Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0325/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024      07          18                                            2024/ШЦТ/331

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,     

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.З-д холбогдох эрүүгийн 2425000000415 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.З

Шүүгдэгч Б.З нь; 

2024 оны 6 дүгээр сарын 10-ны өдөр 19-20 цагийн орчим Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр “Согоот” гэх газар хохирогч Я.С “эмэгтэй хүнтэй муухай харьцлаа” гэснийг нь эсэргүүцэн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун гуянд цус хуралт, зүүн гарын 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.З дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Я.С Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дах тал/,

хохирогч П.Н “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Э.Д, найз О нарын хамт Орхон аймгийн Жаргалант суманд хөдөө айлд очсон, тэнд архи, дарс ууж, хорхог идсэн. Тэгээд сууж байхад О-н нөхөр З ирээд бид нартай хамт хоёр шил архи уусан, З согтчихоод эхнэрээ “гичий”, “янхан” гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би “эрийн муу эмд гэж үг байдаг, чи эмэгтэй хүнд яасан муухай аашилдаг юм” гэхэд урдаас цохиод авсан. ... намайг “яасан шалчигнасан п***а вэ, дансаа өг, хангалттай мөнгө өгье” гэснээ эхнэртээ “чиний эмчилгээний зардлыг энэ п***а руу шилжүүллээ, чи тэгээд үхээрэй, надад чам шиг юм хэрэг байхгүй” гэж хэлээд машин руугаа явсан. ...Би Орхон аймгийн БОЭТ-ийн яаралтай тасагт очоод уруулдаа оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч Э.О-н “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай ажлын газрын Я.С “машин бариад өгөөч, хөдөө явах гэсэн юм” гэхээр нь Баянцагаан багийн автобусны буудал дээр явж очсон, эхнэрийнхээ хамт гарч ирээд бид гурав Орхон аймгийн Жаргалант суманд хөдөө айлд очсон. ...архи дарс ууж, хоол унд идсэн, манай нөхөр араас залгаад “19 цагт гэртээ ир, хаана байгаа юм” гээд уурлаад байхаар нь байгаа газраа хэлээд, “ирээд ав” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр хүрээд ирсэн, ирсэн хойноо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи уугаад байхаар нь “одоо харьцгаая, машины түхүүрээ өг” гэхэд надад уурлаад агсрах гээд байсан, тэгсэн чинь С намайг өмөөрөөд “эрийн муу эмд гэж үг байдаг, чи эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм” гэхэд манай нөхөр уурлаад цохиод авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч Э.Д-гийн “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Жаргалант суманд найз О нөхөр Я.С бид гурав айлд байж байтал О-н нөхөр ирээд бид нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгж байгаад гэнэт манай нөхрийг цохиод авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

гэрч Ч.Б “...Я.С манай хамаатан, Э.Д манай бэр, бид ах, дүүсийн харилцаа хамааралтай. ...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би Орхон аймгийн Жаргалант сумын “Согоот” гэх газар гэртээ байхдаа өөрийн хамаатны үеэл дүү Я.С, бэр Э.Д нарыг “ирж цай уугаарай” гэж хэлсэн. Тэгсэн манай хоёр дүү ажлын газрынхаа нэг эмэгтэйг дагуулж ирсэн, би тэр гуравт зориулж хорхог хийж өгсөн, бид нарыг хоол унд, архи дарс уугаад юм яриад сууж байтал гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирсэн, тэгсэн манай хоёр дүүг дагаж явсан эмэгтэйн нөхөр байсан. Манайд ирээд хоол унд идэж уугаад, бид нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэтэл уусан юмандаа согтоод байгаа бололтой эхнэртэйгээ муудалцаад байсан, хажуугаас нь манай дүү Я.С “муу эр эмд гэгчээр чи эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм” гэж хэлэхэд нөхөр нь Сгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Б.З-н яллагдагчаар өгсөн “...“эхнэрээ явъя” гээд явахгүй болохоор уурласан юм. Тэгээд ажлын газрынх нь залуу С өмөөрөөд байхаар нь би согтуудаа муудалцаад, цохиж авсан асуудал үүссэн. ...Би хохирогчийн уруулд оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 572 дугаартай; “...Я.С биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун гуянд цус хуралт, зүүн гарын 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал нь дан, дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн “...ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршиггүй.” гэсэн хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан мэдүүлгийг,

мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.С Хаан банкны харилцах дансанд Э.О-н данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг шүүгдэгч Б.З ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.З шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э