| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/03079/И |
| Дугаар | 192/ШШ2025/06521 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/06521
|
2025 08 27 |
192/ШШ2025/06521 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисийн гудамж, Ай Си Тауэрийн 14 давхарт байрлах Инвескор ББСБ ХК /регистрийн дугаар: 6060854/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух Бэсүд овогт Баярсайханы ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн гудамж ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух Төмөржин овогт Ганбаярын ******* /регистрийн дугаар: *******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 186,553,867 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэндамба, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч нарын өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Б.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 186,553,867 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч Б.*******, Г.******* нар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Инвескор ББСБ ХК-тай В19023122501 тоот зээлийн гэрээ, F1902312250101 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээг байгуулж 170,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, хүнд машин механизм худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг фидуцийн гэрээний барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, LZGJL5V48PX118716 арлын дугаартай, 56-90 УАЕ улсын дугаартай Shaanxi Shacman SX4255JV344 маркийн авто зүтгүүр,
2. 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, LJRP*******388PNC33471 арлын дугаартай, 86-90 0Ч улсын дугаартай CIMC CSQ9401ТРВ маркийн тавцант чиргүүл,
3. 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, LJRP*******382PNC33384 арлын дугаартай, 76-90 0Ч улсын дугаартай CIMC CSQ9401ТРВ маркийн тавцант чиргүүл,
4. 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, LJRC08276PNC33427 арлын дугаартай, Liangshan CSQ9352TJZ маркийн холбогч гарыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар В19023122501 тоот зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлд 151,235,342.52 төгрөг, хүүгийн төлбөрт 34,818,058.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484,467.05 төгрөг, нотариатын зардалд 16,000 төгрөг, нийт 186,553,867.74 төгрөг байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан В19023122501 тоот зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Б.*******, Г.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 186,537,867.74 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 16,000 төгрөг нийт 186,553,867.74 төгрөгийг гаргуулан "Инвескор ББСБ" ХК-д олгуулж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Б.*******, Г.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ: Зээлдэгч Б.******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн В19023122501 дугаартай зээлийн гэрээгээр 170,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай хүнд машин механизм худалдан авах зориулалтаар зээлсэн билээ. Зээлдэгч миний зээлээр худалдан авсан тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сар хүртэл хэвийн явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд зээлдэгч миний бие дээрхи зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа зөрчилгүйгээр хэвийн хэрэгжүүлж ирсэн юм. 2024 оны 05 дугаар сараас эхлэн зээлээр худалдан авсан хүнд машин механизм зориулалтын дагуу нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахаа больсон билээ. Тодруулбал, зээлдэгч миний бизнесийн үйл ажиллагаа надаас үл шалтгаалахуйц дараах гуравдагч шалтгаан нөхцөл байдлаас үүдэн зогссон юм. Үүнд:
1. 2024 оны 05, 06, 07 дугаар саруудад сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хил, гаалийн үйл ажиллагааг хаах, зогсоох зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээс үүдэн тус 3 сарын хугацаанд миний машин болон бусад нүүрс тээврийн машинууд тээвэрт яваагүй юм.
2. Ингээд сонгуулийн үйл ажиллагаа дуусч нүүрс тээврийн ажил хэвийн явагдах нь гэтэл 2024 оны 07 сараас эхлэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ эрс уналтад орж, гол худалдан авагч болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нүүрсний захиалга, эрэлт багасаж улмаар нүүрс тээврийн үйл ажиллагааг танаж эхэлсэн юм.
3. Миний нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Өсөх зоос" уурхайд нүүрс худалдан авах захиалга өгдөг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээдүүдийн нүүрс хүлээн авах талбайд дахин нүүрс хүлээн авах багтаамжгүй болсон, нүүрсний борлуулалт зогссон, мөн дахин нүүрс худалдан авах боломжгүй болсон гэх мэдэгдлийн дагуу тус уурхай нь 2025 он хүртэл үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Энэхүү шалтгааны улмаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр танай байгууллагын тусгай активын хэлтэс рүү утсаар холбогдон үүссэн асуудлын талаар мэдэгдэж, шинэ уурхайд тээврийн ажил эхлүүлэх шаардлагатай байгаа тул "Нүүрс тээвэр хийхэд татгалзах зүйлгүй" талаарх албан бичиг хийж өгөхийг хүсэхэд тус хэлтсийн хуульч гэх хүн та зээлээ хэвийн болгож 24,000,000 төгрөгийг төлсний дараа тэрхүү бичгийг хийж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн юм. Дээрх албан бичиггүйгээр тус тээврийн хэрэгслийг ямар ч уурхай тээвэрт явуулахгүй бөгөөд зээлдэгч миний эрх, ашиг үүгээр хохирсон юм. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр утсаар холбогдож би машинаа зарж зээлээ төлье миний хүүг зогсоож өгөөч гэж утсаар мэдэгдсэн бас зурвас явуулсан. Мэргэжилтэн нь хариу хэлэхдээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр жолооч олж машиныг чинь очиж авъя тэгээд хүү нь зогсоно гэж хэлсэн. Тэрнээс хойш ямар ч ажиллагаа хийгээгүй. Дээрх хүчин зүйлсийн улмаас зээлдэгч миний бие зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж чадахгүй байх бөгөөд зээлээр худалдан авсан хүнд машин механизмаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөлд хүрсэн. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/324 дугаар итгэмжлэл, 000233959 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/554 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн В19023122501 тоот зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн F1902312250101 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0183 дугаар итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК хариуцагч Б.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн төлбөрт 151,235,342.52 төгрөг, хүүгийн төлбөрт 34,818,058.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484,467.05 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан.
2. Хариуцагч тал зээлийн төлбөрийг зөвшөөрсөн ба 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Г.*******, Б.******* нартай В19023122501 тоот зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу 170,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 2.8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон, хариуцагч нар өнгөрсөн хугацаанд 46,902,403 төгрөг төлсөн ба өөр төлбөр төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй гэж тайлбарласан.
4. Хариуцагч Г.*******, Б.******* нар 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгчид 2024 оны 12 дугаар сард гэрээг цуцлах талаар мэдэгдсэн боловч гэрээг цуцлаагүй, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслүүдийг ашиглаж орлого олох боломжийг хязгаарласан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэйгээс гадна зээлийн төлбөрийг Г.******* хариуцах үндэслэлгүй гэж тайлбарласан.
5. Талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр В19023122501 тоот зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу Инвескор ББСБ ХК нь 170,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 сарын 2.8 хувийн хүүтэй Г.*******, Б.******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг харилцан хүлээж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
5.1 Мөн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр F1902312250101 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байх ба энэ гэрээний дагуу LZGJL5V48PX118716 арлын дугаартай, 56-90 УАЕ улсын дугаартай Shaanxi Shacman SX4255JV344 маркийн авто зүтгүүр, LJRP*******388PNC33471 арлын дугаартай, 86-90 0Ч улсын дугаартай CIMC CSQ9401ТРВ маркийн тавцант чиргүүл, LJRP*******382PNC33384 арлын дугаартай, 76-90 0Ч улсын дугаартай CIMC CSQ9401ТРВ маркийн тавцант чиргүүл, LJRC08276PNC33427 арлын дугаартай, Liangshan CSQ9352TJZ маркийн холбогч гар зэргийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д тус тус шилжүүлжээ.
6. Хариуцагч нар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн В19023122501 тоот зээлийн гэрээний дагуу 170,000,000 төгрөгийг авсан, 46,902,403 төгрөгийг буцааж төлсөн талаараа маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
7. Хариуцагч тал 2024 оны 12 дугаар сараас хойш хүүгийн төлбөр төлөх үндэслэлгүй, хариуцагч Г.******* зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.
7.1 Хариуцагч тал 2024 оны 12 дугаар сард зээлийн гэрээг цуцлах санал хүргүүлсэн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.
7.2 Түүнчлэн, барьцаа хөрөнгө болох авто чиргүүлүүдийг ашиглах боломж олгоогүй, бичиг хийж өгөөгүй тул зээлийн хүүг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр F1902312250101 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний тохиролцооноос үзвэл уг гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцын гэрээ биш, харин хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний агуулгатай байна.
7.3 Барьцааны эрх нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдог нэмэлт үүрэг тул барьцааны үүрэгтэй холбоотой аливаа зөрчил нь үндсэн үүргийг хүчингүй болгох, дуусгавар болгох үндэслэлгүй юм.
7.4 Нөгөө талаас, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтоохоор заажээ. Иймд гэрээг цуцлах хугацааг гэрээнээс татгалзах санал гаргаагүй тал болох Инвескор ББСБ ХК гаргахаар байна. Иймд 2024 оны 12 дугаар сараас хойш хүүгийн төлбөр төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
8. Хариуцагч Б.*******, Г.******* нар Инвескор ББСБ ХК-тай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энэ тохиолдолд хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэж үзэх тул хариуцагч Г.******* зээлийн төлбөрийг хамтран хариуцах үүрэгтэй юм.
9. Гэрээг цуцалснаас учирсан хохирол буюу зардлыг буруутай тал хариуцахаар талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд харилцан тохиролцсон, нэхэмжлэгчээс нотариатын зардалд 16,000 төгрөг гарсан болох нь баримтаар тогтоогдсон тул энэ зардлыг мөн хариуцагч нараас гаргуулна.
10. Хариуцагч нар зээлийн үлдэх төлбөр, нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн тооцооллын талаар маргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.*******, Б.******* нараас зээлийн төлбөр 151,235,342.52 төгрөг, хүүгийн төлбөр 34,818,058.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 484,467.05 төгрөг, хохирол 16,000 төгрөг, нийт 186,553,867.74 төгрөгийг гаргуулан Инвескор ББСБ ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
11. Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн F1902312250101 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч энэ шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
12. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,160,920 /1.125.820+70.200/ төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,160,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,125,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан Г.*******, Б.******* нараас 186,553,867 төгрөгийг гаргуулан Инвескор ББСБ ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн F1902312250101 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,160,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,125,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР