Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч Ө.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Ч-т холбогдох эрүүгийн 1838002820157 дугаар хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.Ч-,

Шүүгдэгч Ө.Ч- нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ж-ын нүд рүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Ч- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ж-ын нүд рүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр засаг даргын тамгын газрын эрэгтэйчүүд манайд ирсэн. Манайд бид нэг пиво ууж байгаад дэлгүүр орж архи авахаар дэлгүүр явж байтал замд Б.Ж-, Үүрцайх хоёр тааралдаад Үүрцайх шилжих гэж байгаа гаргаж өгөөч гэхээр нь бас хамт ажиллаж байсан болохоор Мөнх-Эрдэнэ, Т.Д-, Л.Г- бид 1 шил архи 1 набор аваад Үүрцайхынд очиход Б.Ж- шалан дээр унтаж байсан. Б.Э-, Г.Б-, Даваабаяр нар байсан ба тэднийд архи ууж байхад Даваабаяр, Мөнх-Эрдэнэ хоёр маргалдаад бие биенийгээ цохисон. Тэр үед Б.Ж- ална гэж босож ирээд Л.Г-ийг 2 цохисон. Дараа нь намайг цохихоор нь би өөрийгөө хамгаалж барилцаж авсан. Тэр үед хажууд байсан хүмүүс салгасан. Т.Д-, Л.Г-, Мөнх-Эрдэнэ бид 4 хашаагаар гарах гэж явтал Б.Ж- дахин ирээд Б.Ж- бид хоёр хоорондоо цохилцоод цохисон байж магадгүй. Би сүүлд 6-7 хоногийн дараа уулзахад Б.Ж-ын нүд нь хөхөрсөн байсан. Би согтуу байсан тул тухайн үед болсон зүйлийг сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр манай суманд их эмчээр ажиллаж байсан Үүрцайх шилжиж явах болсон тул найз нөхдийн хүрээнд гаргаж өгөх гээд архи ууцгаасан юм ... Тухайн үед согтсон байсан тул унтаж байгаад нэг сэрсэн чинь манай найзыг зоддог хэн бэ гээд араас нь гарахад Ө.Ч- зогсож байгаад намайг барьж аваад нүд рүү минь гараараа нэг удаа цохисон. Би тэр үед муужраад газарт унасан. Тэгээд хажууд байсан хүмүүс салгаад байшинд оруулсан. Байшин дотор бид хоёр дахин зодолдохоор болоод маргалдаж байгаад салаад явцгаасан. Тухайн үед толгойдоо хүчтэй цохиулсан тул хөдөлж чадахгүй хэсэг хэвтээд цагдаад дуудлага өгөөд эмнэлэгт очиж үзүүлсэн юм ... Толгой доргиж, баруун нүд хөхөрч, зовхин дотроо тасарсан байсан ба намайг боохдоо хүзүүг минь маажсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…архи дуусах гэж байтал Энхбаяр ах Б.Ж-ыг татсаар байгаад сэрээсэн юм. Тэр үед Даваабаяр Мөнх-Эрдэнийг 2 алгадаад тэр хоёр заамдалцаад бие биенийгээ цохиод байсан. Би салгаач гэж орилсон, болиоч гэхэд хэн ч салаагүй тэр үед ноцолдож байгаад тэр хоёр цонх хагалсан. Тэгээд Б.Ж-ыг Үүрцайх бид хоёр бариад Ө.Ч-ыг Т.Д-, Мөнх-Эрдэнэ, Л.Г- гурав аваад хашааны үүдэнд байж байхад нь араас нь Б.Ж-ыг зодчихсон юм. Б.Ж- болохоороо Ө.Ч- цохисон гээд байсан. Б.Ж-ын баруун нүд хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байсан юм. Тэгээд манай Алаг-Эрдэнэ сумын эрэгтэйчүүд нийлж архи уусан юм. Б.Ж-, Үүрцайх, Б.Э- гуравтай тааралдсан юм. Тэр үед Үүрцайх эмч манайхаар орохгүй юу гэхээр нь дэлгүүрээс Үүрцайх эмчийг гаргаж өгөхөөр 1 шил архи аваад гэрт нь ороод архи уусан юм. Архи ууж байхад Б.Ж- босож ирээд Ө.Ч-тай заамдалцаад гадаа гараад Б.Ж- Ө.Ч-ыг түлхээд арагшаа налахдаа Үүрцайхын байшингийн цонхыг хагалсан. Тэр үед бид нар дундуур нь орж тэр хоёрыг салгаад явсан. Дахин дэлгүүр ороод нэг шил архи авчраад буцаад Үүрцайхынх руу орох гэж явахад Б.Ж- урдаас орилж гарч ирээд миний дагзан тус газар гараараа 2 удаа цохисон. Тэр үед Ө.Ч- ирэхэд намайг орхиод Ө.Ч-ыг барьж аваад толгой руу нь цохиж байхыг харсан. Ө.Ч- зөрүүлээд 1 удаа цохиход Б.Ж- газар унасан. Б.Ж- босоод эмнэлэг рүү гүйж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Даваабаяр Мөнх-Эрдэнэ хоёр маргалдахад Б.Ж- гэнэт босож ирээд Л.Г-ийг 2-3 удаа гараараа цохисон. Дараа нь Ө.Ч-тай үргэлжлүүлэн зодолдсон. Б.Ж-ыг цохиод харилцан зодолдсон. Б.Ж-ын гар утсыг нь би булааж аваад өглөө нь өгсөн. Б.Ж-ыг баруун талын нүд нь хөхөрч хавдсан байсан. Ө.Ч-ын хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дугаар хуудас/

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Ж- унтаж байгаад сэрээд араас Ө.Ч-тай заамдалцан гарч ирсэн. Ө.Ч-, Б.Ж- хоёр бие биенийгээ түлхэж байгаад цонх хагалсан. Бид нар ноцолдож байж тэр хоёрыг салгаад явуулаад байж байтал Ө.Ч-, МөнхЭрдэнэ, Л.Г-, Т.Д- нар дахин орж ирээд хашааны гадаа дахин зодолдоод Ө.Ч- Б.Ж-ын нүд рүү нь цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай: 1. Б.Ж-ын биед тухайн үед баруун нүдний зовхинд цус харвалт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 34 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ө.Ч- нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ж-ын нүд рүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Ж-, гэрч Г.Б-, Л.Г-, Т.Д-, Б.Э- нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ө.Ч- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Ч- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Ө.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч Б.Ж- нь шүүгдэгч Ө.Ч-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, мөн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1838002820157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Ө-ын Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ч-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  4. Эрүүгийн 1838002820157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ