Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 13

 

Л.М- д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-гийн өмгөөлөгч Д.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар магадлалтай, Л.М- д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нарын хамтран гаргасан гомдол, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... овогт Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгчTop of Form Л.М- г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 10 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Л.М-  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2 180 000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г- нь үлдэх 995 600 төгрөгийг авахаас татгалзсан болохыг дурдаж,

Шүүгдэгч Л.М- гийн төрсөн хүү М.Ц-ийн асран хамгаалагчаар С.Х-г тогтоосныг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхээс тухайн хэрэгт ач холбогдолгүй, хэргийн бодит үйл баримтыг тогтоох, зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал болохооргүй үндэслэлийг зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Ялтан Л.М- гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед олон тооны гэмтэл учирч тахимны артерын буюу тараагуур судас нь тасарч гэмтсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

Түүнчлэн М-ийн биед цус гарахаар зүсэгдсэн, хатгагдсан гэмтэл шарх сорви үүсээгүй нь түүний биед хийсэн үзлэгээр нотлогдож байгаа тул давж заалдах шатны шүүхийн “...шүүгдэгч, хохирогч нарын хувцсанд үзлэг хийж хураан авсан боловч хувцсанд шинжилгээ хийлгэсэн, буцаан олгосон эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийг зөрчсөн, энэ нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтооход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Л.М- , амь хохирогч нарын хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялангуяа гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан шалгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг мөн хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон тухайн хэрэг үйлдэгдэхээс өмнөх тэдний харилцаа, тэднийг архи ууж байхдаа ямар зан ааш авиртай байсныг хангалттай тогтоосон байдаг. Архи ууж байх явцад амь хохирогч А  нь ямар нэг ааш авир гаргаагүй, харин шүүгдэгч Л.М-  нь нилээн орилж хашгирсан, нөхөр лүүгээ уурлаж байсан нь Л, Н, Б зэрэг гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Л.М-  /хх-67/, гэрч Л /хх-135/, Б /хх-127/ нарын мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр хохирогчийг нилээн согтсон байсныг нотолдог.

Мөрдөн байцаалтын явцад хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан эсэхийг тогтоолгохоор Л.М- гийн хүсэлтээр гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн ба нэр зааж асуулгасан гэрч болох түүний эцэг, ах нар болон бусад гэрч нар нь өөрсдийн нүдээр харж, сонссон зүйлгүй харин бусдаас сонссон гэсэн дамжмал байдалтай мэдүүлэг өгсөн байдаг.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Л.М- г урьд өмнө нь зодож байсан, жирэмсэн байхад нь гэдэс рүү нь өшиглөж ураг нь зулбасан гэж давж заалдах гомдолдоо тусгасныг хүлээн авсан нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт болсон.

Шүүгдэгчид савны гадуурх жирэмслэлт гэсэн онош тавигдаж цэвэрлэгээ хийж эмчилсэн /хх-67/ нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул зодуулсны улмаас ураг нь зулбасан гэдгийг үгүйсгэж байна.

Харин ялтан Л.М-  нь давж заалдах гомдолдоо нөхрийгөө Ш.Б-ийн эхнэр О-тай хардсан гэж тодорхой бичсэн байдаг. Эндээс түүний уг гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго, гэм буруу, хохирогчийн амь нас хохирсон хүнд хор уршиг нь шууд шалтгаант холбоо хангалттай нотлон тогтоогдож байхад гэр бүлийн хүчирхийлэл байсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд Л.М-  нь хохирогчийг хардаж улмаар хохирогчийн амь насыг хохироох зорилгоор хутгыг Э-ны гэрээс зориуд авч гараад түүнийг олон удаа хутгалж амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа тул түүнийг шууд санаатай үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж үзэж байна.

Түүний үйлдлийг хүндрүүлэх нөхцөлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар үүнийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байхад давж заалдах шүүх энэ талаар магадлалд огт тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Л.М-  нь олон удаа хутгалж, олон тооны гэмтлүүдийг учруулж, тараагуур судсыг гэмтээж цус алдаж, дотор эрхтэнүүдийн цочмог цус алдалтад хүрэх хэмжээнд хүртэл зовоон тарчлааж амь насыг нь онц харгис хэрцгийгээр хохироосон гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдож байгаа тул Л.М- гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж гомдол гаргаж байгаа тул хэргийн зүйлчлэл, бүрэлдэхүүний асуудлыг хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.М- , хохирогч Г.А  нарын гэмт хэрэг гарах үед өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хувцаснуудад мөрдөн шалгах ажиллагааны үед үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримт хадгалах өрөөнд шилжүүлэхээр тогтож тэмдэглэл үйлдсэн /1хх-35-43/ боловч дээрх хувцаснуудад шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн эсхүл тухайн эд мөрийн баримтыг устгасан, хэргийн оролцогчдод буцааж олгосон эсэх нь тодорхойгүй байдлаар орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн, энэ нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтооход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй … гэж үзэн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 426 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогч П.Г-, гэрч С.Б, О.Э, У.М, Г.У, Ш.С, Ө.Б, З.О, Д.Б нарын мэдүүлэг, мөн яллагдагч Л.М- гийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар Л.М-  нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил гаргаагүй болно.

Хэрэгт ...хохирогч болон яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авах талаар тусгажээ. Мөрдөгчөөс тухайн хувцысыг эд мөрийн баримтаар тооцоогүй бөгөөд Л.М- гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугласан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.

 Давж заалдах шатны шүүхээс хэргийн материалыг бүхэлд нь хянаж дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэх заалтуудыг зөрчиж Л.М- д холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэлгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Л.М- , хохирогч Г.А  нарын хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялангуяа гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүрээний хүчирхийлэл байсан эсэхийг тодруулах зорилгоор хэрэгт гэрч Г.Л, Л.М, Л.М, Л.М нараас мэдүүлэг авсан, мөн яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрч Ж.Г, Б.Н нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. ...Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр магадлалд заахдаа уг ажиллагаа нь хэргийн зүйлчлэл, онол болон яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагад нөлөөлж болох, уг ажиллагаа нь хэрэгт нотолгооны ямар ач холбогдолтой талаар дүгнэлт хийгээгүй байдал харагдаж байна.

Л.М- д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Л.М-  нь хохирогчид 8 тооны шарх, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 10.5x2.5 см хэмжээтэй ангархай үүсгэж, артерийн судсыг гэмтээсний улмаас амь хохирогч нас барсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл тохироогүй хэмээн давж заалдах гомдол гаргасан. Онц хэрцгий аргаар, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж амь насыг нь хохироосон гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гомдлын талаар магадлалд тусгасан зүйл байхгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2 үндэслэл нь ач холбогдолгүй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон эсэх нь онцгой ач холбогдолтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Л.М-  хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Давж заалдах шатны шүүх тухайн үед амь хохирогчийн өмсөж явсан хувцсыг хураан авсан талаар тэмдэглэл үйлдсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн байна. Эд мөрийн баримтаар хураан авсан талаар тэмдэглэл үйлдсэн боловч эд мөрийн баримтаар тооцоогүй. Эдгээр хувцсыг шүүхэд ирүүлснээр ямар ач холбогдолтой талаар магадлалд тодорхой тусгаагүй учраас магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.

Тухайн үед шүүгдэгч, хохирогч аль аль нь согтуу байсан, амь хохирогч шүүгдэгчид байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг хэлсэн саналдаа “...Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаартай магадлалд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэл хангалттай тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг, мөн гэр бүлийн хүчирхийлэл байсан эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгааныг тогтоох ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ажиллагаа дутуу хийгдсэн байна. Хувцсыг эд мөрийн баримтаар тооцохгүй тухай шийдвэр гараагүй бөгөөд Л.М- гийн үйлдлийн сэдэлт зорилгыг тогтоох ажиллагаанд дээрх баримтууд хамаарах юм. Хувцаснууд нь хэний цусаар бохирлогдсон эсэх нь тогтоогдох ёстой. Эдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар нотолгооны хэрэгсэл гэж үзэж байна. Шүүгдэгчийн мэдүүлгийг яллах үндэслэлээ болгож байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлын талаарх ажиллагаа явагдаагүй нөхцөл байдлыг харуулна. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Л.М- д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Л.М- г согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ... нутаг дэвсгэр, ....гэх газарт нөхөр Г.А ын зүүн гуянд хутгалж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Л.М- г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон эсэх, үйл баримттай холбогдох хүмүүсийг, нотлох баримтуудыг бүхэлд нь шалгаж дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Л.М- , амь хохирогч Г.А  нарыг хоорондоо таарамжгүй харилцаатай байсан, амь хохирогч нь шүүгдэгчид гэр бүлийн хүрээний  хүчирхийлэл үйлддэг байсан талаар яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүд хэрэгт цугларсан, уг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судалсан атлаа энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн эсэхэд огт дүгнэлт өгөөгүйгээс гадна гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нарын өмсөж явсан хувцсыг эд мөрийн баримтаар хураан авсан гэх боловч хуульд заасан журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, ажиллагаа хийснээр хэргийн үйл баримт үндэслэлтэй тогтоогдохоос гадна хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц байж болдог.

Б.М өөрийн нөхөр Г.А ын биед хутгаар гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас Г.А  амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон боловч Г.А ын ямар үйлдэл ийм нөхцөл байдалд хүргэхэд шууд нөлөөлсөн эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай.

Учир нь хүнийг алах гэмт хэргийг аргагүй хамгаалалт, эсхүл сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөлд үйлдэхийг Эрүүгийн хуулиар хохирогчийн хууль бус үйлдлээс шууд шалтгаалан үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй байх, эсхүл “Хүнийг алах” гэмт хэргээс хөнгөн хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болдог бөгөөд шалгагдвал зохих дээрх нөхцөл байдлууд нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг.

Нөгөө талаас хохирогч согтуу байсан нь тухайн нөхцөл байдал, хохирогчийн бие махбодийн онцлогоос шалтгаалж биеэ хамгаалах чадваргүй түвшинд хүрсэн эсэх, хохирогчид учруулсан гэмтлүүд нь тооны хувьд ч, учрах үедээ ч хохирогчийг зовоон шаналгахаар байсан эсэхэд прокурор, анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хангаж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нарын хамтран гаргасан гомдлыг хангаж, прокурор Т.Дэлгэрсайханы  бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН