| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/00432/И |
| Дугаар | 192/ШШ2025/06361 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/06361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... оршин суух Г овогт О. Б,
Нэхэмжлэгч: ...........оршин суух Г овогт О.Н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...............оршин суух Ш овогт Д-ын С,
Хариуцагч: .................оршин суух Д М-ийн А,
Хариуцагч: ................оршин суух Б овогт С.Ө нарт холбогдох,
70,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга З.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “О.Б миний бие ............ тоот орон сууцыг худалдан авч өөрийн дүү О.Н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Энэхүү орон сууцыг Д.С, С.Д нарт 82,740,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эзэмшлийг 2015 оны 7 дугаар сард шилжүүлсэн. Д.С, С.Д нар 40,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр төлөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэр гарсан. Улмаар Д.С 38,000,000 төгрөг буцаан шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэхүү орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 70 сарын хугацаанд сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэн С.Ө, М.А нар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 70,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч С.Ө хариу тайлбартаа: “Б.Б, О.Н нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад С.Ө миний бие дараах тайлбарыг гаргаж байна. С.Ө миний бие Д.С-ийн том охин бөгөөд манайх ам бүл 6- уулаа, би 3 эрэгтэй дүүтэй. С.Д бол миний хамгийн бага дүү байсан. Миний аав, ээж Санхүүгийн техникум төгссөн, нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс байсан бөгөөд олон жил энэ мэргэжлээрээ ажилласан, хийсэн бүтээсэн зүйлтэй, нэр хүндтэй хүмүүс байсан. Ээж маань 2010 онд бурхан болж, аав маань 2025 оны 03 дугаар сард мөн бурхан болсон. Мөн хамгийн бага дүү С.Д 2022 оны 06 дугаар сард нас барсан. Бидний хувьд бие биедээ дэмтэй тустай явдаг эгч дүүс бөгөөд харин өөрийн өөрийн амьдралтай хүмүүсийн хувьд бие биенийхээ хувийн амьдралд оролцоод байдаггүй тийм л хүмүүс. Нэхэмжлэгч Б.Б-ын аав, ээж нь манай аав, ээжтэй нэг нутаг усны хүмүүс гэж ярьдаг бөгөөд хамгийн бага дүү С.Д-тай Б.Б нь найзууд байсан. Нэхэмжлэгч нарын бичээд байгаа уг орон сууцны талаар миний бие өмнө нь мэддэггүй байсан бөгөөд сүүлд 2021 онд ааваасаа сонсоход "дүү С.Д найз Б.Б-аас байр худалдан авахаар болж гэрээг нь аав байгуулсан, тохирсон төлбөрөө бүрэн төлсөн боловч, байрны гэрчилгээг нь гаргаж өгөхгүй маш их удсан, гэтэл Б.Б нь өөрийн болон дүүгийнхээ нэр дээр байрны гэрчилгээг гаргаад банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан талаар олж мэдсэн. Тиймээс ядаж төлсөн мөнгөө олж авахаар шүүхэд хандсан байгаа” гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа аав маань “Шүүхийн шийдвэр гарсан, Б.Б-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, бид мөнгөө авчихвал байрыг нь суллаад өгнө" гэж ярьж байсан. Үүнээс хойш Б.Б нь шүүхийн шийдвэрээр шийдсэн мөнгөө өгөхгүй байгаа гэж аав маань хэлж байсан бөгөөд миний хажууд хүртэл Б.Б-тай утсаар ярьж байсан. Тэр үед Б.Б нь “ахаа түр хүлээж байгаарай, дүү нь удахгүй өгнө” гэж хэлж байсан. Ер нь бол аав маань Б.Б-тай байнга холбогдож мөнгөө шаардаж байсан бөгөөд ингэх болгонд "14 хоногийн дараа, 7 хоногийн дараа 100 сая, 50 сая төгрөг орж ирнэ. Тэгээд шууд өгнө” гэж үргэлж худлаа ярьдаг байсан гэсэн. Дүү маань нэхэмжлэгчийн бичээд байгаа ......... хаягт байрлах орон сууцанд 2015 оноос бурхан болтлоо буюу 2022 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл ганцаараа амьдарч байсан. Миний дүү С.Д маань олон жил бие нь өвдөж маш олон хагалгаанд орж байсан бөгөөд эцсээ хүртэл найз Б.Б-таа итгэсээр байсан ч бурхан болтол нь шүүхээр шийдэгдсэн мөнгийг нь өгөөгүй байсан. Учир нь миний дүүгийн гэр бүл гадаадад амьдардаг байсан. Гэр бүл дээрээ очих мөнгө өө энэ Б.Б-д өгч энэ орон сууцыг авсан байсан бөгөөд нэгэнт орон сууцны гэрчилгээ нь гарахгүй байсан, мөн дүүгийн маань бие улам муудаж байсан учраас Б.Б-д өгсөн мөнгөө аваад эмчилгээндээ зарцуулна гэж байсан ч авч чадахгүй байсаар, мөнгө өө авах зорилгоор энэ орон сууцанд амьдарсаар бурхан болсон. Сүүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг орон сууцыг нь хураан авч зараад төлбөр мөнгийг нь өгсөн байсан. Төлбөр мөнгөний талаар уулзаж ярилцъя гэхээр Б.Б нь зугтаад огт бидэнтэй уулздаггүй байсан. Миний аав болоод миний бие уг орон сууцыг бусдад түрээсэлж орлого олсон зүйл огтоос байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл аав, дүү хоёрыг бурхан болтол сэтгэлийн шаналалд оруулж, хуурч мэхлэчихээд ямар ч хамааралгүй С.Ө намайг энэ орон сууцыг нь бусдад түрээслэн орлого олсон мэтээр худалд зүйл бичиж хариуцагчаар татан төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэж заасан бөгөөд С.Ө миний хувьд нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй юм. Ер нь бол миний бие өөрийн гэсэн бизнестэй, тодорхой хэмжээний хүмүүс удирдаад ажилдаг, амьдралдаа хангалттай хүрэлцэхүйц орлого олдог бөгөөд нэхэмжлэгчийн хэлээд байгаачлан энэ хүний орон сууцыг бусдад түрээслэн орлого олох ямар ч шаардлага байхгүй, тэгж түрээслэж орлого олж байсан удаа ч байхгүй юм. Нэхэмжлэгч Б.Батбаяр нь дүүг маань энэ орон сууцандаа амьдарч байх хугацаанд нь үргэлж л орж, гарч байсан бөгөөд энэ орон сууцыг ямар нэгэн байдлаар хэнд ч түрээслэж байгаагүй гэдгийг мэдхийн дээдээр мэдэж байгаа байж ингэж худал зүйл бичиж бурхан болсон аав, дүү хоёрын маань ясын өндөлзүүлж, ийм увайгүй байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг үнэхээрийн ихээр гайхаж, гомдож байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Хариуцагч М.А хариу тайлбартаа: “Б.Б, О.Н нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад М.А миний бие дараах тайлбарыг гаргаж байна. М.А миний бие Д.С-ийн дунд хүү С.М-ийн охин бөгөөд миний аав нэг эгч, нэг ахтай, мөн нэг дүүтэй айлын дөрвөн хүүхдийн дундах юм. Миний өвөө Д.С нь 2025 оны 03 дугаар сард бурхан болсон бөгөөд манай аавын дүү С.Д нь 2022 оны 06 дугаар сард мөн бурхан болсон. Миний бие нэхэмжлэгч нарыг таньдаггүй, ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Манай өвөө Д.С манай аавын эгч болох С.Ө нь орон сууц авч өгсөн бөгөөд өвөө маань настай хүн учраас өвөөгөө харж, халамжлах үүднээс миний бие өвөөтэйгөө хамт амьдардаг байсан. Харин аавын дүү болох С.Д нь бурхан болтлоо буюу 2022 оны 06 дугаар сар хүртэл уг орон сууцандаа амьдарч байсан. Аавын маань дүү маш олон хагалгаанд орж олон жил эмчилгээ хийлгэж байсан. Сүүлд аавын дүү болон С.Д ахыг бурхан болсны дараа өвөө маань “ахын чинь амьдарч байсан орон сууцанд хүн байхгүй төлбөр нь гарсаар байна. Ууг нь хүнээс нь төлбөр мөнгөө авчихвал өгчихмөөр байна. Мөнгөө өгөхгүй бол ядаж нэг хоёр сар ч болтугай түрээслүүлдэг юм билүү гэж" хэлж байсан. Ингээд өвөө маань “нэг хүнд түр түрээслүүлэх боллоо, өвөө нь очиж чадахгүй байна. Миний охин очоод түрээсийн гэрээг нь байгуулчих гэж” хэлж миний бие 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц хөлсний гэрээ”-г иргэн Ю.О гэдэг хүнтэй байгуулсан боловч байрны эзэн гэж нэг хүн ирээд хөөж, туугаад, согтуу ирж агсан согтуу тавиад байна гээд удахгүй түрээслэхээ болиод гарсан гэсэн. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Миний өвөө болоод манай аавын эгч, мөн миний бие энэ орон сууцыг бусдад удаан хугацаанд буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичээд байгаагаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бусдад түрээслэн орлого олсон гэж байгаа нь ямар ч үнэн нийцэхгүй худал зүйл бөгөөд энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ" гэж заасан бөгөөд иргэн М.А миний бие хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, эд хөрөнгийн лавлагаа, тэнхлэг зууч компанийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1927 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн .. дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1279 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ..дугаар шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ...дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал, хариуцагчаас итгэмжлэл, нас барсны бүртгэлийн лавлагаа, эмнэлгийн магадалгаа, тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөн.
Хэргийн 8-22, 37,41-42 хуудаст авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учир үнэлэгдээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч О.Б, О.Н нар нь 70,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М.А, С.Ө нар эс зөвшөөрч, үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж маргажээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Д.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.
Д.С болон О.Б нар нь .........орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч талууд гэрээнээсээ татгалзсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1279 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Энэхүү захирамжийн 1 дэх хэсэгт ... хариуцагч О.Б 38,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч Д.С нь ............тоот, 39.6 м.кв 1 өрөө орон сууцыг чөлөөлөхөөр харилцан тохиролцсоныг баталжээ.
Гэтэл О.Б-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 38,260,000 төгрөгийг Д.С-д шилжүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журналаар тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч О.Б, О.Н болон М.А, С.Ө нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.
“Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ.
Харин Д.С болон О.Б нар нь .............тоот, 39.6 м.кв 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон боловч талууд гэрээнээсээ татгалзсан. Энэхүү гэрээг дуусгавар болгох хугацааг 38,000,000 төгрөгийг буцаан төлөх хүртэлх хугацаагаар тогтоосон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гэрээг дуусгавар болгохтой холбоотой харилцаа үргэлжилж байсан байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.С-д холбогдох шаардлагаасаа татгалзаагүй бөгөөд тэрээр нас барсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч О.Б нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээс татгалзах хугацааг тогтоохдоо 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжилсэн түрээсийн төлбөрийг шаардаж байгаагүй ба 38,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч орон сууцыг түрээслэн орлого олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Үүргийн эрх нь харьцангуй эрх болохын хувьд зөвхөн үүрэг хүлээсэн этгээдүүдийн хооронд хэрэгждэг бөгөөд гэрээнд оролцоогүй этгээдэд хамаарахгүй тул М.А, С.Ө нарт холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
Иймд хариуцагч М.А, С.Ө нарт хөрөнгө шилжүүлээгүй, тэдгээртэй гэрээ байгуулаагүй, хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөтэй болсон нь тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болжээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул М.А, С.Ө нарт холбогдох, 70,000,000 төгрөг гаргуулах тухай О.Б, О.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ