Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00344

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00344

 

Э ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02443 дугаар шийдвэртэй

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Д

Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцыг шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК-ийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг У ХХК-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: У ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 05/17-01 дугаартай Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээ-г байгуулан хамтарч ажилласан. Уг гэрээний дагуу манай компаниас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын 50 айлын орон сууцны төсөлд туслан гүйцэтгэгчээр У ХХК-ийг сонгон, гадна фасадны ажлаа гүйцэтгүүлсэн. У ХХК нь гадна фасадны ажлын м.кв нэгж үнийг нийт 45,000 төгрөгөөр тооцон 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт хуанлийн 36 хоногт багтаан уг ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэвч вакум цонхны суурилуулалтын ажлын улмаас гадна фасадны ажил 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд уг компаниас гадна фасадны нийт талбайн хэмжээ тохиролцсон хэмжээнээс өөрчлөгдөн 2700 м.кв болсон учраас ажлыг дуусган хүлээлгэн өгөх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл болгох тухай ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан. Мөн хариуцагч компани гадна фасадны ажлыг гүйцэтгэх хугацаанд өөрийн ажилчдын цалинг олгохгүй, зарим барилгын материал хүрэлцээгүй зэрэг нөхцөл байдал үүсгэн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Энэ үед манай компаниас арга буюу барилгын талбай дээр уулзалт зохион байгуулан цалингийн асуудал дээр 5,000,000 төгрөгийг Э.Бямбасүрэнгийн Хаан банк дахь 5076438155 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээт ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэн өгч тохиролцсон хугацаанаас 96 хоногоор хэтэрч гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн. Гэрээний 2.2.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө 239,520,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гэрээнд заасан хугацаанд У ХХК өмчлөлд шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дүгнэсэн ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх №2 дугаартай актаар тохиролцсоны дагуу төлөх ёстой төлбөр болох 158,302,000 төгрөгийг гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээний 2.2.3-т заасныг үндэслэн тооцсон 59,010,000 төгрөгийн алдангиас 509 дүгээр дүгнэлтээр гарсан одоо төлөөгүй үлдсэн ажлын төлбөр болох 11,205,000 төгрөгийг хасаж тооцож гарсан мөнгөн дүн болох 47,805,000 төгрөгийг тодруулсан. Эвлэрлийн гэрээг баталж өгхийг хүсч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай У ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/17-01 дугаартай гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээг Э ХХК-тай байгуулсан. Тус гэрээний 1.3-т зааснаар гадна фасадны материал, ажил гүйцэтгэлийг нийт 2300 м.кв талбай, хэмжээтэйгээр гүйцэтгэж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэгч тал У ХХК нь гүйцэтгэх явцад гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илүү ажлыг гүйцэтгэж гэрээний талууд хэмжилт хийж ойролцоогоор 3000 м.кв орчим хэмжээтэй ажил гүйцэтгэсэн гэж захиалагч та болох Э ХХК-д мэдэгдэж байсан боловч 2700 м.кв хэмжээтэй ажил гүйцэтгэсэн гэж тухайн үед захиалагч тал ажлыг хүлээж авсан. Иймд гүйцэтгэгч тал У ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 2949 м.кв хэмжээтэй ажил байгаа тул гэрээний 1.3-т зааснаар 132,705,000 төгрөг болно Захиалагч Э ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд үүнийг хасч тооцоход 127,705,000 төгрөгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. У ХХК нь 100 хувь ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн өдөр 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 155 хоногийн алдангийг тооцоход 98,971,375 төгрөг болсон. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50%-иас хэтрэхгүй гэж заасны дагуу 63,852,500 төгрөг болно. У ХХК, Э ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/17-01 дугаартай гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 1.7 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Талуудын хооронд байгуулсан 05/17-01 дугаартай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээний 2.2.1-т заасны дагуу Э ХХК-ийн мэдлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг У ХХК-д шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Эвлэрлийн гэрээг батлаагүй нөхцөлд 206,107,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тгийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Л.Дын гэр бүл Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Г.Б гэгч этгээдтэй тохиролцсон. Г.Б тухайн үед Э ХХК-нд ажил хийгээд орон сууцыг авч байгаа ажил дуусахаар гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Хариуцагчийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг У ХХК-д шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хангагдах үндэслэлгүй. Э ХХК-д байхгүй үл хөдлөх хөрөнгийг гаргуулах ямар боломж байхгүй. Өнөөдөр Э хамтран нэхэмжлэгчээр орсон бол сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах байсан. Хариуцагч 190,000,000 төгрөг гаргуулъя гэж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь гардуулж байсан боловч өнөөдөр хуралдаанаар эхлэхээс өмнө энэ шаардлагаа дэмжиж байна, сүүлд гаргасан шаардлагаас татгалзана гэсэн байр суурь хариуцагч өнөөдрийг хүртэл илэрхийлээгүй гэжээ.

4. Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: У ХХК Э ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гадна фасадны материалтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш захиалагч талын барилга угсралтын ажилтай холбоотойгоор хугацаандаа эхлэх боломжгүй байсан учраас гэрээнд заасан ажил хугацаанаасаа хойшилж 2019 оны 07 дугаар сард эхэлсэн байдаг. Түүнчлэн анх гэрээнд тохиролцсон ажлын талбай гэрээнд зааснаас илүү байснаас шалтгаалж ажил гүйцэтгэх хугацаа гэрээгээр тохирсон хугацаанд амжихгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг талуудын хэн алин мэдэж байсан учраас харилцан амаар тохиролцож, гэрээний хугацааг сунгасан. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн шиг удаа дараа шаардлага өгч байгаагүй. Тэдгээр баримтыг нэхэмжлэгч өөртөө ашигтайгаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр хуурамч баримт бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Бодит нөхцөл байдал нь гэрээний 2.2.1-т гүйцэтгэгч гэрээний үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэсний дараа захиалагч нь Номуун виллаж хотхон дахь өөрийн мэдлийн 99.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг м.кв-ын 2,400,000 төгрөгөөр тооцож нийт өртөг 239,520,000 төгрөгийг гэрээний үнийн дүнд тооцож гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Э ХХК гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон орон сууцыг У ХХК-д хүлээлгэн өгсөн хэдий ч өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Гэрээгээр тохиролцсоноор өмчлөх эрхээ шилжүүлэхээр заасан. Мөн гэрээний 2.2.4-т захиалагч гэрээний 2.2.1-т заасны дагуу гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Ажил гүйцэтгэсний төлбөрийг гэрээнд зааснаар захиалагч тал төлөөгүй буюу гадна фасадны материалтай ажил гүйцэтгэх гэрээний 2.2.1, 2.2.4-т заасныг зөрчсөнөөс үүдэн гэрээнд заасан захиалагч талаас хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох алданги хоногийн 0.5 хувь төлөгдөөгүй үлдсэн 127,500,000 төгрөгөөс нэг хоногийн алданги 638,525 төгрөг болох бөгөөд 2019.12.26-ны өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2020.06.02-ны өдрийг хүртэлх хугацаанд 155 хоног хэтэрсэн. Хэтэрсэн хугацаагаа тооцоход алданги 98,971,375 төгрөг болж байгаа боловч анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан Э ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт 127,705,000 төгрөгийн 50 хувь 63,852,500 төгрөг болж байна. Гүйцэтгэгч У ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөр 127,705,000 төгрөг төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн алданги 63,852,000 төгрөг нийт 191,557,500 төгрөгийг Э ХХК-аас авах орон сууцны 239,520,000 төгрөгөөс хасч төлбөр тооцоход 47,962,500 төгрөгийг Э ХХК У ХХК-д төлөх болохыг тооцож, Э ХХК-аас У ХХК-д гэрээгээр тохирсон Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан гудамж, 0000 байр, 00 тоот хаягт байрлах 99.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар У ХХК-д өмчлөх эрхийг даалгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сгын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэхээр У ХХК болон манай компани нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсан өдөр манай компани уг орон сууцны эзэмших, ашиглах эрхийг хариуцагч компанид шилжүүлж, улмаар хариуцагч компани гуравдагч этгээдэд худалдан борлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдана. Гэрээнд заасны дагуу гадна фасадны ажлын 50 хувиа гүйцэтгэсний дараа тухайн орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлж өгнө гэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 50 хувийг хэзээ гүйцэтгэж өгсөн бэ, ямар хугацаанд нийт ажлын 50 хувийг гүйцэтгэсэн нь тодорхойгүй буюу тогтоох боломжгүй. Иймд тооцож байгаа алдангийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэгтэй холбоотойгоор хариуцагч болон манай компани нарын хооронд 2020.03.11-ний өдрийн тооцоо нийлсэн акт дээр болон 2 талын харилцан бие биедээ илгээж байсан албан бичгийн огноо бичигдсэн. Энэ хүрээнд тухайн албан бичгийн хуурамч биш гэдэг нь нотлогдож байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэг өөр байдал гаргадаг, хуралдаан эхлэхээр нэг өөр байдал гаргах боломжгүй гэж бодож байна. Талуудын эвлэрлийн гэрээ байгуулсан үндсэн зорилго нь энэ асуудлыг нэг талдаа гаргая гээд нэг агуулгаар зөвшилцсөн. Өнөөдөр хурал эхлэхээс өмнө нэхэмжлэгч хариуцагч нар өөр байр суурь хэлчхээд одоо хурал дээр нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй, авах гээд байгаа юм шиг зүйл ярихаар шүүх та нарын эвлэрлийг яаж олж харах юм. Энэ хэрэг дээр одоогийн байдлаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Анх хүлээж авсан шүүхийн процесс ч асуудалтай. Яагаад гэхээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдож гарч байгаа. Анх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж авах ёсгүй байсан. Учир нь энэ өмчлөлийн зүйл нь Э гэж хүний нэр дээр байгаа. Эийн хөрөнгийг өмнөөс нь Э ХХК шаардах боломж нөхцөл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль дээр улсын бүртгэлийн газар эд хөрөнгийг баталгаажуулж гэрчилгээ олгоно. Гэтэл өнөөдөр Эийн хөрөнгө гэдэг дээр хэн ч маргаагүй. Өнөөдөр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол Э ХХК-д биш Эт, эсвэл Э ХХК, Э нарт холбогдуулж гаргах ёстой байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэхээр Э ХХК-аас гарга, эсвэл битгий гарга, эсвэл зарим хэсгийн гарга гэж шийдвэр гаргах боломжтой. Гэтэл Э ХХК-д байхгүй зүйлийг гарга гэж шийдвэрлэхээр яаж хангагдах юм. Ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч хариуцагчид хэлэхэд нэг байр сууриндаа бай, бид нарын дундаас шүүх эвлэрлийг олж харах ёстой. Бид нар эвлэрэх гээд байгаа бол шүүх батлах ёстой. Би нэг зүйл дээр гомдож байна. Яагаад гэхээр 1.2, 1.5 дахь заалт нь болдоггүй юм бол бид нар захирамжтай танилцаад 5-10 минут завсарлаад засаад өгч болох асуудал. Өнөөдөр зохигчид нь эвлэрье гэхээр шүүх нь батлахгүй гэхээр та нар заавал маргалд гэсэн нөхцөл байдалд бид нар орчихоод байна. Асуудлыг эвлэрч шийдэх нь талуудын хэн алин маргаж байгаа үйл баримтаа шүүхийн оролцоогүйгээр шийдье гэсэн үг. Эвлэрэх процесс нь хэн ч гомдохгүй, хэний ч эрх ашиг руу орохгүй гэж байгаа болохоос биш эвлэрье гэж байхад эвлэрч болохгүй гэж байгаа нь байж боломгүй зүйл. Миний хувьд үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл дээр ийм байр суурьтай байна. Маргаад байгаа юм шиг ярихаар бид нарын эвлэрлийг яаж олж харах юм гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У ХХК-нд холбогдох 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дүгнэсэн ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх 2 дугаартай актаар тохиролцсоны дагуу төлөх ёстой төлбөр болох 158,302,000 төгрөгийг гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээний 2.2.3-т заасныг үндэслэн алданги 47,805,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Э ХХК-нд холбогдох Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээний 2.2.1-т заасны дагуу Э ХХК-ийн мэдлийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг У ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай У ХХК-ийн сөрөг нэхэмлэлийн бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,188,485 төгрөгийг, хариуцагч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,087,343 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А давж заалдах гомдлын агуулга: ... Манай компани болон хариуцагч У ХХК нарын хооронд 2019 оны 5-р сарын 17-ны өдөр Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан юм. Дээрх гэрээний дагуу манай компаниас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл болох Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын 50 айлын орон сууцны төсөлд туслан гүйцэтгэгчээр У ХХК-г сонгон, гадна фасадны ажлаа гүйцэтгүүлсэн. Уг гэрээний төлбөрт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Н Виллаж хотхоны 0000-р байрны 00 тоот хаягтай 99,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 239,520,000 төгрөгөөр тооцон, гэрээний төлбөрт шилжүүлж, улмаар орон сууцны нийт үнийн дүнгээс гэрээт ажлын нийт үнийн дүнг хасаж гарсан зөрүү төлбөрийг хариуцагчаас авахаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч тал орон сууцны зөрүү төлбөрийг бидэнд төлөх ёстой үүргээ биелүүлэхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал тухайн орон сууцыг бусдад зээлээр худалдан борлуулсан байсан тул түүний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн хэргийн оролцогчоор оролцуулах хүсэлт гаргаж, татан оролцуулсан ба гуравдагч этгээд нь одоо хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа болно.

Манай компанийн зүгээс хариуцагч талд гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууцны Улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч манай компанийн хамаарал бүхий этгээд болох Б.Эийн нэр дээр гарсан ба орон сууцны гэрчилгээг хэзээ ч шилжүүлэх боломжтой талаараа удаа дараа тайлбарласан.

Мөн Б.Эийг гэрчээр асуулгаж, улмаар хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Хариуцагчийн зүгээс Б.Эийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч мөн л шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Хэргийн оролцогч нар энэхүү хэргийг аль болох хэн аль талдаа ашигтай, эвийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн ба Б.Эийг хэргийн оролцогчоор заавал оролцуулах ёстой хэмээн дүгнэсэн. Гэтэл шүүх энэхүү хүсэлтүүдийг хүлээн аваагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хааж боосон атлаа орон сууцыг хариуцагчид шилжүүлж өгөх үүргээ биелүүлэх боломжгүй хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Хэргийн оролцогч нар нэгэнт шүүхээс ингэж шийдэж байгаа бол эвлэрэх тохиролцоогоо баталгаажуулъя хэмээн харилцан ярилцаж, Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 149 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулан, улмаар шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс эвлэрлийн гэрээг батлахаас татгалзсан тул хэргийн оролцогч нар дахин эвлэрлийн гэрээ байгуулж, батлуулахаар шүүхэд хүсэлтээ гаргасан боловч мөн л шүүх бидний хүсэлтийг хүлээн аваагүй. Энэхүү эвлэрлийн гэрээг батлахаас татгалзсан шүүгчийн захирамжтай танилцах, захирамж дээр дурдагдсан алдаа дутагдлыг засаж залруулах, эвлэрлийн гэрээгээ дахин батлуулах хүсэлт гаргасан боловч шүүх мөн л хүсэлтийг хүлээн авалгүй, хурлаа үргэлжлүүлж 182/ШШ2021/02443 дугаартай шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Хэргийн оролцогч нар эвлэрэн хэлэлцэх тохиролцоондоо хүрчхээд түүнийгээ батлуулах хүсэл зоригоо удаа дараа хурлын үеэр тайлбарлаад байхад энэхүү тайлбар болон хүсэлтийг үл тоож, эвлэрэн хэлэлцэх эрхийг минь эдлүүлээгүй, хэргийн оролцогч нарын дунд маргаан үүсгэх нөхцөл байдал руу чиглүүлсэн шийдвэр гаргасанд мөн л гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бол талууд бол бүгд эвлэрээд гэрээ байгуулсан. Тухайн асуудлаар эрх, ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг оролцуулж гэрээ өгсөн, мөн хэргийн оролцогч нар бас эвлэрлийн гэрээ өгсөн. Иймд шүүр талуудыг эвлэрэх боломжоор хангаагүй. Б.Э гэдэг хүний асуудал яригдаж байдаг. Гэтэл Б.Эийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлээд байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээг цуцлаж, үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцыг шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, З зайсан гудамж 0000 байр 00 тоот хаягт байрлах 99,8 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг У ХХК-д шилжүүлэхийг даалгуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч 2021 оны 08 дугаар сарын 23, 2021 оны 00 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд хандсаныг тус тус батлахаас татгалзсан байна. /2хх.102-105, 108-109/

Тухайлбал, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2021/09823 тоот шүүгчийн захирамжаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаар эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна. Б.Э, Н.Н нар эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээж байгаа нь ойлгомжгүй байна гэж дүгнэж, /2хх.102-105/

2021 оны 00 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2021/10486 дугаар захирамжаар 2021 оны 00 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаарын дотор эвлэрэх эрхтэй бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс төлбөр гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь ойлгомжгүй болжээ гэсэн үндэслэлээр эвлэрлийн гэрээг батлахаас татгалзжээ. /хх.120-124/

5. Түүнчлэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Э нь Э ХХК-тай хамтран У ХХК-д холбогдуулан хамтран нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасныг шүүх Б.Э нь хариуцагч У ХХК-аас гэрээний үүрэг шаардах эрхтэй эсэх тодорхойгүй, тэдний хооронд гэрээ байгуулагдаагүй, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 05/17-01 дугаартай Гадна фасадны материалтай ажил гүйцэтгэлийн гэрээ-ний оролцогч гэж үзэхээргүй байна гэсэн үндэслэлээр, /2хх.68-78/

мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Э.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нар Б.Эийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг тус тус гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2021/05281, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2021/05828 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /2хх.57, 82/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж, 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын Б.Эийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

6. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдэгдлийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талуудыг эвлэрүүлэх арга хэмжээг бүрэн гүйцэд хийгээгүй байна. Түүнчлэн шүүх эрх ашиг нь хөндөгдөж болох гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, зохигчдын эвлэрлийн асуудлыг нэг мөр шийдвэрлээгүй нь учир дутагдалтай болжээ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, хэргийн оролцогчийн хүсэлт хангаагүйн улмаас талууд эвлэрлийн гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна. Иймд тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 1,188,485 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО