| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 183/2022/04130/И |
| Дугаар | 192/ШШ2025/06565 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/06565
|
|
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү, хариуцагч *******, *******, *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Бат-Отгон, гэрч Ш.Энхтөр, У.Саранмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Гансүх нь хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Ц.Гансүх нь 2008 оноос эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч *******, Ш.Насантогтох. *******, *******, ******* нарт Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 14 болон 15 дугаар байрны урд зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар барилгатай холбоотой асуудлаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хариуцагч нарт өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, гэрээг 7 хувь үйлдэн, хариуцагч нарт тус тус 1 хувийг хадгалуулсан байдаг. Өмгөөлөгч Ц.Гансүх нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу дараахь ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
1. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 тоот захирамжийн "Адоре Пропертиз" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 4581 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүссэн.
2. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 12 давхар зочид буудлын зориулалттай барилгын А болон Б блокын барилгын доорх газрын эзэмших эрхийг "Адоре Пропертиз" ХХК-д холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгохыг Нийслэлийн Засаг даргад, мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг "Адоре Пропертиз" ХХК-д олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус даалгасан 0052 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4; мөн хуулийн 132 дугаар зүйлийг тус тус үндэслэн, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан.
3. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 14, 15 дугаар байрны урд 50 хувийн гүйцэтгэлтэй баригдсан, барилгын өмчлөгчөөр "Адоре Пропертиз ХХК-ийг бүртгэж, улсын бүртгэлийн Ү-2206008930 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байдаг. Хариуцагч нар нэхэмжлэгчтэй зөвшилцөж, түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр "Адоре Пропертиз" ХХК-тай харилцан тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч *******, *******, *******, *******, ******* нар нь тус тус нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан татгалзлаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0452 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн хариуцагч *******, *******, *******, *******, ******* нар нь тус шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0052 тоот шийдвэрийг "Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт"-ээсээ татгалзаж, "Адоре Пропертиз ХХК-аас *******, *******, *******, *******, ******* нар нь тус тус хохирлын нөхөн төлбөрт 50,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг гуравдагч этгээд "Адоре Пропертиз" ХХК-аас авсан. Нэхэмжлэгч Ц.Гансүх нь хариуцагч нарт эрх зүйн туслалцаа үзүүлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 тоот захирамжийн "Адоре Пропертиз ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 12 давхар зочид буудлын зориулалттай барилгын А болон Б блокын барилгын доорх газрын эзэмших эрхийг "Адоре Пропертиз" ХХК-д холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгохыг Нийслэлийн Засаг даргад, мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг "Адоре Пропертиз" ХХК-д олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус даалгасан 0052 тоот шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох асуудлаар гомдлыг тус тус гаргаагүй байсан бол хариуцагч нар нь гуравдагч этгээд "Адоре Пропертиз ХХК-аас хохирлын нөхөн төлбөр авч чадахгүй байх байсан юм. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаа нь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргийн эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээхээр заасан байх ба нэхэмжлэгч Ц.Гансүх нь хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцон ажил үйлчилгээ буюу өмгөөллийн мэргэшлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, хариуцагч нарт өмгөөлөл, хууль зүйн туслалцааг үзүүлсэн. Хариуцагч нар нь гэрээний 3.2-т заасны дагуу хохирлын нөхөн төлбөрийн 20 хувь буюу нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч нар нь хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгч Ц.Гансүх нь өмгөөллийн үр дүнгийн талаар хариуцагч нарт амлалт өгч байгаагүй, харилцан тохиролцож, хүсэл зоригоо бүрэн бодитой илэрхийлэн гэрээ байгуулсан болно. Иймд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.2.5, 3.2 дахь заалт, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт хариуцагч *******, *******, *******, *******, ******* нараас тус тус 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гансүхэд олгож өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч *******, *******, *******, *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийн талаар: 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Цэндсүрэнгийн Гансүхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад иргэн Чүлтэмийн Цэцэгмаа, Шагжийн Насанцогт, Балжиннямын Цэдэндамба, Доржийн Энхцогт, Авирмэдийн Мөнхцэцэг нар нь хариуцагч болох үндэслэлгүй болно. Учир нь бид анх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Ц.Гансүхтэй ажлын байран дээр нь очиж уулзан, хууль зүйн туслалцаа үзүүлэх тал дээр ярилцан, Ц.Гансүх нь биднийг төлөөлж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаprax, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргах, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргах буюу бичиг цаас боловсруулах ажлын хөлсөнд бид Ц.Гансүхэд 300,000 төгрөг болон тэмдэгтийн хураамжийн 74,000 төгрөгийг бэлнээр болон дансаар тушаасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч гэгдэх Ц.Гансүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулж 7 хувь үйлдэн, айл бүрт өгсөн гэдэг нь огт худлаа бөгөөд бид анх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Ц.Гансүхтэй уулзаж, гэрээ хийх санал тавьсан боловч Ц.Гансүх нь уг өдөр гэрээ хийхээс татгалзан, гэрээ хийх өдрийг 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болгон хойшлуулсан. Энэ өдрөөс хойш бид өмгөөлөгч Ц.Гансүхтэй уулзаж дутуу материалуудаа өгөх гэсэн боловч Ц.Гансүхтэй биечлэн огт уулзаагүй бөгөөд цаашид яах тухайгаа асуухаар утсаар холбоо барьтал "Би шүүхэд нэхэмжлэл болон хүсэлтээ гаргасан мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар гомдол гаргасан. Одоо та нар өөрсдөө асууж, сураглаад хөөцөлд" гэж хэлсэн. Үүнээс хойш мөн асуудлыг ярилцахаар Ц.Гансүх рүү утсаар холбогдоход "Би өмгөөллийн ажил ихтэй байгаа болохоор та нарыг төлөөлж өмгөөлөх боломжгүй байна. Тиймээс миний шавь н.Батжаргал гэх залууг та нарыг өмгөөлүүлэхээр боллоо" гэж хэлснээс хойш Ц.Гансүхтэй дахин холбоо бариагүй бөгөөд н.Батжаргал гэх өмгөөлөгчтэй нэг ч удаа биечлэн уулзаагүй. Иймд бидэнд ямар нэгэн гэрээ хийх нөхцөл бүрдээгүй бөгөөд Цэндсүрэнгийн Гансүхтэй ямар нэгэн гэрээ хийж, гарын үсэг зураагүй болно. Ц.Гансүхийн үзүүлж буй гэрээнд цаг хугацааны зөрүүтэй (2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийсэн гэх гэрээ нь цаг хугацааны хувьд огт тохирохгүй байгаа бөгөөд бид анх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч Ц.Гансүхтэй уулзсан), төлбөрийн нөхцөл болон бусад заалтыг гараар бичсэн, нотариатаар баталгаажуулаагүй, гэрээг айл тус бүртэй тус, тусад нь хийж 5 айлын 5 өөр гэрээ байх байтал мөн айл тус бүрт гэрээний хувь гэж өгөөгүй нэгдсэн нэгхэн гэрээг гаргаж байгаа нь тус гэрээг хүчин төгөлдөр бус, хуурамч гэрээ болохыг нотолж байна. Мөн тус гэрээнд заасны дагуу ямарваа нэгэн төлөөлөн, өмгөөлөх ажил, үйлчилгээ үзүүлээгүй. Иймээс Чүлтэмийн Цэцэгмаа, Шагжийн Насанцогт, Балжиннямын Цэдэндамба, Доржийн Энхцогт, Авирмэдийн Мөнхцэцэг нар нь өмгөөлөгч Ц.Гансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч болох үндэслэлгүй болно. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0460 дугаар итгэмжлэл, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2021/4581 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01, 03, 04 дугаар хөлсөөр ажиллах гэрээ, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хуулбар, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 105 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалын хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 180 дугаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хуулбар, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар хөлсөөр ажиллах гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2021/4049 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2021/0452 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0383 дугаар итгэмжлэл.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 231000390 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын тогтоолын хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дугаар Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0144 дугаар итгэмжлэл.
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БХ/203 дугаар Чингис хаан банк ХХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5в/889 дугаар Хас банк ХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/03-283 дугаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05/669 дугаар Богд банк ХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6/1981 дугаар Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Д/231 дугаар Капитрон банк ХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18/1328 дугаар Төрийн банк ХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29/2282 дугаар Хаан банк ХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар Ариг банк ХХК-ийн дансны лавлагаа, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/267 дугаар Монгол Улсын хөгжлийн банк-ны дансны лавлагаа, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28к1/1646 дугаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5в/1334 дугаар Хас банк ХК-ийн албан бичиг, дансны хуулга, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14/ХХ/03-514 дугаар Голомт банк ХК-ийн албан бичиг, дансны хуулга, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29/4354 дугаар Хаан банк ХК-ийн албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/232 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, хавсралт баримтын хамт, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/427 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, хавсралт баримтын хамт, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/9667 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралтын хамт, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04/1172 дугаар Архивын газрын албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/2993 дугаар Шүүхийн тусгай архивын газрын албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/8038 дугаар Хаан банк ХК-ийн албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 05/894 дугаар Архивын газрын албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/5315 дугаар Шүүхийн тусгай архивын газрын албан бичиг, хавсралтын хамт, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12/300 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, хавсралтын хамт, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2614 дугаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын албан бичиг, хавсралтын хамт, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ц.Гансүх нь хариуцагч *******, *******, *******, *******, ******* нараас тус бүр 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний хөлс гэж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нарт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр бичгээр гэрээ байгуулж хариуцагч нар тус бүр 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг хөлс төлөхөөр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж эрх зүйн туслалцаа үзүүлсэн боловч хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгч Ц.Гансүхтэй 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уулзаж эрх зүйн туслалцаа авах талаар ярилцсан. Нэхэмжлэгчийн зүгээс хөлс төлбөрийг хожим тохиролцоно гэж хэлээд зөвхөн эрх бүхий байгууллагад нэхэмжлэл, гомдол гаргахтай холбоотой баримтууд дээр гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч нь зохих ёсны эрх зүйн туслалцаа үзүүлээгүй, мөн хөлс төлбөрийг харилцан тохиролцоогүй тул 50,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч *******, *******, *******, *******, ******* нар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.Гансүхтэй уулзаж эрх зүйн туслалцаа авах талаар ярилцсан, мөн өдөртөө Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нэртэй гэрээнд хариуцагч нар гарын үсэг зурсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэр бүхий гэрээнд зурсан гарын үсгийн үнэн зөвийн талаар маргаагүй.
5. Дээрх гэрээний төслийг нэхэмжлэгч тал бэлдэхдээ компьютер, техник хэрэгсэл ашиглан бэлдсэн байх ба хөлс төлбөр, гүйцэтгэх ажил үйлчилгээг гэрээнд гараар нөхөж бичсэн байна. Мөн хэрэгт хөлс төлбөр, ажил үйлчилгээ бичигдээгүй, хариуцагч нарын гарын үсэг бүхий гэрээний эх хувь мөн нотлох баримтаар авагдсан байна. /хавтаст хэргийн 7,8 дугаар тал/
6. Зохигчид гэрээг байгуулсан өдөр, /нэхэмжлэгч тал 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэж, хариуцагч тал 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэж маргасан/, гэрээгээр хөлс төлбөр тохиролцсон эсэх, гэрээний дагуу хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн эсэх тал дээр маргасан байна.
7. Нэхэмжлэгч Ц.Гансүх нь Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд мөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон.
8. Нэхэмжлэгч буюу өмгөөлөгч Ц.Гансүх нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0052 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад хууль зүйн туслалцаа үзүүлсэн, хариуцагч нар энэ нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон.
9. Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх хоёр гэрээг талуудын тайлбар бусад нотлох баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр өмгөөлөгч болон үйлчлүүлэгч нар хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг хуульд заасан журмын дагуу харилцан тохиролцсон гэж үзэхэд эргэлзээтэй, мөн хууль зүйн хувьд өмгөөлөгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ /хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ/-ний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж үзсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг. Тодруулбал:
10. Хэрэгт 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэх баримтад талууд харилцан гарын үсэг зурсан 2 нотлох баримт авагдсан байна. Энэ гэрээний нэгд өмгөөллийн хөлс, ажил үйлчилгээг тусгасан бол нөгөөд хөлс, ажил үйлчилгээг бичээгүй байна. Хариуцагч нар аль алинд нь гарын үсэг зурсан, адил хүчинтэй хоёр гэрээний нэгэнд хөлс бичигдээгүй, нөгөөд бичигдсэн нь эргэлзээтэй байна.
11. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулахаар хуульчилсан нь маргаан гарахаас урьдчилан сэргийлснээс гадна мэргэжлийн хуульч болон түүнээс үйлчилгээ авч байгаа иргэний эрх ашгийг тэнцвэржүүлэх буюу өмгөөлөгчид илүү хариуцлага ногдуулсан шинжтэй зохицуулалт гэж үзэхээр байна.
11.1 Дээрх тохиолдолд хоёр өөр арга хэрэгслээр, хоёр өөр формат ашиглаж хөлс тохиролцсон-ыг Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
12. Нэхэмжлэгч буюу өмгөөлөгч нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу үзүүлэх үйлчилгээ, ажлын цар хүрээг Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.2-т заасны дагуу бүрэн гүйцэд илэрхийлээгүйгээс гадна 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0052 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үйлчилгээг тус тус үзүүлснээр гэрээний хөлсийг бүхэлд нь авахаар шаардсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т: Өмгөөллийн хөлсийг тогтооход өмгөөлөгчөөс үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, тухайн хэрэг, маргааны үргэлжлэх хугацаа, өмгөөлөгчийн мэргэшсэн байдал, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзнэ. гэж заасантай нийцээгүй байна.
13. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байх ба энэ төрлийн гэрээ нь ажиллагчийн хийж гүйцэтгэх ажил, ажиллуулагчаас төлөх хөлс төлбөрийг талууд бүрэн гүйцэд харилцан тохиролцсоноор байгуулагддаг гэрээ тул дээрх үндэслэлээр талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
14. Өмгөөллийн үйлчилгээг гагцхүү талуудын тохиролцооны үндсэн дээр, төлбөртэй болон төлбөргүй үзүүлэхээр Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан тул нэхэмжлэгч буюу өмгөөлөгч нь хийж гүйцэтгэсэн 3 ажил үйлчилгээнд тохирох хөлсийг мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхгүй байна.
15. Иймд хариуцагч нараас тус бүр 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг ажлын хөлс төлбөрт шаардсан нэхэмжлэгч Ц.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардал болон тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан *******, *******, *******, *******, ******* нараас тус бүр 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан Ц.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР