Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0337/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024       07         24                                          2024/ШЦТ/339

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,    

          улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн 2425000830363 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.Э

Шүүгдэгч Б.Э нь;

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” /Вэйв/ бааранд 2024 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө согтуурсан үедээ хохирогч Б.Э-н нүүрэнд 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хамар, ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, намрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогч Б.Э-н Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

хохирогч Б.Э-н “...2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Wave” бааранд шөнийн 12.00 цагийн үед Б.М, Э.М, Э.Б бид дөрөв орсон, бүжиглэж байхдаа нэг шил пиво авч уусан. Баар хаах гээд шөнийн 02.00 цагийн үед хүмүүс хэрэлдээд байхаар нь би дундуур нь орж салгахад надруу нэг юм хэлэх шиг болсон, тэгэхээр нь би тэр залууг цохиод авсан чинь зөрүүлээд намайг цохиод авсан. Хамраас цус гарсан,  тухайн үедээ хамар хугарсан гэж мэдээгүй, бужигнаан болоод баарны үүдэнд гарах гэж байхад намайг цохидог залуутай таараад бид хоёр дахин барилцаж авсан, бид хоёрын голоор хүмүүс ороод салгаж байтал миний уруул, хамар луу цохисон.” гэх /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Л.Б-г “...манай найз М, Э, С бид 00 цаг 50 минутын орчим “...“Wave” бааранд шоутай” гэхээр нь очсон, ...01.40 цагийн орчим С бид хоёр баарнаас түрүүлж гараад нэг давхарт Э, М хоёрыг хүлээж байтал Э нүүр хэсэг нь цус болчихсон бууж ирээд нойлын өрөө рүү орж нүүрээ угаагаад гарч ирээд “хэн намайг цохичихсон юм” гээд байсан. Бид эмнэлгийн байгууллага руу явсан, Эийн уруул хэсэгт нэг оёдол тавьсан, “хамрын үзүүр хэсэгт цууралттай, хугарсан” гэж байсан.” гэх /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч Э.М-н “...Тухайн өдөр Б.Э, Б.М, Б бид дөрөв “Wave” баар руу 22 цаг өнгөрч байхад хамт орсон, ...баар хаах дөхөөд гарах гэтэл Т, Э гэх хоёр найз маань хүмүүстэй маргалдаад байсан. ... баарны үүд хэсэгт Б.Э-г үсээ арагшаа самнасан, өндөр туранхай залуу шууд цохиод авсан. ...Э тонгойсон тэгсэн чинь шууд нүүр рүү нь өшиглөсөн.” гэх /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Г.З-н “...Баар хаах дөхөөд гарах үед манай багийн дүү Э нэг залуутай юм ярьж байх шиг байсан, нөгөө залуу нь Эыг шууд цохиод авсан, ...Э цаанаас гарч ирээд харж зогсож байснаа тухайн залууг цохиод авсан, ...миний хажууд байхад нүүр лүү нь 2-3 удаа цохисон.” гэх /хавтаст хэргийн 20 дахь тал/ мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 141 дугаартай; “...Б.Э-н биед хамар, ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хамар, ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх гэмтэл нь дан, дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

хохирогч Б.Э-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтас хэргийн 42-44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогчийн “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний төлбөрт 1.600.000 төгрөг авсан” гэсэн хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,  

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсаргаж үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.Э