| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0121/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/127 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян
Улсын яллагч М.Ариунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр
Шүүгдэгч А.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 1738000000119 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Г-,
Шүүгдэгч А.Г- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2018 оны 03 дугаар сарын 09-ниы өдөр Мөрөн сумын ... дүгээр гудамжинд улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Т.У-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын ... дүгээр гудамжинд улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7А-д Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2 дугаар зүйлийн 2.1А-д Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, 9 дүгээр зүйлийн 9.2-т Жолооч хөдөлгөөд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Т.У-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газраас мэдсээр байж зугатаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 09-нд ...-08 тоотод найзындаа байж байтал 15 цагийн орчим Гэгээнээ буюу Гэрэлчулуун нь манай найз Мягаатай цуг ирсэн. Тэгээд тэр гудамжинд Гүрээ гэдэг залуугийнд орж 6-уулаа нэг шил архи хувааж уусан юм. Тэндээсээ гараад гэртээ харих гээд явж байтал араас Далайгийн найз охин Одко, манай найз охин Буянаа 2 ирсэн. Бид 3 ...-08 тоотод Одко бид 2 орсон. Тэгэхэд манай найз охин уурлаад явчихаар гадаа байсан мотоциклийг нь унаад араас нь очиж найз охиноо авчирсан. Тэгэхэд Гэгээнээ уурлаад мотоцикль зөвшөөрөлгүй авлаа гэж уурласан. Тэгээд бид нар луу уурлаад байхаар нь хөөгөөд явуулсан. Тэгсэн чинь Гэгээнээ мотоциклоо асааж унаж явсанаа 2-3 хаалга өнгөрөөд буцаж давхиж ирээд намайг мөргөчихөөд яваад өгсөн. Би тухайн үед түүний мотоциклиос болоод маргалдаад барилцаж авсан, Би үүнтэй барилцаж авахдаа газраас чулуу авч барьсан байсан. Гэхдээ барьсан чулуугаараа Гэрэлчулууныг цохьсон зүйл байхгүй. Гэрэлчулуун бид 2-ыг барилцаж авсан байхад Далай ирж салгасан. Салгахад Гэрэлчулуун мотоциклио асаагаад засмал зам руу чиглээд явсан. Явж байгаад 4-5 хашаа өнгөрснөө буцаад эргээд наашаа явахаар нь гартаа барьсан чулуугаа барьсан чигээрээ шороон зам дагуу түүнийг ирэхийг нь хүлээгээд зогсож байхад нь Гэрэлчулуун дөхөж ирснээ гэнэт л хаазлаад намайг мөргөж унагаагаад шууд яваад өгсөн. Би мөргүүлж унаад хэсэг ухаан балартсан байсан. Тэр үед зүүн хөл маань шилбэ хэсгээрээ хугарчихсан. Яс нь ёрдойгоод гараад ирчихсэн байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24-р тал/,
Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд архи ууж дуусчихаад би Гэрэлчулууны хамтаар Далайгийн гэр лүү орсон. Далайгийн гэрт ороод байж байхад мотоцикль асах шиг дуу гарсан. Тэгэхээр нь гараад харахад Т.У- Гүрээгийн гэрт байсан нэг эмэгтэйг суулгаад Гэрэлчулууны мотоциклийг унаад явсан. Т.У- мотоциклийг нь унаж явчихаад удалгүй буцаагаад авчирсан. Тэгээд Т.У-,Гэрэлчулуун хоёр мотоциклоосоо болж хоорондоо маргалдсан. Миний ойлгосноор Т.У- нь Гэрэлчулууны мотоциклийг зөвшөөрөлгүй авч явсанд Гэрэлчулуун уурлаад түүнтэй маргалдсан. Тэгээд байж байхад Гэрэлчулуун би Төмөрбулаг явлаа гээд яваад өгсөн. Түүнийг явсны дараа тэнд байсан хүмүүс Далайгийн гэр лүү орцгоосон. Далайгийн гэр лүү Т.У- ороогүй шиг санагдаж байна. Бид нарыг Далайгийн гэрт байж байхад гадаа мотоцикль ирэх чимээ сонсогдсон. Тэгэхэд гэрт байсан хүмүүс гарч харсан. Намайг хашааны гадаа гарахад Т.У- гудамжны голоор явсан шороон замын урд зүүн тал руугаа харсан, хөлөө барьчихсан хэвтэж байсан. Тэгэхэд Гүрээгийн гэрт байсан хоёр охины нэг нь түүнийг тэвэрчихсэн байдалтай байж байсан. Тэгээд тухайн үед Далай түргэн тусламж болон цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн. Гэрэлчулуун эмнэлэг дээр байхдаа тухайн үед мотоциклийн тормозны маань чөмөг хугарсан байсан гэж хэлж байсан, тэрнээс биш би тормозны чөмөг хугарсан байсан эсэхийг нь хараагүй. Намайг хашаанаас гарахад Далай Т.У-ыг чулуу бариад Гэрэлчулууны өөдөөс гүйж очихдоо мотоциклийнх нь урдуур ороод мөргүүлчихлээ л гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Гэрч Д.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.У- зөвшөөрөлгүйгээр Гэрэлчулууны мотоциклийг унаж явсан юм шиг байсан. Үүнийг нь Гэрэлчулуун гарч харахдаа мэдээд түүнийг ирэх үед нь яагаад хүний мотоциклийг зөвшөөрөлгүйгээр авч явсан юм бэ гээд хашааны гадаа маргалдсан. Гэрэлчулуун,Т.У- хоёр маргалдаж байгаад барилцаад авсан, барилцаад авахаар нь салгасан. Би Т.У-ыг салгачихаад түүнийг өөрийнхөө гэр лүү дагуулж орох гээд байж байхад Гэрэлчулуун мотоциклоо унаад явсан. Гэрэлчулуун манай гэрээс цааш 5 хаалга өнгөрчихөөд буцаад ирсэн. Гэрэлчулуун мотоцикльтойгоо буцаж ирж явахыг Т.У- хараад газраас чулуу аваад түүний урдуур гүйж ороод мөргүүлчихсэн. Т.У- мөргүүлээд газарт унаад хөлөө бариад суугаад байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Миний харснаас Гэрэлчулуун Т.У-ыг санаатай мөргөөгүй. Т.У- Гэрэлчулууныг мотоцикльтойгоо буцаж эргэхийг нь хараад газраас чулуу аваад түүний урдуур гүйж ороод мотоцикльд нь мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мийгаа над руу залгаад танай нөхөр чинь хүн дайрчихсан, тэгээд алга болчихлоо гэж байсан. Нөхөр маань мотоциклио зарахдаа мотоциклийнхоо тормозны урд төмрийг сольсон. Би тухайн үед энэ төмрөө яачихсан юм бэ гэж асуухад тормоз гишгэх үед уначихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаартай:
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэгэл /хх-ийн 9-12-р тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р тал/,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч нь зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн газрыг орхин зугатаасан гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрдөггүй болно.
Гэвч Эрүүгийн хуулийн 27.11. дүгээр зүйлийн 1-т “захиргааны хэм хэмжээий актыг зөрчсөн” гэж дурдаагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж тодорхойлсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг төгс үйлдэшдэж дууссан, шүүгдэгч бусдыг дайрснаа мэдсээр байж айсны учир цааш гэртээ очиж маргааш нь эмнэлэгт байхад нь очсон гэх мэдүүлэг өгдөг тул гэм буруутайд тооцох үндэслэл болж байна. Хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэгт заавал тусгай мэдлэг шаардагдахгүй болно.
Иймд шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийг газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-77 дугаар тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролыг төлснийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Г-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн болон хувийн байдал, түүний эрүүл мэндийн хувьд унаж татдаг өвчтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838000000119 дугаартай хэрэгт эд мөрийн баритаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч А.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солиыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ