Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0340/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024      07          26                                           2024/ШЦТ/345

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,   

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000403 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.Б

Шүүгдэгч Б.Б нь;

2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 12.20 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Сангийн далай хүнсний дэлгүүрийн гадаа “нөхрийгөө Солонгост байх үед өөр хүнтэй явалдсан” гэх шалтгаанаар хохирогч Ё.Б маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа хохирогчийн толгойн тус газарт гар утсаараа цохиж, түүний эрүүл мэндэд “хуйханд шарх, нуруу, зүүн шуу, бугуйнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Ё.Б-н “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 12.46  цагийн үед би Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг “Ногоон-Өргөө” хийдийн ламтай уулзах гээд явж байх үед гар утас дуугарч нөхөр С залгаад “энд нэг эмэгтэй чамайг янхан, хүнтэй явалддаг” гээд байна, чи энэ хүнтэй нүүрэлд, хүрээд ир” гэсэн. Б-н гэрт ортол Б манай нөхөртэй хэрэлдээд байж байсан, би Б руу “чи одоо юу гээд байгаа юм, би хззээ чамтай архи, дарс уугаад архидаад янхандаж явсан юм” гэсэн чинь “би чамайг мэднэ шүү, чи жилийн өмнөөс архидаж явсан шүү дээ, нөхрөө Солонгост байхад хүнтэй явалдсан биздээ” гэсэн. Тэгээд би Б-г “надтай явалдсан хүнээ олоод ир, гэрийг нь заагаад өг” гэсэн чинь Б “би заагаад өгье” гээд машинаа унаад зугтаачихсан, нөхөр бид хоёр Б-гийн араас машинтай явтал “Сангийн далай”  дэлгүүрийн гадаа машинаа зогсоочихсон байсан, бид хоёр тэнд зогсоод машинаас буусан чинь Б машинаасаа буугаад над руу дунд хуруугаа гаргаад орилоод байсан. Би Б-гийн фудволкноос татаад зүүн гар луу нь цохисон, зөрүүлээд Б намайг цохисон, бид хоёр харилцан зодолдоод би Б-гийн нүүр, толгой хэсэг рүү нь цохисон, Б миний үснээс зулгаагаад толгойн баруун дагз хэсэг рүү гар утсаараа цохисон. ...Миний толгойн баруун дагз хэсэг хагараад оёдол тавиулсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,

гэрч С.С-н “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед гэрт  очсон. ...Б-н хашаанд Б-тай уулзаад зогсож байтал гаражаас нь Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу гарч ирээд “та нар гагнуураар ийм хогийн юм хийдэг юм уу, энэ майхны хундам юм уу” гээд байсан. Би тэгэхээр нь Б-г “зайл архичин минь” гэсэн чинь Б “би архичин байж болно, чиний эхнэр чинь янхан шүү дээ, эхнэрээ дууд нүүрэлдэе, явалддаг залуугийнх нь гэрт очиж уулзуулъя, чи эр хүн байж эхнэрээ янхандаж явж байгааг мэдэхгүй, чамайг Солонгост байхад эхнэр чинь янхандаж эхэлсэн шүү дээ” гэсэн. Би эхнэр Б руу залгаж “хүрээд ир” гэсэн манай эхнэр Б хүрч ирээд “намайг хэзээ янхандаж явж байгааг харсан юм” гээд Бтай хэрэлдэж эхэлсэн, Б “явалдаж байсан залуугийн гэрийг нь заагаад өгье” гэж хэлээд машиндаа суугаад зугтчихсан. Тэгээд бид хоёр араас нь машинтай яваад очтол Б “Сангийн далай” дэлгүүрийн гадаа зогсчихсон, Б, Б нар машинаас буугаад зодолдож эхэлсэн, Бие биенээ үсдээд, маажаад Б гар утсаараа Бгийн толгойн баруун ар хэсэг рүү цохисон,т...Б толгойн баруун дагз хэсэгтээ оёдол тавиулсан.” гэх /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч Д.Б-н “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед би өөрийн хамтран амьдрагч Б руу залгаад “юу хийж байна” гэсэн чинь “би өнөөдөр “Сангийн далай” дэлгүүрийн гадаа хүнтэй маргалдаад, зодолдоод цагдаа орчихоод ирлээ” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 17 дахь тал/ мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 535 дугаартай; “...Ё.Б-н биед хуйханд шарх, нуруу, зүүн шуу, бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Э-н 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сангийн далай” хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ё.Б-н өгсөн хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулж,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Шүүгдэгч нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, одоо торгуулийн ялаас 5.830.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг “Сангийн далай” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай тогтоолоор оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 /хоёр/ сарын хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг “Сангийн далай” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э