2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/06358

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... , ... гудамж, ... байранд байрлах ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод байрлах М... ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж ... тоотод байрлах И... ХХК нарт холбогдох,

... төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Б.Д, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр М ХХК-иас ирүүлсэн “... Бид танай компаниас үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, өөрийн эзэмшиж буй ордыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор 1000 тонн шатахууныг 6 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүсч байна. Нийт шатахууны татан авалтыг 1 сарын дотор авах хүсэлтэй бөгөөд эргэн төлөх хуваарийг хүснэгтээр илэрхийлэв”. Тус зээлийг С ХХК-ийн ... аймгийн ... сумын ... нэртэй газарт орших ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ...дугаартай талбайд нэмэлт хайгуул өрөмдлөгийн ажилд зарцуулна. Иймээс “С... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.С миний 100 хувь хувьцаа эзэмшлийн М... ХХК дээр зээл хүсэж байгаа болно” гэх утгатай тоот албан хүсэлтийг хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ...тоот 2,550,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож И... ХХК-ийн өмчлөлийн ... дүүргийн ... дугаар хороо, ...үйлдвэрийн гудамж ..,...,..., ... хаягт байрлалтай нэгж талбарийн ... дугаар бүхий... м.кв газар,  ... дүүргийн ... дугаар хороо, ... үйлдвэрийн гудамж ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай улсын бүртгэлийн ...дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  ... дүүргийн ... дугаар хороо, ... үйлдвэрийн гудамж ... тоот хаягт байрлалтай ... м.кв талбайтай улсын бүртгэлийн ... дугаартай контор, үйлдвэрийн зоорийн давхартай зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаанд бариулж барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлж, М... ХХК-ийн шаардлагатай шатахууныг хугацаанд нь нийлүүлсэн бөгөөд М... ХХК нь гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нийт 2,550,369,750 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,145 литр дизелийн түлшийг зээлээр худалдан авч гэрээний нийт үнийн дүнгээс илүү гарсан 369,750 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/a/a18 тоот гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу шатахуун худалдан авснаас 2 дахь сараас төлбөр төлж эхлэх ба 6 сарын хугацаанд М... ХХК нь үндсэн төлбөрийг тохиролцсон хүүний хамт хуваарийн даруу төлөхөөр тохиролцож гэрээний хавсралтанд төлбөрийн хуваарийг тусгасан. М... ХХК 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эхний удаагийн үндсэн төлбөр 127,500,000 төгрөг, зээлийн хүү 30,600,000 төгрөг, нийт 158,100,000 төгрөгийн төлбөрийг төлж, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 2,422,500,000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу дагуу М... ХХК нь зээлээр худалдан авсан шатахууныг төлбөрийг 180 хоногийн хугацаанд гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу төлөх ёстой. Гэвч М... ХХК нь хуваарийн дагуу эхний төлбөрийг төлөөд, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй. Манай компаний зүгээс төлбөрөө төлөхийг байнга шаардаж байсан боловч захирал Б.С нь удахгүй төлнө, санхүүжилт хүлээж байна орж ирэнгүүт төлнө гэх мэтээр төлнө гэж удаа дараа амаар болон, албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй манай компанийг хохироож байна. Манай компани нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болох автобензин, дизелийн түлш, шатах тослох материал импортлох, худалдах, улс орны стратегийн салбарууд болох батлан хамгаалах, эрүүл мэнд, уул уурхайн салбаруудыг шатахуунаар ханган ажилладаг, эргэлтийн хөрөнгөө арилжааны банкны зээлээр санхүүжүүлдэг, ОХУ-аас урьдчилгаа төлбөрөөр шатахуунаа худалдан авдаг. М... ХХК нь их хэмжээний шатахууны төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас өнгөрсөн хугацаанд манай компани нь гадаад төлбөрөө хугацаанд төлж чадахгүй байх, үүний улмаас бусдын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж ч чадахгүй байдалд хүрч арилжааны банкны зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлж алдагдалд орж хохирч байна. 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай гэрээний 2.6-д худалдан авагч нь зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөрт сарын 1,2 хувиар тооцож хүү төлнө, 5.1-т худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөхгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож хоног тутам алданги төлнө гэж заасан байдаг. М... ХХК нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй 873 хоног хугацаа хэтрүүлсэн ба өнөөдрийн байдлаар тооцогдсон алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 1,211,250,000 төгрөг болсон. Гэрээний хасвралтанд заасан төлбөл зохих хүүний төлбөр 99,450,000 төгрөг болсон байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. М... ХХК-иас зээлээр худалдан авсан шатахууны төлбөр 2,422,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 99,450,000 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас үүссэн алданги 1,211,250,000 төгрөг, нийт 3,733,200,000 төгрөгийг гаргуулах,  ... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

2. Хариуцагч М... ХХК хариу тайлбартаа: “Үндсэн төлбөр болон хүүг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

Хариуцагч И... ХХК хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч М... ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэгт төлөх төлбөрийг М... ХХК-иас гаргуулах нөхцөл бололцоо байсан боловч манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны хөрөнгүүдийг албадан борлуулах гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М... ХХК-ийн дүрэм, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М... ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний албан бичиг, И... ХХК-ийн тодорхойлолт, М... ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар албан хүсэлт, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаарт албан хүсэлт, Н... ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар гэрээний төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар гэрээний төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шатах тослох материалын тооцоо, хариуцагч нараас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шүүхэд гаргаж өгсөн байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 2,422,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 99,450,000 төгрөг, алданги 1,211,250,000 төгрөг, нийт 3,733,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М... ХХК алдангийг эс зөвшөөрч, хүү алдангийг давхардуулан бодсон нь үндэслэлгүй гэсэн бол хариуцагч И... ХХК барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж маргажээ.

         6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Н... ХХК болон М... ХХК нар газрын тосны бүтээгдэхүүнийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2,550,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар гэрээгээр тогтоогдож байна.

Энэхүү гэрээний 2.6-д “...санхүүжилтийн зардал буюу зээлийн хүү нь сарын 1.2 хувь байна. Зээлийн хүүгийн төлбөрийг сар бүрээр тооцон, нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ дээр нэмж төлнө”, 5.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно” гэж тус тус тохиролцжээ.

Хариуцагч М... ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн төлбөр 127,500,000 төгрөг, зээлийн хүү 30,600,000 төгрөг, нийт 158,100,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй болно.

Мөн Хариуцагч М... ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, үнийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд бүтээгдэхүүний үнэ 2,422,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 99,450,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрчээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч И... ХХК нь Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... үйлдвэр гудамж ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, Контор, үйлдвэр зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, зоорийн давхартай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ...үйлдвэрийн гудамж ... тоот хаягт байршилтай 864 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... дүүргийн Үйлдвэр ..., ..., ..., ..., хаягт байрлах ... м.кв /0,5496 га/ газар барьцаалсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

7. Н... ХХК болон М... ХХК нар газрын тосны бүтээгдэхүүнийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2,550,000,000 төгрөгөөр сарын 1.2 хувийн хүүтэй зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Зээлээр худалдах худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаан гаргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймд хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч М... ХХК хариу үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

Хариуцагч нэхэмжлэгчийн “Зээлээр худалдах худалдан авах гэрээний бүтээгдэхүүний үнэ 2,422,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 99,450,000 төгрөг” гэж тооцоолол гаргасныг зөвшөөрсөн тул хариуцагч М... ХХК-иас зээл, хүүгийн төлбөрт 2,521,950,0000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Түүнчлэн талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно” гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Алдангийн хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдрөөс нэхэмжлэгч шаардлага гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 2,422,500,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн тал хувиас хэтэрч байх тул 1,211,250,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулах үндэслэлтэй болжээ.

Алданги нь гэрээний баталгаа бол хүү нь хугацаатай төлбөрийн нэмэлт төлбөр байдаг тул хүүтэй хамт алдангийг давхардуулан хэрэглэхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч М... ХХК-иас 3,733,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.  

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч болон И... ХХК барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Иймд зээлдэгч М... ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ...үйлдвэр гудамж ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, Контор, үйлдвэр зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, зоорийн давхартай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... үйлдвэрийн гудамж ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ... дугаартай, ... дүүргийн Үйлдвэр ..., ..., ..., ..., хаягт байрлах 5496 м.кв /0,5496 га/ газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,894,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М... ХХК-иас 18,823,950 төгрөг, И... ХХК-иас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М... ХХК-иас 3,733,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н... ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М... ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч И... ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... үйлдвэр гудамж ... тоот хаягт байршилтай 1620 м.кв талбайтай, Контор, үйлдвэр зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй, зоорийн давхартай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... үйлдвэрийн гудамж ... тоот хаягт байршилтай 864 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ... дугаартай, ... дүүргийн Үйлдвэр ..., ..., ..., ..., хаягт байрлах 5496 м.кв /0,5496 га/ газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,894,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М... ХХК-иас 18,823,950 төгрөг, И... ХХК-иас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ