Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 10

 

 

 

 

   2022          03           03                                    206/МА2022/00010

 

 

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШШ2021/00228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  ******* аймгийн ******* сумын ******* нуур багт оршин суух, Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт ,

Ажилгүй байсан хугацааны цалин 16,380,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Нэхэмжлэлийн агуулга:Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай

1.1.Нэхэмжлэлийн шаардлага:  Ажилгүй байсан хугацааны цалин 16.380.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.  

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Г.******* нь ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 154/ШШ/2017/00182 дугаартай Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт галчийн орон тоонд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Г.******* миний бие нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдаж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сум дундын 26 дугаар шүүхэд /одоогийн ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүх/ гомдол гаргаж, Ц.Энхжаргал шүүгч 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн боловч тус шийдвэр нь мөнгөн дүн тавиагүй, ойлгомжгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж болохгүй байна гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгож дахин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөн л Ц.Энхжаргал шүүгч шийдвэрлэсэн. Миний бие тус шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлээд ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлтээ өгсөн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 154/ШШ/2017/00182 дугаартай Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд байхгүй Дөл ХХК гэсэн нэрийг шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэн байдаг. Би ажилдаа ороогүй байдаг, гэтэл худлаа тушаал гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, намайг өдий хүртэл хохироож байна. Миний тэтгэвэрт гарах нас ч хүрлээ насаараа ажилласан хөдөлмөр минь ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон шүүгч Энхжаргал, мөн миний өмгөөлөгчөөр ажилласан ******* аймгийн өмгөөллийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Энхжаргал, ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга ахлах шийдвэр гүйцэтгэгч Алтан-Од, шийдвэр гүйцэтгэгч Саран нарын хийсэн шударга бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл хохирч байна. Хүний эрхийг ийм дор байдлаар үзэж намайг өдий болтол хохироосоор байгаад маш их гомдож байна. Ийм байдлаар би гэдэг хүн 2014 оноос хойш энэ хэргийн араас явж, сэтгэл санааны гүн дарамтанд амьдарч байна. Миний эхнэр элэгний хорт хавдраар нас барсан. Эдгээр үйлдлүүд ч мөн нөлөөлсөн. Энэ байдлыг тэвчихэд надад хэцүү байна. Эдгээр хүмүүсийн дээрхи үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь гомдлоо өгсөн байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 13.440.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн  тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 2.1 Хариуцагчийн татгалзлал: Эвлэрсэн учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа.

2.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Миний өмнө байсан тамгын газрын дарга энэ шийдвэрийг гаргасан байдаг. Шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулаад 3.500.000 төгрөгийг сумын Тамгын газраас төлье. Төлөхдөө Г.******* нь сум хөгжүүлэх сангаас 6.000.000 төгрөг авсан байсан түүнээс хасаад өг гэж хэлсэн энэ талаар эвлэрлийн гэрээнд тусгагдсан байгаа. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр төлөөд баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу явуулсан. Эвлэрсэн учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Тухайн үед би ажилдаа орохгүй 3.500.000 төгрөгийг төлөөд өгчих гэж хэлж байсан. ******* сум 2017 онд нэгдсэн дулаанд холбогдоод тухайн үед бүх байгууллагууд ажиллаж байсан галч нараа Эрчим дөл ХХК-д шилжүүлсэн байдаг. Та Эрчим дөл ХХК-руу ор гэж хэлсэн за тэгье гэж хэлсэн. Миний гаргасан тушаал эх хувиараа байгаа. Үндэслэлгүй тушаал гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тушаал гаргах үедээ Г.******* болон Эрчим Дөл ХХК-ны захирал Наранмандах гэдэг хүнийг өрөөндөө дуудаад Г.*******ийг та Эрчим дөл ХХК-д шилжиж ажил гэж хэлсэн. Тэгээд өөрийн гараар тушаалаа гардуулж өгсөн. Тэгсэн байхад миний тушаалыг яагаад үндэслэлгүй гэж үзээд байгаа вэ? 3500000 төгрөгийг төлсөн байхад шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэсэн асуудал хөндөгдөөд байгааг мөн ойлгохгүй байна. Эрчим Дөл ХХК-ны менежер *******жаргал гэдэг хүн Г.******* рүү утсаар яриад та ажилдаа ор гэж хэлэхэд ах нь бие муу байна ажилд орохгүй гэж хэлсэн байдаг. Энэ талаарх *******жаргалын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж байгаа бол түүнээс хойш надтай нэг ч удаа уулзаагүй, утсаар яриагүй, гэр нь Тамгын газраас 500 метр хүрэхгүй газарт байдаг байхад нэг ч удаа энэ талаар надад хандаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШШ2021/00228 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 9.149.000 /есөн сая нэг зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******эд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.231.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225150 /хоёр зуун хорин таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 161334 /нэг зуун жаран нэгэн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрхи хуулинд заасан үндэслэл байсаар байтал хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байдаг. Г.*******ийг ажилдаа ороорой гэж шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ хүлээж ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга тушаал гаргаж ажилд нь томилсон боловч өөрийн хүсэл зоригийн улмаас ажлаа хийгээгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад түүнд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад ажилд нь эгүүлэн томилсон тушаал, 3,500,000 төгрөгийг төлж барагдуулаад 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/140 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчин хэргийг хүлээн авч шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны 11 дүгээр сарын 27-наас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх буюу 3 жил 10 сарын хугацааны цалин хөлсийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр, 2018 оны хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр, 2019 оноос 2021 оны 11 дүгээр сарын 11 хүртэлх цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцож нийт 16,380,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс Г.*******ийн 2014 оны 6,7,8 дугаар саруудад 192,000 төгрөгийн тогтмол цалинтай гэж 2014 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 7,231,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Г.******* нь 2014 оноос өнөөдрийг хүртэл ажилгүй, бие сэтгэл санаагаар хохирч байна. Анхан шатны шүүхээс 7,231,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэртээ бичээгүй нь ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШШ2021/00228 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Г.*******ийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч талуудын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлт оруулж  шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргажээ.

2.Нэхэмжлэгч Г.******* нь ажилгүй байсан хугацааны цалин 13.440.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг ******* аймгийн ******* сумын *******-т  холбогдуулан гаргаж, үндэслэлээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаар “Зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар ******* аймгийн ******* сумын  Тамгын газарт галчийн орон тоонд эгүүлэн тогтоолгосон шийдвэр гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан гэж хэлсэн. Ажилдаа ороогүй, шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгдөөгүй байхад яагаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж байгаа вэ?, материалтай танилцъя гэхэд архивын ажилтан Улаанбаатар явсан гэж хэлсэн. Шаардаж байгаад танилцахад  ******* сумын Засаг даргын  намайг ажилд эгүүлэн томилсон, канондсон, засвартай, хуурамч тушаал үзүүлсэн.

Ажилдаа эргэж ороогүй байхад хуурамч тушаал гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж байгаа нь Үндсэн хуульд заасан миний хөдөлмөрлөх эрхийг хохироож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан өдөр буюу  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдрийг хүртэл 3 жил 10 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг, 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000  төгрөг, 2019-2021 оны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөр тооцож, нийт 16.380.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж  өгнө үү” гэж тайлбарлажээ.Нэхэмжлэгч  нь шаардлагын үндэслэлээ нотлохоор ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамж, Төрийн мэдээллийн сангаас гаргасан 2009-2014 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх ба    ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар,  ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүх, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эрчим дөл ХХК-аас тус тус хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтад нийцсэн байна/хх-64-91/.

  Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ  биелүүлсэн, түүний шүүхэд гаргаж өгсөн болон шүүхээр бүрдүүлсэн дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

3. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулаад 3.500.000 төгрөгийг сумын Тамгын газраас төлье, төлөхдөө Г.******* нь сум хөгжүүлэх сангаас 6.000.000 төгрөг зээл авсан,  түүнээс хасаад өг гэж хэлсэн, энэ талаар гэрээнд тусгагдсан байгаа. Би тушаал гаргах үедээ Г.******* болон Эрчим дөл ХХК-ийн захирал Наранмандах гэдэг хүнийг өрөөндөө дуудаад Г.*******ийг та “Эрчим дөл” ХХК-д шилжиж ажил гэж хэлсэн, тушаалаа өөрөө гардуулж өгсөн байхад тушаалыг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа вэ, 3.500.000 төгрөгийг  төлсөн байхад шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэсэн асуудал хөндөгдөөд байгааг ойлгохгүй байна. Эрчим дөл ХХК-ийн менежер *******жаргал гэдэг хүн Г.******* рүү утсаар яриад та ажилдаа ор гэж хэлэхэд ах нь бие муу байна, ажилд орохгүй гэж хэлсэн байдаг.

Энэ талаар *******жаргалын тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж байгаа бол түүнээс хойш надтай нэг ч удаа уулзаагүй, утсаар яриагүй, гэр нь Тамгын газраас 500 метр хүрэхгүй газарт байдаг байхад нэг ч удаа энэ талаар надад хандаж байгаагүй”гэж тайлбарлан татгалзлын үндэслэлээ нотлохоор ажилтан Г.*******ийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Эрчим дөл ХХК-д орон тоо, цалингийн хамт шилжүүлсэн  Б/09 дүгээр тушаал, /дугаар засвартай/ Эрчим дөл ХХК-ний захирал Д.Наранбаатарын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/182 дугаар тодорхойлолт, Г.*******ийн  “Ажлаас чөлөөлөх тухай”  2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/13 дугаар тушаал, ******* сумын дулаан хангамжийн дарга С.*******жаргалын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 4.Хэрэгт авагдсан ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжаар “Ажил олгогч нь  Эрчим дөл ХХК-д Г.*******ийг галчийн орон тоонд эгүүлэн ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.500.000 төгрөг олгохоор зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр  гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж  Г.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.500.000 төгрөгийг хүсэлт гарган хүлээн зөвшөөрч  тус сумын сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөртөө суутгуулсан байна. Энэ талаар талууд маргахгүй байна. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Г.*******ийг Эрчим дөл ХХК-д ажилд томилсон тушаал гарсан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 05/142 дугаар тогтоол гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

Хариуцагч нь энэ тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргаж байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтанг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн  Б/09 дүгээр тушаалаар галчийн ажил томилсон гэж тайлбарлаж уг тушаал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа гарсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

5. Ажил олгогч  нь   ажилтанг “Эрчим дөл” ХХК-д  2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн  Б/09 дүгээр тушаалаар орон тоо цалингийн хамт шилжүүлсэн байх бөгөөд ажилтанг Эрчим дөл ХХК-д галчийн ажилд томилохоор эвлэрэн хэлэлцэж байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжийг  ажил олгогч  биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.дахь заалттай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрчим дөл ХХК нь ажилтанг  галчийн ажилд томилоогүй байхад ажил олгогчийг шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх хууль зүйн  үндэслэлгүй байна.

Учир нь ажилтны нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь “галчийн ажилд эгүүлэн томилуулах” тухай шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын хүрээнд зохигчид эвлэрсэн байна. Иймд зохигчдын дээрх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон гэрээний гол нөхцөлийн хүрээнд ажил олгогч нь ажилтанг “галчийн ажилд” эгүүлэн томилоогүй, ажиллах нөхцөл, ажлын байраар хангаагүй байх тул ажил олгогчийг шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Харин хэрэгт  “Нийгмийн даатгалын Ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* сумын *******-ын галч Г.*******ийн 2012-2014 онуудад ажиллаж байсан байдлын цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд  хэрэгт авагдсан  байхад анхан шатны шүүх ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо түүний цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон нь үндэслэл муутай болсон байна.   

7.Ажилтан Г.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 3 жил 11 сар 16 хоног ажилгүй байжээ. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан дээрх нотлох баримтуудаар ажилтан нь  ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт галчийн ажлыг улирлын чанартай хийж гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна.

8. Ажилтан нь тогтмол 361301 төгрөгийн цалин хөлс авч байсан нь хэрэгт авагдсан  дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний нэг сарын цалин хөлсний дунджийг 361301 төгрөгөөр тооцсон ба  улирлын чанартай ажил хийж байсан тул түүнийг 1 жилд 8 сар ажиллаж байсан гэж тооцоход 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 31 сар 16 хоног ажилгүй байжээ.  Иймд нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 361301 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 16804 төгрөг   байх бөгөөд олговрын нийт хэмжээ (361301х31сар+16804х16хоног)=11200331+268875= нийт 11.469.206 төгрөгийг хариуцагч ******* сумын *******-аас гаргуулж Г.*******эд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцнэ.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 11.469.206 төгрөгөөс нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын *******-т даалгаж шийдвэрт  өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.******* түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Билэгт нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус  хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  161334 / нэг зуун жаран мянга гурван зуун гучин дөрөв/”  гаргуулахаар шийдвэрлэснийг  “198.457 / нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун тавин долоон/” төгрөг гаргуулах гэж   шийдвэрийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулав.

10.Хуульд зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* нь  давж заалдах журмаар  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130646 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.*******эд буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймгийн  Булган сум дахь сум дундын шүүхийн  2021 оны 11 дүгээр  сарын 11-ний  өдрийн 154/ШШ2021/00228 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын  “...914900 төгрөг“ гэснийг “11.469.206  төгрөг” гэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.231.000 төгрөг” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.910.794 төгрөг” гэж,

3 дахь заалтын “...161334 / нэг зуун жаран мянга гурван зуун гучин дөрөв/” гэснийг “198.457 / нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун тавин долоон/” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Билэгт нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус  хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.т зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* нь  давж заалдах журмаар  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130646 төгрөгийг шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгч Г.*******эд буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА