Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00342

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00342

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02283 дугаар шийдвэртэй

С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч С ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай В цогцолбор хотхоны 000 дүгээр байрны 426 тоот орон сууцыг захиалан бариулсан байдаг. Тус барилгыг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/2013 дугаар барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын актаа хүлээн авсан. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг худалдан борлуулах зорилгоор буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн IG-SA-19/02 дугаар орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг Т ХХК-тай байгуулсан. Гэтэл Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө огт төлөөгүй. Өөрөөр хэлбэл урьдчилгаа 70,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Ингээд манайхаас Т ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, мэдэгдэл хүргүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан. Орон сууцыг цуцалж, уг орон сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч Т ХХК нь гэрээнийхээ үүргийг зөрчөөд зогсохгүй Б.Н, Б.Б гэх этгээдүүдэд өмчлөгчийн зөвшөөрөлгүй тус орон сууцанд оруулсан байсан. Бид өөрийн өмчлөлийн орон сууцнаас хариуцагч Б.Н болон Б.Б нарыг гарахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өмчлөгчийн шаардлагыг биелүүлэхгүй өдийг хүрсэн. Тухайн орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардсан боловч зөвшөөрөөгүй. Манай компани тус байрыг дундаж үнээр хөлслүүлсэн бол 322,000,000 төгрөгийн орлогыг олох байсан. Иймд хууль бус эзэмшигч болох Б.Н, Б.Б нарыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр байршилтай В цогцолбор хотхоны 000 дүгээр байрны 426 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж, олох байсан орлогоо алдсан гэж үзэж орон сууц хөлсөлсөн хөлсөнд тооцон нийт 322,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч компани 73,000,000 төгрөг авч Т ХХК-ийг оруулсан гэж байна. Тэгсэн мөртлөө дотоод журамдаа нийт үнийн дүнгийн 30%-ийг авснаар түлхүүрийг хүлээлгэн өгч эзэмшигчид олгоно гэж байсан. Нэхэмжлэгч компанийн хүмүүс надад байрыг хүлээлгэн өгсөн. Т ХХК-аас би байрыг худалдан авсан болохоос нэхэмжлэгч компаниас байрыг худалдаж аваагүй. Өнөөдөр би энд хариуцагчаар биш Т ХХК-ийн хүмүүс зогсож байх байсан. Би Т ХХК-д хууль ёсны гэрээний дагуу нийт 298,000 ам.доллар, 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Тийм учраас би өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. Би Т ХХК-д 298,000 ам.доллар, 100,000,000 төгрөгийг тус тус өгсөн нь баримтаар хэрэгт авагдсан. С ХХК-ийн байр авахыг хүсвэл байрны урьдчилгаанд 30 хувьтай тэнцэх үнийн дүнг төлж байж байранд орох эрхтэй байтал нэхэмжлэгч компани өөрсдөө сард 250,000 доллар буюу 3 тэрбум гэж үнэлсэн байраа 73,000,000 төгрөг өгөөд оруулчихсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдох орон сууц хөлсөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо В цогцолбор 000 байрны 426 тоот орон сууцнаас Б.Н, Б.Б нарыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,838,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан нарын давж заалдах гомдлын агуулга: ...Шүүх С ХХК нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн В хотхоны 000 дүгээр байрны 426 тоотыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг оролцуулсангүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа магадлалд заасан ажиллагааг огт хийгээгүй, хариуцагчийн шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй болно. Шүүх хурлыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагаас зарласан боловч тухайн цагтаа хуралд очиход эхлээгүй хурал эхлэхгүй байсан тул мөн өдрийн 15 цагт зарласан байсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Золжаргалын нэхэмжлэлтэй АТҮТ холбогдох хуралд оролцсон болно. Гэтэл шүүх 16 цаг 32 минутад эхлэн 17 цаг 48 минутад хуралдсан байна. Шүүгч нь товлосон цагтаа хийгээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.12-т шүүх хуралдаанд оролцох боломж олголгүй нууцаар хийсэн байна. Мөн намайг оролцуулахгүйгээр хурал хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.4, 98.2, 107.1 дэх заалтуудыг зөрчсөн байх бөгөөд энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг зөрчсөн шийдвэр болжээ. Тухайн орон сууцыг С ХХК-иас Т ХХК-д зарсан байдаг бөгөөд Т ХХК нь Б.Бд зарсан бөгөөд Б.Н нь түүний гэр бүлийн хүн болно. С ХХК нь Т ХХК хооронд орон сууц худалдах хэлцэл хийсэн байхад энэ хэлцлийн талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй нь талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, С ХХК нь Т ХХК анх хэлцэл хийсэн тул хариуцагч нь Т ХХК болж харин гуравдагч этгээдээр Б.Б оролцох ёстойг шүүх анхаарсангүй. Энэ талаар 2021 оны 02 дугаар сарын 05-н өдрийн 325 дугаартай магадлалд тодорхой дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх түүнийг анхааран үзсэнгүй. Тухайн орон сууцыг Б.Б нь байрны төлбөрийг Т ХХК-д төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх түүнд ямар ч ач холбогдол өгсөнгүй. Б.Н нь С ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй тул тэдний хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй болно.

С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөхгүй байх татвараас зугтаах зорилгоор Хан-Уул дүүргийн В хотхоны худалдан борлуулсан орон сууцныхаа гэрчилгээг бусдад өгдөггүй үйл баримтыг шүүх огт анхааран үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Мөн шүүх нэхэмжлэгч тал ч биш гуравдагч этгээд ч биш Т ХХК болон Б.Б нарын гэрээнд дүгнэлт хийсэн байх бөгөөд ийм эрхийг шүүх эдлэхгүй болохыг анхааран үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааныг товлочхоод товолсон цагтаа хийгээгүй, явсаны дараа шүүх хуралдааныг хийсэн гэж гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдаан товолсон баримт дээр гарын үсгээ зураад явсан. Шүүхийн ачаалалтай байдлаас шалтгаалаад буюу энэ хэргийн шүүх хуралдааны өмнөх шүүх хуралдаан тараагүй байсан. Ингээд хариуцагчийн хэлж байгаа цагт шүүх хуралдаан эхэлсэн. Ингэхэд хариуцагч Б.Б өөрийн биеэр байж байсан. Шүүгч шүүх хуралдаанд ...өөрөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой юу... гэхэд ...үргэлжлүүлж болно... гэж хэлсэн учраас шүүх хуралдаан үргэлжилсэн. Үүнээс харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Мөн шүүх хуралдаанаа хүлээж байгаад орох нь шүүхйги хүндэтгэх нэг хэлбэр болох байх. Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр ороод буцсан. Тухайн үедээ яаж буцсан бэ гэвэл эдгээр хүмүүс яагаад энэ байрыг эзэмшээд байгааг тодруулаагүй байна, тогтоогоогүй байна, үүнийг тодорхойлох гэдэг. Мөн 2 шаардах эрхийг давхардуулж хэрэглэсэн байна гэх 2 үндэслэлээр буцаагдсан. Аль аль үндэслэл засагдаад ирсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь Нотариатчдын танхим болон Прокурорын байгууллагуудаас анхан шатны шүүх яг давж заалдах шатны хэлсэн ажиллагааг залруулахаар албан бичиг хүргүүлээд Нотариатчдын танхимаас Б.Б, Т ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг гэрчилсэн гэх нотариач байдаггүй гэх албан бичиг ирсэн. Үүнээс үзэхэд энэхүү гэрээ хуулийн дагуу биш гэрээ гэдэг нь тогтоогдсон. Мөн Прокуророос ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаагүй гэх баримтууд ирсэн учраас энэхүү ажиллагаанууд залруулагдаж зөв болж ирсэн учраас анхан шатны шүүх үндэслэлтэйгээр дахин шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад товлогдсоныг талуудад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан цагтаа эхлээгүй буюу тухайн өдрийн 16 цаг 32 минутад эхэлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхцсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсын хамт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн, шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх.200, 209/

Дээрх байдлаар шүүх хуралдаан товлогдсон цагтаа эхлээгүй нөхцөл байдалд, хариуцагчийн өмгөөлөгчийн өөр товлогдсон шүүх хуралдаан давхцсан, энэ талаар шүүхэд мэдэгдсэн байхад анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцэхгүй.

5. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх С ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарыг маргааны зүйл болж буй орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тус орон сууцанд орсон Б.Н, Б.Б нарыг маргааны зүйл болж буй орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарласан байна.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нар маргааны зүйл болж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь хууль бус эсэхийг тодруулаагүй байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг шүүхийн тогтоох хэсэгт баримтлан хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эзэмшлээс чөлөөлүүлэх агуулгатай байна.

Хэргийн 62-76 дугаар талд хариуцагч Б Т ХХК-д дээрх маргаан бүхий орон сууцны тоотыг бичиж мөнгө шилжүүлсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагч нар нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэх учиртай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан бөгөөд Т ХХК-ийн эрх ашигт уг маргаанд сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бат-Эрдэнийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО