| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/07163/И |
| Дугаар | 192/ШШ2025/05795 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/05795
2025 07 08 192/ШШ2025/05795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:***
Хариуцагч:***
Нэхэмжлэлийн шаардлага: 241,398,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** хариуцагчийн өмгөөлөгч ***шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д холбогдуулан 241 398 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** миний бие анх иргэн ***ой 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр "Зээлийн гэрээ"-г 1 жилийн хугацаатай байгуулан тус гэрээг Нийслэлийн *** дүүргийн тойргийн нотариатч *** баталгаажуулсан байдаг. Түүнчлэн тус зээлийн гэрээний үргэлжлэл болгон хариуцагч ***н хүсэлтийн дагуу түүнд 2018 оны 03 дугаар сарын 16-ны 75.000.000 төгрөг,2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 56.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28- ний өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 12-р сарын 21 ны өдөр 40.000.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 22- ны өдөр 13.050.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3.000.000, 2019 оны 04 дүгээр сарын 3-ний өдөр 6.500.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 7.280.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 22.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.375.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 13.000.000 төгрөг буюу нийт 406.205.000 төгрөгийг зээлсэн болно. Гэтэл зээлдэгч тал болох *** нь дээрх гэрээний 1-дэх хэсэгт cap тутам 3 хувийн хүү төлөх...", 3-дахь хэсэгт ".... Зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх..." үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Түүнчлэн миний бие ***с гэрээний үүргээ биелүүлэх зээлээ төлөх асуудлын хүрээнд удаа дараа уулзаж тохиролцохыг хүссэн боловч 2018 оны 8-р сараас 2023 оны 10-р сар хүртэл хугацаанд 104.700.000 төгрөг, мөн 2024 оны 3-р сараас 8-р дугаар сарын хооронд 60.106.900 төгрөг, нийт 164.806.900 өгсөн боловч үлдэгдэл 241.398.100 төгрөгийг өнөөдрийг хүртэл тодорхойгүй, биелэгдэх боломжгүй, цаг хожих гэсэн үндэслэлгүй шалтаг шалтгаан нөхцөл тоочиж өгөхгүй иргэн намайг хохироож байна. Иймд иргэн ***с 241.398.100 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ***с гаргасан 406,205,000 төгрөгийн зээлээс 164,806,900 төгрөгийг төлж үлдэгдэл 241,398,100 төгрөгийг *** нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлтэй танилцаад үл зөвшөөрч тайлбар гаргах нь: 1. Хариуцагч*** миний бие нэхэмжлэгч ***с 406,205,000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд **банкны өөрийн ***тоот данснаас ***ын **тоот дансанд 2019 онд 18,791,000 төгрөг, **банкны өөрийн ***тоот данснаас ***н ***тоот дансанд 2022-2023 онд 23,000,000 төгрөг, Х***ийн өөрийн ****тоот данснаас ***ын ***тоот дансанд 2018-2020 онд 153,300,000 төгрөг, *** банкны ***тоот данснаас ***ын ***тоот дансанд 2017-2019 онд 27,013,000 төгрөг, ***банкны өөрийн ***тоот данснаас ***ын ***тоот дансанд 2017-2020 онд 183,075,000 төгрөг, нийт 410,179,000 төгрөгийг төлсөн байна. Зээлийн төлбөрт 141,600,000 төгрөгийг төлсөн, тендерийн гэрээнээс асар, майхан авсны хөлс бол биш юм. Иймд нэхэмжлэгч ***с зээлсэн үлдэгдэл 241,398,100 төгрөг нэхэмжилсэнг бүхэлд нь хүлээн звөшөөрөхгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, ***, *** нарын иргэний үнэмлэхийн хуулбар, *** банкны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, ***кны ****ын эзэмшлийн ***тоот депозит дансны 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, ***банкны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, ***банкны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, ***банкны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, ***банкны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, ***банкны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ***банкны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримтын хуулбар, ***-ийн төлбөрийн баримт, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,***ы 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн мемориалын баримт, ***банкны *** эзэмшлийн ***тоот дансны хуулга, ***банкны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***банкны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, ***банкны 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мемориалын баримт зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, ***н эзэмшлийн ***тоот харилцагчийн дансны 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулга, **банкны***н эзэмшлийн ***тоот харилцагчийн дансны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуулга, ***банкны ***н эзэмшлийн ***тоот харилцагчийн дансны 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулга, ***банкны ***н эзэмшлийн ***тоот харилцагчийн дансны 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулга, ***банкны ***н эзэмшлийн ***тоот харилцагчийн дансны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулга, ***банкны ***н эзэмшлийн ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***банкны *** эзэмшлийн ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, * банкны 2017 оны** 01 дүгээр сарын 05-ны өдрийн мемориалын ордерын баримт, ****банкны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мемориалын ордерын баримт, ***банкны 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мемориалын ордерын баримт, *** банкны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мемориалын ордерын баримт, ***ны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мемориалын ордерын баримт,*** банкны 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мемориалын ордерын баримт, ***ны 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мемориалын ордерын баримт, ***ны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн мемориалын ордерын баримт, ***ны 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн мемориалын ордерын баримт,***ны 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мемориалын ордерын баримт, ***ны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мемориалын ордерын баримт, ***ы 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мемориалын ордерын баримт, ***ны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мемориалын ордерын баримт, ***ы 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мемориалын ордерын баримт, *** ***н эзэмшлийн ***тоот депозит дансны харилцагчийн хуулга, *** банкны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн банкны гүйлгээний баримт зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүгчийн захирамжаар 2018 оны Гэр, асар майхан, тавилга хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, хавсралтын хуулбарын хамт, ***ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн найман ханатай гэр хүлээлгэн өгсөн актын хуулбар, ***-ийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн асар майхан хүлээлгэн өгсөн актын хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын Сэлбэг хэрэгсэл, ариутгал цэвэлгээний материал материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, хавсралтын хамт, 2019 оны Барилгын материал, авто замын тэмдэглэгээ бэлтгэн нийлүүлэх гэрээ, хавсралтын хамт, ****банкны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар албан бичиг, ***-ийн ***тоот дансны хуулга, ***ийн эзэмшлийн ***тоот дансны хуулга, ***ийн эзэмшлийн ***тоот дансны хуулга, ***ийн эзэмшлийн ***тоот дансны хуулга, ***-ийн эзэмшлийн ***тоот дансны хуулга, ***-ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** тоот албан бичиг, ***ангийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаар албан бичиг, ***-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэхийн хуулбар, ***ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орлогын баримтын хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ***ийн хувцасны хангалтын тасагт бараа материал хүлээн авсан актын хуулбар, **ы *** эзэмшлийн ***тоот дансны хуулга, ***ны ***ын эзэмшлийн ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ***банкны ***ын ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *** банкны 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6/9543 тоот албан бичиг,*** банкны *** эзэмшлийн ***тоот дансны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 241,398,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан 2017 оны 03 оны 24-ний өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч ****болон хариуцагч *** нар байгуулж, гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээгээр нэхэмжлэгч нь 140,000,000 төгрөгийг 2017 оны 03 сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл сард 3 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлүүлсэн байна (хэргийн 5 дахь тал). Хариуцагч нь нэхэмжлэгчээс 140,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан байх ба талууд мөнгө хүлээлцэх акт үйлдсэн (хэргийн 5 ар тал). Хариуцагч нэхэмжлэгчээс 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн хооронд бэлнээр өгсөн 140,000,000 төгрөгийг оролцуулан нийт 406,205,000 төгрөгийг зээлж авсан үйл баримт дээр маргаагүй. Түүнчлэн уг баримт хэрэгт авагдсан нэхэмжлэгч ***ын эзэмшлийн ***банкны дансны хуулгаар зээлийн мөнгийг шилжүүлж байсан нь тогтоогдсон (хэргийн 7-17 дахь, 125 тал).
4. Нэхэмжлэгч нь зээл олгох тусгай зөвшөөрөлгүй иргэн байх ба хариуцагчид нийт 406,205,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр.
5. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч авсан зээлээсээ 2018 оны 8-р сараас 2023 оны 10-р сар хүртэл хугацаанд 104.700.000 төгрөг, мөн 2024 оны 3-р сараас 8-р дугаар сарын хооронд 60.106.900 төгрөг, нийт 164.806.900 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 241,398,100 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Харин хариуцагч 406,205,000 төгрөг авснаас 397,612,400 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарладаг. Нэхэмжлэгч хариуцагч талаас 397,612,400 төгрөг орж ирсэн үйл баримт дээр маргаагүй, харин үүнээс 141,600,000 төгрөг нь асар, майхан захиалж өгсний төлбөрөө хариуцагчаас буцаан авсан, зээлийн эргэн төлөлт биш, үлдэгдэл төлбөр нь хүүгийн төлбөр гэдэг бол хариуцагч зээлийн төлбөрт 141,600,000 төгрөгийг шилжүүлсэн хэмээн маргаж байна.
6. Зохигч хэргийн 1 болон 2 дугаарт хавтаст авагдсан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудтай маргаагүй, тооцоогоо бодож үнийн дүнгээ тодорхойлсон болохыг дурдана (шүүх хуралдааны тэмдэглэл).
7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 03 сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу 140,000,000 төгрөгөөс сар бүр 3 хувийн хүүг тооцож, (140,000,000*3/100*12=50,400,000) нийт 50,400,000 төгрөгийг хүүгийн төлбөрт авах эрхтэй. Иймд хариуцагч 50,400,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлөх тул хариуцагчаас шилжүүлсэн мөнгөн дүнгээс уг хүүгийн төлбөр хасагдаж зээлийн үндсэн төлбөр байдлаар тооцогдох учиртай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50,400,000 төгрөгт холбогдох хэсэг үндэслэлтэй.
8. Шүүх хариуцагч 141,600,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөөгүй, нэхэмжлэгчид асар, майханы үнийг буцаан төлсөн байна гэж дүгнэлээ. Учир нь:
8.1. Хэргийн 1-р хавтасны 112 дахь талд авагдсан *** банкны дансны хуулгаар ***д гэсэн утгаар 141,600,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 17-ны өдөр шилжүүлсэн байна.
8.2. Хариуцагч ***ын хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан *** нь 2018 оны 08 сарын 27-ны өдөр захиалагч***наас зарласан тендерийн хүрээнд ***тай их найман ханатай гэр, 5*9 харьцаатай 55 ширхэг майханг 145,695,000 төгрөг,4*4 харьцаатай 17 ширхэг майхан, 28,900,000 төгрөгөөр нийлүүлэхээр Гэр, асар майхан, тавилга хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан (хэргийн 194 дэхь тал).
8.3. Нэхэмжлэгч *** нь 2018 оны 09 сарын 23-ны өдөр 5*9 хэмжээтэй, брезентэн гадартай, зулхайгаар доторлосон, 8 хүний багтаамжтай 55 ширхэг майхан, 4*4 хэмжээтэй 17 ширхэг 4 хүний багтаамжтай майханг ***-ын Эрээн хотоос захиалан Монгол улсын хилээр оруулж ирсэн нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, нэмэлт маягтаар тогтоогдож байна (хэргийн 181-182 дахь тал).
8.4. ****аас 2018 оны 09 сарын 26-ны өдөр 5*9 хэмжээтэй 55 ширхэг майхан, 4*4 хэмжээтэй 17ширхэг майхан, 6*10 хэмжээтэй 2 ширхэг асар, майханг *** хүлээлгэн өгсөн байна (хэргийн 201, 246-248 дахь тал).
8.5. ***аас Гэр, асар майхан, тавилга хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх гэрээний санхүүжилтийн төлбөр 2018 оны 11 сард ***д орж ирсэн хэмээн зохигч тайлбар гаргасан (шүүх хуралдааны тэмдэглэл).
8.6. Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч ***нь 5*9 харьцаатай 55 ширхэг майхан, 4*4 харьцаатай 17 ширхэг майханг гаалиар оруулж ирэн ***д нийлүүлж, хариуцагч нь тухайн майханг **д хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч тэдгээр майханг өөрийн зардлаар, хөрөнгийн эх үүсвэрээр нэхэмжлэгчийн нэрээр улсын хилээр оруулж ирэн захиалагч ***д хүлээлгэн өгсөн хэмээн тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь майханг нэхэмжлэгч захиалж оруулж ирсний хариу төлбөрт 141,600,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч талд шилжүүлж өгчээ. Тиймээс өөр эрх зүйн харилцаанаас үүдэлтэй 141,600,000 төгрөгийг төлснийг зээлийн эргэн төлөлт гэж үзэхгүй.
8.7. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 141,600,000 төгрөгт холбогдох хэсэг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
9. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас 200,592,600 (141,600,000+50,400,000) төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 40,805,500 төгрөгт холбогдох хэсгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч нь нийт 397,612,400 төгрөгийг дансаар хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг ба үлдэгдэл төлбөр хэмээн тайлбарлаж буй 241,398,100 төгрөгөөс 200,592,600 төгрөгт холбогдох шаардлага үндэслэлтэй болсон. Хэрэгт зээлийн хүү тохирсон 2017 оны 03 оны 24-ний өдрийн Зээлийн гэрээ л авагдсан, өөр гэрээ авагдаагүй, зээлийн хүүгийн төлбөрийн асуудал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч 40,805,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
10. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 40,805,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,364,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,160,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч ***с 200,592,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,805,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,364,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ***с 1,160,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч шүүгч Б.Ганцэцэг