2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04975

 

 

 

 

 

 

 

                                                         2025             06            09  

                                       192/ШШ2025/04975

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....дүүрэг, ... дугаар хороо, ....хотхон, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах “Х....” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ....дүүрэг, ....дүгээр хороо, Б... хотхон хаягт байрлах “Б...” СӨХ,

 Хариуцагч: ...дүүрэг, ....дүгээр хороо, ....зам, ..... хаягт байрлах “Э...” ХХК,

 Хариуцагч: ... дүүрэг, ...дүгээр хороо, ...дугаар байр, ... тоот хаягт оршин суух А.. овогт Д. О... нарт холбогдох,

Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х..., түүний өмгөөлөгч Р.Л...., хариуцагч Э... ХХК-ийн өмгөөлөгч М.Г.... Б...СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б..., түүний өмгөөлөгч О.Б..., хариуцагч Д.О..., гэрч Г.Х..., шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга А.У... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь гэрээт харуул хамгаалалтын ажил үйлчилгээ эрхлэдэг юм. Үүнийхээ дагуу Б... СӨХ-ны хүсэлтээр тус ...дүүрэг ... хотхоны нийтийн эзэмшлийн болон СӨХ-ны хариуцдаг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хулгай, танхайрал, гэмт хэргийн халдалага болон бусад учирч болох гамшиг аюулаас хамгаалж харж хамгаалахаар тохирч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компани тус СӨХ-ны Б...-1, Б...-2 постонд тус бүр 3 гурван хамгаалагч нийт 6 хамгаалагч ажиллуулах, 1 хамгаалагчийн сарын хөлс 1,400,000 төгрөг бүгд 1 сард 8,400,000 төгрөгийн хөлсийг авахаар тохирч, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Манай компани нь гэрээнд заасны дагуу 6 хамгаалагчийг ажиллуулж хөрөнгийг нь хамгаалах үүргээ гэрээний дагуу гүйцэтгэж байсан. Гэтэл үйлчлүүлгч тал болох Б... СӨХ нь төлбөрөө хугацаанд нь төлөхгүй дутуу төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөний улмаас манай компани гэрээгээр ажиллуулсан хамгаалагч нарын цалин хөлсний өрөнд орж, өр төлбөр үүсгэсэн бөгөөд удаа дараа шаардахад мөнгө байхгүй байна гэж хойшлуулсаар сүүлдээ мөнгө байхгүй гэж төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, хамгаалагчид цалин хөлсгүй ажиллахаас татгалзсан тул манай компани СӨХ-ны захиралтай тохиролцон Б...-1 постын хамгаалалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон, 2 дахь постын хамгаалалтыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж, гэрээг цуцалж, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Гэрээний хугацаанд Б... СӨХ нь обьект 1-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэсэн гэрээт харуул, хамгаалалтын ажлын 14,420,000 төгрөг төлөхөөс 7,480,000 төгрөгийг төлж, 6,940,000 төгрөгийн хөлсийг дутуу төлсөн. Мөн обьект 2-г 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд гүйцэтгэсэн гэрээт хамгаалалтын ажлын хөлсөнд манайд 17,080,000 төлөхөөс 1,800,000 төгрөгийн хөлсийг төлж 15,280,000 төгрөгийн ажлын хөлсийг дутуу төлсөн. Ингээд нийтдээ гэрээний дагуу гүйцэтгэсэн гэрээт харуул хамгаалалтын ажлын хөлс 22,220,000 төгрөгийн хөлсийг төлөөгүй одоо болтол манай компанийг хохироож байгаа тул дутуу төлсөн ажлын хөлс 22,220,000 төгрөгийг гэрээний 12.1 -д заасан алданги хоногийн 0.5 хувь, иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 11,110,000 төгрөгийн алдангийн хамт бүгд 33,330,000 төгрөгийг Б...СӨХ-оос гаргуулж гэрээний үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна.” гэжээ

Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “... манай компани дээрх гэрээний дагуу С24 дугаар постын хувьд 3 хамгаалагчтайгаар 103 хоногийн хугацаанд 14,420,000 төгрөгийн, С23 дугаар постын хувьд мөн 3 хамгаалагчтай 122 хоногийн хугацаанд 17,080,000 төгрөгийн буюу нийтдээ 31,500,000 төгрөгийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн. Харин хариуцагч Б... СӨХ нь С24 дугаар постын хөлс гэж 7,480,000 төгрөг, С23 постын хөлс гэж 1,800,000 төгрөг буюу нийт 9,280,000 төгрөгийг 2 өөр банкны дансаар дамжуулж хугацаа хэтрүүлж төлсөн бөгөөд үлдэгдэл 22,220,000 төгрөгийг огт төлөөгүй. Хариуцагч Б... СӨХ нь ийнхүү харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс төлөх үүргээ 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу эхний хөлс төлөх өдрөөсөө эхлэн хугацаандаа биелүүлээгүйн улмаас манай компанид гэрээний 12.1-т заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох эрх үүсэж дараах алданги бодогдсон. Дээрхээс үзвэл хариуцагч Б... СӨХ нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээний хөлс төлөх үүргээ удаа дараа зөрчиж эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 249 хоногийн хугацаанд 22,460,000 төгрөгийн алданги бодогдсон. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул гэрээний үлдэгдэл хөлс 22,220,000 төгрөгийн 50 хувиар бууруулж тооцвол 11,110,000 төгрөгийн алдангийг хариуцагч Б... СӨХ нь манай компанид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан А/8 дугаар гэрээт харуул хамгаалалтын гэрээний 12.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний үлдэгдэл хөлс 22,220,000 төгрөг, мөн гэрээний 12.1-д заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 249 хоногийн хугацаанд тооцогдсон алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөгийг хариуцагч Б... СӨХ-ноос гаргуулж манай компанид олгож өгнө үү. хамтран хариуцагч Д.О..., Э... ХХК нараас татгалзаж байна.” гэжээ.

2. Хариуцагч Б... СӨХ хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Х...ХХК-ийн нэхэмжлэлтэй Б...СӨХ, Э... ХХК нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б... СӨХ-ны зүгээс нэхэмжлэлд дараах нэмэлт тайлбар гаргаж байна. Манай Б... СӨХ нь ...дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар гэрчилгээ авч, нийслэлийн ....дүүргийн ... дүгээр дүүрэг, ...дүгээр байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл ...дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар гэрчилгээгээр Б... СӨХ-нд Б... хотхоны 2-р ээлжийн ...., ....-р байрууд нэгтгэсэн, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны тус байрны зардлыг Э... ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр хариуцагч Э... ХХК төлөхөөр тохиролцсон атал нэхэмжлэгч Х... ХХК нь Б...хотхоны 2 дугаар ээлж буюу ..., ...-р байруудын харуул хамгаалалтыг хариуцдаг обьект №2-ын харуул хамгаалалтын хөлсийг шаардаж байгаа үндэслэлгүй юм. Манай Б... СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.О... Х... ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/8 дугаар Гэрээт харуул хамгаалалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасны хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Тодруулбал, хариуцагч Д.О... нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2 дахь заалтад зааснаар Б... СӨХ-д харьяалагдах Б... хотхоны 1-р ээлж буюу ...-... дүгээр байруудын харуул хамгаалалтын гэрээ байгуулах эрхтэй байхад тус Гэрээт харуул хамгаалалтын гэрээгээр Б... СӨХ-нд харьяалагдаагүй байсан Б... хотхоны 2-р ээлж буюу ..., ... дүгээр байруудын харуул хамгаалалтын обьект 2-д харуул хамгаалалтын гэрээ байгуулсан нь өөрт олгогдоогүй эрхийг хэтрүүлсэн байгаа тул хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус гэрээ юм.  Нэхэмжлэгч Э... ХХК-ийн хариуцах ёстой Б... хотхоны 2-р ээлжийн харуул хамгаалалтын обьект №2-ын хөлснөөс 1,800,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэл бөгөөд хариуцагч Б... СӨХ-ны эзэмшлийн Хаан банкин дахь .... тоот төгрөгийн данснаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг нэхэмжлэгч Х...ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн байна. Иймд Б... СӨХ-ны хотхоны хариуцаж байсан 1-р ээлжийн харуул хамгаалалтын обьект №1-ийн хөлснөөс хасах үндэслэлтэй. Тус Б... хотхоны 1-р ээлжийн СӨХ-ны үйл ажиллагааг тус барилгыг барьсан компани буюу Э... ХХК эрхэлж бөгөөд СӨХ-ны гүйцэтгэх захирлаар өөрийн компанийн менежер Д.О...-г ажиллуулж байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сард СӨХ-д өөрчлөлт орж оршин суугчдын дундаас гүйцэтгэх захирал томилж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна, хариуцагч О...нь дур мэдэн, тэр бүү хэл Б... СӨХ-д хамаарахгүй байруудын харуул хамгаалалтын гэрээ байгуулж, өр төлбөрт хохирол учруулж байгаад туйлын их гомдолтой байна. Иймд 33,330,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Хариуцагч О...хариу тайлбартаа: “Х...ХХК-ийн талаар удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдэж, хамтран ажиллах болсон. Тухайн үед удирдах зөвлөл дор бүрдээ хурал хийдэггүй байсан тул дараагаар баталъя гэж өнгөрсөн. Оршин суугчдаас ч гэсэн удаа дараа харуул хамгаалалт алдаа дутагдал гаргаж байна гэсэн гомдол ирдэг байсан тул харуул хамгаалалт үзүүлдэг компанийг солихоор болсон. Би төлөх ёсгүй гэж үзэж байна. Оршин суугчид төлбөрөө төлөхгүй байсан боловч СӨХ-ны хураамжаар Х...ХХК-ийн төлбөрийг төлнө гэсэн тайланг гаргаж, Н.Э...т хүлээлгэж өгч байсан.” гэжээ.

4. Хариуцагч Э... ХХК хариу тайлбартаа: “Манай компани ...дүүрэг, ... хороо, ...зам дагуу байрлах Б... төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн нэгдүгээр ээлжийн ...-.... тоот хаяг дугаартай барилга байгууламжийг 2019 онд, хоёрдугаар ээлжийн ..., ... тоот хаяг дугаартай барилга байгууламжийг 2022 онд тус тус барьж ашиглалтад оруулан, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгийг хариуцсан СӨХ-той тухай бүр хүлээлцэж, шилжүүлэн өгсөн болно. Б... СӨХ болон Х...ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Гэрээт харуул хамгаалалтын гэрээгээр Э... ХХК нь гэрээний нэг тал болоогүй, талуудын өмнө аливаа төлбөр тооцоотой холбоотой аливаа үүргийг хүлээгээгүй бөгөөд Б... төслийн 1-р ээлжийн барилга байгууламжийг СӨХ-д хүлээлгэн өгсөнөөс хойшхи хугацаанд дээрх гэрээ байгуулагдсан тул гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг Б... СӨХ өөрөө бүрэн хариуцахаар байна. Э... ХХК-ийн зүгээс барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хүрээнд барилгын тухай хуульд заасан хугацаанд захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан ажиллаж ирсэн болно. Хариуцагч Б... СӨХ-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт "... Б... хотхоны 1-р ээлж, 2-р ээлжийн харуулын өр төлбөр гэх акт хүлээн аваагүй бөгөөд удирдах зөвлөл, барилгын компани 2 талаас зөвшилцөж 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх өр төлбөрийг Э... барилгын компани хариуцна гэсэн тамга тэмдэг бүхий бичгийг хүлээж авсан...” гэж дурдсан тухайд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болохоор зохицуулсны дагуу Б... тухай хуульд заасны дагуу зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц хотхоны ...-р байрны СӨХ болон ....-р байрны СӨХ нэгдэхээр харилцан тохиролцсон. Энэ хүрээнд Э... ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон Б... хотхоны ..., ...-р байрны сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлтэй 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан уулзалтаар зөвхөн Б... төслийн 2-р ээлж буюу ..., ... тоот байрнуудын ашиглалт, СӨХ-той холбогдон гарах нийт зардлыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцан төлөхөөр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/8 дугаартай гэрээт харуул хамгаалалтын гэрээ, албан бичиг хүлээн авсан баримт, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8/31, 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8/32, 2 дугаар сарын 13-ны өдрийн А/11, А/12 дугаар Х...ХХК-ийн албан шаардлага, ажил хүлээлцэх акт, хаан банкны депозит дансны дэлгэргүй хуулга, хариуцагч Б... СӨХ-өөс гэрчилгээ, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б... СӨХ-ийн удирдах зөвлөлийн тогтоол, гэрчилгээ, итгэмжлэл, фото зураг, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Б... хотхоны 1,2 дугаар ээлжийн оршин суугчдын хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, хариуцагч Э... ХХК-аас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хариуцагч Д.О...-с харуул хамгаалалтын дэлгэрэнгүй тооцоо, өглөгийн дэлгэрэнгүй, Б... СӨХ-ийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан тогтоол, нягтлангийн ажил хүлээлцсэн акт, түүний хавсралт буюу өглөг авлагын дэлгэнгүй журнал шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б... СӨХ-өөс Э...  ХХК болон Б... 2 резиденс 2 дугаар ээлжийн оршин суугчдын хамтарсан уулзалтын шийдвэр, Архивын ерөнхий газраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл, үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, хаяг байршлын тодорхойлолт, ....дүүргийн Засаг даргын тамгын газраас Б... СӨХ-г бүртгүүлэхээр бүрдүүлж өгсөн баримт бичиг, Хаан банкнаас Б... СӨХ-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, данс эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж байхдаа бүрдүүлж өгсөн баримт, Төрийн банкнаас Б... СӨХ-ийн дансны дэлгэрэнгүй хуулга гаргуулж, хариуцагч Б... СӨХ-ийн хүсэлтээр гэрч Г.Х...-г асуусан байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,300,000 төгрөг Б... СӨХ-өөс гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б... СӨХ эс зөвшөөрч, харуул хамгаалалтын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ..., ... дугаар байрны харуул хамгаалалтын хөлсийг хариуцахгүй, Э... ХХК болон О...нар төлбөрийг хариуцна гэж маргажээ.

            8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Б... хотхоны ... дүгээр байруудыг хамруулан Б... СӨХ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлаар О...ажиллаж байсан болох нь хаан банкны данс эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж байхдаа бүрдүүлж өгсөн баримтаар тогтоогдож байна./2 хэргийн 188-203/

            Б... СӨХ болон Х...ХХК нар нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 2 постод 6 хамгаалагч ажиллуулахаар харилцан тохиролцсон болох нь гэрээт харуул хамгаалалтын гэрээгээр тогтоогджээ. /хэргийн 7-11 тал/

            Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн зүгээс “Б...” СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах нөхцөл бүрдүүлэх, ажлын байр болон түүнд хамаарагдах хэсгүүдийг гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гал түймэр, давагдашгүй хүчин зүйл бусад аюулын мэдээг зохих байгууллагад цаг алдалгүй мэдүүлэх, хариуцагч “Б...” СӨХ нь харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсийг 1 хамгаалагчийн 1 сарын хөлс 1,400,000 төгрөг буюу 6 хүний 8,400,000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 01, 16-ны өдрүүдэд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Х...” ХХК-ийн санаачилгаар цуцалжээ. / хэргийн 12-14 тал/

1 дүгээр постод ажилласан 3 хүний 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 14,420,000 төгрөгөөс хариуцагч “Б...” СӨХ нь 7,480,000 төгрөгийг төлсөн, үлдэх 6,940,000 төгрөг, 2 дугаар постод ажилласан 3 хүний 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлс 17,080,000 төгрөгөөс 1,800,000 төгрөг төлсөн, үлдэх 15,280,000 төгрөгийг тус тус хариуцагч Б... СӨХ төлөөгүй болох нь хэргийн 12 дахь талд авагдсан “албан бичиг хүлээн авсан” гэх баримтад гэрээ цуцлах тухай “Х....” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/32 дугаар албан бичгийг “Б...” СӨХ-ын захирлаар ажиллаж байсан О...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авч, гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч Д.У...-н шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Нягтлангийн ажил хүлээлцсэн акт” гэх 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий баримтын 15-д “2022 оны Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал 2 ш хуудас” гэж тэмдэглэж, хүлээлгэж өгсөн Н.У..., хүлээн авсан Б... СӨХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Э... гэж гарын үсэг зурсан, “Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал” гэх 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий баримтын 2-т “Х... 6,940,000 харуул хамгаалалт” гэж дурдсанаар тогтоогдож байна. Хариуцагч Б... СӨХ нэхэмжлэгчийн тооцоололтой болон хугацаатай холбоотой үндэслэл бүхий баримт гаргаж маргаагүй болно.

Б...  төслийг хэрэгжүүлэгч Э... ХХК болон Б... хотхоны 2 дугаар ээжлийн оршин суугчдын төлөөлөгч нарын хамтарсан хурлын шийдвэрээр 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тус ээлжийн ..., ... дүгээр байрнуудын ашиглалт, СӨХ-тэй холбогдон гарах нийт зардлыг Э... ХХК хариуцан төлөхөөр тохиролжээ./хэргийн 143 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь Б... СӨХ нь О...СӨХ-ийг төлөөлөх эрхгүй, харуул хамгаалалтын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ..., .... дугаар байрны СӨХ-тэй холбоотой зардалд харуул хамгаалалтын зардал орохгүй гэдгээ баримтаар нотлоогүй байна.

9. Нэхэмжлэгч Х...ХХК нь Б... СӨХ-ийн хамаарах байруудад ажил үйлчилгээ явуулах нөхцөл бүрдүүлэх, ажлын байр болон түүнд хамаарагдах хэсгүүдийг гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гал түймэр, давагдашгүй хүчин зүйл бусад аюулын мэдээг зохих байгууллагад цаг алдалгүй мэдүүлэх, хариуцагч Б... СӨХ нь хөлс төлөхөөр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

10. Б... СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.О...-н Б... хотхоны 1 дүгээр пост буюу ... дүгээр байр болон 2 дугаар пост ..., .... дүгээр байруудад харуул хамгаалалтын үйлчилгээ авахаар Х...ХХК-тай тохиролцсон хэлцийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

О...нь Б... СӨХ-ийг төлөөлөх эрхийн хүрээнд харуул хамгаалалтын гэрээ байгуулах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” зааснаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд СӨХ-д харьяалагдаагүй байсан ..., ... дүгээр байрны харуул хамгаалалтын хөлсийг хариуцахаар нэхэмжлэгчтэй тохиролцсоныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

11. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг гэрээний талууд шаардах эрхтэй байдаг.

 

Нэхэмжлэгч нь 1 дүгээр постод ажилласан 3 хүний 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 14,420,000 төгрөгөөс хариуцагч “Б...” СӨХ-ийн төлсөн 7,480,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,940,000 төгрөг, 2 дугаар постод ажилласан 3 хүний 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлс 17,080,000 төгрөгөөс төлсөн 1,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 15,280,000 төгрөг, нийтдээ 22,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б... СӨХ тооцооллын хувьд мараагүй, нэхэмжлэгчийн тооцоолол гэрээний тохиролцоотой нийцэж байх тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй болжээ.

Үүргийн эрх нь харьцангуй эрх болохыг хувьд үүрэг үүссэн этгээдүүдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Харин Б... төслийг хэрэгжүүлэгч Э... ХХК болон Б... хотхоны 2 дугаар ээжлийн оршин суугчдын төлөөлөгч нарын хамтарсан хурлын шийдвэрээр 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тус ээлжийн ...., .... дүгээр байрнуудын ашиглалт, СӨХ-тэй холбогдон гарах нийт зардлыг Э... ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон нь дээрх гэрээт харуул хамгаалалтын гэрээний үүргийг үгүйсгэхгүй.

12. Түүнчлэн талууд ажил гүйцэтгэх гэрээний 12.1-д “Хамгаалалтын зардлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж байх үүргийг хүлээнэ. Хамгаалалтын хөлс төлөх хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Алдангийн хэмжээг зохигчийн гэрээг цуцалсан 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс нэхэмжлэгч шаардлага гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 22,200,000 төгрөгийн 0.5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн тал хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хэмжээгээр тооцвол 11,100,000 төгрөг болно.

Иймд хариуцагч Б... СӨХ-өөс 33,300,000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Д.О..., Э... ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн Д.О...., Э... ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... СӨХ-иас 324,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б... СӨХ-оос 33,330,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х...ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х...ХХК нь хариуцагч Д.О..., Э... ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... СӨХ-оос 324,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЗҮМБЭРЭЛ