| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/05297/И |
| Дугаар | 192/ШШ2025/05877 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/05877
2025 07 21 192/ШШ2025/05877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **
Хариуцагч:***
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж, 61,185,536 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаад байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 1. Хариуцагч *** болон *** нар нь "шууд унаад явахад бэлэн, ямар ч асуудалгүй машин зарна" гэж зар тавьсан байсан боловч маргаан бүхий тээврийн хэрэгсэл болох Ford explorer машин нь доголдолтой байсан. Тус доголдлыг *** нарт маргааш өдөр нь мэдэгдэж засуулахаар 2-3 удаа засварын газар хамт очиж байсан боловч зориулалтын дагуу ашиглахад доголдолтой хэвээр байгаа ба энэ нь *** ХХК-ийн оношилгоо, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. 2. Түүнчлэн тус тээврийн хэрэгслийг худалдахдаа Солонгос улсаас 94,085 км гүйлттэй орж ирсэн гэж зар тавьж, мөн уулзахад адил зүйл хэлж байсан. Гэвч тээврийн хэрэгслийн гаалийн бичигтэй хамт өгсөн Солонгос хэл дээрх Автомашины бүртгэлийн гэрчилгээг орчуулгын товчоогоор орчуулуулахад хамгийн сүүлийн байдлаар 2023.03.23-ны өдөр Солонгос улсын *** гэх иргэнээс *** гэх иргэн рүү тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн тэмдэглэлд явсан км-ийн заалтыг 133,000 км гэж тэмдэглэсэн байна. Дээрх үндэслэлээр болон хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч *** нь худалдан авагчийг буюу нэхэмжлэгч *** хууран мэхэлж 133,000 км явсан, доголдолтой тээврийн хэрэгслийг 94,085 км явсан, ямар ч доголдолгүй гэж худалдсан болох нь нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1-д заасны дагуу ***ын ***г хууран мэхэлж хийсэн 2024.06.22-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчид цоо шинэ 0 км-тэй автомашиныг борлуулаагүй ба үүнийг нэхэмжлэгч өөрөө тухайн үедээ ойлгон ухамсарлаж машиныг өөрийнхөө хүсэлтийн дагуу гарах асуудлыг хариуцна хэмээн 4000 000 төгрөгөө буцаан авч улсын дугаараа авч гаруй км явж 3 сарын хугацаанд ашигласныхаа дараа үндэслэлгүй шаардлага тавих бөгөөд тухайн үед байсан машины жижиг доголдлыг арилгаж өгсөн. Гэтэл машин зарагдаад өөрсдийн хүсэлтээр машинаа буцаахгүйгээр улсын дугаар авч авсан, зах зээлийн хэрэгцээтэй үе өнгөрч машины зах зээлийн ханш буурсан алдагдал хохиролтой нөхцөлд байдалд оруулчихаад үндэслэлгүй шаардлага тавьж цуцлах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхдээ утсаа авахгүй гэх мэт худал зүйлээр шалтаглаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бидний тохиролцсоноор монгол улсын хилээр орж ирсэн дугаар аваагүй машиныг худалдаж аваад буцаах болон арилгуулах тохиолдолд ажлын 3 хоногийн дотор дариу мэдэгдэн засуулах эсхүл хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 20 хувийг суутгаж машины мөнгийг буцаах дүрэм журамтай байдаг. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгч доголдлоо харилцан тохиролцож 4 000 000 төгрөг буцаан авчаад, тээврийн хэрэгслийн доголдлыг засуулж янзлуулан зүгээр болсноо мэдсээр байж 3 сарын дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж үндэслэлгүй шаардлага тавьж биднийг хохироож байна...1.Автомашиныг "доголдолтой" гэж нуусан зүйл байхгүй. Машин худалдах, худалдан авах явцад бүх мэдээллийг нээлттэй өгсөн. Худалдагч тал тухайн автомашины мэдээлэл, техникийн байдал, оношилгоонд хамрагдсан тухай мэдээллийг бүрэн өгсөн. Худалдан авагч *** өөрөө болон ар гэрийнхэн нь машинтай танилцаж, үзэж шалгаж, шалгалтын явцад дурдсан эвдрэл гэмтэл, доголдол байхгүй бөгөөд сайн дураараа өөрсдийн хүсэлтээр худалдан авсан. 2. Машинд худал танилцуулга байгаагүй. Бид машин нь 94,085 км явсан гэдгийг бүрэн мэдээлсэн. Энэ машин Монголд орж ирсэн, гаальтай дугаар аваагүй баттай мэдээлэлтэй машин. 3. Хэдий ямар цаг хугацаанд доголдол гарсныг хэлэх боломжгүй гэж шүүх шинжилгээний тогтоол гарсан. хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй доголдлын магадлалтай. Бид энэ цаг хугацаанд тэдний хүсэлтээр өөрсдийн зардлаар текник үйлчилгээг бүрэн хийж өгсөн болно. 4. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан "хуурч мэхлэх" нөхцөлд нийцэхгүй. Худалдан, худалдан авах гэрээг сайн дурын өөрсдийн хүсэлтийн үндсэн дээр байгуулсан, үнийн дүн, барааны мэдээлэл, байдалд хуурамч мэдээлэл өгөөгүй болно. Иймд Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр, наториатаар батлуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээг хүчингүй болгох, телбер буцаах үндэслэл байхгүй гэж үзэж, иэкэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба хариу тайлбарыг харгалзан үзэж шийдэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, *** иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хуулбар, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, фото зураг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Автомашины бүртгэлийн гэрчилгээ, ***-ийн төлбөрийн баримт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, ***-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай албан бичиг, ***банкны 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ***банкны 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ***банкны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ***банкны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, фото зураг, хариу тайлбар зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ***4 дугаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байна.
Шүүхээс үзлэг хийх, гэрч асуух ажиллагаа хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хууран мэхэлсэн хэлцэл үндэслэлээр 2024 оны 06 сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэл Худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан 2024 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч *** болон хариуцагч ***нар байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээгээр хариуцагч ****арлын дугаартай, гаалиар 2024 оны 01 сарын 25-ны өдөр орж ирсэн, цагаан өнгөтэй 2014 онд үйлдвэрлэгдсэн Ford Explorer маркийн автомашиныг 64,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдсан байна (хэргийн 4-5 дахь тал). Талуудын байгуулсан гэрээгээр худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хариу төлбөрийг төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжид хамаарна.
4. Хариуцагч тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид 2024 оны 06 сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн, тухайн өдрөө нэхэмжлэгч 64,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн (зохигчийн тайлбар).
5. Хариуцагч тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн оныг 2015 байхыг 2014 он гэж худалдсанаас үүдэн үнийг бууруулан 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон (хэргийн 82-83, 79 дэхь тал үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг).
6. Нэхэмжлэгч тал гэрээ байгуулахдаа хариуцагч тээврийн хэрэгслийн гүйлтийг 133,000 км байхыг 94065.2 км, тээврийн хэрэгсэл доголдолтой байхад асуудалгүй, унаад явахад бэлэн машин зарсан хэмээн нэхэмжлэгчийг хуурсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч автомашиныг гаалиар оруулж ирээд ашиглалгүйгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн, 0 км явсан шинэ машин худалдаагүй, 94065.2 км гүйлттэй, автомашины доголдлыг нуусан зүйл байхгүй хэмээн татгалзаж байна. Шүүх хариуцагч талаас хууран мэхэлж хэлцэл хийсэн эсэхийг нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлийн хүрээнд дүгнэнэ.
7. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
8. Хэрэгт авагдсан ***дугаартай 2023 оны 11 сарын 22-ны өдрийн Солонгос хэлнээс Монгол хэлэнд орчуулсан баримт болох Автомашины бүртгэлийн гэрчилгээний 1-15д явсан км 133,000 гэж, үзлэгийн хүчинтэй хугацаа хэсэгт 2023-01-27-2025-01-26 явсан км 147,278 гэжээ (хэргийн 8, 68 дахь тал). Уг гэрчилгээг нэхэмжлэгч үндэслэлээ болгодог ба гэрчилгээнд автомашины явсан гүйлтийг 133,000 болон 147,278 хэмээн зөрүүтэй дурдсан байна. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэх тул нэхэмжлэгчийн үндэслэл болгосон Солонгос хэл дээрх Автомашины бүртгэлийн гэрчилгээ эргэлзээтэй байна. Харин 2025 оны 01 сарын 05-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тээврийн хэрэгслийн гүйлтийг 94065.2 гэж дурдсан байх ба 2025 оны 06 сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд Автомашины хянах салбар ажиллаж байна. 94409.1 км гүйлттэй байна гэжээ (хэргийн 7 болон 104 дэхь тал). Эдгээр нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тээврийн хэрэгслийн гүйлт анх хүлээлгэж өгөх үед 94,065.2 км байжээ гэж дүгнэлээ. Иймд хариуцагч тээврийн хэрэгслийн гүйлтийг худал хэлэн худалдан борлуулсан үндэслэл тогтоогдсонгүй.
9. Харин шүүх хариуцагч тээврийн хэрэгслийг худалдан борлуулахдаа түүний эд ангиудын талаар, эвдрэл гэмтлийн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдээллэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хэлцэл хийхдээ хууран мэхэлсэн хэмээн дүгнэлээ. Учир нь:
9.1. Иргэний хуулийн 59.1-т заасан хууран мэхлэх гэдэгт хэлцлийн нөгөө талд санаатайгаар хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар худал хэлэхээс гадна мэдээлэл өгөх, мэдэгдэх ёстой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байхыг хэлдэг.
9.2. Хэргийн 11 дэхь талд Ford explorer 2015/2024 69 сая гарчигтай www.unegui.mn вебсайтад тавьсан зарын фото зураг авагдсан ба хариуцагч уг зарыг нийтэлснээ хүлээн зөвшөөрдөг, хожим шүүх үзлэг хийхэд зар устгагдсан байсан (хэргийн 83 дахь тал). Тус зар дээр ...бүрэн үйлчилгээ хийсэн, доод эд ангиуд шинэчилсэн унаад явахад бэлэн маш сайн тэрэг азтай нь аваарай.. гэжээ. Гэтэл тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш хагас голноос тос гоожсон байх ба үүнийг нэхэмжлэгч нь хариуцагч талд мэдэгдэж, хариуцагч 2024 оны 07 сарын 02-ны өдөр хагас гол, сальникийн сэлбэгийн үнэд 360,000 төгрөг, 2024 оны 07 сарын 18-ны өдөр сальникийн үнэд 480,000 төгрөг, 2024 оны 07 сарын 19-ний өдөр 120,000 төгрөгийг төлжээ (хэргийн 25-29 дэхь тал).
9.3. Мөн ***-аас Засвар үйлчилгээ авсан тухай тодорхойлолтоор ****УБЯ улсын дугаартай Ford Explorer маркийн автомашин нь ***-д 2024 оны 07 сарын 19-ний өдөр хагас голноос тос гоожиж орж ирээд хагас голны сальникийг солиулж хагас голноос тос гоожилт зогссон ба энэ үйлчилгээнд 80,000 төгрөгийн хөлс авсан болно гэжээ (хэргийн 24 дэхь тал). Эдгээр баримтууд нь автомашин хүлээлцсэнээс хойш төд удаагүй цаг хугацааг илэрхийлэх ба нэхэмжлэгч тал хугацаа алдахгүйгээр автомашины доголдлын талаар хариуцагч талд мэдэгдэж байсан байна. Иймд тээврийн хэрэгслийг анх нэхэмжлэгч тал хүлээн авах үед хагас голноос тос гоожих доголдолтой байжээ. Хариуцагч ийм доголдлын талаар нэхэмжлэгчид анх худалдахдаа хэлээгүй, *** вебсайтад ...бүрэн үйлчилгээ хийсэн, доод эд ангиуд шинэчилсэн унаад явахад бэлэн маш сайн тэрэг азтай нь аваарай гэж зар тавьснаар автомашины чанар бодит байдлаас зөрсөн.
9.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанарын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. Хариуцагч автомашины хагас голноос тоос гоожиж буй байдлын талаар нэхэмжлэгчид үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөөгүй. Хариуцагч гаалиар оруулж ирсэн автомашиныг нэхэмжлэгч талд шилжүүлсэн байх боловч худалдагч нь эд хөрөнгийн талаар мэдээлэлтэй байж худалдан авагчид холбогдох мэдээллийг өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, гаалиар оруулж ирсэн автомашины хувьд түүний эвдрэл, гэмтлийн эрсдлийг худалдагч тал хүлээнэ. Хэргийн хувьд хариуцагч доголдлыг мэдэх ёстой, хуулийн дагуу үнэн зөв бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй байсан, уг үүргээ биелүүлээгүй нь санаатайгаар эс үйлдэхүй гаргаж, хэлцэл хийхдээ нөгөө талаа хуурсан гэх ойлголтод хамаарч байна.
9.5. 2025 оны 06 сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд автомашины эд ангиуд бүрэн, хөтлөх булны хамгаалалтын рекин булны хамгаалалтын резин битүүмжлэл алдаж, цоорсон, гадаргуу тос мэт зүйлээр бохирдсон..., дээрх гэмтлүүд нь автомашиныг бүхэлдээ доголдолтой гэж үзэхгүй гэжээ (хэргийн 104 дэхь тал). Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.3 эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан . Шинжээчийн дүгнэлтээр автомашиныг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлоос үүдэх хуульд заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхгүйгээр анх илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр бус хэмээн шаардлагаа гаргасан учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн.
10. Иймд шүүх 2024 оны 06 сарын 22-ны өдрийн Худалдах, худалдах авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэлээ.
11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хэн нэг этгээд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр хөрөнгө шилжүүлсэн боловч үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн өгсөн, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдсон тул хариуцагчаас 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 болон 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2024 оны 06 сарын 22-ны өдрийн Худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч ***с 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ