2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/06359

 

 

 

 

 

 

                                                         2025             08            18  

                                       192/ШШ2025/06359

              

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БНДГ-ийн 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

91,557,493.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хариуцагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 61,238,169.19 төгрөг, өрнөөс үүссэн алданги болох 30,319,325 төгрөг, нийт 91,557,493.79 төгрөгийн өрийг үүсгээд байна. Хариуцагчид нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах тухай улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 007 дугаар албан шаардлагыг хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасан боловч хугацаандаа төлөөгүй. Иймд 91,557,493.79 төгрөгийн гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлүүлж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ...дугаар албан шаардлага, дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэл, хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2025 оны 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын алданги тооцсон хүснэгт шүүхэд гаргаж өгсөн байна.

       ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 61,238,169.19 төгрөг, өрнөөс үүссэн алданги 30,319,325 төгрөг, нийт 91,557,493.79 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй байна.

        6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.ХХК 2021 оны 8 дугаар сараас 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 61,238,169.19 төгрөгийн өр үүсгэсэн болох нь нэхэмжлэгч Б... газраас хариуцагчийг өр төлбөрөө барагдуулах талаар мэдэгдсэн албан бичиг, улсын байцаагчийн албан шаардлагаар тогтоогдож байна.

Улмаар Б.. ХХК-ийн банкин дахь зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1515 тоот албан бичгээр нотлогдож байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан.

Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй тэгээд болох Б.Б... нь нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 100.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно” гэж заасны дагуу зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн 16 дугаар зүйлийн 1-т Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1-т Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг хүлээхээр, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж тус тус заажээ.

9. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий  /шинэчилсэн найруулга/ хуулиас өмнө  Нийгмийн даатгалын тухай хуулиар /1994 он/ нийгмийн даатгалын харилцааг зохицуулж байсан бөгөөд нэхэмжлэлээр шаардсан Б.. ХХК-ийн ажиллагсдын 2021 оны 8 дугаар сараас 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь энэ хууль хүчинтэй байх хугацаанд үүсч, шинэ хууль үйлчилж эхэлсэн хугацааны өр төлбөр хамаарч байх тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий  /шинэчилсэн найруулга/ хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

10. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэхээр заажээ. 

Хариуцагч Б.. ХХК нь 2021 оны 8 дугаар сараас 2025 оны 2 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 61,238,169.19 төгрөгийн шимтгэлийг дутуу төлсөн, шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас үндсэн өр төлбөр 61,238,169.19 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

11. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан ба нэхэмжлэгчийн алданги шаардах эрх нь хуулиар үүсч байх тул алданги 30,319,325 төгрөгийн хамт хариуцагчаас 91,557,493.79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б... газарт олгож нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 615,737 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. ХХК-иас 91,557,493.79 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.. газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б...ХХК-иас 615,737 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ