайгаар төлөгдөж байсан бөгөөд Г ХХК-аас ирүүлсэн 2021 оны тооцоо нийлсэн актан дээр хариуцагч Д овогтой Б-д бэлнээр өгсөн 132,000,000 төгрөг болон хариуцагч Д.Б-ы хүсэлтийн дагуу Д овогтой Г-т шилжүүлсэн 225,479.14 юанийн дүнгүүд тусгагдаагүй байсан. Нэхэмжлэгч Э.М нь дээрх төлбөрүүдийг G******16 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний хүрээнд төлөгдөж байгаа гэж тооцоолон хариуцагч Д.Б-д итгэсний үндсэн дээр тухайн үед ямар нэгэн баримт үйлдэхгүйгээр өгсөн. Хариуцагч Д.Б нь 2025 оны 4-р сард нэхэмжлэгч Э.М-ын ажлын оффист ирж, уулзсан бөгөөд дээрх төлбөрүүдийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан гэж мэдэгдсэн. Гэвч Г ХХК-тай тооцоо нийлсэн актан дээр байхгүй байгаа тул энэхүү төлбөрүүдийг тусгаагүй тул уг төлбөрүүдийг хариуцагч Д.Б нь хувьдаа ашигласан гэж үзэж байна. Иймд, нийт авлагын дүн болох 232,590,753.94 төгрөгийг иргэний хуульд нийцүүлэн хариуцагч Д овогтой Б-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид Гэрээ гэх)-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг үндэслэн,

Нэг талаас Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** хороо, ** мянгат, ** байр 6 тоот хаягт оршин суугч ЖЯ******4 регистрийн дугаартай Э овогтой Мө (цаашид нэхэмжлэгч гэх),

Нөгөө талаас Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, **-р хороо, **р хороолол, Жалханцхутагт Дамдинбазар гудамж, **-р байр, 1** тоот хаягт оршин суугч 4*****75 регистрийн дугаартай Д овогтой Б (цаашид хариуцагч, хамтад нь Талууд гэх) нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 .Гэрээгээр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Э.М-ын нэхэмжлэлтэй, иргэн Д.Б-д холбогдох, 232,590,753.94 (хоёр зуун гучин хоёр сая таван зуун ерэн мянга, долоон зуун тавин гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1. Талууд Гэрээний 1.1-д заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:

2.1.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 232,590,753.94 (хоёр зуун гучин хоёр сая таван зуун ерэн мянга, долоон зуун тавин гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө) дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулах;

Д/д

Огноо

Төлөхдүн

Үлдэх дүн

1

2025.10.20

80,000,000.00

152,590,753.94

2

2025.11.20

80,000,000.00

72,590,753.94

3

2025.12.20

72,590,753.94

0.00

 

Нийт дүн

232,590,753.94

-

2.1.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги, торгууль шаардахгүй байх;

2.1.3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 1,320,904.00 (нэг сая гурван зуун хорин мянга есөн зуун дөрөв) төгрөгийг Талууд тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх;

Гурав. Бусад нөхцөл

З1. Гэрээ нь нэхэмжлэгч болон хариуцагч эсхүл талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгчийн захирамжаар батлуулна.

3.2. Нэхэмжлэгч нь Гэрээний 1.1-д заасан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хариуцагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх тохиолдолд энэхүү Гэрээг баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлнэ.

З.З. Гэрээг 3 хувь үйлдэж, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Талууд тус бүр нэг хувийг хадгалсан нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна., гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Д.Б-д холбогдуулан 232,590,753.94 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлага болох 232,590,753.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 72,590,753.94 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 232,590,753.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 80,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 72,590,753.94 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,904 төгрөгийн 660,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 660,452 төгрөгийг, хариуцагч Д.Б-аас 330,226 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.М-од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ