Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01771

 

 

 

 

 

 

 

 

 

Г- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/02576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Ё.Ш-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Ш- нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г- ХХК-тай Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Глобал-80 орон сууцны 15 дугаар давхрын 70 тоот, 3 өрөө, 70.6 м.кв талбай бүхий 148 260 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны урьдчилгаанд 48 260 000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлж, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг Хаан банк-ны ипотекийн зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.5-д Орон сууцны барилгыг барьж дуусч ашиглалтад оруулахад бэлэн болж захиалагч төлбөрөө бүрэн төлж дууссанаас хойш 90 хоногийн дотор гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд дээр дурдсан орон сууцыг холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн өгөх бөгөөд албан ёсоор захиалагч талын өмч болоход зохих дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж заасан ба Ё.Ш- 2019 оны 12 сард үлдэгдэл төлбөрөө төлж дуусан байрандаа орох байсан. Гэвч Ё.Ш- амьдарч байсан байраа зарсан тул байрандаа орж байя, удахгүй миний зээл гарна гэсэн гэх хүсэлт гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түүнийг орон сууцанд оруулсан. Үүнээс хойш хариуцагч Ё.Ш-ын ипотекийн зээл 3 удаа татгалзсан хариу гарсан тул орон сууцаа суллаж өгөхийг манай компани удаа дараа шаардаж байсан. Гэтэл хариуцагч Ё.Ш- 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэхэд төлбөрөө төлнө, удахгүй одоохон гэж байр суллаж өгөхгүй байсаар бүтэн 1 жил гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүйгээр тус байранд амьдарсаар ирсэн. 2020 оны 12 дугаар сард Ё.Ш-ын зээл бүтэж үлдэгдэл 100 000 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.8-д Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгч талд төлнө гэж заасан ба Ё.Ш-ыг гэрээнд заасан үүргээ биелүүлж алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй нэг ч төгрөгийн алдангийг төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч тал төлбөрөө шаардаж мэдэгдэл өгч байгаагүй гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь манай компанийн зүгээс удаа дараа хариуцагчийг үлдэгдэл төлбөрөө төлөх талаар мэдэгдэл өгч байсан ба хариуцагч Ё.Ш-ын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийнх нь бичиж өгсөн би 2020 оны 10 дугаар сарын 21-нд төлбөрөө төлнө, 14 хоногийн хугацаа өгнө үү. Төлбөр барагдуулж чадахгүй бол гомдол саналгүй байраа хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх өргөдөл байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэдэг заалтаар сануулж байгаа нь үүнээс хойш хариуцлага хүлээнэ гэдэг ойлголтыг өгч байгаа юм. Иймд хариуцагч Ё.Ш-аас 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 30 хоногийн алданги 15 000 000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг нэг талаас Г- ХХК, нөгөө талаас Ёндонпэлжээ овогтой Шижирбаатар нар байгуулсан. Гэрээнд заасны дагуу орон сууцыг 148 260 000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаа төлбөр болох 48 260 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлнө, үлдэгдэл 100 000 000 төгрөгийг ипотекийн зээлээр төлж барагдуулна гэж талууд харилцан тохиролцсон. Тодруулбал, худалдан авагчийн эрх, үүргийг заасан гэрээний 3.4-т байрны төлбөрийг гэрээгээр тохиролцсон бөгөөд банкны 8 хувийн зээлтэй холбогдох хэсгийг дангаараа худалдан авагч хариуцна гэж заасан, мөн гэрээний 3.5-д байрны төлбөрийг гэрээгээр тохиролцсоны дагуу төлнө, 3.7-д худалдан авагч нь захиалсан байрны төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй гэжээ. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаа гэж байхгүй, өөрөөр хэлбэл 100 000 000 төгрөгийг хэзээ төлөх талаар талууд тохиролцоогүй. Ипотекийн зээлд хамруулаад төлөх тухай л тохиролцсон. Хариуцагч Ё.Ш- нь урьдчилгаа 48 260 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн. Нэхэмжлэгч талаас 15 000 000 төгрөг нэхэж байгаа үндэслэлээ гэрээний 2.8-т худалдан авагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасныг үндэслэж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус гэж хариуцагч тал үзэж байна. Алданги тооцох хугацаа байхгүй атал ямар үндэслэлээр, яаж алданги тооцов, аль хугацаанаас алдангийг тооцов гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч Г- ХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч байсан гэдэг, ипотекийн зээл гарахаас 3 удаа татгалзаж байсан гэдэг. Ё.Ш- 3 удаа банканд хандаж байхад Хаан банк-аас хүсэлтийг хүлээж аваагүй, өргөдөл үүсээгүй байхад Ё.Ш- оролдсоор байгаад буюу 2020 оны 12 дугаар сарын 30-нд зээл бүтээд үлдэгдэл 100 000 000 төгрөгөө төлсөн. Иймд Ё.Ш- ямар нэгэн байдлаар гэрээний хугацаа зөрчөөгүй. Харин нэг жилийн дотор маш хурдтай буюу 2020 онд ковид-19 цар тахлын байдал үүсээд байхад гэрээнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 07-нд бичиж өгсөн би 2020 оны 10 дугаар сарын 21-нд төлбөрөө төлнө, 14 хоногийн хугацаа өгнө үү. Төлбөр барагдуулж чадахгүй бол гомдол саналгүй байраа хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг Ё.Ш- бичиж өгсөн нь үнэн, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ё.Ш-ын нэр дээр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ё.Ш-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу алдангид 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан даруйд үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэх ёстойг зохицуулсан зохицуулалт болно. Гэвч хэрэгт үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Г- ХХК хариуцагч Ё.Ш-аас үүргээ гүйцэтгэхийг шаардсан талаарх баримт байдаггүй. Шүүхээс хэргийн 8 дугаар талд байрлах баримтаар тогтоогдсон гэж үзсэн боловч тус баримт нь үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардсан баримт биш бөгөөд эсрэгээрээ үүрэг гүйцэтгэгч болох Ё.Ш- гэрээгээр хүлээсэн үүргээ боломжит хугацаанд гүйцэтгэх тухай хүсэлт байсан болно. Үүрэг гүйцэтгүүлэгч болох Г- ХХК-аас Ё.Ш-аас үүргээ гүйцэтгэхийг шаардсан баримт бичиг биш болох нь маш тодорхой харагддаг боловч шүүх тус баримтыг илтэд гуйвуулан тайлбарласан. Хэргийн 8 дугаар талд авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан боловч тус хүсэлтийг Г- ХХК-аас гаргасан үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан албан бичиг гэж дүгнэсэн нь илтэд хууль зөрчсөн, нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр, 2020 оны 02 сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч, Монгол Улсын иргэдийн бизнесийн үйл ажиллагааг төрөөс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагаа явуулахыг нь хязгаарлаж, маш олон бизнес, аж ахуй нэгж дампуурсан. Тухайн үед банкнаас ипотекийн зээл олгохгүй байсан боловч хариуцагч Ё.Ш- нөхцөл байдал хүнд байсан боловч хамгийн боломжит хугацаанд ипотекийн зээл гаргуулан авч, үлдэгдэл 100 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хзрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Ё.Ш-т холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тооцсон анз 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ё.Ш- нь орон сууцны үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар талууд хугацаа тохироогүй, ипотекийн зээлд хамрагдан орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарласан байна.

 

Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь Баянгол дүүрэг, 19-р хороо, Глобал-80 орон сууц, 15-р давхар, 70 тоот, 70,6 м.кв, 3 өрөө орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, хариуцагч Ё.Ш- нь орон сууцны үнэ 148 260 000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-6-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Хариуцагч буюу худалдан авагч Ё.Ш- нь орон сууцны үнэ болох нийт 148 260 000 төгрөгийг гурав хуваан, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 43 260 000 төгрөг, 100 000 000 төгрөгийг Хаан банк-ны ипотекийн зээлээр төлж барагдуулахаар гэрээний 2.2, 2.3-т тохиролцжээ. /хх-ийн 5-р тал/. Хариуцагч Ё.Ш- нь орон сууцны урьдчилгаа төлбөр болох 48 260 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Г- ХХК-д төлж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцанд орсон, улмаар ипотекийн зээлд хамрагдан, үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сард төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагчийг үлдэгдэл төлбөр болох 100 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.8-т заасныг үндэслэн алданги шаардсан.

 

Хэргийн 8 дугаар талд нэхэмжлэгч Г- ХХК-д хандан гаргасан хариуцагч Ё.Ш-ын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт авагдсан бөгөөд уг хүсэлтэд үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөгийг 2020 оны 10 сарын 21-ний дотор төлнө, хүсэлтийг харгалзан үзэж 14 хоногийн хугацаа өгнө үү, хэрэв 10 дугаар сарын 21-нд багтаан төлбөрийг төлөөгүй тохиолдолд байрыг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Зохигчид орон сууцны үлдэгдэл төлбөр 100 000 000 төгрөгийг төлөх хугацааг гэрээгээр нарийвчлан тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасан.

 

Дээрх хуульд зааснаар гэрээний талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан болохыг нотлох үүрэг нь нэхэмжлэгч Г- ХХК-нд ногдох юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Ё.Ш-аас орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн 8 дугаар талд авагдсан хариуцагч Ё.Ш-ын хүсэлтийг үндэслэл болгосон нь буруу болжээ. Учир нь тус баримтад орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг баталгаажуулж хоёр тал гарын үсэг зураагүй байх бөгөөд худалдан авагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл болох баримт байна. Иймд тус баримтад үндэслэн, нэхэмжлэгч Г- ХХК-ийг үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан гэж шууд дүгнэх боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ё.Ш-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/02576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ё.Ш-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ