| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2017/0891/з/ |
| Дугаар | 221/МА2018/0145 |
| Огноо | 2018-02-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2018/0145
2018 оны 02 сарын 28 өдөр Дугаар 221/МА2018/0145 Улаанбаатар хот
О а и Т Х Т-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Ө.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цнарын давж заалдах гомдлоор, О А и Т Х Т-ийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, 31.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О А и Т Х Т-ийн Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, О А и Т Х Т аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн “...Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримттай болон хэргийн материалтай танилцуулаагүй, гуравдагч этгээдээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнийг танилцуулаагүй шууд шүүхийн шийдвэр гаргасан, ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан захирамжид давж заалдах гомдол гаргах талаар шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шууд хэргийг хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргасан.
...Мөн анхан шатны шүүх О А С Х-г татан буулгасан талаар өөр шийдвэр бичгийн хэлбэрээр гаргаагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо нь өөрөө эрх зүйн харилцаанд оролцож, үр дагавар бүхий бичгийн хэлбэртэй захиргааны акт гаргасан нь тус Сонгуулийн ерөнхий хорооны 341, 348 тоот албан бичгүүдээр нотлогдож байна. ...Түүнчлэн анхан шатны шүүх дээр маргаан бүхий захиргааны актуудыг захиргааны акт мөн гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэж байна. Учир нь хэрэгт сүүлд авагдсан баримтуудтай нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн алинд ч танилцуулаагүй бөгөөд хэрэгт шинээр баримтууд авагдсан болохыг шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад л сонсож мэдсэн болно. Иймд хэрэгт авагдсан баримтуудтай гуравдагч этгээдүүдийн хувьд бүрэн танилцаагүй тул шүүх хуралдаанд бүрэн дүүрэн мэтгэлцэж оролцох боломжийг олгоогүй гэж үзэж байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд гаргасан бие даасан шаардлага болох “Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дүгээр албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-47.1.7-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байснаа шүүх хуралдааны явцад хүчингүй болгуулахаар өөрчилсөнийг харьяаллын биш гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан шийдвэр тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.14-т тус тус зааснаар орон нутгийн хурлын дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжтой гэж үзсэн хирнээ уг дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны улсын төсөвт тусгуулж батлуулсан сонгуулийн хороонд олгохыг даалгуулах гэсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэл, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
О А и Т Х Т-ээс “Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, О А и Т Х Т аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг, О А С Х-ноос “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах, Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж “...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулжээ.
Аймгийн Сонгуулийн хороог байгуулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээ, орон нутгийн дахин сонгууль явуулах зардлыг улсын төсөвт суулгах эсэх талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Сонгуулийн хороо, Сонгуулийн ерөнхий хорооны хоорондын харилцаа нь Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй эсэх, аймгийн Сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулах зардлыг улсын төсөвт суулгуулахаар нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар О А и Т Х Т-ийн нэхэмжлэл, О А С Х-г бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхэд хуульд тусгайлан заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд О А и Т Х Т , О А С Х-г хуульд тусгайлан заасан асуудлаар нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцуулаагүй гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй төдийгүй шүүхээс тэдгээрийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 тоот албан бичгийн үйлчлэл нь Сонгуулийн Ерөнхий хорооны даргын гарын үсэг бүхий 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 тоот албан бичиг гарснаар дуусгавар болж, эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан актын шинжээ алдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0060 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасныг тус тус баримтлан О А и Т Х Т-ийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, О А и Т Х Т аймгийн Сонгуулийн хороог байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл, “...дахин сонгуулийг зохион байгуулах зардлыг 2018 оны төсөвт тусгуулж, батлуулан, тус сонгуулийн хороонд олгохыг даалгах, Сонгуулийн Ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 341 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 2, 5 дахь заалтын дугаарлалтыг 3 гэж өөрчлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН