Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01733

 

 

 

 

 

 

 

 

 

М.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01968 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.М-ийн хариуцагч П- ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 6 сарын 13-ны өдөр П- ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус компанийн ашиглалтанд оруулж буй Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, Ботаник центр үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын 3-р блок, 8 давхарт 71.9 м.кв /С айл/ орон сууцыг 1 м.кв нь 1 350 000 төгрөг, нийт 97 065 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээний нөхцөл нь 6 сардаа багтааж 60 000 000 төгрөг төлнө. 2020 оны 4 улирал буюу байр ашиглалтад орох, түлхүүр гардуулах үед үлдэгдэл 37 065 000 төгрөгийг төлөхөөр тухайн үед Ремаксийн борлуулалтын ажилтан н.Баярмаа гэдэг хүнээр зуучлуулсан. Тэгээд 2020 оны 9 сард П- ХХК-иас над руу яриад танай байрны м.кв өөрчлөгдсөн 71.9 мкв биш 75.3 мкв болсон. Үлдсэн төлбөрөө нэмж төлөөрэй гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед 75.3 мкв болсон гэхэд нь хэмжилтийн компани оруулаад хэмжүүлж болох уу, үнэхээр 75.3 мкв байвал би төлье гэсэн. Тэгээд би 2021 оны 1 сард хариуцсан инженертэй нь уулзаад хэмжилтийн компаниа оруултал манай байрны хэмжээ 68.9 мкв байсан. Энэ баримтыг хэрэгт өгөөгүй. Тэгээд би байрны м.кв хүрэхгүй байна гэхэд 2021 оны 4 сард улсын комисс ороод хэдэн м.кв гэдэг нь гараад ирнэ. Тэгэхээр нь мөнгөө төлөөрэй гэж нягтлан нь хэлсэн. Би 4 сард очоод мөнгөө өгье гэхэд аваагүй. Дараа нь 5 сард 75.3 мкв-аар ч хамаагүй мөнгөө төлье гэж очиж уулзахад аваагүй. Гэрээний үнэ дээр нэмж 15 000 000 сая төгрөг төл гэсэн шаардлага гаргасан. Үүнээс хойш би дахиж уулзаагүй. Иймээс байрны үлдэгдэл төлбөрөө төлсөн учир байраа авах хүсэлттэй байна. Иймд 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг П- ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.М- нь гэрээний 1.1-т заасан үлдэгдэл төлбөр болох 37 065 000 төгрөгийг 2020 оны 10 сард төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй. 2021 оны 5 сарын 27-ны өдөр гэрээний 5.1-т заасны дагуу бичгээр мэдэгдсэн болно. Манай байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг л шаардсан. Ямар шаардлага тавьсан гэхээр гэрээний 2.1-т хугацаандаа төлбөрөө төлөөгүй алдангийг төл гэсэн. Хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болоод барилгын материал өсчихлөө, 10 сард төлөх байсан өмнө нь нэг ширхэг плита 5000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 12 000 төгрөгөөр авч байгаа. Мөн гэрээний 5.4-т заасан Монгол Улсын хэмжээнд барилгын үндсэн материал, цемент, арматур, төмөр, тоосго, блок, бетон зуурмаг, сантехникийн бараа материал зэрэг 15 хувиас дээш өссөн тохиолдолд гүйцэтгэгч тал үнийн өсөлтийн талаар мэдэгдэж гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхтэй гэсэн заалтаар шаардаж байна. Хил гааль хаагдсан нөхцөл байдалтай байсан учир бараа материалын үнэ өссөн байсан.Тэгээд ярилцъя гэхэд тийм юм байхгүй гээд гараад явсан. Иймд гэрээг манай санаачилгаар цуцалсан. Одоо захиалгын гэрээний дагуу орон сууцыг өгөх боломжгүй, шилжүүлсэн мөнгөнөөс нь гэрээнд заасан торгууль, шимтгэлээ суутган авч зөрүүг нь шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг тус тус баримтлан 2020 оны 6 сарын 13-ны өдрийн 15 дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйл болох Ботаник центр цогцолборт үйлчилгээтэй орон сууцны барилгын 3 дугаар блок, 8 давхарт байрлах 71,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.М-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч П- ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 343 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Орон сууц захиалгын гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд бус бартераар авсан компани болох П- ХХК-д маргааны зүйл болох орон сууц (улсын комиссын акт гараагүй байгаа)-ийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр даалгаж шийдвэр гаргажээ. Энэ талаар шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч Г.Баттулга тус бүтээн байгуулалтын ажил нь 5 компани оролцсон талаар тайлбар хийсэн байхад энэ талаар тодруулаагүй, шүүхээс шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг тодруулаагүй байж өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгасан шийдвэр гаргасан нь буруу байна. Барилгын захиалагч нь Ломекс ХХК бөгөөд улсын комисс Ломекс XXК-ийн нэрээр ажилласан, өмчлөх эрхийн гэрчилээг Ломекс ХХК компанийн зөвшөөрлөөр олгох боломжтой ба захиалагч Ломекс ХХК болон бартераар байр авсан П- ХХК-ийн хооронд маргаан үүсэж, 3 өрөө орон сууцыг эрх бүхий компани бусдад худалдан борлуулсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа талаар, мөн тухайн орон сууцны хувьд орон сууцыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын акт гараагүй тайлбарлахад шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд бус харин анхны шаардлагын хүрээнд орон сууцны өмчлөх эрхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхм буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч П- ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн боловч хариуцагч П- ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч М.М- нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч П- ХХК нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Ботаникийн гудамж, Ботаник центр цогцолбор, 71,9 м.кв, 3 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч М.М- нь орон сууцны үнэ болох нийт 97 065 000 төгрөгөөс 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 6 сард 30 000 000 төгрөг, 2020 оны 10 сард 37 065 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-8-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч М.М- нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 6 сард 30 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 37 065 000 төгрөг, нийт 97 065 000 төгрөгийг хариуцагч П- ХХК-д төлж, гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 8, 40-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээр талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс бүтээж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт хэрэгжих тул талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч П- ХХК нь нэхэмжлэгч М.М-ийг орон сууцны үлдэгдэл төлбөр болох 37 065 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 10 сард багтаан төлөөгүй гэж тайлбарласан. Гэвч Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заажээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.1-т орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж заасан боловч хариуцагч П- ХХК нь заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.М- нь үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөс татгалзсан нь дээрх хуулийг зөрчөөгүй байх тул үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрх хариуцагчид үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч П- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Харин шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан, шүүхийн шийдвэрт өөрлчөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо маргаан бүхий орон сууц нь Ломекс ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд уг асуудлыг анхан шатны шүүх тодруулаагүй гэх боловч дээрх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/01968 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг тус тус баримтлан ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэж,

2 дах заалтын ... 343 300 ... гэснийг 643 300 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ