| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0123/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайванд холбогдох 1831001170100 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1974 оны 03 дугаар сарын 01-нд төрсөн, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэнжийн 6-9 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 284 дүгээр шийтгэх тогоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 2 жил тэнсэн харгалзсан, 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жил тэнсэн харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайван /РД:МО-74030117/
Шүүгдэгч С.Энхтайван нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутаг дэвсгэрт Л.Энхбаатарын гээдүүлсэн бор арьсан түрүүвчийг олж, дотор нь байсан виза картнаас 750.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч С.Энхтайваны 2018 оны 05 дугаар сарын 21-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн орчим Мазда-626 загварын цагаан, саарал өнгийн 84-96 ДАА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр доод хороо асфалтан-замаар буюу цагаан өнгийн дэлгүүрийн өмнө явж байхад миний машины урдуур танихгүй эрэгтэй хүн гэнэт ороод ирэхээр нь би зогсоход миний машинд суугаад намайг “Сэлэнгэ аймаг явах унаа олоод өг” гэхээр нь би гэр лүүгээ явж байхдаа сумын төвийн захиргаан дээр буулгаад Сэлэнгэ аймгийн төв рүү явах хүмүүс рүү залгахад явахгүй гээд байсан. Тэгсэн Энхбаатар гэх залуу “намайг хүргээд өг’ гэхээр нь би “хэвтрийн хүн харж байдаг юм аа, би эмчээр тариа эхнэртээ хийлгээд эмчээ хүргэж өгч яваад чамтай таарлаа, би чадахгүй” гэхэд “та надад туслаач’ гээд байхаар нь би Шаамар сумын салдаг буюу Шаамар-6 гэх газар очоод дэлгүүрээс тамхи, 0.75л-ийн архи авсан. Миний машинд 30.000 төгрөгөнд түлш хийсэн. Бид 2 танилцаад “Буман нарс”-ийн хажууханд модон дотор архи уусан. Бид 2 амьдралаа ярьж байгаад архиа уугаад дуусгасан. Би гэртээ Энхбаатарыг аваад очих гэхээр манай эхнэр хэвтэрт байдаг, би согтуу танихгүй хүн дагуулж очиж байхаар гээд “Буман нарс”-ын гадаа буулгаад “чи наанаа унтчих” гэж хэлээд явсан. Би гэртээ хариад хашаандаа ороод машиныхаа нарны хаалтанд хийсэн байсан утсаа авах гэхэд утсаа алдсан. Алдсан утсаа авахаар доош тонгойход түрийвч байгааг харсан. Би түрийвчийг машиндаа үлдээгээд гэртээ орсон. Дараа өдрийн өглөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад эмч дээр очоод эхнэрийнхээ тариаг хийлгэх гэхэд эмч ноймог байж байгаад “өөрөө яваад очъё” гэсэн. Би нөгөө хүний түрийвчийг харахад түрийвчин дотор нь бэлэн мөнгө байхгүй виза карт нууц дугаартайгаа, иргэний үнэмлэх байсан. Би шууд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд орж ирээд төмөр замын вокзалын урд талын машины зогсоол дээр машины байрлуулаад Энхбаатарын төрийн банкны картыг нь аваад машинаасаа буусан чинь “хөх чулуут” дэлгүүрийн тэнд байдаг машин зогсоолын талбай дээр нэг шуудайтай юм үүрчихсэн нэг ах явж байхаар дуудаад би тэр ахаас “төрийн банкны карт уншдаг АТМ зааж өгөөч мөнгө авах гэсэн юм” гэж асуусан чинь тэр ах надад “Хөх чулуут” дэлгүүрийн үүдэнд байдаг төрийн банкны АТМ зааж өгсөн. Би тэр ахаас “та надад АТМ-аас мөнгө аваад өгөөч би ашиглаж чаддаггүй юм” гэж хэлээд “буман нарс” нэртэй амралтын газар хүргүүлэхдээ надад өгсөн хүний төрийн банкны картыг шуудаатай юм үүрчихсэн ахад өгсөн чинь тэр ах Хөх чулуут дэлгүүрийн үүдэнд байдаг АТМ руу намайг дагуулж яваад уг АТМ-д картаа тэр ахаар хийлгүүлээд би нууц дугаарыг нь хэлж өгсөн чинь тэр ах “дансанд чинь 700.000 гаран мянган төгрөг байна хэдэн төгрөгийг нь авах юм бэ” гэж надаас асуухаар нь би тэр ахад “700.000 төгрөгийг нь аваад өгчих” гэж хэлсэн дараа нь би тэр ахад “дахиад надад 50.000 төгрөг аваад өгчих" гэж хэлээд 50.000 төгрөг авахуулсан. Надад мөнгө авч өгсөн тэр ахад 10.000 төгрөг өгөөд явсан. Би Шаамар сум руу явж байхдаа “Алтантариа” ХХК-ний урдуур явж байхдаа түрийвч болон Энхбаатарын иргэний үнэмлэхийг тус тусад нь цонхоор шидсэн. Цаашаа яваад Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлын гурвалжингийн уулзвар дээр виза карт, нууц дугаар бүхий банкний бичгийг нь тус тусад нь хаяад Шаамар сум руугаа явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,
2.Шүүгдэгч С.Энхтайваны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Манай эхнэр хэвтэрт байдаг юм. Тэр өдөр эхнэртээ эмчилгээ хийлгэчихээд эмчийг нь хүргэж өгчихөөд буцах замд цагаан дэлгүүрийн ойролцоо олон хүмүүс явж байсан бөгөөд тэр дунд Л.Энхбаатар хамт байсан. Л.Энхбаатартай 1 шил архи уучихаад жуулчны баазад үлдээсэн. Машин дотор хэтэвч байхаар нь доторх зүйлсийг хартал мөнгөний виза карт байсан. Би “Хөх чулуут”дэлгүүрийн бэлэн мөнгөний машинаас хүн гуйгаад картнаас нь мөнгө авахуулаад тэр хүндээ 10.000 төгрөг өгсөн. Маргааш нь зах руу явж ядарсан хэдэн хүмүүст хоол, архи авч өгсөн. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Л.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байхад миний утас руу Цогоо залгаад “хүрээд ир, ороод ирсэн байна” гэхээр нь би зах дээр очиход Соёлоо, Цогоо, Амарбаясгалан нар байсан. Тэд нар дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи аваад голын эрэг дээр уусан. Цогоо, Соёлоо нар нь Шаамар сум руу явсан. Би Амарбаясгалантай хамт явж байхад Амарбаясгалан “2-лаа Шаамар явъя тэнд мөнгөний ажил байгаа байх” гэж хэлээд бид 2 Шаамар сум руу өөрийн төрсөн дүү Мөнхтуяагаар хүргүүлсэн. Би Амарбаясгалантай хамт ажил асуухаар айлд ороход уулзах гэж байсан хүн байхгүй байхаар нь тэр айлаас 2.5 литрийн савтай нэрмэл архи аваад Зоригоо гэх айлд орж тэр нэрмэлээ Амарбаясгалан бид 2 хуваагаад ууж сууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн харанхуй болчихсон модон дунд ойр хавьд гувалжин байшингийн ойролцоо хэвтэж байсан. Би сэрээд халаасаа уутлахад миний түрийвч байхгүй миний гар утас байсан. Би гар утсаараа өөрийн төрсөн дүү Л.Мөнхтуяаг дуудуулж авахуулсан. Тэгсэн дараа өдөр нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 06 цагийн орчим өөрийн хэвтэж байсан газрынхаа ойр орчим түрийвчээ хайгаад явж байхад миний гар утсанд карт уншуулж 700.000 төгрөг гарч байгаа талаар мэдээлэл ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би тэрийгээ сайн санахгүй байгаа. Түрийвч болон виза картаа хэн нэгэнд өгөөд байдаггүй. Би болсон явдлыг санахгүй байна. Миний түрийвчин дотор бэлэн мөнгө байгаагүй. Миний бор өнгийн түрийвчинд иргэний үнэмлэх, утасны үүр, Төрийн банкины 2 виза карт, 2 виза картны нууц дугаартай банкнаас өгдөг дугтуй, түрийвчин дотор нугалаад хийсэн байсан. Миний түрийвчийг олсон хүн миний виза картыг ашиглах боломжтой. Яагаад гэхээр нууц дугаарууд нь бүгд байсан. Миний биед янз бүрийн гэмтэл бэртэл байгаагүй. Ямар нэгэн шалбархай хөхрөл няцрал зэрэг хүндүүрлэх зүйл байгаагүй. Миний өмсөж явсан хувцасанд урагдал цоорол, татаж чангааснаас үүдэлтэй суналт, хүнтэй ноцолдсон байж болох ул мөр байгаагүй. Миний биед ямар нэгэн шалбархай зүйл байгаагүй. Тэгэхдээ миний данснаас 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30.000 төгрөг, 27.200 төгрөг, 57.000 төгрөг уншигдсан байна лээ. Яагаад уншигдсан талаар хэлж мэдэхгүй байна. Миний мөнгийг авч захиран зарцуулах эрхгүй. Би С.Энхтайван гээд байгаа хүнийг танихгүй. Би энэ хүнийг худлаа ярьж байна гэж бодож байна. Үнэхээр л тийм байсан бол яагаад хүргэж өгөөгүй юм. Миний данснаас мөнгө аваад намайг мөнгөтэй гэж бодсон юм шиг байна. Би чинь группт байж мөнгө авдаг хүн. Би энэ мөнгийг бага багаар цуглуулж байгаа. Энэ мөнгийг өөрөөсөө ч харамладаг. Тийм байж архи уусныхаа төлөө “Сэлэнгэ рүү хүргээд өг бензинийг чинь дүүргээд өгье” гэж хэлээгүй байх гэж бодож байна Би нэг их уудаггүй. Хааяа нэг уухаараа хүн дайлаад мөнгөө бусдад харамгүй өгөөд хүрэх газар луугаа хүргүүлэхийн тулд бензин зэргийг нь дүүргэж өгөөд байсан удаа байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 07-р ху/,
4. Хохирогч Л.Энхбаатарын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би бүдэг бадаг машинд явж байснаа санаж байгаа. Тэрнээс машинд хэнтэй явж байсан, хэний машинд сууж явснаа мэдэхгүй байгаа. Би хохирлын 774.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний данснаас гарсан байсан. Урд өдөр нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой хүнтэй нийлж ууж идсэн байх. Тэр мөнгийг би нэхэмжилэхгүй. С.Энхтайван надад хохирлын мөнгө гэж 670.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 104.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Миний хохирлыг төлж барагдуулна гэсэн. Надад гомдол санал байхгүй. Хэдий хүний эд зүйлийг машинаасаа олоод буцаагаад эзэнд нь өгөлгүй мөнгө авсанд нь дургүй хүрч байгаа ч би өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж хүнд олзлогдох зүйлийг нь бий болгож өгсөн. С.Энхтайваныг нэг алдахад нь улам цааш нь түлхээд яах вэ гэж бодож байна.Харин миний үлдэгдэл 104.000 төгрөгийг төлж барагдуулаарай гэж хэлмээр байна ...гэх мэдүүлэг, /хх-ийн 08-р ху/,
5.Гэрч С.Цогын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг руу явах жижиг тэргэнд суухад миний суусан машинд Соёлоо, Амарбаясгалан нар сууж явсан. Бид нар Сүхбаатар суманд хувийн ажил хөөцөлдөж яваад би Л.Энхбаатартай мэнд мэдэж залгахад Л.Энхбаатар “байгаа газар чинь яваад очъё” гээд хүрээд ирсэн. Би зах дээрээс гутал хувцас аваад илүү гарсан мөнгөөр нь нэг шил архи аваад тэр архиа голын эрэг дээр уусан. Бид нар архиа уучихаад тэндээсээ салсан. Би Соёлоотой хамт Шаамар сум руугаа буцсан. Харин Л.Энхбаатар, Амарбаясгалан нар нь Сүхбаатар суманд үлдсэн. Би Шаамар суманд гэртээ байж байхад хэдэн цагийг нь мэдэхгүй байна 20 цагийн үед байна уу гаднаас Л.Энхбаатар ганцаараа орж ирээд хэсэг сууж байгаад гарах гэхээр нь би “гэрт амраад яваач харанхуй болж байна хаачихна вэ” гэхэд “би амрахгүй явлаа” гэж хэлээд манайхаас гараад явсан. Тэгээд дараа өдөр нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 06 цаг өнгөрч байхад манайд Л.Энхбаатар өөрийн төрсөн дүү Мөнхтуяагийн хамт орж ирээд “Л.Энхбаатарын түрийвч бичиг баримт байна уу” гэж асуугаад гарсан. “Түрийвчинд нь мөнгө байхгүй” гэж хэлж байсан. “Түрийвч бичиг баримтаа хаясан байна” гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл надад хэлээгүй. Би нойрмог байсан тэр 2 хурдан асуугаад л буцаад явсан. Манайхаас гарахдаа “явлаа” гэж хэлээд л гарсан. Намайг харахад согтолт нь гайгүй хөл дээрээ зүгээр явж байсан. Тийм болохоор нэг их санаа зовоогүй. Биед нь ил харагдах шарх сорви, хувцас нь урагдсан байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 16-р ху/,
6. Гэрч Л.Мөнхтуяагийн 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр над руу Л.Энхбаатар залгаад “ах нь Шаамар явах ажилтай болчихлоо хүргээд өг, гурвалжин дээр байна" гэж хэлээд залгахаар нь би гурван замын уулзвар дээр очоод Шаамар сумын доод хэсэгт нэг айлын гадаа хүргүүлсэн. Би ахыг хүргэж өгөөд буцаад харьсан. Орой 22 цагийн өнгөрч байхад над руу манай ах Л.Энхбаатар залгаад “ах нь Шаамарт модон дунд байна, ах нь хаана байгаагаа мэдэхгүй байна, ойр хавьд амбаар байна” гэж хэлсэн. Би “Буман нарс" гэх газар байж магадгүй гэж бодоод очиход “Буман нарс” сувилалын хашаан дотор байсан. Намайг очиход Л.Энхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “миний бичиг баримт байхгүй байна, дансанд мөнгө байгаа данс хаалгаадах” гээд байсан. Би яаж хаалгадагийг нь мэдэхгүй болохоор хэвтэж байсан гэх газар нь хайгаад олоогүй өглөө гэрэлтэйд хайхаар явсан. Дараа өдөр нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өглөөний 06 цагийн орчим Шаамар сумын Буман нарс дээр очоод хайх гээд байж байхад ахын утсанд нь мессеж ирсэн. Бид 2 цагдаа дээр ирээд мэдэгдсэн. Манай ах Л.Энхбаатар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Хамт найз нь гээд нэг залуу явж байсан. Надад нэг ажил байна ажил ярих гэсэн юм гэж хэлж байсан. Орой нь Шаамар сумаас намайг очиж авахад их согтолттой байсан. Л.Энхбаатарын унтаж байсан гэх газар нь согтууруулах ундааны шил болон өөр бусад эд зүйл байгаагүй ногоорсон өвс л байсан. Өөр эд зүйл байгаагүй. Түрийвчийг нь хайхад олдоогүй. Уул нь манайд хүүгийн хамт амьдарч байгаа. Эхнэр нь 2015 онд элэгний өвчний улмаас нас барсан. Манай ах хүүхдийнхээ тэжээгчээ алдасны мөнгийг хуримтлуулаад гэр авах гээд дансанд мөнгө хадгалж байсан. Тэрнээс бэлэн мөнгө өөртөө бага хэмжээгээр авч явсан уу гэхээс их хэмжээгээр авч яваагүй байх....гэх мэдүүлэг, /хх 18-р ху/,
7. Гэрч З.Эрдэнэбаярын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үүрээр 04 цагийн орчим гэрээсээ гараад төмөр замын вокзал дээр байж байгаад 06 цагийн орчим байх цагаа сайн санахгүй байна 40 орчим насны нэг эрэгтэй хүн намайг “Хөх чулуут” дэлгүүрийн үүдэнд зогсож байхад хүрч ирээд надаас “ахаа төрийн банкны АТМ хаана байна, та карт уншуулж чадах уу” гэж надаас асуухаар нь би Төрийн банкийг зааж өгсөн чинь тэр залуу надаас “та картнаас мөнгө аваад өг, би карт ашиглаж чаддаггүй. Бугантаас ирсэн малчин хүн” гэж өөрийгөө танилцуулж байсан. Би тэр залуугаас “чи картныхаа дугаарыг мэдэх үү” гэж асуусан чинь “мэднэ” гэж надад хэлэхээр нь бид хоёр “Хөх чулуут” дэлгүүрийн үүдэнд байдаг төрийн банкны АТМ дээр очсон тэр залуу надад төрийн банкны карт гаргаж өгөөд нууц дугаараа хэлж өгсөн. Тэгээд тэр АТМ-ээс 700.000 төгрөг авсан дараа нь залгуулаад ахиад 50.000 төгрөг надаар авахуулаад надад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу зам гараад урагшаа яваад өгсөн. Би тэр өдөр “Гурван мэргэд” зах хавьцаа өдөржингөө байж байгаад 22 цагийн орчим гэртээ харьж унтсан. Би уг залууг тэр өдөр л анх удаа харсан өмнө нь харж байгаагүй. Манай Сүхбаатар сумын хүн биш байх. Тэр залуу надад өөрийгөө Бугантаас ирсэн гэж танилцуулж байсан тэр залуу надад нэрээ хэлээгүй. Тэр залуу дээгүүрээ хар өнгийн богино савхин куртик, доогуураа саарал өнгийн бэлтгэлийн өмд өмсчихсөн байсан. Мөн хар өнгийн урт түрийтэй хромон гутал өмссөн, хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан. Тэр залуу 170 орчим см өндөр нуруутай, бор цараатай хүн байсан. Би тэр залууг харвал шууд танина. Тэр залуу ганцаараа явж байсан. Тэр залуу надаар мөнгө авахуулаад надад 10.000 өгчихөөд зам хөндлөн гараад хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хашааны баруун талын зогсоол дээр байсан цагаан өнгийн нэг машинд сууж байгаа харагдсан. Цагаан өнгийн жижиг суудлын тэрэг байсан би уг машиныг марк-2 загварын машин байна гэж анзаарсан, гэхдээ сайн санахгүй байна. Хөх чулуут дэлгүүрийн ойролцоо хүн явж байгаа харагдаагүй. Цэнхэр өнгийн өнгийн төрийн банкны карт байсан. Би одоо уг картны нууц дугаарыг санахгүй байна. Уг төрийн банкны карт шинэвтэр карт байсан. ...гэх мэдүүлэг, /хх 21-р ху/,
8. Гэрч Б.Баянбилэгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар өнгөрөөд явж байгаад Л.Энхбаатар гэдэг хүний иргэний үнэмлэх зам дээр байхаар нь олоод охиныхоо фэйсбүүк хаягаар “Сэлэнгэ зар” гэсэн хаяганд иргэний үнэмлэхний зургийг оруулаад, доор нь өөрийнхөө утасны дугаарыг бичлүүлээд цахим сүлжээнд байршуулсан. Би иргэний үнэмлэхээс өөр эд зүйл олоогүй. Миний олсон бичиг баримтыг Л.Энхбаатар манай охины байрны гадаа ирээд авсан. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,
9. Гэрч А.Мичидмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... С.Энхтайван ах 84-96 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж манайхаас түлш авдаг. 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажилтай байсан. Тэр өдөр манайхаар үйлчлүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Манайхаас зам дагуу учраас олон хүн үйлчлүүлдэг болохоор сайн санахгүй байна. Манай камерын бичлэг 14 хоногийн бичлэг хадгалдаг. Би олон хоног өнгөрсөн учраас тэр өдөр хэн хэн орж гарсан юу авсан талаар санахгүй байна. С.Энхтайван ах зан байдлын хувьд нүүрний баясгалантай инээгээд явж байдаг. Амьдрахын тулд энд тэнд ажил хийгээд явж байдаг. ...гэх мэдүүлэг, /хх 25-р ху/,
10. Гэрч С.Пүрэвсүрэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажилтай явж байхад урт хавтас шиг хүрэн бор өнгийн түрийвч Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 3 хорооноос Корпус руу эргэх догол тойрог хэсэгт төмөр замын торон хашаан дотор газар унасан байдалтай хэвтэж байсан. Түрийвчийг би нээгээд харахад дотор нь утасны үүр буюу дугаартай утасны карт, хүүхдийн хүзүүнд зүүлгээд байдаг улаан өнгийн сахиус байхаар нь би хүүхэдтэй хүн л түрийвчээ гээж дээ гэж бодоод түрийвчинд байх утасны дугаар луу залгаад “би түрийвч оллоо, та түрийвчээ хаяж гээсэн үү” гэж хэлэхэд утасны цаанаас нэг залуу аваад “би түрийвчээ гээж алга болгосон" гэж надад хэлээд утсаар ярьж байгаад ирж надаас түрийвчээ авсан. Тэр залуу түрийвч авахдаа “би Шаамар суманд найзуудтайгаа архи ууж байгаад түрийвчээ алга болгосон, би монгол гэр авахаар мөнгө цуглуулж байсан юм, картанд байсан мөнгө нь хүн АТМ-аас авсан байна. Цагдаад шалгуулж байгаа” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх 26-р ху/,
11. Гэрч Б.Гантуулын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ажиллаад 4 дэхь жилдээ ажиллаж байна. Шаамар суманд ирээд 2015 оноос хойш С.Энхтайванг манай хадам аавын хөрш гэдгээр нь мэдэх болсон. Яваа яваандаа ажлын шугамаар гэрт нь орох зэргээр мэддэг болсон. С.Энхтайван нь ам бүл 6-лаа амьдарч байсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын сүүлээр С.Энхтайваны эхнэр Даариймаа охины хамт зам тээврийн осолд өртөж Даариймаа хэвтэрт орж том охин нь газар дээрээ нас барсан. Одоо Даариймаа гэртээ хэвтэрт байгаа. Өрхийн хувьд Даариймаа ямар нэгэн орлого байхгүй. Харин С.Энхтайван группт байдаг. Хааяа нэг нохой устгалд оролцдог. Энэ тэнд хар бор ажил голохгүй хийгээд хүмүүсээс хэдэн төгрөг хийгээд явдаг. Ер нь амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй. Эхнэр хүүхэд нь аваарт ороод одоо С.Энхтайван Даариймаа 2-лаа амьдрах болсон. Аваарт орсон охины 2 хүүхэд нь аавыгаа дагаад Ерөө сум руу явсан. Харин бага охин нь явсан гэсэн. Хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй. С.Энхтайван нь амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй түүнийхээ төлөө зүтгэж янз бүрийн ажил хийгээд явдаг. Хүмүүстэй мэндтэй устай явдаг. Энэ тэнд хүмүүстэй инээлдээд чанга чанга яриад зогсож байдаг. Их яриасаг хүн. Зан байдлын хувьд хүнд тусархаг, сэтгэлээрээ зантай, аливаа сум орон нутгаас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцдог. Сум орон нутгаас одоогоор өгсөн хандив тусламж байхгүй. С.Энхтайван нь сэтгэцийн улмаас даатгалаас тэтгэвэр авдаг. Улсанд ажилласан жилтэй учраас даатгалаас мөнгө авдаг. ...гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,
12.Гэрч О.Наранцогтын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... С.Энхтайваныг манай сумын иргэн гэдгээр нь мэднэ. Энхтайван өөрийн гэсэн хүүхэдгүй. Дагавар хүүхэдтэй хүнтэй суугаад 10 гаруй жил болж байна. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Хааяа нэг нохой устгалд оролцдог. Эхнэр хүүхэд нь 2018 оны 02 дугаар сүүлээр өөрийнхөө хашаа руу орж яваад машинд мөргүүлээд хүүхэд нь газар дээрээ өнгөрч эхнэр нь хэвтэрийн байдалтай гэртээ байгаа. Энхтайван сахиад гэртээ 2-лаа байдаг юм шиг байна лээ. Амьдралын хувьд нэг их боломжийн амьдралтай хүмүүс биш. Өрхийн орлого байхгүй, дээр нь эхнэр нь хэвтэрт орсон хэцүү л байгаа байх. Ажил хөдөлмөрийн хувьд ажилсаг, хөдөлмөрч зантай, ямар нэгэн ажил голоод байдаггүй. Гарын дүүтэй энд тэнд хүнд тусалж хар бор ажил хийж хэдэн төгрөг аваад явдаг. Ааш зангийн хувьд хүнтэй маргаад байдаггүй, архи дарс хааяа нэг уусан харагддаг. Өөрийгөө илэрхийлж чадахаар яриа хөөрөөтэй. Хүмүүстэй маргахгүй, ажилд сайн хүн чинь бас жаахан нэр хүндтэй. Орон нутагтаа тийм ч муу нэртэй хүн биш. ...гэх мэдүүлэг, /хх 28-р ху/,
13. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа №42/18 дүгнэлт хэсэгт:
1.С.Энхтайван нь болсон хэрэг асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.
2.3 С.Энхтайван нь гэмт хэрэг үйлдэх үедээ тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй байсан боловч үйлдлээ хянах чадвартай болно.
Энэ эмгэг нь олдмол өвчин болно.
3.4 С.Энхтайван нь гэмт хэрэг үйлдэх үедээ тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.
5. С.Энхтайван нь гэмт хэрэг үйлдэх үедээ тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй байсан боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 30-р ху/,
14.Шүүгдэгч С.Энхтайваны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 61-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 55-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 37-38-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 39-40-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34-35-р ху/, хохирогчийн хохирлын баримтууд, /хх-ийн 46-54-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Энхтайваныг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутаг дэвсгэрт Л.Энхбаатарын гээдүүлсэн бор арьсан түрүүвчийг олж, дотор нь байсан виза картнаас 750.000 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болон үлдсэн хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн ихэнхийг төлсөн, үлдсэн хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Хохирогч Л.Энхбаатар нь төлөгдөөгүй үлдсэн 104.000 төгрөгөө нэхэмжилж байгаа тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайваныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Санжаасүрэнгийн Энхтайваныг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Энхтайваны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Энхтайванд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.Энхтайван нь хэрэгт авагдсан хохирлоос 646.000 төгрөгийг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Энхтайвангаас 104.000 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 01 тоотод оршин суух Л.Энхбаатарт олгосугай.
7.Шүүгдэгч С.Энхтайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН