Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ундраа /РД:ЧР80052065/

Хариуцагч: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нарын хоорондын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ундраагаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:

2.1. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/106 дугаар Б.Ундраагаар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалаар Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Үнэлгээ, мониторингийн багийн Шинжээч-судлаач Б.Ундраагаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Үүний дараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/174 дүгээр Б.Ундрааг албан тушаалд түр томилох тухай тушаалаар Бат-Очирын Ундрааг Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилж шийдвэрлэсэн.

2.3. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/18 дугаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, 16.8 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай" 474 дүгээр тогтоолын 3 дахь заалт, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай" 234 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрмийн 5.2.7, 5.3-ыг үндэслэн. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар шинэчлэн баталсан байх бөгөөд хавсралтын 3-д Хяналт шалгалтын газар 1. Газрын дарга, ахлах хянан шалгагч, Орон тоо-1, Албан тушаалын ангилал АА-2 гэжээ.

2.4. Ийнхүү Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/22 дугаар Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.7, 16.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, 62.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай" 474 дүгээр тогтоолын 3 дахь заалт, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай" 234 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрмийн 5.2.7 дахь заалт, 5.3 дахь хэсэг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах" тухай А/18 дугаар тушаалыг үндэслэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс албан хаагчдыг нэгдүгээр хавсралтаар чөлөөлж шийдвэрлэсний нэгдүгээр хавсралт Ажлаас чөлөөлсөн албан хаагчдын овог, нэр, албан тушаал-ын Хяналт, шалгалтын баг гэсний 48-д Бат-Очирын Ундраа, Албан тушаал-Ахлах хянан шалгагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Албан тушаалын ангилал АА-2 гэж, Гуравдугаар хавсралт Албан үүргийг түр орлон гүйцэтгэх ажилтнуудын овог, нэр, албан тушаал-ын Хяналт, шалгалтын газар 8-д Бат-Очирын Ундраа Албан тушаал-Дарга, ахлах хянан шалгагч, Албан тушаалын ангилал АА-2 гэжээ.

2.5. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 23.2.1, 27.1.1, 33.2.2 дахь заалтын хуулийн шаардлага хангахгүй байгаа тул Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бат-Очирын Ундраа таныг 2025 оны 08 сарын 04-ний өдрөөс эрхэлж буй ажлаас чөлөөлөх болсон...-ыг мэдэгдсэн, уг баримтанд Тамгын газрын дарга Г.Бүүвэйхүү болон Б.Ундраа нар гарын үсэг зурсан.

2.6. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлд Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бат-Очирын Ундраад тухайн албан тушаалд тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр гардуулснаас хойш хуулийн хугацаа дууссан тул (30 хоног) 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэхэд Б.Ундраа бичгээр санал, хүсэлтийг гаргаж өгнө, хуулийн үндэслэлийг судалж холбогдох тайлбар өгөх хүсэлтэй байна, төрийн албаны тухай хуульд заасны дагуу дээрх үндэслэлүүд нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна, хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмжийн тухай асуудал орох, тусгах эсэхийг дээрх хуулийн үндэслэлүүд байхгүй байх тул энэ талаар тайлбар гаргаж өгөх хүсэлтэй байна. Хөдөлмөрийн харилцаанд орж явсан хүний хувьд хуулийн дагуу тэтгэмжийг олгох нь зөв, анх ажилд томилсон тушаал гарах үед Төрийн албаны зөвлөл, байгууллагаас албан тушаалын шаардлагыг хангаж буй гэж үзэж гаргасан гэж бодож байна. 2025 оны 2 сард бүтэц батлагдаж, бүгд чөлөөлөгдөж, АҮТОГ-р томилогдсон. Энэ үүднээс тухайн үед тушаал гаргасан хүний хүний буруу юу? Хөдөлмөрийн харилцаанд орж явсан хүний буруу юу? Анх томилсон тушаал гаргасан хүмүүсийн үйлдэл нь буруу байсан уу, энд мэдэгдэх хуудас авсан олон албан хаагчдын амьдрал, ахуйг бодож байна уу. Тэр олон хүмүүсийг чөлөөлж байгаа үндэслэлийг яг зөв гаргаж байгаа юу? Тэнд олон шаардлага хангаж байгаа хүн байгаа. Тэр талаар мэдээллийг зөв гаргаж өгч байгаа юу? Энэ олон хүмүүсийн санал, хүсэлтийг байгууллагын даргад танилцуулж албан хаагчдаа бодох хэрэгтэй. Хуульдаа улсад төрийн байгууллагад төрдөө зүтгэж л яваа хүмүүс олон байгаа. Энэ талаар удирдах албан тушаалтанд хуулийн зүйл заалтыг нь ярьж, хэлж байгаа юу? ... Тэрнээс биш хэн нэгэн тушаал гаргасан хүний буруу байна гэж үзсэнгүй. Яг энэ сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгасан хуулийн эрх зүйн үндэслэлүүд нь тийм ойлголт төрүүлэхээр байна гэж тусгагджээ.

2.7. Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт гаргасан тайлбартаа Сонсох ажиллагааны үеэр танилцуулсан тушаалын үндэслэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр мэдэгдэхдээ мэдэгдэлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дүгээр заалтыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудын хамт дурдаж өгсөн байсан. Гэтэл сонсох ажиллагааны үеэр Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлээс Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг хассан байна.

2. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл-д дурдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай үндэслэл болгож байгаа Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтуудыг миний бие хуульд нийцсэн үндэслэл гэж үзэхгүй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгуулах хүсэлтэй байгаа тул энэхүү санал, тайлбарыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасны дагуу миний саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тусгахгүй бол тусгаагүй шалтгаанаа тайлбарласан тайлбарыг миний бие бичгээр хүлээн авах хүсэлтэй байна.

Хэрвээ миний санал, тайлбарыг хүлээн авахгүй, хүлээн аваагүй шалтгаанаа тайлбарлаагүй, Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл-д дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлбөл өөрийн хөндөгдсөн хууль ёсны эрхээ сэргээлгэхээр холбогдох байгууллагад хандах болно гэдгээ илэрхийлж байна гэжээ.

2.8. Ийнхүү Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/114 дүгээр Б.Ундрааг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 43 дугаар зүйлийн 43.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай "Мэдэгдэх хуудас", 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Сонсох ажиллагааны тэмдэглэл"-ийг тус тус үндэслэн Хяналт, шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бат-Очирын Ундраа нь тухайн албан тушаалд тавигдах хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангахгүй байх тул 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

2.9. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04/1940 дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар Үнэлгээ, мониторингийн багийн шинжээч-судлаач, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2025 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Хяналт, шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилсон байна.

Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй таныг тус хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалт өгөх зохицуулалтыг зөрчиж, дээрх албан тушаалуудад хууль бусаар томилжээ.

Төрийн жинхэнэ албан тушаалд томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд уг хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл, баталгааг хуульчилсан. Харин та төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч биш тул тухайн тэтгэмжийг авах үндэслэлгүй байна.

Иймд таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд"-д заасны дагуу хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг хүргүүлснээр нэхэмжлэгч шүүхэд ханджээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Миний бие Б.Ундраа нь Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024.10.07-ны өдрийн №Б/105 дугаартай тушаалаар тус газрын Үнэлгээ мониторингийн багийн шинжээч-судлаачаар томилогдож, мөн өдрийн №Б/106 дугаартай тушаалаар Хяналт шалгалтын багийн ахлах хянагчийн ажлыг орлон гүйцэтгэхээр болж, 2024.10.10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Улмаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024.11.29-ний өдрийн №Б/174 дугаартай тушаалаар тус газрын Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2024.12.01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Төрийн байгууллага шинээр байгуулагдах бүртээ, ялангуяа Хяналт шалгалтын газар шиг маш их тайлан тооцоо хянах шалгах ажил ихтэй байгууллага бол ажилчдын ур чадвар, ажлын бүтээмжийг үнэлж дүгнэх байдлаа ажилчдаа сонгож авдаг. Миний хувьд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ олон жил тууштай ажилласан, нягтлан бодох, бүртгэл хяналт, аудитын салбартаа үнэлэгдэх боловсон хүчин учир дээрх байдлаар /урилгаар гэж хэлж болох/ ажилд орсон.

Хяналт хэрэгжүүлэх газраас 2025.07.04-ний өдөр Б.Ундраа надад хандаж №02 дугаартай Мэдэгдэх хуудсаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд тавигдах хуулийн шаардлага хангахгүй байх тул ажлаас чөлөөлнө гэх мэдэгдлийг өгсөн. Миний хувьд тус мэдэгдлийг хүлээн авч танилцаад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмжийг зохих журмыг дагуу олгосон тохиолдолд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг өгсөн нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Үүнийг миний хувьд ажил олгогчдоо хандаж гаргасан /маргаан бүхий тэтгэмж олгох асуудлаар хандсан/ хүсэлт гэж ойлгож байгаа. Одоо ажил олгогчоос энэхүү сонсох ажиллагааны тэмдэглэл баримтаа хуулбарлаж авъя гэхээр чи шүүхдэх гэж байгаа бол чамд баримт өгөхгүй гэх болсон тул энэхүү баримтын шүүхийн журмаар цуглуулах шаардлагатай байгаа болно.

Харин ажил олгогчийн зүгээс ажилтан Б.Ундраа надаас гаргасан сонсох ажиллагааны тэмдэглэл буюу ажилтны хүсэлттэй танилцсан атлаа тэтгэмж олгох эсэх асуудлаар ажлаас чөлөөлөх тушаалд тусгалгүй орхигдуулж, энэ талаар тодруулахаар амаар чамд тэтгэмж өгөхгүй гэх хариуг өгсөн тул миний хувьд ажил олгогчийн гаргасан хууль бус эс үйлдэхүйг Б.Ундраа намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөр буюу 2025.08.08-ний өдрөөр тодорхойлж байгаа.

Ингээд миний бие өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2025.08.08-ний өдөр Б.Ундраа намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авахдаа Ажил олгогчийн тэтгэмж олгоогүй талаарх эс үйлдэхүйг мэдэж, улмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2025.09.15-ны өдрийн №04/1940 дугаартай албан бичгээр ...та төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхгүй учир танд тэтгэмж олгохгүй гэх хариу өгсөн. Мөн Төрийн албаны зөвлөл нь энэхүү албан тоот гарсан талаар Б.Ундраа надад мэдэгдээгүй бөгөөд гомдолд тусгагдсан шуудангийн хаягаар хүргүүлсэн ба миний бие Монгол шуудангаар дамжуулан 2025.09.17-ны өдөр албан тоотыг хүлээн авсан тул 2025.10.14-ний өдөр буюу хуулийн хугацаа хэтрүүлэлгүйгээр шүүхэд хандсан болно.

Иймд Хариуцагч Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээр тооцож олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэх нэхэмжлэлтэй хэрэгт Захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу уг орон тоог нөхөх дарааллыг хуульчилсан.

Нэхэмжлэгч Бат-Очирын Ундрааг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар Үнэлгээ, мониторингийн газрын Шинжээч-судлаач (гэрээгээр)-аар, 2024 оны Б/106 дугаар тушаалаар Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Засгийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилон ажиллуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй бол тухайн албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон бөгөөд Б.Ундраа нь эрхэлсэн болон тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй томилогдсон тул түүнийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх шийдвэр гаргасан.

2.Б.Ундраа нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах нийтлэг баталгаагаар хангагдана гэж үзэн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан ажил төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Ундраа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарласан.

Дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотойгоор ажил олгогчоос 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу олгоно гэжээ.

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангахтай холбоотой харилцааг тодорхойлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоо үүсэх үндэслэл, нөхцөл, түүнийг нөхөх арга журам, төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх шаардлага, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх үндэслэл, журмыг зохицуулсан бөгөөд Б.Ундраа нь Төрийн албаны тухай хуулийн 23, 27, 33 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж төрийн жинхэнэ албаны албан тушаалд томилогдсон, уг зөрчлийг арилган түүнийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөнтэй холбоотой тэтгэмж олгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Б.Ундраа тус шүүхэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг нэг сарын цалингийн хэмжээгээр олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгогдох ёстой атал олгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж, хариуцагчаас Б.Ундраа нь эрхэлсэн болон тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй түр томилогдсон тул тэтгэмж олгох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар Б.Ундрааг Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Үнэлгээ, мониторингийн багийн шинжээч-судлаачийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар Хяналт шалгалтын багийн ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Хяналт шалгалтын газрын дарга бөгөөд ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

4. Харин, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/114 дүгээр Б.Ундрааг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 43 дугаар зүйлийн 43.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай "Мэдэгдэх хуудас", 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Сонсох ажиллагааны тэмдэглэл"-ийг тус тус үндэслэн Хяналт, шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ундраа нь тухайн албан тушаалд тавигдах хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

5. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно, 23.2.1-д тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, 31 дүгээр зүйлийн 31.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, 31.1.1-д энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 43 дугаар зүйлийн 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж тус тус заасан.

6. Б.Ундраа нь анх Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, улмаар Хяналт шалгалтын газрын дарга бөгөөд ахлах хянан шалгагчийн албан үүргийг ч мөн түр орлон гүйцэтгэж байсан нь дээрхи хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан хориглосон зохицуулалтанд хамаарах тул энэ үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь буруу биш байна.

7. Түүнчлэн Б.Ундраа нь тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон болон төрийн албаны сонгон шалгаруулалтанд оруулаагүй асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж хүсэлт гомдол гаргаж байгаагүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/114 дүгээр Б.Ундрааг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын талаар маргаагүй болно.

8. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, 3.1.2-т төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг тодорхойлсон ба мөн хуулийн 61.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана, 61.1.1-д албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах гэж, мөн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана, 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж тус тус заасан.

9. Хуулийн дээрхи залтуудаас үзвэл төрийн албанд хуульд заасан журмын дагуу томилогдон тухайн албыг тогтвортой эрхэлж, түүнийхээ төлөө хуульд заасан журмын дагуу төрөөс зохих баталгаагаар хангагдаж буй төрийн жинхэнэ албан хаагч-д дээрхи зохицуулалт үйлчилнэ.

10. Харин нэхэмжлэгч Б.Ундраа нь анхнаасаа тухайн төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр түр хугацаагаар орлон гүйцэтгэгчээр томилогдсон, энэ тохиолдолд түүнд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид олгогдох баталгаа болон нийтлэг баталгаа хамаарахгүй.

11. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна, 110 дугаар зүйлийн 110.3-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж тус тус заасан.

12. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төрийн албаны тухай хуульд зохицуулаагүй бусад асуудалд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1,110 дугаар зүйлийн 110.3 заалт Б.Ундраагийн тухайд үйлчилнэ гэж тайлбарлаж байх боловч төрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Б.Ундраад төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгох эсэх асуудал нь Төрийн албаны тухай хуулиар нэгэнт зохицуулагдсан тул энд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээргүй байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

14. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, тухайн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Б.Ундраад Төрийн албаны тухай хуулийн 61.1.1-д заасан тэтгэмж болон 62.1.4-т заасан төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэлэг олгох үндэслэлгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

15. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг нэг сарын цалингийн хэмжээгээр олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул уг шаардлагыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ундраагаас гаргасан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 1 сарын цалигийн хэмжээгээр олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН