Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0335/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024       07         24                                          2024/ШЦТ/341

        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.М-т холбогдох эрүүгийн 2425000000420 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Х.М

Шүүгдэгч Х.М нь;

2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянталын *** тоот гэртээ хамтран амьдрагч Л.Б-тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гар утсанд нь дуудлага ирэхэд хохирогч Л.Б хардаж хэрүүл маргаан үүсгэсэнд дургүйцэн зодож, баруун гуя хэсэгт нь хутгаар хатгаж, хохирогчийн эрүүл мэндэд “хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Х.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянталын 0*** тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дэх тал/,

хохирогч Л.Б-н “...М бид хоёр дэлгүүрээс 0.75л “Стандарт” архи аваад хувааж уусан. ...М луу танихгүй дугаараас хүн залгаад байсан, би “хэн юм” гэж асуутал М хэлэхгүй байсан, тэрнээс болж маргалдаж эхэлсэн. М хүүхэддээ хоол хийхээр болж хутгаар мах хөшиглөх гэж байсан, бид хоёр маргалдаад М хоолоо хийхгүй байхаар нь би “хутгаа өг, хүүхэддээ хоол хийж өгье” гээд хутгыг нь авах гээд ноцолдож байх үед миний баруун талын гуя хэсэгт хутгалчихсан. ...Э ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...сэтгэцэд өөрчлөлт ороогүй, шинжээч томилуулахгүй, сэтгэл санааны хохирол учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

гэрч Л.С-н “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед...дүү Э-н утас руу Б залгаад “М намайг хутгалчихлаа” гэсэн. Э бид хоёр гайхаад “хаана, юу болсон юм” гэсэн чинь Б “М бид хоёр маргалдаад миний баруун гуя хэсэг рүү нэг удаа хутгалчихлаа” гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн.” гэх /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч Л.Э-н “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед... миний гар утас руу Б эгчийн бага хүү Б залгаад “аав ээжийн хөл рүү хутга зоочихлоо” гэж хэлсэн. Би Б эгчийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Баянталын *** тоотод очоод байшин луу орох үед М, Б нар тасраад буйдан дээр унтаж байсан. Б нь баруун талын хөлний өмдийг дээш шууж баруун гуяа ил гаргасан, баруун гуяны дунд хэсэгт нь 2-3см хэмжээтэй шарх байсан, уг шархнаас цус гараад өөх, мах шиг зүйл харагдаж байсан. Шалан дээрх цусыг арчсан даавуу байсан, уг даавуу цус болчихсон байсан. Би Солонго эгч рүү яриад нөхцөл байдлыг хэлээд Солонго эгч цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд Быг “эмнэлэг явъя, таны шарханд оёдол тавих хэмжээнд байна” гэж хэлсэн, Б “дагаж явахгүй, оёулахаас айгаад байна” гэж уурлаад, эмч нар яваад өгсөн. Дараа нь цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийж, Быг эмнэлгийн байгууллагад аваачихыг зөвлөсөн, би эгчийг аваад эмнэлэг дээр очоод түүний баруун гуя хэсэгт гурван оёдол тавиулсан.” гэх /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ мэдүүлгүүд,

         Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 567 дугаартай; “...Л.Б-н биед баруун гуянд шарх, хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

         хохирогч Л.Б 2024 оны 6 дугаар сарын 01-06-ны өдрийн хооронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 35-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд

хохирогч Л.Б-н “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 17-18 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянталын 0*** тоот хэргийн газрын үзлэгээр хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Орхон аймаг Баян-Өндөр сум Баянталын 0*** тоот хэргийн газрын үзлэгээр хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурьдсугай.

         7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.Э