| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/03726/И |
| Дугаар | 192/ШШ2025/05186 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/05186
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус компани нь Т.ХХК-ийн “Дэлгэрэх” дэлгүүрийн худалдагч Г.М..тэй хэлэлцэн тохиролцож, 2024 оны 02 дугаар сарын 06-ны 1,153,520 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 89,100 төгрөг, нийт 1,242,620 төгрөгийн ундаа нийлүүлсэн. Уг авлагыг төлүүлэхээр "Т..ХХК болон тус компанийн худалдагч Г.М.. нартай удаа дараа холбогдсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Хариуцагч Т ХХК нь манай компанид илгээсэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаар албан бичигтээ “...бараа зээлээр авах хүсэлт тавиагүй бөгөөд зээлээр бараа авах боломжгүй бэлнээр бараа татан авах боломжтой байсан. Худалдагч Г.М..г бараа материалаа тоолж өгөлгүй хаяж явсан. Юуг үндэслэж бараа зээл олгосон нь тодорхой бус байгаа” гэж дурдсан. Ж...ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т ХХК-тай худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан. Уг гэрээний 5.2-т харилцагч нь нийлүүлэгчээс бүтээгдэхүүнийг бэлнээр болон зээлээр худалдан авч болно гэж заасны дагуу Ж ХХК нь Г.М..т барааг зээлээр худалдан борлуулсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нарын ажиллуулж буй Д нь Т ХХК-ийн эзэмшилд хамаарах тул тус компанийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Т ХХК болон тус компанийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Г.М нараас дээрх 1,242,620 төгрөгийг гаргуулж өгнө үү. Г.М-т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Г.М бараа бүтээгдэхүүний дутагдал гаргаж, шалгагдаж байгаа. Г.М барааг хүлээн авч үрэгдүүлсэн учир өөрөө хариуцах учиртай.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, худалдааны хамтын ажиллагааны гэрээ, зарлагын падаан, Т ХХК-ийн албан бичиг, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний тайлан, хариуцагчаас итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,242,620 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Т ХХК эс зөвшөөрч, Г.М орлогыг нь хувьдаа завшсан тул компани хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т ХХК-тай нэхэмжлэгч компанийн үйлдвэрлэсэн, импортолсон бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн худалдааны хамтын ажиллагааны гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 6 тал/
Гэрээнд Т ХХК-ийг худалдагч Г.М төлөөлөхөөр тусгасан бөгөөд Ж ХХК-ийн 1,242,620 төгрөгийн зарлагын падааныг худалдагч Г.М баталгаажуулж, тооцоо нийлжээ. /хэргийн 8 тал/
Дээрх гэрээний 5.2-т “харилцагч нь нийлүүлэгчээс бүтээгдэхүүнийг бэлнээр болон зээлээр худалдан авч болно” гэж талууд тохирчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Т ХХК нь бараа, бүтээгдэхүүн аваагүй болохоо, Г.М-т компанийг төлөөлөх эрх олгоогүй болохоо баримтаар нотлоогүй байна.
7. Талууд Ж ХХК-ийн үйлдвэрлэсэн, импортолсон бүтээгдэхүүнийг дараа төлөх нөхцөлөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу бүтээгдэхүүнийг хариуцагч нарт шилжүүлсэн бөгөөд хариуцагч бүтээгдэхүүний доголдолтой холбоотой тайлбар гаргаагүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” заасныг зөрчөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн 1,242,620 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч Т ХХК-ийн худалдагч Г.М хүлээн авснаа баталгаажуулан гарын үсэг зурсан бөгөөд тооцооллыг хариуцагч Т ХХК үндэслэл бүхий баримтаар няцааж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүрэгт Т ХХК-иас 1,242,620 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
8. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.М-т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 34,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 1,242,620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 34,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ