МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Шарав овогт *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд *******ыг томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн индексийн 114/2026/0005/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд *******ыг томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025
оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолоор тус аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд *******ын *******ыг томилуулахаар нэр дэвшүүлж, томилуулах саналыг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэснийг тус зөвлөл 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 91 дүгээр албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн байна.
-
- Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1-10/620 дугаар албан бичгээр *******ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн даргад хүргүүлжээ.
- Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******аас Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “...журмын дээрх зохицуулалтыг зөрчиж, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч нэр дэвшүүлсэн иргэнийг өнөөг хүртэл зохих албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь ...зөрчиж байгаа гэж үзэх үндэслэл юм. Иймд *******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зөвлөлд хариу ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна...” гэх 04/2110 дугаар албан бичгийг ******* болон Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
- Улмаар хариуцагч 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1/659 дүгээр албан бичгээр “Төрийн албаны зөвлөлд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгээр *******ыг томилохоос татгалзсан хариуг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн” талаарх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс дахин тус зөвлөлд гомдол гаргажээ.
- Үүний дагуу Төрийн албаны зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн хариуцагчид “...татгалзсан үндэслэлээ журамд заасан хугацааны дотор хүргүүлээгүй, *******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа хуульд заасан үндэслэлээ тодорхойлж, нотлоогүй байна. Иймд Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, *******ыг нэр дэвшүүлсэн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд томилж, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Зөвлөлд хариу ирүүлэхийг дахин мэдэгдэж байна” гэх 04/2822 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч Дархан-Уул аймгийн Засаг дарга хариу ирүүлээгүй, шийдвэр гаргаагүй тул ******* шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.
- ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* миний бие Төрийн албаны зөвлөлийн цахим сайтад Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас байршуулсан сул орон тоо нөхөх шалгалтын зарын дагуу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын сул орон тоонд бүртгүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шалгалт эхэлж, миний бие хууль, эрх зүй, бодлогын ойлголтын талаарх мэдлэгийн шалгалтад 8, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 8, асуудал шийдвэрлэх чадварын шалгалтад 5, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтад 9, ярилцлагын шалгалтад 45, нийт 75 оноо авч тэнцсэн. Үүний дагуу Төрийн зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөл 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолоор дээрх сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан *******ыг нэр дэвшүүлж, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичгээр томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн боловч намайг уг албан тушаалд томилоогүй.
- Би энэхүү асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06/2033, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2110, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/2822 дугаар албан бичгийг тус тус Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/2822 дугаар албан бичигт ******* намайг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохоос татгалзах, нотолгоогүй буюу үндэслэл байхгүй талаар болон Төрийн албаны тухай хууль тогтоомжийг биелүүлэх талаар хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн болно.
Гэвч хариуцагч нь намайг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа хуульд заасан үндэслэлээ тодорхойлж, нотолж чадаагүй, мөн зөвлөлийн шаардлагад заасан хугацаанд албан ёсны хариу ирүүлээгүй байна.
-
- Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичиг, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргаас уг салбар зөвлөлд хүргүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/659 дүгээр албан бичгүүдийг тус тус гаргуулан авч шүүхийн журмаар хянан үзнэ үү.
- Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасныг зөрчиж, намайг тухайн албан тушаалд томилохгүй байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, төрийн албанд томилогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа сэтгэцийн өвчин эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримт, боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг зэрэг баримтыг гаргуулан авах талаар надад албан ёсоор мэдэгдээгүй, албан бичиг, албан ёсны мэдэгдэл, хугацаа тогтоосон шаардлага огт өгч ирүүлээгүй, энэ талаар хэн ч утсаар холбогдоогүй, дуудлага хийгээгүй, мессеж болон майл ирүүлээгүй. Хариуцагч “холбогдсон” гэж тайлбарласан боловч хэзээ, ямар хэлбэрээр, хэн холбогдсон, ямар баримт шаардсан талаар нотлох баримтыг ирүүлээгүй. Харин О.Отгончимэг гэх хүн нэг холбогдож, та төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн үү гэж асуухаар нь би төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны шалгалт өгч байгаа болохоор тийм шалгалт өгөх шаардлага байхгүй ээ, харин төрийн захиргааны албан тушаалд томилогдох хүмүүс төрийн албаны ерөнхий шалгалтыг өгдөг талаар хэлсэн. Миний хувьд хөдөө явж байсан учир сүлжээ тасраад надтай холбоотой баримтуудыг авах бол эхнэртэй холбогдоорой гээд дугаарыг өгсөн. Миний эхнэрээс мөн л дээрх асуултыг асууж өмнө өгч байсан шалгалтын талаарх баримтуудыг шаардсаны дагуу баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Түүнээс хариу тайлбарт дурдсан асуудлаар баримт шаардаагүй.
- Надад урьдчилсан мэдүүлэг бөглөх талаар мэдэгдээгүй, маягт, заавар өгөөгүй, хүлээн авах ажиллагааг зохион байгуулаагүй, Авлигатай тэмцэх газрын цахим системээр нэвтрэх эрх олгоогүй нь мэдүүлэг гаргах бодит боломж бүрдүүлээгүй. Нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий этгээд авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Иргэн шууд өөрөө тус газарт мэдүүлгээ өгөх боломжгүй.
- Мөн сэтгэцийн өвчин эмгэггүй байх, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг захиргааны байгууллагад хамаарах бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөлд нэр дэвшигчийг буруутгах боломжгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т заасны дагуу шүүхээс захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагад тодорхой үйлдэл хийхийг даалгах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд хуулийн дагуу нэр дэвшигч ******* миний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичигт дурдсан сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримт, боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг гаргуулан авахаар *******тай холбогдоход материалыг гаргаж өгөөгүй.
- Залуучууд театрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаал болно.
- Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно.
- Төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй.
- Мөн нэхэмжлэгч өөрөө байхгүй тохиолдолд сэтгэцийн өвчин эмгэггүй байх, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг зэргийг гаргуулан авах боломжгүй. Гэтэл ******* нь өөрөө томилох эрх бүхий этгээд болон холбогдох хүмүүстэй ирж уулзаагүй.
- Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- *******ын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд *******ыг томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт хийх учиртай.
- Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нараас ирүүлсэн төрийн албаны 20 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсний дотор тус аймгийн Залуучууд театрын даргын орон тоо багтжээ.
- Дээрх албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 6 иргэн бүртгүүлснээс хуулийн шаардлага хангасан хэмээн үзэж ******* болон Ж.Наранцацрал нарыг бүртгэж, үлдэх 4 иргэний бүртгэлийг баталгаажуулахаас татгалзсан байна.
- Улмаар сонгон шалгаруулалтын дүнгээр ******* 75.8, Ж.Наранцацрал 48 оноо тус тус авсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 27 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд *******ыг томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал болгон шийдвэрлэсэн төдийгүй уг тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар хариуцагчид хүргүүлсэн байна.
- Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаараа “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” /цаашид Журам гэнэ/-ыг баталсан байх бөгөөд Журмын 1-д “Төрийн захиргааны, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна” гэж зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр сул орон тоог нөхөхөөр зохицуулжээ.
- Нэхэмжлэгчийн нэрээ дэвшүүлэн сонгон шалгаруулалтад орсон сул орон тоо буюу Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчид хамаарах бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
- Журмын 12.1-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 12.3-д “нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно” гэж тус тус зааснаар сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий этгээд 30 хоногийн дотор томилох шийдвэрийг гаргахаар зохицуулснаас үзвэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орж тэнцэж хамгийн өндөр оноо авсан *******ын хувьд Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 27 дугаар тогтоол гарч, томилох эрх бүхий этгээдэд хүргэгдсэн зэргээс түүний тухайн албан тушаалд томилогдох эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэхээр байна.
- Хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тухайд:
- Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 91 дүгээр албан бичгээр тус зөвлөлийн 2025 оны 27 дугаар тогтоолыг хавсралтаар хүргүүлж, нэр дэвшигчийг томилохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” заасан тодорхойлолт, 22.1.5-д “сэтгэцийн өвчин, эмгэггүй байх” гэж заасан шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлолт, Боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом хүчинтэй эсэх талаарх лавлагаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас авч, албан тушаалд томилсон шийдвэрийн хамт 30 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.
- Хариуцагчаас дээрх хугацаанд албан тушаалд томилох шийдвэрийг гаргаагүй тул нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны дагуу тус зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “...Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-ын 4.1.3-д “...томилох үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан бөгөөд чиг үүргийнхээ хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч, биелэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэх 06/2033 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн даргад хүргүүлсэн байна.
- Мөн нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “...Дархан-Уул аймгийн Засаг даргад тогтоолыг биелүүлэхийг даалгаж, хариуцлага тооцож, томилж шийдвэр гаргуулах” тухай өргөдлийг гаргасны дагуу тухайн зөвлөлөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2110 дугаар албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлэхдээ “...сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч нэр дэвшүүлсэн иргэнийг өнөөг хүртэл зохих албан тушаалд томилохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь ...хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. *******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зөвлөлд хариу ирүүлэх” талаар мэдэгджээ.
- Улмаар Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1-10/620 дугаар албан бичгээр *******ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу томилохоос татгалзаж байна гэх хариуг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн даргад хүргүүлсэн байна.
- Төрийн албаны зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 04/2822 дугаар албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлэхдээ “...*******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа талаар илэрхийлжээ. ...татгалзсан үндэслэлээ журамд заасан хугацааны дотор хүргүүлээгүй, *******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохоос татгалзаж байгаа хуульд заасан үндэслэлээ тодорхойлж, нотлоогүй байна. Иймд ...албан тушаалд томилж, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Зөвлөлд хариу ирүүлэх” талаар дахин мэдэгдэж, хувийг *******ад хүргүүлжээ.
- Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгчээс сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж өгөөгүй, өөрөө ирж томилох эрх бүхий этгээд болон холбогдох хүмүүстэй уулзаагүй, энэхүү маргааныг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан хүрээнд Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх ёстой, өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй” хэмээн тайлбарлан маргасан.
- Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасныг үндэслэн хариуцагчаас төрийн жинхэнэ албан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос татгалзах зохицуулалтыг баримталж татгалзсан нь буруу юм.
- Харин Журмын 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж дээрх хуулийн заалттай адил агуулга бүхий зохицуулалтыг тусгасан бөгөөд тухайн зохицуулалтаас үзвэл Зөвлөл болон Салбар зөвлөлөөс хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэн ирүүлсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр томилох эрх бүхий этгээд нэг удаа татгалзах эрхтэй ба ийнхүү татгалзсан тохиолдолд 14 өдрийн дотор татгалзсан үндэслэлээ Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд бичгээр ирүүлэх үүрэгтэй байна.
- Журмын уг заалтын урьдчилсан нөхцөл нь 30 хоногийн дотор томилох эсэх шийдвэрийг гаргах, ийнхүү томилохоос татгалзсан шийдвэрийг гаргасан тохиолдолд үндэслэлээ Зөвлөл, харьяалах салбар зөвлөлд бичгээр 14 өдрийн дотор ирүүлэх, хуульд заасан үндэслэлээр татгалзахыг шаарджээ.
- Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөл 2025 оны 27 дугаар тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 91 дүгээр албан бичгээр хүргүүлсэн ба үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй төдийгүй томилох эрх бүхий этгээд болох хариуцагч татгалзсан шийдвэр гаргах журамд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04/2822 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
- Мөн татгалзаж буй хуульд заасан үндэслэлээ “нэхэмжлэгчээс холбогдох баримтуудыг ирүүлээгүй” хэмээн тайлбарлах бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр албан бичигт дурдагдсан “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй” байх тодорхойлолт, “Боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом хүчинтэй” эсэх лавлагааг холбогдох байгууллагаас тодруулах, авах ажиллагааг хийсэн талаарх баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...тухайн 2 баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах ажиллагааг хийгээгүй” гэх тайлбарыг гаргасан.
- Харин үлдэх “сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас авах” талаар хариуцагчаас нэхэмжлэгчээс тухайн баримтуудыг ирүүлээгүй хэмээн тайлбарлан маргах боловч Журмын 12.10-д “Нэр дэвшигчийг томилохоос өмнө Төрийн албаны тухай хуулийн 22.1.5-д тавигдсан сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийн байгууллагаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан авсан байна” гэж зааснаар сэтгэцийн өвчин, эмгэггүй байх, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас гаргуулан авах үүргийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээхээр байна.
- Хэдийгээр тухайн хоёр баримтыг гаргуулахад нэр дэвшигч өөрөө тухайлбал, эрүүл мэндийн байгууллагад очиж үзүүлэх, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг баталгаажуулах зэргээр оролцох ёстой ч хариуцагчийн зүгээс хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийн эрхийг нээгээгүй, *******ыг сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн шаардлагыг хангасан баримтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргуулан авах талаар мэдэгдээгүй, шаардлага хүргүүлээгүй байхад нэхэмжлэгчийг тухайн баримтуудыг ирүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.
- Дээрхээс дүгнэн үзэхэд хариуцагчийн татгалзал хуульд заасан үндэслэлээр гэх шаардлагыг хангахгүй байх төдийгүй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичиг хуульд нийцээгүй байна гэж үзлээ.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл энэхүү асуудлыг Төрийн төв байгууллага тогтоолоор шийдвэрлэх ёстой” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн хувьд:
- Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 75.6-д “Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно”, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.9-д “...төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулахтай холбогдсон маргаан” гэж тус тус заасны дагуу төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулахтай холбогдсон томилох эрх бүхий этгээд болон уг албанд нэр дэвшигчийн хооронд үүссэн маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэхээр зохицуулжээ.
- Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөл уг гомдлыг хүлээн авч, хянаад томилох эрх бүхий этгээдэд удаа дараа албан бичгээр шаардлагыг хүргүүлсэн байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/411 дүгээр албан бичгээр “...*******ын гаргасан гомдолд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу маргаан үүсгэн шийдвэрлэх үндэслэлгүй болно...” гэх тайлбарыг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
- *******ыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд томилогдох эрх хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан *******ад олгохоор шийдвэрлэлээ.
- Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц
Хариуцагчийн хувьд: *******ыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргах үүрэгтэй ба ийнхүү тухайн шийдвэрийг гаргахаас өмнө Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 91 дүгээр албан бичигт тусгагдсан “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” заасан тодорхойлолт, 22.1.5-д “сэтгэцийн өвчин, эмгэггүй байх” гэж заасан шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлолт, Боловсролын түвшин тодорхойлсон бакалаврын диплом хүчинтэй эсэх талаарх лавлагаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас” гэх баримтуудыг гаргуулах,
Нэхэмжлэгчийн хувьд дээрх баримтуудыг гаргуулахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах эрхийг томилох эрх бүхий этгээдээс нээсэн тохиолдолд түүнийг баталгаажуулж хариуцагчид мэдэгдэх тус тус үүргийг хүлээнэ.
- Дээрх баримтуудыг гаргуулах ажиллагааг хийхэд *******ын хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэрийг гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасныг баримтлан *******ын Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1-10/620 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын албан тушаалд *******ыг томилсон шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгасугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан *******ад олгосугай.
- Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлалыг Үндэслэх хэсгийн 12-т заасан болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ