| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/03699/И |
| Дугаар | 192/ШШ2025/06158 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/06158
| 2025 08 06 | 192/ШШ2025/06158 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан банк цамхаг хаягт байрлах Хаан Банк ХК /регистрийн дугаар: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух Жалайр бөхчүүд овогт Ойдовын Цоодол /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух Есүхэй овогт Жалдангийн Жаргал /регистрийн дугаар: *******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,304,464.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цоодол, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,304,464.93 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч О.Цоодол, Жаргал нар нь ХААН банктай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/201642840852 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 5,241,215 төгрөг, зээлийн хүү 1,043,799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,924 төгрөг нийт 6,286,938 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлт хийхгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат гэрээний 2.4.2,.2,4.4, 2.1.7, 5.1.5, 4.2.7, 5.1.7, 5.1.10, 7-т зааснаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч О.Цоодол, Жаргал нараас зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,758,785.43 төгрөг зээлийн хүүд 15,711,501.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,718,977.68 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал буюу нотариатын зардал 45,000 төгрөг, зээлдэгч нарыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг нийт 27,304,464.93 төгрөгийг нэхэмжилсэн. Хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудсанд зээлдэгч нараас банканд гаргасан хүсэлт, уулзалтын тэмдэглэл зэрэг авагдсан байгаа. Эдгээр баримтаас харахад зээлдэгч нараас гэрээг цуцлах талаар дурдаагүй. Зээлийн хүүг зогсоох талаар хүсэлт гаргасан гэж ярьж байна. Зээлдэгч нараас зээлийн төлбөрөө төлнө гэж байгаа тохиолдолд зээлийн хүүг зогсоох боломжгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлдэгч нартай уулзсан тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн эргэн төлөлт хийх талаар мэдэгдэх ажиллагаа хийж байсан. Тухайн үед зээлдэгч төлөлт хийнэ гэдэг байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагч нар хаягт оршин суудаггүй гэх Хан-Уулын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 581 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Үүний дараа тус шүүгчийн захирамжийг үндэслээд шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас ажиллагаа хийж зээлдэгч нарын хаягийг тодруулж өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банкнаас зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлт хийх талаар шаардах эрхээ хэрэгжүүлж, мэдэгдэх ажиллагаа хийж байсан. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч О.Цоодол болон Ж.Жаргал нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Хариуцагч нар татгалзлын үндэслэлийн талаараа: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед О.Цоодол миний бие Хүүхдийн урлан бүтээх төвд захирлын албан тушаалд сарын 900,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан бөгөөд зээл авснаас ажлаасаа халагдсан тул орлогогүй болж, зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Тухайн үедээ төлбөрийн чадваргүй болсон талаараа Хаан банкинд мэдэгдэж зээлийн хүүг хасаж, багасгаж өгөөч гэсэн утгатай хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Тухайн үед хариуцаж байсан эдийн засагч нь хүсэлтийн хариуг надад өгөөгүй ба банкнаас холбогдохгүй болохоор нь миний хүсэлтийг хүлээж аваад зээлийг хаасан гэж ойлгосон. Одоо би тэтгэвэрт байдаг хэдий ч эрүүл мэндийн хувьд 2019 оны 04 дүгээр сард харвасны улмаас ам мурийж баруун гар, хөл мэдээгүй болсон тул хөдөлмөр эрхэлж чадахгүй байсаар тэтгэвэртээ гарсан. Эхнэр Ж.Жаргал нь элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл, тархины цүлхэн оноштойгоор байнгын эмчилгээтэй байдаг учраас хөдөлмөрийн чадваргүй болсон. Одоо 671,000 төгрөгийн тэтгэвэр авдаг бөгөөд энэ мөнгө амьдралд хүрэлцдэггүй учраас үндсэн зээлээ төлье гэдэг саналыг Хаан банканд удаа дараа тавьж байсан. Хариуцагч нар нь Хаан банканд зээлийн хүүгээс чөлөөлүүлэх талаар удаа дараа хүсэлт өгсөн боловч банкнаас огт шийдвэрлэлт хийгээгүй. Үүнээс хойш зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3-т зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнийг банк мэдэж байсан мөн зээлдэгчээс ажилгүй болсон талаараа хүсэлтийг удаа дараа тавьж байхад зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Зээл авснаас хойш 8 жилийн дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрэн сурвалжлуулах шийдвэрээр зээлдэгч нарын хаягийг тодруулж байсан. 2024 оноос өмнө нь зээлдэгч нараас хүү төлөх боломжгүй талаараа хүсэлт тавьсан байхад 2025 оны 08 дугаар хүртэл зээлийн хүү тооцож байгаа нь зохимжгүй байна. Иймд хариуцагч нарын эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/7158 дугаартай итгэмжлэл, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 34/2314 дугаартай итгэмжлэл, нотариатаар батлуулсан хуулбарын төлбөрийн баримт, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ201642840852 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Хаан банк дахь 5028694922 дугаартай дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банк ХК-д гаргасан хүсэлт, Зээл хүсэгчийн анкет, О.Цоодол, Ж.Жаргал нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 162 дугаартай Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны Тусгай активын зээл төлүүлэлтийн газар-т гаргасан хүсэлт, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны Тусгай активын газар-т гаргасан хүсэлт, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкинд гаргасан өргөдөл, 2022 оны 04 дүгээр сарын 20+-ны өдрийн Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 61/2673 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 61/2100 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02686 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30к1-3/5451 дугаартай албан бичиг.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/23 дугаартай Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/308 дугаартай Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай захирамж, О.Цоодолын Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/275 дугаартай албан бичиг, Ж.Жаргалын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз гэх баримт, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0498 дугаартай итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нарт холбогдуулан зээлийн төлбөрт 9,758,785.43 төгрөг, хүүгийн төлбөрт 15,711,501.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,718,977.68 төгрөг, хохирол /нотариатын зардал, эрэн сурвалжлуулахад гарсан зардал/ 115,200 төгрөг, нийт 27,304,464.93 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, О.Цоодол, Ж.Жаргал нартай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нар зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй тул 27,189,264.93 төгрөгийг гаргуулах эрхтэй. Мөн зээлдэгч нар үүргээ биелүүлээгүйгээс Хаан банк ХК-иас нэмэлт зардал гарсан буюу хохирол учирсан тул 115,200 төгрөгийг, нийт 27,304,464.93 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
2. Хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нар зээл болон хохирлын төлбөрийн дүнгийн талаар маргаагүй. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөсөн.
2.1 Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ, Хаан банк ХК-д гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр хүргүүлсэн боловч хүлээн аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О.Цоодол ажлаасаа халагдаж төлбөрийн чадваргүй болсон тул Хаан банк ХК-тай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-д заасны дагуу гэрээг цуцлах ёстой байсан хэмээн тайлбарласан.
3. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ201642840852 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, энэ гэрээний дагуу Хаан банк ХК нь жилийн 16,8 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийг О.Цоодол, Ж.Жаргал нарт 48 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч О.Цоодол Ж.Жаргал нар сарын бүрийн 02-ны өдөр харилцан тохиролцсон төлбөр төлөх хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг буцаан төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг байгуулжээ.
4. Хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нар зээлийн мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан, зээлийн төлбөрт нийт 6,286,938 төгрөгийг төлсөн талаараа маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
5. Хариуцагч нар зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг нэхэмжлэгч Хаан банк ХК-д удаа дараа илгээсэн, мөн амаар хэлсэн гэх боловч эдгээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй. Иймд гэрээг цуцлах санал хүргүүлсэн гэх хариуцагч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
6. Хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны Тусгай активын зээл төлүүлэлтийн газар-т гаргасан хүсэлт, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны Тусгай активын газар-т гаргасан хүсэлт, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкинд гаргасан өргөдөл, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр баримтууд нь гэрээг цуцлах талаар хариуцагч нараас хүсэл зоригоо илэрхийлсэн агуулгагүй, харин гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн агуулгатай байна.
7. Нөгөө талаас, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтоодог бөгөөд Хаан банк ХК гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах талаар аливаа саналыг гаргаагүй байна.
8. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ201642840852 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний тохиролцооноос үзвэл зээлдүүлэгч Хаан банк ХК нь гэрээг цуцлах аливаа үүргийг хүлээгээгүй, зөвхөн гэрээг цуцлах эрхтэй байхаар талууд харилцан тохиролцжээ. Энэ тохиолдолд хариуцагч Хаан банк ХК-ийг гэрээг цуцлах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.
9. Талууд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заажээ. Хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нар ЗГ201642840852 дугаартай гэрээний дагуу зээлийн төлбөрт 5,241,215 төгрөг, хүүгийн төлбөрт 1,043,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,924 төгрөг төлсөн байх тул зээлийн үлдэх төлбөрт 9,758,785.43 төгрөг, хүүгийн төлбөрт 15,711,501,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,718,977.68 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.
10. Талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нараас хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,718,977.68 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
11. Мөн талууд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ201642840852 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсэгт зээлдэгчийн буруугаас банкинд учирсан хохирлыг зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцжээ. Нэхэмжлэгч Хаан банк ХК-иас 45,000 төгрөгийн нотариатын зардал, 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн зардал /хариуцагч нарыг эрэг сурвалжлуулсан/ гарсан байх тул эдгээр зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нараас гаргуулна.
12. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 294,472 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан боловч 295,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 295,000 төгрөгөөс 294,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 528 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
12.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нараас 294,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан О.Цоодол, Ж.Жаргал нараас 27,304,464 төгрөгийг гаргуулан Хаан банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,000 төгрөгөөс 294,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 528 төгрөгийг улсын орлогоос, 294.472 төгрөгийг хариуцагч О.Цоодол, Ж.Жаргал нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР