| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0314/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/126 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,
Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-ид холбогдох эрүүгийн 201722000325 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-,
Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бургааст” гэх газарт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, “Верна аксент” маркын тээврийн хэрэгслээр иргэн Д.Г-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бургааст” гэх газарт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, “Верна аксент” маркын тээврийн хэрэгслээр иргэн Д.Г-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 19-ний өглөө бид нар ажил дээрээ байж байгаад өдөр нь 12 цагийн үед салхинд гарахаар болоод манай ажилчид бүгд явсан. Тэгэхэд манай инженер Батсайхан өөрсдийнхөө портер машинтай явсан. Би Батсайханы машин дотор суугаад явсан. Энэ машинаас гадна Ц.Б-ийн машин явсан. Ц.Б-ийн машин дотор хоёр гурван залуу суугаад явсан. Бид нар Төмөрбулаг сумын Бургааст гэсэн үү нэг уулын захад очоод ямаа боож идэн 4 шил архи хуваан ууж тоглож наадаж байгаад явахаар болоод машин машиндаа суугаад гол уруудаад явсан. Явахдаа би Ц.Б-ийн машин дотор явсан. Бид нар явж байгаад голын зах дээр очиж зогссон. Би машин дотор суугаад явж байхад Ц.Б-, Мөнхөө ах хоёр маргалдаад л яваад байсан. Тэр хоёр голын зах дээр очоод машинаас бууснаа барилцаад авсан. Тэгснээ Ц.Б- эргэж машиндаа сууснаа машинаа асаагаад Мөнхөө ахыг чиглээд ирэхээр нь би Мөнхөө ахыг хойш нь татаад авсан чинь Ц.Б- намайг мөргөсөн. Тэгэхээр би машины хамар дээр тээгээд хэвтээд зогсоогоороо Ц.Б- ах аа гэсэн чинь зогссоноо хойшоо ухраад мурчигнаад давхиад явахад би газарт унасан. Тэгээд нэг мэдсэн чинь замд яваад байх шиг байсан. Дахиад нэг мэдэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Биеийн байдал сайн биш байна. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж хагалгаа хийлгэж байгаад ирсэн. Одоо дахин зураг авахуулж хагалгаанд орох ёстой байгаа. Ганцхан нурууны хагалгаа ч биш уушиг муу байгаа болохоор уушигны хагалгаанд орно. Улаанбаатар хот руу явах хүртлээ би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед салхинд гарахаар хөдөө явсан юм. Би хөдөө явахдаа маяти машин дээр сууж явсан юм. Тэгээд модонд очоод би хорхог хийсэн. Тэр хооронд архи тойруулж би ганц нэг татаж байсан. Тэгээд би архи бага уусан болохоор буцахдаа маятиг барьж явсан. Тэгээд замдаа Мөнхөө ахын хамаатны ноос ачсан. Замд явж байтал Мөнхөө ахын авгай Дууяа эгч рүү утсаар нэг хүн залгаад “нөгөө хэд зодолдоод байна” гэж хэлэхээр нь цуг явж байсан мотоцикльтой хүнийг явуулахад ийм асуудал болсон байхаар нь төвд ноосоо буулгаад буцаад очиход Ганаа ухаангүй байсан. Тэгээд Ц.Б-ийг дээрээ суулгаад сум орж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч А.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед салхинд гарахаар хөдөө явсан. Би нутгийн хүн болохоор нэг ямааны мах авсан юм. Би хөдөө явахдаа Ц.Б-ийн цагаан машинд сууж явсан. Тэгээд би хорхог дутуу болоод дахин чанаж байсныг санаж байна. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ортол Ганааг дайрчихлаа гээд машины буруу талд газар хэвтэж байхаар нь би тэвэрч аваад “түргэн дууд” гэсэн. Тэгээд бид нар наашаа сум руу машинаараа явж байтал урдаас маятигаар Азаа ирсэн. Тэгээд сум руу аксентийг Лхагважав барьж орж ирсэн. Замд түргэний тэрэг голын цаана таараад Ганаад эм тариа хийгээд эмнэлэгт хүргэсэн. Би дайруулж байхыг нь хараагүй, дараа нь машины хажууд байхыг нь харсан. Тухайн үед Ц.Б- жолоо барьж явсан болохоор Ц.Б-ийг дайрсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Ч.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 18-нд бид нар цутгалтын ажлаа дуусгаад 2017 оны 6 дугаар сарын 19-ний өглөө урьд нь ярьж байснаараа салхинд гарахаар дэлгүүрээс Лхагва бид хоёр 0.75 литрийн 6 шил архи, 2 литрийн савалгаатай 2, 3 сав пиво болон бусад хүнсний зүйл аваад хөдөө явсан. Бид нар модны хаяанд очоод хорхог хийсэн. Тэр хооронд архи тойруулж байсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор намайг Ц.Б-ийн машинд суулгаж миний маятиг Азжаргал унаад төв рүү явсан байсан. Тэгээд би ухаан ортол хэн нэгэн хүн “хүн дайрчихлаа” гэж хашгирахаар нь машины буруу талын дугуйны хойгуур хартал Ганаа машин дор орсон байдалтай, толгой нь машины бөгсөн тал руу харсан байсан. Дуудахад дуугарахгүй байхаар нь сандраад Ганааг яаж машин дороос гаргаснаа ч санахгүй байна. Тэгээд бид нар Ганааг арын суудал дээр Мөнхөө ахад тэврүүлж суулгаад би өөрөө урд талын суудал дээр суугаад төв рүү явж байтал замд Азаа миний машиныг унаад урдаас ирж явсан. Тэгээд Ц.Б-ийг маятины дэргэд буулгаад би машиныг нь бариад цааш явж байтал түргэний тэрэг таарсан. Хоёр эмч бууж ирээд Ганаад тариа хийгээд машинаас буулгалгүй сум руу оруулж эмнэлэгт хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Ж.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бид нар сумын төвөөс баруун урд зүгт 10 гаруй километр зайд байх модны хаяанд очиж хорхог хийж амарсан юм. Салхинд гарсан болохоор архи уусан байсан. Буцахдаа хөх өнгийн портертой манай инженер Батсайхан охинтойгоо хоёулаа түрүүлээд буцсаны дараа бараг цаг гаран болоод бид нар аксенттай уруудаад ирэхэд айлын гадаа маятин дээр ноос ачиж байхаар нь хажууд нь очоод зогстол Мөнхөө ах аксент руу орж ирээд суусан. Тэгээд би тэр үед урд суудал дээр ядарсандаа унтчихсан байсан. Тэгээд нэг сэртэл Мөнхөө ах, Ц.Б- хоёр машин дотор маргаж байгаад машинаас бууж байсан. Би нойр хүрээд нэг их сайн анзаараагүй. Нэг хартал Мөнхөө ах Ц.Б- нар машины хажууд маргалдаж байгаа харагдсан. Тэгээд Ц.Б- машинд орж ирж суугаад “Мөнхөө ах уур хүргээд” гэж хэлээд машинаа асаагаад хөдөлсөн. Тэгтэл гадаа байсан хүмүүс “хүн мөргөлөө” гэж хашгирахаар нь машинаас буутал Ганаа машины урд дайруулсан байдалтай хөл нь машин доогуур орсон байдалтай байсан. Тэгээд би маш их сандарсан байсан болохоор түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Р.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 19-нд 19 цагийн үед би үхрээ сааж байтал тугалын зэлний баруун хойд талд цагаан өнгийн жижиг тэрэг ирж зогсоод дотроос нь хүмүүс бууж ирээд хоорондоо маргалдаж зодолдох гэж байгаа бололтой байсан. Тэр нар барьцалдаж авсан байгаа бололтой харагдсан. Тэгээд нэг хартал гурван залуу нь үлдсэн нэг машинаа унаад явж байгаа харагдсан. Тэгтэл буцаж ирээд нэгийгээ дайрсан. Дайрагдсан хүн нь унаад хоёр дугуйных нь дунд байгаа харагдсан. Тэгэхээр нь би эгч Наранчимэг эмнэлэгт нийгмийн ажилтан ба эмч рүү 89839990 дугаараар нь залгаад ийм асуудал болсон талаар хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай нутгийн Буяа гэдэг залуу мотоцикльтой ирээд “түргэн дуудаарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 19-нд намайг гэртээ байхад өдөр хэдэн цагийн үед байсныг санахгүй байна сумаас ягаан өнгийн маяти маркын автомашин, жижиг цагаан машин, хөх өнгийн ачааны жижиг ачааны нийт гурван машинтай хүмүүс манай гэрийн урд талын модны хаяанд ирж зугаалга хийж байгаа бололтой гал түлж, хоол унд хийж идэж байгаа бололтой амарч байсан. Тэд нар манайхаас сүү, хувин сав авсан байсан. Тэгээд манай хотын хоёр хөгшин очиж шөл уусан. Тэд нар орой 18-19 цагийн үед буцахаар уруудаж ирэхээр нь би ачааны маяти машинд ноос, гэрийн мод зэрэг зүйл ачиж сум оруулж буулгуулсан. Ачааны машинд сууж явсан Дуламсүрэн эгч “хойно үлдсэн жижиг машинтай хүмүүс зодолдоод байна гэнэ, надад хүн утсаар тэгж хэллээ чи очоод орхиоч” гэхээр нь буцаад иртэл машин зүүн хойд зүгт харсан байдалтай түүний баруун хойд талд дайруулсан гэх хүнийг хоёр хүн тэвэрсэн байдалтай сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 547 дугаартай
1. Д.Г-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д.Г-гийн биед уушигны няцрал, авчилт, наалдац, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, цээжний гурван нугалмайн шахагдсан хугарал бүхий гэмтэл учирсан байна.
3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06- 09 дүгээр хуудас/,
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би модны хаяанаас хөдлөхдөө гайгүй байсан санаад байна. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Бид нар миний мэдэхээр 0.75 литрийн “Сархад” нэртэй 5 шил архи, 2.5 литрийн 2 сав пиво авсан байсан. Архинаас 4 шил архийг нь уусан. Пивийг бол тэнд явсан хоёр эмэгтэй Дууяа, Лхагва нар уусан. Цаанаас хөдлөхөд Лхагва, Д.Г-, Лхагважав бид дөрөв миний машинтай явж байсан. Тэгээд наана айлын гаднаас маятинд сууж явсан Мөнхөө ах суугаад тавуулаа явсан. Түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Би машин барьж явсан болохоор өөрийгөө мөргөсөн гэж бодож байна. Тэнд надаас өөр машин барьж явах хүн байхгүй байсан. Би согтсон байсан болохоор юу болсныг огт санахгүй байна. Сүүлд эмнэлгийн гадаа Лхагва надад хүн дайрсан талаар хэлэхээр нь би Лхагважаваас юу болсныг асуухад намайг Д.Г-г дайрсан талаар Лхагважав надад хэлсэн. Тэгээд би айж сандраад байж байтал цагдаа ирээд аваад явсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна. Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Б-, хохирогч Д.Г- нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эмчилгээ, унааны зардал 4.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2017 оны 10 дугаар сарын 10-ны дотор 700.000 төгрөгийг өгөхөөр талууд тохиролцсон ба хохирогчид хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүх хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 201722000325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь 11 хоног цагдан хоригдсон, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндэй Аксент маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас шууд учрсан бодит хохирлыг төлж барагдуулсан болон цаашид гарах хохирогчын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээс түүнд хорих ялын доод хэмжээнээс доош хорих ялыг оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ийг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 201722000325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Д.Г- нь цаашид гарах хохирол болон эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Ц.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндэй Аксент маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ