2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/06549

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоот хаягт байршилтай “А Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   давхарт байрлах “Э к” ХХК-д холбогдох,

 

40,880,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “А Э” ХХК нь хариуцагч “Э к” ХХК-д холбогдуулан 40,880,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Манай компани нь “Э к” ХХК-тай 2023 оны 04 сарын 13-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай “Бараа бүгээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж гэрээнд заасан бараа материалыг нийлүүлж дуусгасан.

Хариуцагч компанийн зүгээс бараа бүтээгдэхүүний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж дуусгаагүй ба нэхэмжлэгч, хариуцагч компаниудын хоорондын 2023 оны 09 сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 80,880,300 төгрөгийн үлдэгдэл байгааг харилцан баталсан.

Хариуцагч компани нь манай компанийн дансаар: 2024 оны 07 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Авлага барагдуулах шаардлагыг 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 062/24 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Иймд “Э к” ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 40,880,300, “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний” 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх 65 хоногийн алданги болох 442,870 төгрөг, нийт 41,323,170 төгрөгийг гаргуулж гэрээний үүргийг хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч “А Э” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнд: “А Э” ХХК нь “Э к” ХХК-тай “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж шаардлага хангасан хөөсөнцөр хавтан нийлүүлсэн. Улмаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үндсэн дээр үргэлжлүүлж шинэ гэрээ байгуулахгүйгээр харилцан итгэлцлийн зарчим дээр “Э к” ХХК-д хар замаск нийлүүлсэн бөгөөд талууд харилцан тохиролцож хар замаскийг нэмж нийлүүлсэн ба 2023.04.15-2023.07.24-ний хооронд нийт 65.190.000 төгрөгийн хар замаск нийлүүлж, хариуцагчаас манай компанийн ХААН банкин дахь дансанд 2024.07.05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024.09.11-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 2 удаагийн шилжүүлгээр 40,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 40,880,300 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт нь 2023.04.15 - 2023.09.02 өдрийн хүртэл хугацаанд авч өгөлцсөн бараа бүтээгдэхүүндээ тооцоо нийлж 80.880.300 төгрөгийн өглөгтэйг харилцан зөвшөөрч баталгаажуулсан болно.

Иймд тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “А Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Энигма контракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас хар замаскийн үнэ 40.880.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.” гэжээ.

 

2. Хариуцагч “Э к” ХХК хариу тайлбартаа: “Э к” болон “А Э” ХХК-ууд нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээ байгуулан MNS EN 13163:2011 стандартын 21 кг-ын нягтаршилтай 1850 м.куб хөөсөнцөр хавтанг худалдан авахаар тохирсон байна. Тус гэрээнд 1 м.куб-г 207,500 төгрөгөөр тооцож нийт 1850м.куб хавтанг 383,875,000 төфөгөөр худалдан авахаар тохирсон байна. “А Э” ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн баримтаас харахад 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ны хооронд 1492.15 м.куб хавтанг “Э к" ХХК нь худалдан авч, 271,000,000 төгрөг төлж, 38,620,300 төгрөг үлдсэн тухай санхүүгийн баримт үйлджээ.

Түүнээс хойш “Э к” ХХК нь 2024.07.05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024.09.15-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийтдээ 311,000,000 төгрөгийг тус компанид төлжээ. Өөрөөр хэлбэл тус гэрээнд зааснаар худалдагч тал 1850 м.куб хөөсөнцөр хавтан нийлүүлэхээс манайд 1492.15 м.кубыг нийлүүлсний төлбөрт 309,620,300 төгрөгийг авахаар байна. “А Э” ХХК нь дээрх гэрээнд огт тусгагдаагүй бараа материал/хар замаск/-ын төлбөрийн баримтыг шүүхэд гарган өгч, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, “А Э” ХХК-ийн дүрэм, Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Дансны хуулга, Итгэмжлэл, Авлага барагдуулах гэрээ, Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай, Зарлагын баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Хөөсөнцөр хавтангийн тооцоо зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “А Э” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Гэрээний дагуу хариуцагч “Э к” ХХК-д хөөсөнцөр хавтан нийлүүлсэн ба энэхүү гэрээний үндсэн дээр үргэлжлүүлж шинэ гэрээ байгуулахгүйгээр талууд харилцан тохиролцож мөн хар замаскийг нэмж нийлүүлсэн бөгөөд хариуцагчид 2023.04.15-2023.07.24-ний хооронд нийт 65.190.000 төгрөгийн хар замаскийг нийлүүлсэн. 2023.09.02 өдрийн байдлаар авч өгөлцсөн бараа бүтээгдэхүүндээ тооцоо нийлж 80.880.300 төгрөгний өглөгтэйг харилцан зөвшөөрч баталгаажуулсан. Хариуцагчаас 2 удаагийн шилжүүлгээр 40,000,000 төгрөг төлсөн, харин үлдэгдэл төлбөр 40,880,300 төгрөгийг төлж барагдуулаагүй тул 40,880,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

 

3. Хариуцагч “Э к” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...“А Э” ХХК-ийн тооцоо нийлсэн баримтаар 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ны хооронд 1492.15 м.куб хавтанг “Э к" ХХК нь худалдан авч, 271,000,000 төгрөг төлж, 38,620,300 төгрөг үлдсэн тухай санхүүгийн баримт үйлджээ. Түүнээс хойш нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлж нийтдээ 311,000,000 төгрөгийг төлжээ. “А Э” ХХК нь дээрх гэрээнд огт тусгагдаагүй бараа материал/хар замаск/-ын төлбөрийн баримтыг шүүхэд гарган өгч, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Талууд 2023 оны 4 дүгээ сарын 13-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч “А Э” ХХК нь 21 кг нягтаршилтай хөөсөнцөр хавтанг 1 м.куб-г 207,500 төгрөг, нийт 1850 м.куб-г 383,875,000 төгрөгөөр худалдан авагч “Э к" ХХК-д худалдах, “Э к" ХХК нь хөөсөнцөр хавтангийн үнэд бараа материалыг 50 хувьд тооцож, үлдэгдэл төлбөр 191,937,500 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх7-8/

 

4.2 Улмаар талууд Хар замаск нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулан, нэхэмжлэгчээс 65,190,000 төгрөгийн үнэ бүхий хар замаскийг хариуцагчид худалдсан болох нь хэрэгт авагдсан Зарлагын баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-9, 41-50/

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

6. Талууд дээрх гэрээнүүдийг дүгнэж, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн. Уг баримтад 2023.04.15-ны өдрөөс 2023.09.02-ны өдрийг дуусталх хугацаанд хариуцагч “Э к" ХХК нь нэхэмжлэгч “А Э” ХХК-д 80,880,300 төгрөгийн өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх-9/

 

Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдсэнээс хойш хариуцагч “Э к" ХХК нь дансаар 2024.07.05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024.09.11-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. /хх10-11/

 

7. Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг талууд үйлдсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн ба хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 40,880,300 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.      

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 40,880,300 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Э к" ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хариуцагчид 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

9. Иймд хариуцагч “Э к" ХХК-аас 40,880,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э к" ХХК-иас 40,880,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А Э” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 362,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ